Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-17 нд нийтлэгдсэн байна.

Малчны цагаан сар

2/ 17/ 2023    7 цаг 57 минут

Х зууны 90-ээд оныг хүртэл цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр”, “Малчдын цагаан сар” гэдэг байсныг мэднэ. Харин малчид нь тэр цагаан сараа яаж тэмдэглэж байсан нь сонин. Цагаан сар бол шинийн нэгнээсээ хавьгүй өмнө эхлээд нэлээн хожуу дуусдаг баяр билээ. Бие биенээсээ хол зайдуу нүүдэллэн амьдардаг малчин ардуудын хувьд ямар ч баяр хэд хоногийн нөөцтэй байхгүй бол багтдаггүй шиг байгаа юм. Зөвхөн, сар шинийн эхний хэдэн өдөр л золголт хийнэ гэвэл хол ойр яваа ах дүүсийнхээ ихэнхтэй шинэлж амжихгүй шүү дээ, наад зах нь.

Малчны цагаан сар.

      ХХ зууны 90-ээд оныг хүртэл цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр”, “Малчдын цагаан сар” гэдэг байсныг мэднэ. Харин малчид нь тэр цагаан сараа яаж тэмдэглэж байсан нь сонин. 

     Цагаан сар бол шинийн нэгнээсээ хавьгүй өмнө эхлээд нэлээн хожуу дуусдаг баяр билээ. Бие биенээсээ хол зайдуу нүүдэллэн амьдардаг малчин ардуудын хувьд ямар ч баяр хэд хоногийн нөөцтэй байхгүй бол багтдаггүй шиг байгаа юм. Зөвхөн, сар шинийн эхний хэдэн өдөр л золголт хийнэ гэвэл хол ойр яваа ах дүүсийнхээ ихэнхтэй шинэлж амжихгүй шүү дээ, наад зах нь.

    Цагаан сарын бэлтгэл нь өөрөө баяр ёслолын сэтгэгдлийг хамгийн түрүүнд авч ирдэг. Тавгийн идээгээ төхөөрөх, бууз баншаа чимхэх, авдарнаасаа сар шинийн гоёлоо гарган өмсч үзэхээс эхлээд, гэр орноо цэвэрлэн утаа тортогоо үргээх гээд бүхий л явдал үйл бүгд л баяр хөөрийн амьсгалтай, сэтгэл догдлуулсан өдрүүд цуварна. 

    Миний мэдэхээр, хөдөөний малчид цагаан сараар хавсай хийдэг байлаа. Сайхан нухаж, хавтгайлсан гурилаа, нарийвтар урт зүсээд, туушид нь хос хосоор нь дөрвөн зураас гаргадаг нь хөөж, түнтийхээс сэргийлдэг гэх ч зарим талаараа дизайны шийдэл байсан бололтой. Хэрвээ, гурван зураас гаргавал “бэлэвсэн” хавсай гээч болох тул нүгэл гэж эмээ маань ярьсансан. Энэ нь бэлэвсэрсэн айлын цагаалганд тийм хавсай хэрэглэдэг гэсэн үг биш байх. Юу л боллоо гэж өнчин бэлэвснээрээ гайхуулсан аятай хавсайгаа тусгайлан хээлж, бэлгэ ерөөлийн баярынхаа өнгийг бүүдийлгэв гэж дээ? Харин хавсай нь өөрөө бүрэн бүтэн бэлгэдэлгүй өнчин бэлэвсэн мэт дутуу дулим илэрхийлэл, дизайнтай болно гэсэн цээр байх гэж бодогдоно. 

    Сүүлний тос, шар тосоор зодож хийсэн тийм хавсай хатна гэж байхгүй, чихэр хийгээгүй атлаа амт төгөлдөр, жинхэнэ утгаараа нарийн боов болдогсон. Манайд одоо ч тийм хавсай боов бүхий “хувь”-ийг ах дүү нараас маань ирүүлдэг бөгөөд нуулгүй хэлэхэд ганцаараа иддэг дээ. Харин ул боов гэдгийг нэлээн хожуу сумын төвийн бийлэгжүү айлуудын цагаалгаас мэдэх болсон билээ.

    Одоо манайхан том еэвэн тавиад байгаагийн оронд “цэцэг” хийнэ. Гурилаа дугуйлж элдээд, тойруулан чих гаргаж чимхээд, олон дэлбээтэй бадамлянхуа болгоно. Түүнийгээ эвдэлгүй чанах нь ёстой ур чадварын асуудал болдогсон. Ер нь боов чанах нь бас л ёслол, баярын өнгөтэй. Эхлээд гурилаар нэг могой хийнэ. Хамгийн түрүүнд түүнийгээ үйгээд хавсайгаа чанаж эхлэх ба ажил дуустал буцалгана. Сүүлд нь хүрэн улаан болтлоо шарагдсан могойгоо гаргаад тэнгэрт өргөнө дөө. Одоогийнхоор бол жаахан хэтрүүлээд шарчихсан шаржигнуур тахиа аятай харагдаад хорхой хүргэх боловч хавьтуулах юм биш. 

   -За яахав. Том болоод, толгой мэдэхийн цагт, нэг ийм могой хийгээд идэж үзнэ дээ, яадаг юм бэ гэж хүртэл бодсон удаатай. Ямар учиртай могойг бүү мэд, ингэвэл тос ширгэдэггүй гэж нэг сонссон ч шиг, гэхдээ мэдэхгүй ээ, мэдэхгүй.

    Хавсайгаар таваг засахад амархан бас эвтэйхэн. Сондгой үеэр өрөөд дээр нь цэцгээ тавихад яг л Бурханы баримлын бадамлянхуа суурь мэт болоод ирнэ. Аа тийм. Нэг юм мартаж. Цагаан сарын хавсайны хамтаар өндгөн чинээн, жижигхээн боов бас хийнэ. Жирийн үед хийдэггүй болохоор тэр боов бас л өвөрмөц бөгөөд хүсэмжит зүйл санагддаг байлаа. Мөнөөх жижиг боовоо цэцгэн дээрээ овоолно. Цагаан сараар ууган төлийн дуу цангинаж эхлэх тул хатаасан уураг зүсээд өнгөлнө. Хамгийн дээр нь саахар, чихэр өрнө дөө. Тэр үед шахмал ёотон нь ховор нандин идээний нэг, юуны чинь цайнд хольж уух вэ, бэлгэнд явдаг амттан байж. Цагаан сарын бэлэг сэлтэнд хэдэн саахар тогтмол орно. Айлын хүүхэд ороод ирэхэд хоёр ширхэг ёотон бэлэглэж байгаа айл бол ёстой нүнжигтэй айл. Саахар тожигнотол мэрэх жаал бол социализм байгуулж байгаа БНМАУ-ын аз жаргалтай хүүхэд мөнөөсөө мөн. 

 Торжигнотол мэрэх гэснээс ийм онигоо сонссон уу? Тааруухан хийцтэй, дуу тусгаарлалт муутай байранд амьдардаг айлд зочин ирж гэнэ. Цай ууж суутал учиргүй тожигнох, шаржигнах дуу шалан доороос гарав. Зочин:

-Танайх хулганатай юм уу даа?

-Хулгана биш ээ. Доод айлын Дулмаа ёотон идэж байгаа юм гэсэн гэх.

   Гэснээс, 500 граммтай хайрцаг саахарыг эмээ маань “Фунт (паунд) саахар” гэдэг байсныг бодохоор англи маягийн жин хэмжүүрийн систем манайд байсан байх гээд байгаа юм.

   Тэр үеийн “Сахар рафинад. Завод имени Урицкого” гэсэн бичигтэй, ЗХУ-л хэвлэсэн саахар хатуугаас гадна уусна гэж байхгүй. Тэр Урицкий гэдэг нь ч Ленинградын Онцгой комиссын дарга, чулуужсан ёотонгоосоо ч хатуу аймшгийн чекист байсан юм билээ.

  Ер нь саахар ийм хурдан уусдаг гэдгийг 1990 оноос л хойш мэдсэн юм шүү. Саахар, чихэр ярьдаг маань бас учиртай. Хэд хоногийн дараа тавгийн саахар, чихэр нь уурагныхаа чийгэнд хайлан доошоо нэвчинэ. Уураг солонгорсон өнгөтэй, бас чихэр амттай гоё болдог. Өнгө яагаад ордог гэхээр чихрийн цаасных нь будаг урсаад тэр. Одоо бол “Монгол хүүхэд химийн будаг идэж байна. Хэддүгээр зуун бэ, энэ чинь одоо. Засаг огцор” гээд жагсахаар л “кэйс” л дээ. 

  Бурханы таваг гэж манайхан тусдаа бэсрэг идээ засах ба шинийн гурванд түүнийгээ буулгаж, гэр бүлээрээ хуваана. Гол таваг болаажимдаа хураагддаг байсан байх. 

