АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. 104 орны 630 гаруй жүдоч олимпын өмнөх чансаа өндөр дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөж байна. Эхний өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн. Монголын жүдочдын 6 дахь алтан медалийг ийнхүү тэрээр хүртсэн юм. Б.Баасанхүүгийн хувьд өнгөрсөн сард Монгол Улсын аварга, Ази тивийн аварга болсон бол энэ сард олон улсын жүдо бөхийн холбооны календарт багтсан “Душанбе” их дуулга тэмцээнд мөн түрүүлсэн. Монголын жүдочдоос 2009 оны Нидерландын Роттердам хотод болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны дэлхийн аварга төрж байлаа. Тэр түүхийн эзэн нь “Афин-2004” олимпын наадмын хүрэл медальт, “Доха-2006” Азийн наадмын аварга, Азийн аварга гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар. Түүний залгамж М.Уранцэцэг “Рио де Жанейро-2013”-д, Г.Болдбаатар “Челябинск-2014”-т, Д.Сумъяа “Будапешт-2017”-д, “Ташкент-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ц.Цогтбаатар 73 кг-д алтан медаль хүртсэн билээ.
Эх сурвалж: MGLsport.com
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.