Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Уорли инженеринг” компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран хэвлэлд хандлаа.
Тус холбооноос 2022 оны нэгдүгээр сараас Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хэд хэдэн тэмцэл эхлүүлсэн байна. Уурхайчдад илүү цагийн хөлс олгуулах, цалин хөлс тогтоох аргачлалд санал өгөх шаардлага ажил олгогчид өгч, хуулийг дагаж хэрэгжүүлэхийг уриалан шахаж шаардсан аж. Харамсалтай нь, хуулийг дагаж гарах журмууд нь өнөөдрийг хүртэл зөрчилтэй хэвээр байгаа юм.
Оюу толгой төслийн гэрээт гүйцэтгэгчээр ажилладаг гадаадын хөрөнгө оруулалттай “Уорли инженеринг” компанийн Үйлдвэрчний хорооны дарга Жавхлантөгс тус компанийн ажилчид ажил хаях болсон талаараа дараах мэдээллийг өгөв.
Оюу толгойн далд уурхайн олборлолт эхэлсний түүхэн тэмдэглэлт өдөр өчигдөр боллоо. Манай “Уорли инженеринг” компани 2016 оноос Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дээр ажилласан. Одоогийн байдлаар 290 ажилтантай. 215 нь уурхайн талбай дээр барилга байгууламжийн бүтээн байгуулалт менежментийн төслийн ажилд гар бие оролцож байна. Манай компани 3000 орчим гэрээт гүйцэтгэгч ажилтантай.
УИХ-аас 2021 оны долдугаар сард Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулан баталж, 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуулийн дагуу 92.4 дэх заалтаар 14:14 тэгш хуваариар ажилласан. Мэдээж уурхайчдад эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, гэр бүл гээд олон давуу тал авчирсан. Харамсалтай нь, энэ хуваариар ажиллаж эхэлснээс хойш илүү цаг, цалин хөлс дутуу олгогдох асуудал яригдаж эхэлсэн. Манай компанийн хувьд хэдийгээр илүү цаг олгогдож байгаа ч үндсэн цалингаа 35.8 хувиар дутуу тооцож олгуулж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсөө 2022 оноос авч чадахгүй байна. Бидний ажлын цаг 173 хэмээн мөрдөж ажиллуулж эхэлсэн ч сард 14 хоног буюу өдөрт 112 цаг ажиллаж байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс “хөдөлмөрийн гэрээнд заасан цаг нь 173. Та нар 112 цаг ажиллаж байна. Тиймээс тохирсон цагийнхаа хөлсийг ав” гэсэн. Үүнтэй “Уорли инженеринг”-ийн монгол ажилчид, ҮЭХ санал нийлэхгүй байна. Бид Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан хүсэлт гаргаж, мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хөдөлмөрийн ахлах байцаагч томилж шалгуулсан. Ингээд мэргэжлийн хяналтаас шалгалт хийгээд өнгөрсөн оны тавдугаар сард хоёр төрлийн албан шаардлага хүргүүлсэн байдаг. Хоёр төрлийн зөрчил байна. Хөдөлмөрийн гэрээний зохицуулалт ажлын байрны нэршлийг тусгаагүй, цалин хөлс бодож байгаа аргачлал нь хуультай нийцэхгүй, тодорхой бус байна гэдэг дүгнэлт гаргаад албан шаардлага хүргүүлсэн. Ажил олгогч албан шаардлагыг хүлээж авалгүй шүүхэд хандсан. 2022 оны 11 дүгээр сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ажил олгогчийн буруу, мэргэжлийн хяналтын байцаагчийн зөв гэсэн шийдвэр гарсан. Гэвч ажил олгогч давж заалдсан ч шүүхийн шийдвэр өөрчлөгдөөгүй.
Ингээд бид ажил олгогчтой хамтын хэлэлцээр эхлүүлсэн.
“Уорли инженеринг” ХХК-ийн ҮЭХ-ны гишүүн Оюунбаатар: Уорли инженеринг компанийн захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн зүгээс хамтын гэрээтэй ажиллаж байсан. Гэрэний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавал болж байгаа учраас гэрээг сунгах талаар 11 дүгээр сараас хэлэлцээр явуулж эхэлсэн. Энэ хугацаанд маргаантай байсан асуудал нь үндсэн цалин хөлсийг зөв бодох. Бид хоёр талаас хуульч нартай хамтран 3 удаа хуралдаад нэгдсэн шийдэлд хүрээгүй учраас хөдөлмөрийн сонирхлын зөрчлийн маргаан үүсгэсэн.
Ингээд хуульч Ургамалцэцэгийг зуучаар томилуулж, хоёр удаагийн хурал хийсэн ч ойлголцолд хүрээгүй.
“Уорли инженеринг” компанийн Үйлдвэрчний хорооны дарга Жавхлантөгс:
Хуульд заасан хэм хэмжээний дагуу нийт ажилчдын хурлыг өнөөдөр хийгээд цаашид ажил хаялт зарлах эсэхээ ярилцана. Бид хуульд заасан хөдөлмөрлөх нөхцөл, эрх ашгаа хамгаалж байгаа юм. Тиймээс төр засгийн зүгээс үүнд анхаарал хандуулж, ХНХЯ-наас гаргасан шийдвэр тогтоолоо эргэж хараад юуг сайжруулах вэ, юунд алдав гэдгээ эргэж хараасай.
Манай нийт 295 ажилтны 170 гаруй нь ажил хаялтад оролцохоо илэрхийлсэн. Гадаадын мэргэжилтнүүдтэй бид адил түвшний цалин авна гэж хэлээгүй. Гол нь, хөдөлмөрийн хуулиар тогтоосон ажлын хуваарийн дагуу л ажиллах ёстой гэдгээ илэрхийлмээр байна.
Хуулинд 14:14 гээд заачихсан байтал ажлын цагийн хуваарь хэрэглэх ямар ч боломжгүй байгаа юм. Бид өдрийн 11 цаг ажиллаж байгаа. Тиймээс 14 хоногтоо 173 байх боломжгүй юм. Бидний зүгээс фонд 131 цаг байна гэдгийг гаргаж саналаа оруулсан. Гэтэл ажил олгогч 173 гэдгээсээ буухгүй гэсэн.
Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өгсөн мэдээллээр Оюу толгойн гадаадын мэргэжилтэн монгол ажилтны цалингийн ялгааны хувьд 10 жилийн өмнө л 60 дахин илүү байсан. Хэдийгээр цалин хөлс нууц байдаг ч Монголын Засгийн газрын зүгээс үүнд анхаарал хандуулдаг эсэхийг мэдэхгүй байн гэв.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр монгол улсын хууль, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, нулимж байгаа компань байхад нөгөө шүүх цагдаа нь хаа байна. Өөрсдийгөө өндрөөр биш, үнэнээр нь үнэлүүлэх гэсэн ядарсан хэдэн залуучууд аа өмөөрч чадахгүй бол чацга царайлаад алга болооч шүүхийн тогтолцоо нь. Гадаад ажилчид нь хүний нутагт ч уугуул иргэдээс 10-20 дахин үнэлүүлээд эх орноосоо ч илүү эрх ямба эдлээд амьдарч болж байна. Монгол хүн монголын баялаг биш шаар болсон байна.