    Ууц чанаж шүүс бэлтгэхийн оронд тураг мах чанаж байсан. Юу юу байсныг санадаггүй юм. Лав л шаант чөмөг надад ногдож байсныг мэдэх юм. Аавын цээж оргисон нэг “ах”-ын яриа санаанд байна. Тэрээр, айл амьтны өгсөн бэлгийг голж шилж, аархаж явснаа гайхуулахдаа “Үнхэлцэг, хос өгөхөөр нь гэрийн бүсэнд нь хавчуулчихаад явчихаж байлаа, анжгай нь” гэсэн юм. Тэгэхээр, үнхэлцэг зүрх, хос (гургалдай) чанадаг байсан ч шиг. Хос, заримдаа гургалдай гэдэг үг байсаар манай зарим хүн “хошного чанав, хошного идэв” гэхчлэн хэлэх болсон нь хэл, ярианы ариун цэвэрт ч баахан тиймэрхүү мэт.

   Монгол хэлнээ “Хосыг нь урт авах”(чанга шийтгэх), “Хос чихэх”( хос чихэхтэй төстэй аргаар хийх техникийн шийдэл) гэхчлэнгийг хэллэг байдаг. Дотуур байрны хүүхдүүд турник хэмээх савлуурт хийдэг нэгэн дасгалаа “хос чихэх” хэмээдэг байсан нь Монгол ахуйгаа сайн мэддэг жаалуудын өгсөн нэршил бололтой. Мөн л тэр техникээрээ хөнжлийн даавууг маш амархан хийчихдэгсэн.

  Хостой холбоотой нэгэн хууч сонирхуулахад, айлын хотонд шөнө хулгай оржээ. Гэрийн эзэн ч шинжиж үзээд, хонь сугавчлаад явчихснийг анзааран мөрдсөөр хулгайчийн гадаа ирсэн байна. Хонио эд бад хийгээд гэртээ эвдэж төхөөрч байгаа бололтой. Гэрийн араас чагнавал эхнэр нь:

-Хосыг нь урт аваарай, тэр айлын зэл нь урт байг. Өвчүүний хормойг нь том аваарай, тэдний хот нь том болог хэмээхийг сонсоод хэрүүл уруул хийлгүй сэм буцжээ.

Гэртээ хариад авгайдаа,

-Хичнээн хулгайч байлаа ч гэсэн манайхыг тэгж ерөөж байхаар нь уяраад ирлээ. Буян болог гэсэн гэнээ. За тэгээд “Хошногоо идмээр байна уу” эсвэл “Хос гургалдай чанамаар санагдав уу” айн?

     Цагаан сарын бэлэг хоёр янз байсан шиг байгаа юм. Өөрийн болон ураг садангийн багачуудад “хувь” гэж өгдөг. Энэ нь ураг элгэнийхээ дунд өөрийн эзлэх хувьтай нэгэн гэдгийг илэрхийлдэг “хувьцаа” маягийн бэлэг юмсан уу? Оюутан болчихоод зуны амралтаар харихад эмээ маань ер хатаагүй, хазахад нурсан, нүнжигтэй хавсай авдраасаа гаргаад “Хүүгийн хувь” гээд өгдөгсөн. Хожим, хүүгээ оюутан болоод хол одоход, шинэ цагийн хэвийн боов хувь болгож хадгалснаа хөргөгчиндөө хөлдөөж үзсэн, муудахгүй ч бүтэлтэй биш юм билээ. 

    Эмээ маань цагаан сар дөхөхөөр шинэ сонин олж ирэхийг үүрэгдэнэ. Мэдээг нь уншаад гийчиндээ ярих гэсэн юм биш. Бэлэг боох гэж байгаа юм. Жижиг еэвэн, арваад саахар, хориод чихэр л дунджаар бэлгийн нэг багц болж, А2 хэмжээтэй сонины хуудсанд бооно. Дээлийн торго, тэрлэг эмжих “орой”, “хошуу” хоргойноос эхлээд жижигхэн дөрвөлжин торго, даавуу тэр бүү хэл ам цагаан цууямбуу ч бэлгэнд явна.

   Цагаан сарын бүхий л явдал үйл сайн бэлгэдэлтэй. Манайхан мэднэ дээ, бууз хийхэд мах нь илүүдвэл хоол унд элбэг байхын, гурил үлдвэл эд таваар үлэмж олдохыг бэлгэдэл гэдгийг. Гутранги үзэлтнүүд бол мах эсвэл гурил нь дутах талаас нь харж хоолоор гачигдах, эсвэл өмсөх зүүх хомсдохын цондон гэмээр тохиол ийнхүү сайн ерөөл, зөв бэлгэдэл болж байгаа юм. 

    Цагаан сараар тохиосон бүх учрал сайныг бэлгэднэ. Шинийн нэгэнд хонинд явах ээлж таарсан ч гэсэн аз хийморийн шинж болж таарна. Таварцаглаад уначихлаа гэхэд “Жилийн барцад үүгээр арилж байна” гэж бэлгэшээх байдалтай. Чухам үүнээс улбаалаад, элдэв ёр, бүтэлгүй тохиолоосоо гутарч байгаа ямар ч тохиолдлыг эерүүлж болох юм байна гэж бодогдох болсон. Зарим хүний сэтгэл санааг тэр мэтээр засч ч явлаа. Онгоцноосоо хоцроод гутарч зогсоо хүнд “Холын унаанаас хоцрох сайн гэдэг. Аян замд учрах байсан аюул осол түүгээр арилж, цаашдын зам дардан гэрэлтдэг гэдэг юм” гэхэд царай нь засраад ирдэг юм. Юм бүхэн учиртай, үйл бүхэн үртэй. Сайхан бодол дундуур сэтгэл үймрүүлсэн зүйлс орж ирэх ч цаанаасаа учиртай гэдэг. Юмыг ээлжгүй гэж боддог, эерүүлэн бэлгэдэх тайтгарах сэтгэлгүй хүн л хамгийн их зовлонтой амьдардаг юм гэсэн. За тэрч яахав.

    За тэгээд, хавсай хийхээс гадна буузаа чимхэх чинь бас л баяр ёслолын байдалтай. Гурил элдэх, чимхэхээс эхлээд өрөх, хөлдөөх, түүнээ нохой муурнаас хамгаалах гээд хүн бүр оролцоотой. 

   Малчид хот айлынхаа, зарим үед ойролцоо өвөлжсөн хамгийн ахмад настныд золгодог. Газар газрын ёс ондоо байх, манай нутгийнхан аажуу уухуухан л золголтоо хийнэ. Айл бүр золголтын таваг гэж тусдаа багахан идээ засаад мөнөөх айлдаабарьж ордог байсан санагдана. Айлуудын золголтын идээг нийлүүлээд хүүхдүүдэд хувь бэлэг тараадаг байсан шиг. 

    Золголтоо дуусгаад гарахдаа мөрөө гаргадаг уламжлалтай байв. Бүгдээрээ биш, өрхийн тэргүүн нь мордож давхиад сайн зүгийнхээ овоо толгод, дөрөлж хөтөлд гарч ёс гүйцэтгээд зорьсон газартаа довтолж одно. 

   Шинийн эхний өдрүүдэд нутаг ойрын айлууд, ахмад настнуудад очиж амар амгаланг айлтгана. Сар шинийн араас залгаад мал төллөж эхлэх тул айл хэсээд явах зав бага гарна. Ингээд заримтай нь хавар нутаг ойртохоор, их төлөв зусландаа айлсахаар золгоно доо. Ах дүү, хамаатан садан төдийгүй, нутаг усныхан бие биенээ гэртээ урьж цай уулгах ёслолыг жилдээ нэг хийнэ. Зун гэхээр хавсай боов нэгэнт дууссан, бууз байтугаа мах ховордох цаг тул цай, хайлмагаар дайлж, онцгой үед борцтой хоолоор зоог барьдаг байлаа, миний багад. 

   Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд эхэлсэн Цагаан сарын ёслол ийнхүү зуны дунд сар, наадмын үеэр сая дуусдаг билээ. Малчны цагаан сар нэг иймэрхүү. Миний бэлгийн ранг жилээс жилд ахиж, хавсай саахараас сонинд боодолтой стандарт багц руу шилжээд байтал сургууль орох нас болов.

   Харин сургуульд сууж, сумын төв орсноос хойш чанарын шинэ түвшинд гарсан цагаан сартай золгосон билээ. Төвийнхэн хавсайны оронд ул боов хэмээх, монгол гутлын ширмэл ултай зарим талаар төстэй, голдоо ховилтой, ховилдоо хээтэй чамин идээгээр гангарч, орж ирсэн хүүхэд бүрт харандаа, эсвэл дэвтэр бэлэглэж, нэн бийлэгжүү загнасан огт өөр хүмүүс байлаа. Дунд сургуулийн долоо, наймдугаар ангид орохын хэрд хайрцаг тамхи бэлгэнд авах болсон маань нэг ёсны эрийн цээ, хүний зэрэгт хүрсний илэрхийлэл байсан юм. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube