Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл хуралдаж зорилтот халамжийн чиглэлд буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийн халамжийг 325 мянган төгрөг болгон өсгөх аж. Эхчүүдэд очдог сувилгаа асаргааны 83 мянган төгрөгийн тэтгэмж 255 мянган төгрөг болох юм байна.
Мөн өнөөдөр /2023.05.30/ МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл дээрх зорилтот халамжийн чиглэлд 90 тэрбум төгрөгийн тодотгол хийгдэх гэнэ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “МАН-ын бүлэг хэд хэдэн зарчмын асуудлыг дэмжихээ илэрхийлсэн. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгийг нэгдүгээр сараас хойш хасагдсан бүх хүүхдэд нөхөж олгохоор тогтсон. Хоёрдугаарт, цалин тэтгэврийг зөрүүг цэгцэлнэ. Үүнд 1.3 их наяд төгрөгийг эх үүсвэр шаардагдана. Одоогоор үүсээд буй эдийн засгийн нааштай нөхцөл бололцоонд тулгуурлан эдгээр асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм.
Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, тус зөвлөлийн даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг томилсон. Харин дэд даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ажиллаж буй.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.