Бүх шатны Засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр болж байна. Дүүрэг, хороо, аймаг, сум, багийн Засаг дарга гээд нийт 3000 орчим хүн оролцож байгаа тус зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлсэн. Зөвлөгөөний үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн юм.
"Төрд 276 мянган албан хаагч ажиллах дээд хязгаар бий. Харин өнөөдрийн байдлаар 225 мянга буюу батлагдсан орон тооноосоо 50 орчим мянгаар цөөн төрийн албан хаагч ажиллаж байгаа. Засгийн газрын зүгээс 225 мянгыг багасгах хэрэгтэй гэж үзэж байгаа. Монгол Улсын нийт ажиллах хүчний 15 хувьд ногдох төрийн албан хаагч байх ёстой гэх олон улсын жишигт нийцүүлж ажиллана. Энэ дүнгээрээ 190 мянга орчим төрийн албан хаагчтай болох хэрэгцээ байна. Тиймээс төрийн албанд ажиллах хүний тоог жил бүр 1 орчим хувиар бууруулна. Ингэхдээ цомхотгох биш суларсан орон тоог царцаах маягаар цөөлнө.
Энэ хүрээнд төрийн албан хаагчдын дунд атестатчилал хийгдэнэ. Ингэхдээ мэдлэг, харилцаа хандлага, ур чадвар, ёс зүйг чухалчилж, сонгон шалгаруулалт хийх замаар орон тоог бууруулахаар төлөвлөсөн" гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Мөн Удирдлагын академийг урт хугацааны мэргэжлийн зэргийг боловсрол олгодгийг болиод богино хугацаанд төрийн албан хаагчдын мэдлэг дээшлүүлдэг, хандлага ур чадвар ёс зүйг сайжруулдаг байгууллага болгосон гэдгийг онцлов.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.