Энэ сард нээлтээ хийх цувралуудаас хамгийн их анхаарал татаж буй нь "Duty After School"
Хэдийгээр солонгос вэбтүүн Японы манга шиг алдартай биш ч сүүлийн жилүүдэд ихэнх Netflix, Amazon зэрэг янз бүрийн платформ кино болгон бүтээх нь ихэссэн. Түүний нэг жишээ нь “Sweet home”, “All of Us Are Dead”, “Hellbound” гэх мэт цувралын үргэлжлэл болох “Duty After School” юм. Энэхүү бүтээл энэ сарын 31-нд эхний ангиа цацна.
Харь гарагийнхан дэлхий рүү дайрч, дэлхийн анхны гаднын биеттэй тулалдах дайн эхэлнэ. Ийнхүү Батлан хамгаалах яамнаас сурагч, оюутнуудыг тус дайнд нөөц хүчин болгох шийдвэр гарснаар өрнөх уран зөгнөлт цуврал аж. Эх зохиолыг Ил Квон Ха хэмээх вэбтүүн зохиолч бичиж, зурсан юм. "Sweet Home" дүү гэгдээд бую энэ драм 2023 оны шилдэг тулаант-триллер цуврал болж магадгүй аж. Шин Хён Сү, Им Се Ми, Ким Ки Хэ зэрэг алдартай жүжигчид гол дүрд нь тоглосон цуврал нь маш өндөр хүлээлттэй байна.
“Japan Gold Disc Awards” шагнал гардуулах ёслолоос BTS таван шагнал хүртлээ
Өнөөдөр 37 дахь удаагийн “Japan Gold Disc Awards” шагнал гардуулах ёслол болж ялагчдаа тодрууллаа.
Энэ жил BTS хамтлаг нийт таван шагнал хүртэв. Тэд Азийн шилдэг уран бүтээлчийн шагналыг тав дахь жилдээ хүртэхээс гадна "Song of the Year by Download " (Ази)-аас, "Оны шилдэг дуу" шагналыг "Het to Come" дуугаараа авлаа. Мөн “Music Video of the Year” (Ази) “BTS 2021 MUSTER SOWOOZOO” болон “Proof” цомгоороо “Шилдэг цомог”-ийн эзэн болов.
Харин хамтлагийн гишүүн Жонгүг Чарли Путтэй хамтарсан “Left And Right” дуугаараа "Оны шилдэг дуу" шагналыг хүртлээ.
Ким Ен Сок зохиолч "The Glory" киног охиноосоо сэдэвлэн бичжээ
Энэ сарын 10-аас эхлэн "The Glory" киноны хоёрдугаар бүлэг "Netflix"-ээр цацагдаж эхэлнэ. Хоёрдугаар бүлэг гарахтай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тус киноны зохиолч Ким Ен Сок зохиолын санаагаа хэрхэн олсон тухайгаа хуваалцжээ.
Түүнийг өмнө нь болж байсан ижил төстэй явдлуудаас сэдэвлэн уг кино зохиолыг бичсэн хэмээн таамаглаж байсан. Харин тэрээр зохиолын санаагаа охиноосоо авсан тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр дурдав. Охин нь түүнээс нэг удаа "Ээж ээ, хэрэв би хэн нэгнийг үхтэл нь зодох юм уу эсвэл хэн нэгэнд үхтлээ зодуулаад ирэх хоёрын алинд нь сэтгэл тань хамгийн их шархлах вэ?" гэж асуусан аж. Энэ асуултад нь зохиолч маш их цочирдож, дараагаар нь "The Glory" киноны зохиолыг бичихээр шийдсэн гэнэ.
Зохиол бичиж байх явцдаа охиныхоо асуусан асуултын хариултыг олж чадсан бөгөөд “Хэрвээ миний хүүхэд гэртээ үхэх шахам зодуулаад ирсэн бол би асуудлыг шийдэх арга олох байсан. Гэмт этгээдүүдийг тамын ёроол хүртэл хөөх мөнгө надад байгаа. Тэгээд эцэс төгсгөлгүй зодуулж байж шийдэлд хүрнэ гэдгийг ойлгосон. Гэхдээ кинон дээрх дүрийн хувьд тийм хэрэгсэл байгаагүй. Үнэндээ дэлхий дээрх олон Мүн Дун Енд тийм хэрэгсэл байхгүй. Тэд мөнгөтэй учраас мөнгөгүй эцэг эхчүүдтэй уулзах боломжгүй. Гэр бүлийнх нь нөхцөл байдлыг харгалзан үзээд би тэдэнд туслахыг хүссэн. Бодит байдал дээр ийм зүйл болдог учраас кинон дээр охиныг өшөөгөө амжилттай аваасай гэдэг үүднээс зохиолоо бичихийг хичээсэн" гэжээ.
Сон Хэ Кё кинонд өөрийнхөө дүрд хэрхэн өссөн тухайгаа тайлбарлахдаа “Цувралын сүүлийн хагаст шилжих үед та намайг 100 хувь Мүн Дун Енд болсныг харах болно. Би байгалийн жамаар, үзэгдэлд тохируулан жүжиглэж чадсан. Хоёрдугаар хэсэг нь өө сэвгүй жүжиглэсэн үзэгдлүүдээр дүүрэн байх болно” хэмээв.
Жүжигчин Ким Сэе Роны шүүх хурал боллоо
2022 оны тавдугаар сарын 18-нд Жүжигчин Ким Сэе Рон өглөөний найман цагт согтуугаар машин барьж гудамжны мод, хогийн сав, хашлага зэргийг олон удаа мөргөн осол гаргав. Гэвч тэрээр осол гаргасан ч машинаа цааш жолоодсоор байсан юм.
Ингээд тус хэрэгтэй холбоотой жүжигчин Ким Сэе Роны хэргийн шүүх хурал өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд болов. Тэрээр согтуугаар машин барихдаа мод мөргөж, цахилгааны гэмтлийг ой орчмын иргэд, байгууллагад үүсгэсэн. Шүүхээс түүнийг хохирогчдын хохирлыг барагдуулж, уучлалт гуйсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь харгалзан 20 сая воноор торгох шийдвэр гаргажээ.
Харин дээрх хэргээс хойш анх удаа олны өмнө гарсан жүжигчин бүсгүй “Дахиж хэзээ ч ийм зүйл болохгүй. Намайг уучлаарай. Би гэмшиж байгаа. Би архи уухаа больж машинаа зарсан. Би одоо гэр бүлээ тэжээх гэж амьдралын хүнд зүйлсийг туулж яваа” хэмээн хэлсэн байна. Хэдий тэрээр санхүүгийн хүндрэлтэй байгаа гэсэн ч шүүх хурлын үеэрээ Солонгосын топ 10 хуулийн фирмийн нэгд тооцогддог фирмийн үнэтэй зургаан өмгөөлөгчийг хөлсөлсөн нь илэрчээ.
Жүжигчин Юү А Иний гэрт нэгжлэг хийжээ
Энэ сарын 7-ны өдөр хар тамхины хэрэгт сэжиглэгдэж буй жүжигчин Юү А Иний гэрт нэгжлэг хийжээ. Сөүл хотын цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсээс түүнийг шалгаж байгаа бөгөөд түүний нэр дээр бүртгэлтэй Сөүл хотын Ханнам-дун, Ёнсан-гу-д байрлах хоёр гэрийг нь нэгжсэн аж. Мөн Ганнамд байрлах эцэг, эхийнх нь гэрийг шалгасан бөгөөд нэмэлт нотлох баримт хураан авсан тухай мэдээлжээ.
Одоогийн байдлаар нотлох баримт болгон хураан авсан эд зүйлийн тухай дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Нотлох баримтыг нарийвчлан судалсны дараа цагдаа нар энэ сард багтаан Юү А Инийг сэжигтнээр татаж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар болсон гэнэ.
Мөн алдартныг өнгөрсөн хоёрдугаар сард Инчон олон улсын нисэх буудлаар нэвтэрч орж ирэх үед шалгалт явуулж үс, шээснээс нь дээж авчээ. Энэхүү шинжилгээгээр марихуан, пропофол, кетамин, кокоайн хэрэглэсэн болох нь тогтоогдсон нь олон нийтийг цочролд оруулаад байгаа билээ.
“Physical 100” шоуг бүтээгчид хүмүүсийн дунд тарсан цуурхалд тайлбар өгөв
Дэлхий даяарх Нэтфликсийн үзэгчдийг байлдан дагуулж буй “Physical: 100” реалити шоуны уран бүтээлчид сүүлийн үед хүмүүсийн дунд тараад байгаа эцсийн шалгаруулалтыг тойрсон цуурхалд тайлбар өгөв.
Энэ долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр тэд шоуны сүүлчийн тэмцээний дүрс бичлэгийг эх хувиар нь сэтгүүлчдэд үзүүлж, ялагчийг шалгаруулах шүүлт алдаатай болсон гэх цуурхлыг няцаасан байна. Тодруулбал, нэвтрүүлгийн сүүлчийн шатанд үлдсэн хоёр өрсөлдөгч аварга том дамарт ороосон хүнд олсыг задалж уралдсан. Олсыг түрүүнд задалж дууссан өрсөлдөгч уг шоуны нийт 100 оролцогчийн хамгийн шилдэг нь болж, 300 сая воны шагнал авах байв. Харин дэд байрыг эзэлсэн дугуйн спортын тамирчин Жүн Хэ Мин сүүлчийн тэмцээн шударга бус болсон тухай гомдол гаргасан юм.
Тэрбээр зохион байгуулагчид тэмцээнийг хэд хэдэн удаа зогсоож, өрсөлдөгч кросс фитнесийн тамирчин Ву Жин Ёнд түрүүлэх боломж олгосон гэж шүүмжилж байв. Харин хэвлэлийн хурлын үеэр продюсер Жан Хо Ги үүнийг няцааж, сүүлчийн тэмцээнийг яагаад хоёр удаа түр зогсоосноо тайлбарлажээ. Тэрээр “Эхний удаа дамраас хэт чанга дуу чимээ гарч байсны улмаас түр зогсоосон. Ийм чимээтэй орчинд бичлэг явуулах боломжгүй байлаа. Бид бас тамирчдын аюулгүй байдлыг давхар бодолцсон. Дамруудыг тосолж, шалгасны дараа тэмцээн үргэлжилсэн юм” гээд үргэлжлүүлэн, “Хоёр дахь удаагаа Вугийн дамар дээр олс орооцолдсон тул зогсоосон. Энэ хоёр явдлын дараа бид тэмцээнийг хойшлуулах эсэх талаар өрсөлдөгчдийн саналыг сонссон. Тэмцээнийг хэдэн өдрөөр хойшлуулах хувилбарыг хүртэл бид санал болгоон. Гэвч тэд хоёул тэмцээнээ үргэлжлүүлэх саналтай байсан” гэж продюсер тайлбарлажээ.
Продюсер болсон явдалд шоуны үзэгчдээс болон өрсөлдөгчдөөс уучлал гуйгаад шалгаруулалтын үр дүнд нөлөөлөх ямар ч зорилгогүй байснаа батлан илэрхийлсэн юм. “Шоуны багийнхан сүүлчийн тэмцээн яагаад хоёр удаа завсарласныг үзэгчдэд тайлбарлах ёстой байсныг би хүлээн зөвшөөрч байна. Ингээгүйдээ одоо харамсаж байна” гэв.
Парисын загварын долоо хоногт оролцож байгаа айдолууд
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.