Ардчилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “Аравдугаар сарын 18-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ дахь Монгол ардын намын бүлэгт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх тухай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуд манай намтай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулах талаар мэдэгдэл ирүүлсэн байна. Бид хамтран ажиллахгүй. Учир нь цалин тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулна гэж Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ийнхүү өөрийн намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд манай намтай хамтран ажиллахыг хүсч байна. Нөгөө талаар бидний тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхийн оронд бидэнд дахин шаардлага хүргүүлж байна" гэлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гарагийн хуралдаанаа өчигдөр хийсэн. Хуралдаанаар дараах асуудлаар мэдээлэл сонссон байна.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл
- Нийгэм эдийн засгийн бодит байдал, статистик үзүүлэлтийн талаарх мэдээлэл багтжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, ирэх онд Монгол Улс 5.7 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг улам нэмэгдүүлж гадаад өрийн эрсдэлийг улам өсгөх магадлалтай. Ер нь өнөө маргаашаа аргацаасан бодлого Монгол Улсыг эдийн засгийн хувьд "чөтгөрийн тойрогт" оруулсан гэж хуралдаанаар дүгнэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.