Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-16 нд нийтлэгдсэн байна.

Ж.Чинбүрэн: Ирээдүйд миний хүү аавыгаа тэврээд мөнгө гуйгаад гадаадад эмчилгээнд аваад яваасай гэж би хүсэхгүй

6/ 16/ 2023    8 цаг 00 минут

Ард иргэд минь Монголдоо дуртай хаалгаа тогшиж ороод эмчлүүлдэг байгаасай гэдэгт би шунаж байна

 “Бидний нэг” булангийн энэ удаагийн зочноор Монгол улсын хүний гавьяат эмч, доктор, профессор, зөвлөх зэргийн эмч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уригдлаа.

 -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн эмч болох хүртлээ ямар замыг туулсан тань сонин байна. Яриагаа энэ түүхээс эхлэх үү?

-Би Хавдар судлалын төвд мэс заслын эмчээр 25 жил ажиллаж байна. Асрагч буюу шал угаах ажлаас эмчийн ажил минь эхэлж байлаа. Ээжийг минь өсгөсөн “ажаа” маань эмэгтэйчүүдийн хорт хавдраар өвдөөд амьдралынхаа төгсгөлийн мөчид заавал эмч болоорой гэж надад захиснаар би энэ мэргэжлийг сонгож байсан.

Би ээжийнхээ сургаал үгийг зарчмаа болгон баримталж явдаг. Хамгийн ядарсан хүнд нь л туслаарай гэдэг зарчмыг би залуучууддаа зааж сургасан гэж дотроо итгэдэг. Түүнээс энэ салбар агшин зуур баян чинээлэг, эд хөрөнгөтэй болчихдог салбар биш.

Элэгний хорт хавдрыг 2007 оноос бие даан хариуцаад ажилласнаас хойш мянгаас их элэг тайрсан байдаг. Хорт хавдрын хагалгаа өөрөө их удаан цаг үргэлжилдэг. Өдөртөө хоёр хагалгаа хийхэд л 7-10 цаг үргэлжлэх хагалгаанд орж байна гэсэн үг.

2016 оноос шавь нартай болоод ачаалал багатай болсон. Бүтэн 10 жил нуруун дээрээ үүрч явсан. Өдөр болгон л 1-2 хагалгаатай. Тэгээд жижүүрт хоночхоод маргааш нь үргэлжлүүлээд л хагалгаа хийдэг байсан. Залуу насны хүчээр нэлээн ажилласан байдаг. Түүний муу нөлөө, гарз хохирол нь юу юм гэхлээр миний 3 охин эмч гэдэг мэргэжилд дургүй. Нэг мэдэхэд аав нь шөнө босоод яваад өгчихсөн байдаг. Охидуудаа би хөдөө ч авч явж үзээгүй байсан. Гэр бүлдээ их л бага цаг зарцуулж байж дээ л гэж харамсдаг юм. Одоо бол долоо хоног болгон нэг удаа Хавдар судлалын төв дээрээ үзлэг хийдэг. Дээрээс нь Хоёрдугаар эмнэлэг дээр зөвлөх хийж байна.

 -Хавдар судлалын төвд 25 жил ажиллаж байна. Энэ салбарын хөгжил дэвшлийг хамгийн сайн мэдэж байгаа байх.

-Та нар итгэх үү, үгүй юу. Бид хүний гэдэс оёдог утсыг Нарантуул захаас аваад савандаж угаагаад 72 цаг спиртэд хонуулаад хүний гэдэс оёдог байсан. Одоогийн хэрэглэж байгаа материалуудаа харьцуулаад харахаар яаж тэр үед хагалгаа хийсэн, оёсон хүмүүс нь эдгэрдэг байсан юм гэж бодохоор шүү дээ. Ний нуугүй хэлэхэд манай эрүүл мэндийн салбарын хөгжил үнэхээр доройтчихсон байсан. Яагаад гэхлээр 1990 оны ардчилсан хувьсгал гараад хуучин Зөвлөлт холбоот улсын дэмжлэг туслалцаа сургалтууд бүгд зогсчихсон. Хагалгаанд нэг удаа хэрэглэдэг материалуудын хангамж бүгд байхгүй болчихсон байсан. Тэр үед Хавдар судлалын төв рүү цацраг туяа төв дээр очоод эргэж ирэхгүй дээ гэдэг хандлага хүртэл тогтчихсон тийм аймшигтай байсан үе шүү дээ.

 Эмч хүний хувьд тэр үед юу бодогддог байсан гэхээр “Үгүй ээ, яагаад аварч болдоггүй юм, яагаад нэг өвчнийг бид дийлж чаддаггүй юм” гэдэг харамсах, харуусах, хор шар хөдлөх үе байсан.

-Та гадны улсад мэргэжил дээшлүүлээд ирсэн. Монголын эрүүл мэндийн салбарыг тухайн улсынхтай харьцуулашгүй байсан байх?

-Мэс засалчийн карьер урагшлахад чухал нөлөө үзүүлсэн зүйл бол Швейцарын мэс заслын багийн ахлагч Аберхард гээд багш маань 2001 онд Швейцарт мэс заслаар сургах сургалтын тэтгэлэгт шалгаруулалт явуулж намайг орооч гэж урьсан. Тэгэхэд би англи хэлтэй, компьютер дээр юм хийдэг болчихсон, статистик мэдээлэл уншдаг хардаг болчихсон байсан. Боломжоороо шалгалт өгч тэнцэж, Швейцарын Lausanne их сургуульд мэс заслын сургалтад анх хамрагдсан.

Мэс заслын хөгжлийг Баруун Европын хөгжлийн өнцгөөс очиж харахад тэс өөр хөгжлийг олж харж байсан. Бид хөгжлөөс ийм их хоцорсон байгаа юм байна гэдгийг мэдэрч мэс заслын хөгжлийг яаж хийх ёстой вэ гэдэг бодол санаа, ухаан тэнд анх төрж байсан.

-Одоо бол та эрүүл мэндийн салбарын шинэчлэлд шийдвэрлэх түвшинд гар бие оролцоод явж байна. Бидэнд юу хэрэгтэй байна вэ?

-Эмчийн ширээнээс улс төрийн том сунгаанд оролцоно гэдэг бас тийм амаргүй. Миний 25 жил ард иргэдээ эрүүл болгох, өвчинтэй тэмцэх тэмцэл ганцхан эмчийн тэмцэл биш байдаг юм байна. Багаараа тэмцээд дийлэхгүй юм байна. Бид өвчнийг ялж болно. Гэхдээ бид учир шалтгааныг нь устгахгүй бол тэр өвчин өөрөө устахгүй учраас нийгэмд нөлөөлөх ажил хийхгүй л бол болохгүй гэдэг утга санаа угаасаа байсан.

Их хурлын гишүүн гэдэг маань 76 дарга биш, 76 төлөөлөгч байхгүй юу. Тэгтэл өнөөдөр 76 гишүүн дотор гэр хороололд амьдарч байгаа хүн байна уу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байна уу. Ингээд харахаар энэ төлөөллийн засаглал бид бүрэн хийж чадахгүй байна. Сонгуулийн тогтолцоо нь илүү эрх мэдэлтэй, том компанитай, давуу эрхтэй хүмүүст гарах боломжийг олгодог юм байна. Зарим улс төр мэддэг улсууд Чинбүрэн үзэгдэл болж орж ирсэн гэж ярьдаг. Үзэгдэл болж орж ирэхдээ би эрүүл мэндийн салбарын төлөөлөл болж орж ирсэн.

Өнөөдөр гадагшаа хамаг сувилагч, эмч нар гараад дуусах гэж байна шүү дээ. 2020 онд 100 эмчид 120 сувилагч ноогддог байлаа шүү дээ. Тэгсэн өнөөдөр 100 эмчид ерэн сувилагч ноогдож байна. Гучин сувилагч гадагшаа явчихсан байна гэсэн үг. Эрүүл мэндийн салбар бол 3.4 сая хүнд хамааралтай салбар. Тэгвэл энэ салбарт  дутагдаж байгаа зүйл нь боловсон хүчин. Энэ дээр дуу хоолой дутаж байна.

-Тэгвэл эрүүл мэндийн салбарт ямар ахиц дэвшил гарсан бэ?

-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн гол асуудал нь ЭМД-ын санхүүжилтийн тогтолцоо байсан. Товчхон ойлгомжтой хэлэхийг би хичээе. Нэг ёсондоо хуучин коммунист системийн тогтолцоогоороо л бид явж байсан. Тэгээд ор санхүүжүүлдэг. Ор санхүүжүүлэх гэдэг нь олон ортой л байвал тэр эмнэлэг ажиллаж байна. Орон дээр хэдэн хүн хэвтэх нь вэ, яаж эмчлэгдээд гарч байна вэ ерөөсөө хамаа байхгүй. Энэ тогтолцоог өөрчлөөд үр дүнд суурилсан санхүүжилт буюу хүн эмчилснийх нь төлөө эмнэлэг болгон санхүүжилт өгдөг болгож өөрчилж байгаа юм. Хуучин тогтолцоонд байсан нэг аюултай зүйл бол хүнд өвчтөнөөсөө зугтаадаг байсан. Яагаад гэвэл асар их зардал гаргадаг байхгүй юу. Тэгээд л төсөв нь талийж өгдөг. Тэгэхлээр эмнэлгийн удирдлагууд аль болохоор хүнд хүн авахгүй байх. Тэгээд бие бие рүүгээ хүнд хүмүүсээ шиддэг байлаа. Одоо эсрэгээрээ аль болох хүнд хүн эмчилбэл санхүүжилт сайн авна.

Цалингийн тогтолцоог өөр болгосон. Олон хүн эмчилдэг, эмнэлэгтээ илүү хувь нэмэр оруулдаг хүмүүс нь илүү цалин авах боломжийг бүрдүүлж өгсөн. 2020 оны сонгуулиар ялсан парламент ээлжит бус чуулганаар баталсан том хууль. Энэ хэсгийг би ахлаад ажилласан хүний хувьд бид ийм тогтолцоог л хүлээж байсан. Тэгээд энийгээ шууд ханцуй шамлаад орсондоо бас их баяртай байдаг.

 Мөн иргэд өвчнөөс болж гэр орон байшин саваа зарахгүйгээр эрхтнээ шилжүүлэн суулгах боломжтой болголоо. Асар их зардал гардаг. Тэгвэл өнөөдөр хамтын төлбөргүй болохоор иргэнээс гарах зардлыг тэг болгоод, ард иргэдээ өвчнөөс болж ядуурахгүй байх энэ тогтолцоог хийхэд бас нэлээдгүй том дэвшил гарлаа гэж харж байна. Энэ болгон бол миний өдөртөө хийж байгаа хоёрхон хагалгааны хажууд асар том зүйл.

-Элэгний хавдрын эсрэг Элэг бүтэн Монгол хөтөлбөрөөс эхлээд нэлээд өргөн цар хүрээнд тэмцэж, шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байгаа нь харагддаг.

-Элэг бүтэн Монгол хөтөлбөр бол эрүүл мэндийн салбарт орсон маш том хөрөнгө оруулалт гэж боддог. Нийтдээ 1 сая 200 мянга гаруй иргэнд В С вирус байна уу гэдгийг үзсэн. Хүн амынхаа талаас их хувийг үзэж чадсан том хөтөлбөр. Бас нэг том амжуулсан зүйл бол С вирусийн эмчилгээний ололтыг Монголдоо 99 хувийн хөнгөлөлттэй байдлаар авчирч чадсан. Дөнгөж гарч байхдаа Америкийн зах зээл дээр 90 мянган долларын үнэтэй байсан С вирусийн курс эмчилгээ өнөөдөр 60 мянган долларын үнэтэй байна шүү дээ. Тэгэхэд бид ард иргэддээ санхүүгийн дарамтгүй даатгалаас даагаад 100 мянга гаруй иргэд эмчлүүлж С вирусгүй болчихсон. Ирээдүйд тэр 100 мянган хүн элэгний хатуурал, элэгний хавдартай болох байсан улсуудыг татаж авчирч аварсан л гэсэн үг.

Ер нь хүн өөрийнхөө туулсан замыг бусдадаа туулаасай гэж хүсдэггүй. Тэр хэцүү замыг миний хойч үе, залуучууд маань бага амсаж даваасай л гэж хүсдэг. Тэр утгаараа өнөөдөр энэ эрүүл мэндийн салбарын шинэчлэл хийгдээд явж байна. Бид энэ шинэчлэлийг зохиосон юм биш. Илүү хөгжөөд энэ шинэчлэлийг хийж чадсан хүмүүсийн араас замнаад явж байгаа юм.

-Хойшдоо юу хийвэл энэ салбарт хөгжил, шинэчлэл авчирч чадах бол?

-2020 оны төсөвт ЭМД-ын төсөв ердөө 840 орчим тэрбум төгрөг байлаа. Өнөөдөр 1 их наяд 460 тэрбум төгрөг. Бараг 2 дахин нэмэгдсэн. Тэгсэн хэрнээ хангалттай бас биш. Хоёр их наяд орчим болгочихсон байхад эрүүл мэндийн салбар иргэдээсээ ар гэрт нь эм тариа захихгүйгээр эмнэлгүүдийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээг хангалттай үнээр худалдаж аваад хийгээд байх боломж бүрдэх ёстой. Энэ хийж байгаа зүйлээ дуусгах их хүсэл шунал байна.

 Би ялгаагүй өвдөнө шүү дээ. Надад 6 настай жаахан хүүхэд байна. Энэ маань 20 настай залуу болно. Тэгээд аавыгаа тэврээд “Миний аав мундаг эмч байсан юм аа” гээд хүмүүсээс мөнгө гуйгаад гадаадад намайг чирээд яваасай гэж би хүсэхгүй байна. Харин эсрэгээр Монголдоо дуртай хаалгаа тогшиж ороод эмчлүүлдэг ийм сайхан эрүүл мэндийн салбартай байгаасай гэдэгт би шунаж байна.

 

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.84.162Зочин   • 2023, 6 сарын 18. 8 цаг 20 минут

Jinhen emleg emeer business hiij tsavchaa hiij sursan gardaa

66.181.161.83Bat   • 2023, 6 сарын 17. 17 цаг 41 минут

BID BIE BIENEE DEMJIJ BAIJ L HUGJIHE SHUU DEE

64.119.19.175Зочин   • 2023, 6 сарын 17. 11 цаг 23 минут

Чинбүрэн муу эмч. Түүний эмчилсэн 10 хүний 9 нь үхдэг. Ийм эмчийг ямар эмч гэх билээ. Үхэж байгаа өвчтнөөсөө мөнгийг нь хэрохэн салгах вэ гэж боддог хүн. Тийм ч учраасшуналаа дийлэхгүй УИХ гишүүн бол тэрбумаар нь хулгнайлах санаатай яваа.



ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube