Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-17 нд нийтлэгдсэн байна.

Ц.Байды: “Үнэн” сонины захын буланд л анхны зургуудаа зурж байлаа

2/ 17/ 2023    7 цаг 00 минут

Сар шинийн босгон дээр "Монгол Улсын Ардын зураач" цол хүртсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байды хэмээх эрхэмтэй ярилцлаа. Тэрбээр 1974 онд ЗХУ-ын Москва хотын Строгановын Уран зургийн академийг төгсжээ. 1976 онд “Ардын засгийн төлөөлөгч” зургаараа Улсын уралдааны тэргүүн байр, “Баянцогтын говьд”, “Хаалга шинэтгэсний баяр” бүтээлээрээ Улсын уралдааны 2,3-р байр эзлэн, 1981 онд Москва хотноо болсон Олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртэж, 1985 онд “Хүн байгаль” Олон улсын уралдааны тэргүүн байр эзэлж байв.

Ц.Байды гуай шог зураачдаас төрсөн анхны Ардын цолтон болж байна. Түүнийг 1981 онд Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал, 1991 онд Алтан гадас одон, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, 2005 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг, 2009 онд “Улаанбаатар хотын Хүндэт иргэн” тэмдгээр тус тус шагнажээ. Тэрээр 2003 онд "Адра" ОУБ-аас зохиогдсон уралдаанд тэргүүн байр, 2005 онд "Эмнести интернэйшнл" Олон улсын байгууллагын шагнал хүртсэн бөгөөд ЗХУ, Япон, БНСУ, АНУ, Англи, Итали, Франц, Алжир зэрэг улсад зохиогддог олон улсын зураачдын үзэсгэлэнд тогтмол оролцсон байна.

-Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Ер нь хэдэн настайгаасаа зураг зурж эхэлсэн бэ?

-Би Дундговь аймгийн Хулд суманд төрсөн хүн. Тэр үед бөглүү нутагт машин тэрэг байхгүй, сард нэг удаа л холуур яваа харагдана. Тэгээд бидний хэдэн хүүхэд машин үзэх юмсан гэж их бодно. Тэгтэл манай аав Тээхийн буудлын даргаар томилогдов. Олон машин дайрч өнгөрнө, жолоочид хоол ундаа тэнд иднэ. Оросууд ч цувна. Ингээд л анх соёлтой газар аавыгаа дагаж очсон нь тэр. Сардаа 2-3 удаа, заримдаа их олон машин ирнэ. Түмэн амьтан цугласан газарт машин сонирхохын хажуугаар улсуудын яриаг л сонсдог болов. Тэр үед соёлын үрийг л тарьж байсан хэрэг шүү дээ.

Би Тээхийн тэр л буудлаас зураг зурах хүсэлтэй болж эхэлсэн юм. Нэг удаа Довын дэрсэнд хийсэж явсан хуучин “Матар” сэтгүүлийн хуудсыг оллоо. Үеийнхээ хүүхдүүдэд үзүүлэв ээ. Гоё зурагтай. Бид зурсан, зураагүй гээд маргав. Тэгтэл нэг нь ихээ мэдэмхийрч, долоогоод үз “Зурсан зураг бол хэлэнд будаг нь наалддаг юм. Үгүй бол хүн зураагүй гэсэн үг” гэв. Долоогоод үзтэл будаг нь ховхордоггүй ээ. “Хүн зураагүй атал яагаад ийм зурсан юм шиг байгаа юм” гэж бодсон тэр үе үнэхээр бүдүүлэг байж. Түүнээс хойш “Матар” сэтгүүлийн хүслэн болов. Тээхийн буудал эрх биш төв газар юм хойно хааяа нэг тус сэтгүүл үзэгдэнэ.

Гэхдээ 1995 онд гаргасан миний бүрэн хэмжээний үзэсгэлэнд Батмөнх эгч маань ирээд “Зургаан настайгаасаа зураг зурж эхэлсэн. Тэр үед хэлд ч сайн ороогүй байж, Тээхийн буудлын хар гэр, машин зэргийг их зурдаг байсан” хэмээн ярьсан юм. Тэгэхээр их жаахнаасаа зуржээ.

Миний аав Цэвэг гарын ур дүйтэй, алт мөнгөний дархан байсан. Номун баян хэмээх хүний ач. Бидний өвөг дээдэс болох тэр хүн 91 насандаа тэмээ унаж яваад нас барсан гэдэг. Намайг багад “Үнэн” сонин л суманд ирдэг. Зах, голд нь хоосон цагаас цаастай. Түүнийг л хайчилж, харандааны хугархайтай нийлүүлж зураг зурна. Хаанаас ч юм ах эгч нар харандаа олж өгнө л дөө хөөрхий. Тэрийг нь ааваараа үзүүрлүүлж аваад л зургаа зурна даа. Миний зурах гэж нэг иймэрхүү л эхэлж дээ.

-Тухайн үед  сургуульд сурах хүүхэд ховор байсан гэдэг. Та хэдэн настай сургуульд орж байв?

-Тийм ээ, хүмүүс хүүхдээ сургуульд сургахгүй. Зарим нь бүр тэмээ эрээд говьд яваа, хоёр, гурван сар болж байна гэнэ. Намар болохоор л сумын төвөөс дарга нар хүүхдүүдийг сургуульд оруулахаар ирнэ. Ирээд л бичиг үсэг сурах нь хүмүүсийг эрдэм ухаантай болгоно, хамгийн дээд зүйл гээд л ярина.

Миний ээж биднийг багад нас барсан юм. Олон хүүхэдтэй тарчигдуу л байж. Би гэдэг хүн айлын хаяа бараадаж, хонь, хурга хариулсан шиг тараг, сүү олж ууна. Дайны үеийн хүүхэд учир хоол хүнс тааруу. Би их л жижигхэн биетэй байсан. Тэр үед цагаан идээ л олдоно, гурил, будаа ховор. Оросоос л ирнэ. Ер нь хивэг л иддэг байлаа.

Ингээд л таваргаж явтал манай нутагт лам байж байгаад сүүлд намд элссэн Дамбажамсран гэх хүн анх намайг хөтөлж аваачаад сургуульд оруулсан юм. Тэр хүн манайхаар аав, ээжтэй уулзах гэж ирдэг байсан. Би юмыг их хурдан цээжилж, ирсэн хүмүүст уншиж өгнө. Тэгээд л намайг анзаарч Ингээд би арван настай сургуульд орсон.

-Дотуур байрны хүүхдүүд харьцангуй хоол хүнстэй бас арай соёлжсон байсан байх. Хөдөө дураараа таваргаж явсан хүн дасах гэж хэцүү байв уу?

-Улсаас намайг ядуу айлын хүүхэд гээд дотуур байранд оруулсан юм. Ардууд дотуур байрны хүүхдүүдийн мах, түлшийг бэлдэнэ. Гурилыг нь улсаас. Тэр байтугай надад шаравтар дээл ч улсаас өгч байлаа. Өвөл бас үстэй, нэхий дээлийг хаанаас ч юм бидэнд өгнө. Мөн дээрээ таван хошуу оёсон цэнхэр цүнхтэй. Хөрөнгөтэй болсон нь энэ.

Би жаахан зурах гэж оролдоно, онц сурна. Охид надаар цэцэг, навч, эрвээхэй зуруулна. Намайг жижигхэн биетэй учраас асруулахаар охидын байранд байлгадаг байв. 

-Багадаа хэр сахилгагүй хүүхэд байв?

-Би ёстой томоохон хүүхэд байсан. Их томоотой болохоор ямар сайндаа Барамсай “Чи муу одоо их бөөрөнхий. Огт уурладаггүй” гэж байлаа.

-Хөдөө сумын хүүхэд анх яаж шог зурагтай танилцаад, сонирхсон юм бэ?

-“Матар” сэтгүүлийн тасархай хуудаснаас л эхэлсэн байх. Гэхдээ манай аав их шогч, хөгжилтэй юм их ярьдаг хүн байсан. Түүнээс ч болсон байж магад. 

Хулд суманд сурч байхад Нацагдорж гэж сайхан зурдаг, тогтмол ханын сонин гаргадаг багш байв. Ханын сонин гаргахдаа зураг, тайлбартайгаар их гоё хийнэ. Тэр багш л надад анх зургийн боловсрол олгож, зураач болоход их нөлөөлсөн. Багш маань сайхан зантай, эрдэм боловсролтой хүн байсан. Хоёрдугаар ангидаа Дэлгэрхангай сумын бага сургуульд шилжиж очоод багшдаа “Ханын сонин гаргамаар, ханын сонин гэж юм Хулд сумын сургуульд хийдэг” гэж хэлээд сонин гаргахаар боллоо.

Би их идэвхтэй хийнэ. Гэтэл манай С.Лувсандорж гэж багш усанд ордоггүй, муу сурдаг гэх мэт хүүхдүүдийг шоглож зурах санал гаргаж, ханын сониндоо нөгөө хүүхдүүдийг нь зурсан. Багш маань засварлаад зарим хүүхдийг их адилхан болгочихож билээ. Дээрээс нь “Огонек” сэтгүүлийн хайчилбар нэмлээ. Тэгсэн чинь сумын захиргаанаас хүртэл хүмүүс ирж үзээд, учир зүггүй магтав. Дээр нь онц сурдаг баатар маань шүлэг бичдэг болов. Ингээд жигтэйхэн магтуулж байтал “матарлаж” зурсан гурван хүү намайг хэмх зодож, би анхныхаа шог зургийн шагналыг авсан даа.

