Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-27 нд нийтлэгдсэн байна.

Цуур хөгжмийн найман үеийн өв уламжлагч Б.Наранбат

1/ 27/ 2023    8 цаг 36 минут

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 Гол горхи ой, шугуйн чимээ, байгалийн тансаг хөгийг дэргэд авчрах мэт гайхалтай увидсыг шингээсэн хөгжмийн зэмсэг бол цуур. Энэ аялгуу хэдэн зууны тэртээгээс  эгшиглэж,  монгол түмний  дундаршгүй өвийн  нэг болон оршсоор буй.

“Зууны мэдээ” сонин өв соёлоо хойч үедээ түгээн, өвлүүлэн  үлдээхийн тулд  цуврал нийтлэлээ хүргэсээр байна. Энэ удаагийн “Өв соёл” буландаа Ховд аймгийн Дуут сумын уугуул соёл судлаач, цуур урлаач  Б.Наранбатыг урилаа. Тэрбээр удмынхаа найм дахь үеийн цуур хөгжмийг өвлөн уламжлагч, соёлын түүчээ юм. 

 

“МАНЦУЙТАЙ БАЙХААСАА ЦУУР ХӨГЖМИЙН АЯЛГУУГ СОНСОЖ ӨССӨН”

 

Алтайн өндөр уулсад түүний цуур хөгжмийн эгшиг, хүүхэд насных нь гэгээн дурсамжтай тасарч үлдсэн гэлтэй. 

Учир нь нийтлэлийн баатар маань манцуйтай байхаасаа цуур хөгжмийн аялгууг сонсож өссөн гэсэн юм. Тэрбээр 5-6 настайдаа цуур хөгжимтэй танилцаж, анх тоглож сурчээ. Түүнийг багад нь өвөө, аав нь  цуур урлаж өгдөг байсан гэнэ. Энэ тухай Б.Наранбат “Манай нутаг сүрлэг өндөр уулс, хайрхантай.  Хонио хариулаад уулын орой дээр явж байхад гэрүүд тэртээ алсад жижигхэн бөөрөнхий харагддаг байж билээ. Өвөө, аав минь  гэрийнхээ хажууд суугаад цуураа тоглоход алс хол хэрнээ уулын орой дээр  суугаа надад их л цээлхэн  гоё сонсогддог байсан. Харин би өдөр нь хонио хариулахдаа хөгжмөө  тоглодог байлаа” хэмээн хүүхэд нас болон цуур хөгжимтэй холбоотой дурсамжаасаа хуваалцсан юм. Б.Наранбат ийнхүү багаасаа эцэг өвгөдөөс өвлөж авсан цуур хөгжмийн гайхамшигт аялгууг бусдад түгээж, соёлын өвийг өвлөн уламжилж, дэлгэрүүлж явна.


Цуур хөгжим  байгальтай зохицсон гайхалтай аялгуутай гэдгийг нийтлэлийн баатар маань онцолж байлаа.  Тиймээс  цуураар мэргэлж, цагаан сарын шинийн нэгнээс гуравны хооронд тухайн айл гэр, улс орон газар нутгийн буян заяаг түших, зуд болохыг урьдчилан мэдээд илааршуулах зэрэг өвөрмөц, дэг ёсыг  үйлддэг байжээ. Энэ тухай Б.Наранбат “Монгол улсад хөгжмөөр мэргэлдэг хоёр хүн  байжээ. Тэр нь алдарт морин хуурч Г.Жамъян, нөгөө нь манай өвөө Б.Наранцогт  байсан юм. Энэ үйлийг хийхэд хориотой нас гэж бий. Би 10 настай байхдаа  цуурын ид шидийг хэрэглэдэг. Гэтэл нэг удаа өвөө маань ирээд “Цуурын мэргийн эрдмийг 40 нас гарахаараа  хийгээрэй”  гэж хэлсэн. Тэгэхээр монголчууд хөгжмийн аялгуугаар хүртэл  зан үйл хийдэг, шидийн увдистай байсан байна”  гэв. 

 

ЦУУР ХӨГЖИМ СОНИРХОГЧ 200-Д ХҮРЧЭЭ

 

2008 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын ЮНЕСКО-гийн ерөнхий комиссын даргаар н.Уртнасан ажиллаж байжээ. Тухайн үед цуур, тууль, биелгээг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд тодорхой хүмүүсийг томилж байсан аж. Үүний нэгээр цуур хөгжмийг өвлөн уламжлагч Б.Наранбат орсон байна.


