Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-08 нд нийтлэгдсэн байна.

У.Хүрэлсүх: Ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн бүсгүй заяаг аз жаргалтай амьдруулахын төлөө эрчүүд хичээн зүтгэх ёстой

3/ 8/ 2023    11 цаг 44 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Алдарт эхийн одонт эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,

Энэ хорвоод өнгө нэмсэн охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд ээ,

Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, мэндчилж байгааг хүлээн авна уу.

Буурал түүхийн хуудаснаа тодоор тэмдэглэгдэн үлдсэн монгол хатдын агуу үйлс, түүхэн гавьяа, суу билиг, хатан ухаан, хайр энэрэл, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргээр монголчууд бид үеийн үед бахархдаг.

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Америкийн нэрт эрдэмтэн Жак Уэтерфорд “монгол хатад эмэгтэйчүүд эртний түүхт Монгол төрийн алтан аргамжийг бататган бэхжүүлж, хүн төрөлхтний түүхийг бүтээх их үйл хэрэгт зуун зууны турш үг хэл, үзэл санаа, үйл хэргээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан” хэмээн тодорхойлсон байдаг.

Сэцэн ухаант монгол хатдын эрхэмсэг оршихуйг залгамжлан тээсэн охид, бүсгүйчүүд дэлхий ертөнцөд оюун ухаанаараа тэргүүлж, монгол эмэгтэй генерал, энхийг сахиулагч зоригт бүсгүйчүүд маань даян дэлхийд энхтайвныг тогтоох их үйлсэд хүчин зүтгэж, авьяас билиг, амжилт бүтээл, эр зоригоороо дэлхийд тэргүүлэх болсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна.

Ачтай буянтай ээжүүд та бүхний маань  халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүйн наран мандаж байдаг. Монголын үзэсгэлэнт сарангоо, биднийг төрүүлсэн ижий Та бүхэн бол энэ хорвоогийн амьд бурхад юм шүү.

“Шүүдрийн дуслыг цуглуулж, мянгантаа цай чанаж өгсөн ч, шүтээн болсон  ээжийнхээ ангир уургаа амлуулсан нэгэн шөнийн ачийг хариулж үл чадна” хэмээн бидний өвөг дээдэс сургаж ирсэн.

“Ямар хүү төрүүлснээ, ээж минь та хараарай, Ямар хүнээр мануулснаа, эх орон минь та үзээрэй” хэмээн манай ард түмэн шүлэг, дуундаа мөнхөлсөн байдаг.

Энэрэлт эхийн ачийг, энэ биеэрээ хариулж үл чадавч эрдэмт хүмүүний биеийг олсон хүн бүр эх орондоо гавьяатай, эцэг эхдээ ачлалтай, үр хүүхдэдээ элбэрэлтэй, гэр бүлдээ түшигтэй хүн байж, ачит эхийнхээ сэтгэлийг дэвтээж, итгэлийг бэхэлж зөв амьдрах учиртай.

Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо, Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон 1,000 дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.

Энэрэл хайрын бурхад болсон ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Амар амгалан, аз жаргалтай гэр бүлээс аливаа улс орны өөдлөн дэвжиж, өсөн мандахын эхлэл тавигддаг. Айл гэрийн аз жаргал бол эцэг хүний ноён нуруу,  эх хүний элбэрэл хайр дээр эвлэн тогтдог жамтай.

Иймээс эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, үр хүүхдээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай.

Энэ бол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг бөгөөд эр хүн, эцэг хүний эрхэм үүрэг гэдгийг ямагт санаж явах учиртай.

Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад минь эрчүүд биднийг энэрэл хайраараа түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ.

Тиймээс эрчүүд бид эхийн хайр, бүсгүйн сэтгэлийг эрхэмлэн дээдэлж, нандигнан хайрлаж явах учиртай.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр, хүн бүр ачлалт эх, элбэрэлт хань, энхрий охидоо баярлуулах гэж хичээдэг билээ. Энэ хорвоод ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн бүсгүй заяаг эрчүүд бид өдөр бүр баярлуулж, өдөр бүр инээлгэж, аз жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгэх ёстой гэдгийг энэ өдөр хэлэхийг хүсэж байна.

Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж цангинаж, элбэрэлт сайхан ээжүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай!

Монголын сайхан эмэгтэйчүүдийн яруу алдар бадартугай!” гэлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube