2022 оны эхний долоо сарын нийгэм, эдийн засгийн статистикийг Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.
Инфляц 15.7 хувьтай байна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 15.7 хувь, өмнөх оны эцсээс 10.6 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин 2022 оны 7 дугаар сард 15.7 хувь гарсны 6.3 нэгж хувь буюу 40.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан бол 54.1 хувь буюу 8.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний сагсан дахь барааны хувьд хүнсний барааны үнэ 21,5 хувь өссөн байна. Хүнсний ногооны үнэ 83 хувиар өссөн байгаа нь нийт инфляцад 2 хувийг эзэлж байгаа аж. Шатахууны үнэ дунджаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өссөн байна.
Экспорт 1.7 тэрбум ам.доллараар өссөн
Нийт экспортын хэмжээ 37 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллараар , импорт 24 хувиар буюу 927 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Гадаад худалдааны тэнцэл эхний долоон сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Импортын өсөлтийн гуравны нэг хувь буюу 350 орчим сая ам.долларыг нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан өсөлт эзэлж байна.
Монгол Улс 11 сая тонн нүүрс экспортлосон байна.
Харин төмрийн хүдэр 2 дахин, газрын тосны экспорт 80 хувиар буурчээ. Экспортын 37 хувийн өсөлтийн дийлэнхийг түүхий эдийн үнийн өсөлт бүрдүүлжээ.
Төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.долларын алдагдалтай гарахад урсгал дансны алдагдал нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн аж.
Санхүүгийн данс 300 орчим сая ам.доллараар нэмэгдсэн нь гадаад хөрөнгө оруулалтаас шалтгаалж байна.
Уул уурхайн орлогын нөлөөгөөр улсын төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр өссөн ч улсын төсвийн зардал мөн хэмжээгээр өсжээ.
Хөдөө аж ахуйн салбар 12 хувийн өсөлттэй гарсан
2022 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй гарчээ. Нэгдүгээр улиралтай харьцуулахад хоёрдугаар улиралд 3,4 орчим хувийн өсөлттэй гарсан. Эдийн засгийн өсөлт 1.9 гарахад хөдөө аж ахуйн салбарын өсөлт 1.8 нэгж хувийн нөлөө үзүүлжээ. Хөдөө аж ахуйн салбар 12 хувийн өсөлттэй гарахад малын хорогдол буурсан, төлийн бойжилт сайн байгаа нь нөлөөлсөн байна.
Харин уул уурхайн салбар эдийн засагт - 3.7 буурах нөлөө үзүүлсэн. Гол шалтгаан нь нүүрс олборлолт өнгөрсөн онтой харьцуулахад 40 орчим хувиар бага байгаа юм.
Үйлчилгээний салбарт ажиллагсад 42 мянгаар өссөн
Ажилгүйдлийн түвшин 8.5 хувиас 7.4 болж буурсан байна. Үйлчилгээний салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 мянгаар өсчээ.
Үнийн өсөлттэй холбоотойгоор өрхийн бодит мөнгөн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,8 хувиар буурсан. Ялангуяа тэтгэвэр тэтгэмжийн орлого буурсан нь гол нөлөө үзүүлсэн гэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.