Өнөөдөр "Монгол бөхөнгийн өдөр". Дэлхий дээр Монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс Монгол бөхөн нь зөвхөн манай оронд л бий.
Монгол бөхөн нь дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос (IUCN, 2002) гаргасан улаан номонд эмзэг гэсэн категорит, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай олон улсын конвенцийн (Вашингтоны, CITES 1975, 1994) II хавсралт буюу хатуу чанд хяналтан дор худалдаалах амьтдын жагсаалтад, дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад тус тус бүртгэгдсэн.
Монгол улсын хэмжээнд 1930 оноос эхлэн хуулиар агнахыг хориглон дархан цаазтай амьтны тоонд оруулсан, монгол улсын “Улаан ном”-ын 1987, 1997 оны хэвлэл, 1995 оны шинэчлэн найруулсан “Амьтны аймгийн тухай хууль”- аар нэн ховор ангилалд оруулсан юм.
Хэдийгээр Монгол бөхөнгийн тоо толгой бага хэмжээгээр өсөж байгаа ч бид сэтгэл тайвшрах ёсгүй. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн хомстол, ган зуд, халдварт өвчин гээд тэдэнд заналхийлэх аюул олон, үүнээс шалтгаалж амархан хорогддог эмзэг амьтан.
Бөхөн 116 см-ын урт биетэй , зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг . Сүүлний урт 25 см, цайвар шаргал зүстэй, хос шорон эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй. Зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялх янзага нь бор хүрэн зүстэй. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.