Тус ажлын бичиг баримтыг нягтлан бичих чухал ажлыг УГЗ, доктор, профессор С.Юндэнбат хийж гүйцэтгэсэн ажээ. Ийнхүү 2009 онд цуур хөгжмийг ЮНЕСКО-д бүртгүүлж дэлхийн өв болгож чадсан байна. Энэ үед бусад орны хүмүүс цуур хөгжмийн аяыг сонсоод  “Өвөрмөц содон аялгуутай хөгжим  байна. Монголчууд хөөмий, морин хуур зэрэг өв соёл нь ундраад байдаг гайхалтай ард түмэн юм” гэж хэлж байжээ. Дэлхийн өвд төлөөллийн жагсаалт, яаралтай хамгаалах гэсэн хоёр жагсаалт бий. Төлөөллийн жагсаалтад Монгол Улсын баяр наадам багтдаг байна. Учир нь үндэсний их баяр наадмыг Монгол Улсын хүн бүр мэддэг, оролцдог учраас төлөөлөөд дэлхийн өв болж байна гэсэн үг. Харин яаралтай хамгаалах жагсаалтад устах эрсдэлтэй өвийг багтаадаг. Тиймээс Монголын цуур хөгжмийг яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэсэн ажээ. Энэ тухай Б.Наранбат “Олон зууныг туулсан дэлхийн хүн төрөлхтний амьд өвийн нэг бол монголчуудын бүтээсэн, тэр тусмаа Урайнхайчуудын цуур хөгжим юм.

 

Энэ гайхалтай өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг юм. Тиймээс бид цуур хөгжмөө цааш дэлгэрүүлэх ажлыг хөгжүүлж чадвал төлөөллийн жагсаалт руу оруулах боломжтой. Цуур хөгжмийг дэлхийн өвд бүртгүүлснээр  илүү хөгжих , түгэх хандлага руу явж байгаа. ЮНЕСКО-д бүртгүүлэх үед Монгол Улсад гарын таван хуруунд багтахаар цуурчид байсан. Үүний дараа Засгийн газраас 2014-2016 онд “Монгол цуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд цуурын гарын авлага, ном, цуурч П.Наранцогтын нэрэмжит улсын уралдаан, цуурын эрдэм шинжилгээний эмхэтгэл, “Монгол цуур” нэгдлээс судалгааны ном зэрэг ажлыг хийсэн. Үүнээс хойш цуур хөгжим сонирхогчийн тоо 200 гаруйд хүрсэн” гэлээ.
 


ЮНЕСКО-ГИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ЖАГСААЛТАД ОРУУЛАХАД НАЙМАН ЖИЛ ҮЛДСЭН 

 

Гэвч цуур хөгжмийн сургалт явуулж байгаа хүмүүс манай улсад  харьцангуй цөөн байдаг аж. Ховд аймгийн Дуут суманд “Туур” гэсэн цуурын нэг  өргөө байдаг ч  тогтмол үйл ажиллагаа  явуулж чаддаггүй байна.  Энэ тухай Б.Наранбат “Монгол Улс түүхэндээ олон удаа мандан бадарч, уналтад орж байсан. Гэвч монгол соёл уламжлал нь байсан учир  оршин тогтнож үлдсэн тухай баримтууд түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдсэн нь бий. Тиймээс өв соёлоо хүн бүр судалж, шинэ цаг үедээ тохируулан авч явах нь зүйтэй. Миний ойрын зорилго бол цуурын сургалт ажиллуулж, олон цуурчин бэлдэх. Цуур хөгжмийг “ЮНЕСКО”-гийн төлөөллийн жагсаалтад оруулахад найман жил үлдсэн байна. Хэрэв 20 жил болоод хамгаалж чадахгүй бол  дэлхийн өвөөс хасдаг журамтай. Өмнө нь цуурыг хөгжүүлэхийн тулд Засгийн олон ажил хийсэн. Тиймээс энэ ажил хэргийг үргэлжлүүлж, цуур хөгжмийг нийтэд хүргэхийн тулд ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтийн үйл хэрэг болгох хэрэгтэй. Жишээлбэл,  цаашдаа цуурын сургалтуудыг тогтмол болгох, уралдаан,  тэмцээнийг тогтмол зохион байгуулах. Мөн уран бүтээл сайн хийж байгаа хүмүүсээ урамшуулах, цуурын талаар үйл ажиллагаа явуулсан байгууллагыг хоёр жилд нэг удаа шалгаруулах зэрэг урамшуулалын системийг нэвтрүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Соёлын яам 12 зөвлөл байгуулсан. Түүний дотор  малгай болж байгаа салбарын нэг бол соёлын биет бус өв. Тиймээс энэ шавхагдашгүй нөөцөөр олон бүтээгдэхүүн гаргах боломжтой. Бидний дундаас суралцаад явсан нь “Тhe Hu” хамтлагийн хөгжимчин Г.Нямжанцан байна” хэмээн цуур хөгжмийн хөгжлийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. 

 

ЦУУРЫН ҮҮСЛИЙН ТУХАЙ
Түүхэн эх сурвалжуудад цуур хөгжмийг Хүннү гүрний үед дэлгэрч байсан хөгжим гэж тэмдэглэжээ. Түүнчлэн үлээвэр  хөгжмийн  өвөг хөгжим хэмээн нэрийддэг аж. Нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ холбогддог гэж үздэг цуур хөгжмийн тухай Хүннүгийн үеийн баримтуудад ийнхүү  тэмдэглэн үлдээжээ. “Хүннүчүүдэд олзлогдсон Хан улсын элч  оройдоо цуур хөгжим хангиналдан, адуу янцгааж, үхэр мөөрөлдөн нойр хүрдэггүй байлаа” гэж бичсэн байдаг. Энэ бол цуур хөгжим ямар их дэлгэрсэн байсны тодорхой баримт юм.   
Мөн урайнхайчуудын язгуур өвийн нэг бол цуур хөгжим гэдгийг ч түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байна. Урианхай түмний дунд түгээмэл тархацтай, нэг ёсондоо шүтээн хөгжим нь байсан. Айл болгон цууртай байжээ. Гэвч Соёлын довтолгоон, бусад олон нөхцөлөөс үүдэж, айлд ирсэн хүн цуурыг нь заавал үлээх юм уу, дуугаргаад тавьдаг ёстой зэрэг өвөрмөц соёл өдгөө алсарсан байна.  Харин нэрт цуурч, өвлөн уламжлагч П.Наранцогт цуур хөгжмийн соёл устахын даваан дээр 1980 онд, өөрийнхөө үр хүүхэд, болон шавь нартаа зааснаар өнөөгийн цуурын шинэ гал голомт асчээ. Энэ хүн бол Н. Наранбатын өвөө билээ. Өвөө П.Наранцогт нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын цуурч байсан бөгөөд 1973 онд Ховд аймгийн Дуут суманд ирсэн түүхтэй. 
Цуур хөгжим хэмжээний хувьд эрт дээр үед хоёр тохой дөрвөн ямх байсан гэдэг. Харин өдгөө 30-40 см-ээс илүүгүй болсон байна.  Шулуун цуур хөгжмийг эрт дээр үеийн гэдгийг хөгжим судлаач Ж.Бадраа агсан “Монгол ардын хөгжим” номдоо тэмдэглэн үлдээжээ. Тус номонд “ Хүннүчүүдийн хааны хатан болж, монгол нутагт олон жил аж төрсөн Хятадын хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг байсан.

 

 

ЦУУР БОЛ ОМГОЛОН, ХҮЧИРХЭГ, УЯРАМ ХӨГЖИМ

 

Цуурын аялгуу нь дүрслэлтэй байдаг бөгөөд  хүмүүний сэтгэлд  өнгө будаг шиг тод буудаг байна. Жишээлбэл, “Ейвэн голын урсгал” аялгууг тоглоход өндөр уулс, гол ус, нарсан ой харагдаж  байна гэж хүмүүс хэлдэг аж.  Н.Наранбат “Цуурын урын санд 40 гаруй аялгуу байдаг. Би бүгдийг нь тоглож сурсан. Өвлөн уламжилж ирсэн аялгууг  цааш  баяжуулаад явахыг зорьж байна. Цуур нь өвөрмөц хоёр эгшигтэй. Лимбэ шиг нарийн болон баргил байгалийн өнгө ордог. Мөн  цуур хөгжмийг омголон хийгээд хүчирхэг, уярам хөгжим гэж онцолдог. Цуурыг хүчээр тоглох гэж оролдвол ямар ч дуу гарахгүй. 
Харин уяхан зөөлөн байвал хамгийн тансаг эгшиг гардаг. Хэвлийгээс гарч буй хийг хэнд ч сонсогдохооргүй гаргахад маш хүчирхэг исгэрээ болдог. Түүн дээр зөөлхнөөр "уу" гэсэн эгшиг нэмэхэд байгалийн хүчирхэг эгшиг авиа болох жишээтэй. Би олон хүнд цуур хөгжим тоглох аргыг зааж өгсөн. 
Хэдий тоглох аргаа мэдэж байгаа ч  дуу авиа гаргахын тулд бэлтгэл, цаг хугацаа ордог.  Хичнээн дуу авиа гарахгүй байсан ч хүмүүс бөөгнөрч суугаад хөгжмөө үлээгээд л байдаг. Энэ нь нийгмийн стресс, янз бүрийн асуудал зэргээс тухайн орчинд ангижраж, таатай орчныг бүрдүүлдэг. Мөн уламжлалт Урайнхайчууд буюу цуурчид "Цуур хөгжим тоглосон хүн урт насалдаг" гэж үздэг байсан” гэсэн юм. Мөн цуур хөгжмийг эртнээс дайн тулааны үед мориныхоо сүүлэнд хадгалж авч явдаг байсан нь түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгджээ. Энэ нь бие биедээ чимээ өгөх гол зэвсэг болдог байсан байна.

 

“ГАДНААС НЬ ТОГШИХОД  ЧАНГА ДУУТАЙ БОЛ САЙН ЦУУР”

 

Нийтлэлийн баатар Б.Наранбат цуур хөгжим тоглохоос гадна цуур урлаач билээ. Тэрбээр цуур урлах арга ухаанаас  хуваалцсан юм. Цуур хийхдээ эхлээд зөв модоо сонгодог бөгөөд хар мод илүү тохирдог аж. Модоо гаднаас нь тогшиход  сул дуу гарч байвал зөөлөн, чанга дуутай бол сайн цуур болно гэж үздэг гэнэ.

 Дараа нь  сонгосон модоо тэгш цуулж, цуулсан модоо буцааж наагаад бөөрөнхийлж харуулдаж тэгшилдэг байна. Үүний дараа модныхоо дотрыг гараар ухаж, нүхэлдэг аж. Ийнхүү арьснаас гаргаж авдаг уламжлалт цавууг хэрэглэдэг байна. Энэ тухай Б.Наранбат “Хөгжмийг хэт их өөрчилбөл эхний байдал нь алдагдана. Бусад урлагийн байгууллага уран бүтээлчид тодорхой хэмжээгээр өөрчилж болох ч он цаг улирч магадгүй 100 жилийн дараа цуур хөгжмийн өв соёл алдагдах эрсдэлтэй. Тиймээс тодорхой өвлөн уламжлагчид анхны хэлбэрээр нь хадгалаад явах нь чухал. Хэдэн арван жилийн дараа уламжлалт байдал нь алдагдаад, төөрөөд ирвэл нь эх ундаргаас нь харж болно шүү дээ.   Мөн тодорхой бүтээгдэхүүн болж ашиг олох нь одоо цагт байх ёстой зүйл. Урласан цуур авч байгаа нилээд хүн бий. Харин хэрхэн урлах тухай асууж, зөвлөгөө авдаг хүн харьцангуй бага” хэмээлээ.

 

Цуур хөгжмийн тухай сонирхолтой баримтууд

Монгол Улсад хөгжмөөр мэргэлдэг хоёр хүний нэг нь цуурын өв уламжлагч   Б.Наранцогт  байжээ. Цуураар цагаан сарын шинийн 1-3-ны хооронд тухайн айл гэр, улс орон газар нутгийн буян заяаг түших өвөрмөц зан үйлийг үйлддэг байжээ.

*          *        *

Уламжлалт урайнхайчууд буюу цуурчид "Цуур хөгжим тоглосон хүн урт насалдаг" гэж үздэг байсан.

*          *        *

Цуур нь дүрслэлтэй, аялгуутай байдаг бөгөөд  хүмүүний сэтгэлд  өнгө будаг шиг тод буудаг.

*          *        *

Цуур хөгжмийг дээр үед дайн тулааны үед мориныхоо сүүлэнд хадгалж авч явдаг байсан нь түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгджээ. Учир нь уртын аянд дайнд явахад дуу гаргахад хол ойрхон явах эсэхийг мэдэж бэлтгэлээ хийдэг байсан аж.

*          *        *

Цуурын урын санд 40 гаруй аялгуу байдаг.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube