Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Голомт банкнаас зээл авсан зээлдэгчийн баримтыг ил болгож гаргаж тавилаа. Тэдний дунд Буян ХХК-мйн захирал Б.Жаргалсайхан 2014 онд 14 тэрбум төгрөгийн зээл аваад өнөөдрийг хүртэл зээл төлөлт хийгээгүй. Хүү, нэмэгдүүлсэн хүүтэйгээ нийлээд 17,8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээл олгох үед "муу" зээлийн түүхтэй байжээ.
Хурал даргалж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэзээ зээлээ төлж барагдуулах вэ гэж Б.Жаргалсайханаас асуухад "Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гээч надад ажил хийх боломж өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд аваад явчихаж байна. Малчдаас ченж ноолуурыг нь үнэтэй аваад татвар төлөхгүй хятадуудад өгч байна. Харин бид үйлдвэрлэл эрхлэхийн тулд татвараа төлж байна. Ялгаа нь энэ. Үүнээс болоод энэ ажил явахгүй байна. Сүүлийн үеийн технологи нутагшуулж хөгжүүлээд уйгагүй ажиллавал зөвхөн ноолуурын салбараар Монгол Улс 2-3 миллиард ам.доллар олж болох боломжтой.
Банкны зээл, татварын өр зээл гээд бараг 100 хувийн алдагдалтай ажиллаж байна. Би ганц алдаа хийсэн. Тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрийг Засгийн газартай хийх байсан юм. Хэрэв зах зээлийг нь тогтвортой байлгаж өгөхгүй бол Буян ХХК-ийн өмнөөс өрийг нь төлөх заалттай гэрээ байх ёстой байсан. Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Өнөөдөр нэг л банкны асуудал яриад байна. Угтаа бол бүгд хэцүү байгаа шүү" гэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.