Тэгээд тавдугаар ангидаа онц сурсан найман хүүхэд аймгийн төв рүү шилжив. Ганц хоёр төгрөгтэй. Түүгээрээ гуанзад ортол ханан дээр хачин гоё зураг зуржээ. Ойртоод харахаар сонин, холдоод харвал маш гоё. Тэгсэн тосон будгаар зурсан байж. Түүнийг нь хайтал олддоггүй ээ, эргээд л усан будгаараа зурах болсон доо.

-Та цэрэгт очоод зохиолч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байсан гэл үү?

-Цэрэгт байхдаа их бууны тусгай дивизийн клубийн зураач болж, бас зохиол оролдож, роман хүртэл бичсэн шүү. “Улаан од” сонинд миний өгүүллэг гарлаа. Цэргүүд сонин эргүүлээд л байхаар нь хажууд нь очоод суулаа. Миний өнөөхийг тоож ч хардаггүй. Цэрэгт байхдаа сар бүр ханын сонин гаргана. Тэгэхдээ жаахан шооч өнгө аястай зургуудаа оруулна. Нэг удаа “Улаан од” сонины сурвалжлагч ирээд “Манай сонинд шог зураг гэдэг зүйл их хэрэгтэй байна. Үүнийгээ дахиад зураад өгөөч” гэв. Тэгэхээр нь нөгөө зургаа хайчлаад өгчихөв. Манай ангийнхан Дархан хотын бүтээн байгуулалтад оролцоно гэж бөөндөө явж, би яагаад ч  юм ганцаараа үлдсэн байсан юм. Дарханд байгаа хэд маань над руу “Улаан од сонин дахь зургуудаа үзсэн үү” гэж захидал бичжээ. Тэгэхэд “Яагаад миний зохиолыг ярихгүй байж, энэ муу шог зургийг ярьдаг байна аа” хэмээн бодсон удаатай. Ингээд л ер нь олонд түмэнд шог зураг хэрэгтэй юм байна, надад жаахан ч гэсэн авьяас байгаа юм байна гэж бодоод тэрнээс хойш зургаа зурж эхэлсэн дээ.

Цэргээс халагдсаны дараа бүх сонинд миний зураг гардаг байлаа. Гэхдээ боловсролгүй, бүдүүлэг хүний зураг сайн биш. Би чинь хэд хэд шалгалт өгч байж ОХУ-д мэргэжлийн сургуульд нь тэнцсэн юм. Намайг сургуульд оруулах вэ, өөрөө л хичээнэ. Жинхэнэ эрийнхээ сайнд сургуульд орж, орос үгийг толь бичгээс зөрөхгүй цээжилсэн. Хэрвээ намайг тэнцэхгүй бол зураач Н.Цүлтэм гуай  ирж уулзаарай гэж байсан юм.

-“Тоншуул” сэтгүүлд ажиллаж байхдаа Нийгмийг аюулаас хамгаалах яаманд байцагдсан гэсэн үү?

-Зураг, уран бүтээлийг ойлгохгүй хүмүүс байна. Ялангуяа дарга нар юмыг мушгих нь бий. Би улсын болоод хүний эсрэг юу ч хийгээгүй. Нэг удаа нүдний шил зүүсэн хав нохойг орос эмэгтэй хөтлөөд явж байгаа шог зураг зурсан. Одоо хүртэл зарим нэг нь намайг “Чи Цэдэнбалыг зурсан” гэдэг юм. Тэнд Цэдэнбал гэж огт байхгүй. Гэтэл намайг НАХЯ-нд дуудаж, сүүлдээ баахан бичсэн юман дээрээ гарын үсэг зуруулах гээд. Тэгэхээр нь би ураад хаячихсан юм. 1981 он хавьцаа намайг шоронд хийхдээ тулж, би “Шог зураг гэдэг чинь урлагийн төрөл. Та нар ойлгохгүй байна шүү дээ. Сүүлд нь та нар онигоонд орно. Ямар хүн энэ нохойг Ю.Цэдэнбал дарга гэж бодоод байгаа юм бэ. Тэгж яриад байгаа хүнээ шалга. Шог зураг юм чинь нохой нь нүдний шилтэй байж болно” гэсэн дээ.

Хошин, юумар зураг гэдэг чинь хүний оюун санааг хөгжүүлнэ. Юмыг өөрөөр харах боломжийг олгоно. Шог зураг бол сэтгэлгээний урлаг. Дэлхийн мундаг уран бүтээлчид чинь юмсыг олон талаас нь бодож байгаа юм.

-Та дэлхийн хэдэн оронд үзэсгэлэнгээ гаргасан бэ?

-Би өөрөө яваагүй ч гэсэн АНУ, Японд үзэсгэлэнгээ гаргасан. Гэхдээ их олон оронд монголын зураасан зургийн уран бүтээлийг толилуулахад бүтээлээ явуулж байсан. Би чинь уран зургаас гадна зураасан зургийн мэргэжилтэй шүү дээ. Энэ төрөл чинь шог зурагт ойр юм.

-1985 онд “Хүн байгаль” Олон улсын уралдааны тэргүүн байрыг эзэлсэн. Тэр үед дэлхийн цаг уурын асуудал харьцангуй гаагүй байсан биз дээ?

-Тэр зурагт том хар шувуу бүх байгаль дэлхий сүйдсэний дараа барилгын карказ дээр үүрээ засаж, үрдээ эрэг боолт өгч байгаа тухай юм. Үйлдвэр, аж ахуй хөгжихийн хэрээр хөрөнгөтөн орнууд байгалийг бохирдуулж байна. Энэ хэвээрээ байвал эх дэлхий сүйднэ гэсэн санааг агуулсан юм.

-Таны аав уран дархан, та өөрөө зураач, хүү тан зураач. Тэгэхээр авьяас өвлөгддөг байх нь ээ?

-Хүний оюун санаа бүрэлдэн тогтохдоо л удмаа дагадаг юм шиг байгаа юм. Дуучин хүний хүүхэд хүртэл дууг хүндэлж өсдөг. Сайд дарга нарын хүүхэд хүртэл сайд дарга болдог биз дээ. Тэд ямар арын хаалгаар болж байгаа биш. Гэр орон хүртэл улс төржиж, ирж байгаа хүмүүс нь хүртэл улс төрчид. Тэгэхээр зураачийн хүүхэд зураач болохгүй яах юм.

-Шог зураг зурахад ажиглалт чухал уу. Ер нь зургийн санаа хаанаас төрдөг вэ?

-Ер нь юмыг тал талаас нь бясалгах хэрэгтэй. Харагдах талаас нь биш. Зураг тийм амархан гарч ирэхгүй. Би олон зураг зурсан. Зарим нь маш муу. Нам, засгийн даалгавраар зурсан юм зураг биш шүү дээ. Олон түмний санаанд нийцүүлэхийг хичээх л юм ямар ч юм явахгүй шүү дээ.

 

8


Сэтгэгдэл (8)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.118.127Зочин   • 2023, 11 сарын 2. 18 цаг 54 минут

mgloos baidii guai gadaadaas herlup bidstrup 2riin zurgiig yzej osloodoo

222.229.227.77Зочин   • 2023, 11 сарын 1. 17 цаг 18 минут

Бас их далжигнаж байгаа хөгшин. Доржготовын өрөөсөн сүүж, зөв өтлөх болтугай.

202.21.109.17Зочин   • 2023, 8 сарын 15. 12 цаг 47 минут

Сайхан бууралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхэд байхдаа таны 60 шог, дараа нь 100 шог-ийг үзэж өслөөдөө

103.229.123.42Зочин   • 2023, 5 сарын 25. 8 цаг 47 минут

С.Зоригийн алуурчны ам зургийг хэн хэлж өгч зуруулж байсан бэ гэж асуулдаа. Ц.Байды гуай бол ам зургийн монголын ганц мастер гэж байгаа шүү. Анх зурсан ам зургийг дараа нь Содномдаржаатай адил болгож өөр хүнээр өөрчлүүлсэн гэсэн яриа байдаг

202.126.88.161Иргэн   • 2023, 3 сарын 26. 21 цаг 33 минут

/ХОЙЧ ҮЕДЭЭ/бүтээлийг нь хотын төвд;, олны нүдэн дээр тавьж, залуу үеийхэнд сургамж болгохсон....Та бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах уу? Тэгвэл мөн сайхнаа.Танд амжилт хүсье!

202.126.88.161Зочин   • 2023, 3 сарын 26. 21 цаг 29 минут

Ёгтолсон мөн ч гоё зургуудыг үзэж өслөө.Бидний үед тоншуул сэтгүүлийн шог зураг гэж гайхамшигтай бүтээл блаа.Үгээр ёгтлохоос, зургаар ёгтлоно гэдэг хэцүү ажил шиг санагддаг. Авъяас бхад болдгийг Ц.Байдий гуай үзүүлсэн.Танд УРТ удаан насалж, сайн сайхан явахыг ЕРӨӨЕ!

202.9.46.249Зочин   • 2023, 2 сарын 28. 22 цаг 50 минут

Би бага байхдаа Ц.Байды гуайн зургуудыг их сонирхон үздэг хүүхэд байсан юм. Сайхан бууралдаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж, та сайхан сэтгэгдэл төрүүллээ. Танд талархал илэрхийлье

192.82.74.60Зочин   • 2023, 2 сарын 17. 7 цаг 21 минут

Сайхан буурайдаа аз жаргал хүсье



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube