Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-29 нд нийтлэгдсэн байна.

Б.Цэндсүрэн: Миний аварсан хүн эх орондоо их үйлс бүтээж, гавьяат нисгэгч болсон гэхээр өөрөөрөө бахархдаг юм

6/ 29/ 2023    8 цаг 33 минут

Нисэхийн салбарт Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хоёр хүний нэг нь Монгол Улсад Р.Батнасан гуай. Тэрээр Ту-154-оор ниссэн анхны монгол нисгэгч бөгөөд Оросоос өөр орон үгүй мэт хаалттай системийн он жилүүдэд олон улсад зорчих агаарын замыг нээсэн гэгддэг. Тэгвэл энэ эрхмийн амийг 52 жилийн өмнө аварсан Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан Б.Цэндсүрэн гуайг урьж ярилцлаа. Түүнийг 1967-1973 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгойн сангийн аж ахуйн холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байхад тус үйл явдал болсон аж.

-Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан гуай олон хүний амийг аварсан холбооны ажилтны тухай Үндэсний шуудан сонинд дурссан байдаг. Тэр чухал хүн нь та. Энэ тухай яриагаа эхлэх үү?

-Энэ бол 1971 оны зуны сүүлчээр болсон явдал. Би холбооны салбарын эрхлэгч, техникч гэсэн ажилтай байлаа. Тэр үед холбоо, шуудан, телефон, радио гээд олон үйлчилгээг иргэдэд хүргэдэг ажилтай. Булган аймгийн төвөөс Сэлэнгэ сумын Ингэт толгойн Сангийн аж ахуйн хооронд Царцаа ногоон \АН-2\ гэгддэг шуудан, хүн тээврийн онгоц явдаг байлаа. Манай холбооны салбарын шуудан хүргэгч Аюуш гуай онгоцонд шуудан өгч, авдаг ч тэр өдөр би авах болсон юм. Учир нь Аюуш гуай дээд хороонд очиж урилга хүргэнгээ морио солиод ирье гээд гарсан. Би ч онгоц ирэх сургаар холбоогоо түгжээд шуудангаа авахаар явлаа.

Шуудангаа аваад зогсож байтал онгоц хөөрч байгаа харагдав. Хэн суусан, ямар хүмүүс явсан талаар огт мэдээгүй. Гэхдээ яагаад ч юм хараад зогсож байтал онгоц газраас хөөрөхдөө далбилзаж, нэг дугуйных нь хэм өөрчлөгдөөд унжчих шиг болов. Хэсэг харж эргэцүүлж зогссоноо “Ер нь нисгэгч нар энэ гэмтлээ мэдэлгүй явчихлаа, дугуй нь хэвдээ байх ёстой доо” хэмээн бодоод шуудангаа хам хум үүрээд л холбоо руу гүйсэн юм даг.

Онгоцны нислэгийн хугацаа хорин хэдхэн минут. Тухайн үеийн холбооны техник хэрэгсэл дандаа хүний гараар дамжиж байж, бие биетэйгээ холбогддог.

Холбооны салбар гэж жижигхэн цагаан байшин монгол цоожтой. Хааяа гацна, өвлийн улиралд бол гар хөлдөөчих гээд онгойхгүй. Гүйж байхдаа цоож онгойхгүй бол яана, онгойсон ч Булган аймгийн холбооны хүн дуугарахгүй бол яах билээ гэж бодогдов. Учир нь хонон өнжин шахам дуугарч, холбоо барихгүй үе зөндөө гардаг юм. Ярианы аппаратаа аваад холбооны хүнийг дуудан баахан эргэлдэв. Ахин дахин “маниулдаж” бараг 10 гаруй минутын турш тэвдсэний эцэст ашгүй холбооны ажилтан “Тойноо байна” гэлээ. Би ч амьсгаадчихсан “За чи миний үгийг сайн сонсоорой. Онгоц гэмтэл авчихсан. Танайд бууна. Нисэхийн холбоо руу бушуу яриул” гэв. Тэрээр миний үгийг сонсоод цааш яриуллаа. Бид чинь бие биеийнхээ дууг андахгүй. Онгоцны буудлаас Лхагважавын дуу гарахаар нь “Онгоц өрөөсөн хаагаа унжуулчихсан байна” гэж л хэлж амжсан. Дугуй нь унжсан, ийм тийм гэж нарийн зүйл хэлж завдсангүй. Лхагважав ч утсаа тавьж “Таминь ээ...” гэх дуу нь надад сонсогдсон.

Ингээд онгоцтой холбогдоход үнэхээр гэмтэл гарсан байж таараад бууж чадахгүй болсон байв. Сүүлд сонсох нь ээ шатахуун түлшээ асгаж, хөнгөрч байж, онгоцоо нам доош буулгасан юм шиг байгаа юм. Онгоц ч хазайж, аваар осолгүй газардсан гэдэг. Нөгөөдөр нь онгоцны дарга Сэнгээ гуай надтай утсаар ярингаа миний нэрийг асууж, “Чи яаж хэлэв ээ. Сандарч буулт хийсэн. Үнэхээр тус боллоо шүү” гэж билээ. Сэнгээ гуайг утсаар ярих үед шугамын сонсгол муудчихаад олон юм ярьж чадаагүй. Би ч юм хэлж зүрхэлсэнгүй. Сэнгээ нисгэгчийг тэр үед онгоцыг морь, мал шиг эдэлдэг чадвартай, зан ааш сайтай хүн гэж олон ярьдаг сан. Харин уг онгоцны хоёрдугаар нисгэгч нь Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан байжээ.

-Шуудан хүргэгч Аюуш гэх хүний оронд тэр өдөр та шуудан авахаар явсан нь хувь зохиол гэлтэй?

-Үнэхээр хувь зохиол гэхээр. Аюуш гуай маань онгоцонд явах, шууданг хүргэж, ирсэн илгээмжийг сумын клуб дөхүүлнэ. Тэр өдөр би дээд холбоон дээр сууж, хийх ажилтай байсан юм. Гэтэл Аюуш гуайд ажил гарч оронд нь явсан. Түүний хэлсэн ёсоор шууданг тавьсан газар нь хүрч очоод хэсэг зогсохдоо онгоц нисэхийг харсан хэрэг. Онгоцыг газраас гүйж тасрахыг нь саваагүйтэж харсан юм уу, сонирхож харсан юм уу бүү мэд. Тэр үед дөнгөж 20 гаруй настай байсан тул сайн ажигласан байх. Тухайн үед нисэж яваад дугуйндаа гэмтэл авсан онгоцыг, буулгасан талаар кино, ном зохиолд юу гардаг билээ хэмээх бодол толгойд зурвасхан орж ирсэн удаатай.

-Тухайн онгоцонд хэчнээн хүн байсан юм бэ? Хэрвээ амжиж хэл хүргээгүй бол үнэхээр олон хүний амь нас эрсдэж, таны хувьд насаараа харуусал тээх байж?

-Хэрвээ тухайн үед би хэлээгүй бол шууд осолдох аюултай байсан юм билээ. Дотор нь 14 хүн явсан гэж сүүлд нь Р.Батнасан хэлсэн юм. Тухайн хүмүүст юу болох байсныг үнэхээр хэлж мэдэхгүй юм. Намайг онгоц дугуйгаа буулгаад нисэхийг харчхаад хэлсэнгүй гэж хүмүүс зэмлэх тухай байтугай эх орон, үүрэг хариуцлага гэх зүйлс бодогдоогүй.

Хүмүүст сэрэмжлүүлж, осол эндэгдлийг нь урьдчилаад хэлчихвэл онгоцыг буулгах арга ухаан байдаг л биз гэж санасан хэрэг. Энэ онгоц яаж нисэж, буух нь хөндлөнгийн надад падгүй гэж би сэтгэлгүй хандсан бол хойшид үеийн үед харуусал төрүүлсэн ослыг санах нь ойлгомжтой.

Тэр мөчид олон хүний амь нас, өмч хөрөнгө, сүйрлээс зайлуулагдсаны дотор төр түмэн олныхоо өмнө хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн нисгэгч хүний амийг аварсан 51 жилийн өмнөх нэг өдрийн 20-иод минутын агшныг дурсан суугаадаа өвгөн би баярладаг юм. Тэр мөчид онгоц буухдаа осолд өртөнө шүү дээ гэж бодож, бөөн аюул боллоо, бушуулаарай, түргэлээрэй гэж хэлж иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлж, чаджээ.

-Та бидэнд хэрхэн холбооны салбарын эрхлэгч болсон тухайгаа ярихгүй юу?

-Би Булган аймгийн Сайхан сумын уугуул. 1963 онд сумынхаа долдугаар ангийг төгсөж, сургууль хуваарилахад Төмөр замын техникумд Иргэний холбооны ангид суралцахаар болсон юм. Дөрвөн жил суралцаад Телефон телеграфын техникч мэргэжил эзэмшиж аймагтаа очсон. Тэнд Ингэт толгойн сангийн аж ахуйн холбооны эрхлэгчээр томилогдож арав гаруй жил ажилласан. Тэр үед бидний өмнө ямар зорилт байна түүнийг л хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг сэтгэхүйтэй байлаа. Холбоонд арав гаруй жил зүтгэснийг минь үнэлж Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан хэмээн шагнасан юм.

-1971 оны үйл явдлын дараагаас нисгэгч Р.Батнасан гуайтай холбоотой байв уу?

-2009 онд Могод сумаас Булган аймаг орж ирэхдээ онгоцны буудалд эрхлэгч хийдэг нутгийн хүн Дашдаваатайгаа таарлаа. Бид хоёр мэнд усаа мэдэлцэж байтал “Биднийг түргэн авхуулсан Батнасан чинь гавьяат нисэгч болсон шүү дээ. Чи түүнтэй холбоо барьж, уулзаач” гэж хэлдэг юм байна. Түргэн авахуулсан гэдэг нь 1971 оны үйл явдал хүмүүсийн сэтгэлд үлдсэний жишээ. Тэгээд 37 жилийн өмнөх үйл явдлыг дурсан бичиж Р.Батнасантай уулзах болов. Ийнхүү хот орох далимаараа Иргэний нисэхийн ерөнхий газраар орж, нөгөө хүнээ сураглаж уулзав. Бараг 40 шахам жилийн дараа учирсан нь энэ. Тэрээр үйлдвэрчний холбооны дарга хийгээд байж байлаа. Намайг сайхан хүлээн авч, бид утсаа солилцов. Ингээд Р.Батнасан минь баярын үеэр мэндчилгээ хүргэж, үргэлж холбоотой байдаг болсон юм.

-Тухайн үед та Сэнгээ нисгэгчийн талархлыг ч бүрэн сонсоогүй бололтой. Одоо цахим хэрэглээ хөгжсөн үед хүний амь нас аварсан иргэн бараг л тэр өдөртөө олны талархлыг хүлээдэг шүү дээ. Гэтэл таны түүх 50 жилийн дараа ийнхүү ил боллоо.

-Дашдаваатай уулзаагүй бол энэ түүхийг би санаж, үр хүүхдүүддээ ч сөхөж хэлэхгүй байх. Аварсан хүмүүсийнхээ нэрийг ч мэдээгүй юм. Хэрвээ Р.Батнасан жирийн иргэн байгаад миний түүхийг танай сонинд дурдаж яриагүй бол би бас ярихгүй болов уу. Тухайн үед манайхан хүнд тусалсан ч нээх тоодоггүй, ажлаа л хийдэг байж. Гавьяа байгуулсан гээд хүнд яриад, шагнал урамшуулал хөөцөлдөөд байсангүй. Ер нь амийг нь аварсан хүн маань эх орондоо хэрэгтэй нэгэн болбол хэн ч өөрөөрөө бахархана биз дээ. Миний аварсан хүн гавьяат нисгэгч болсон гэхээр өөрөө баатар болсон юм шиг сэтгэл төрж байв. Одоо үед осол аваар ихдэж хүний алтан амь олноор эндэгдэх болсон нь хүний төлөөх сэтгэл, сэрэмж хайнга байгаагийнх юм уу. Тэр зун минут бүртэй уралдаж байхад цоож ч гацалгүй, холбооны хүн ч хурдан хариу өгч хугацаа алдаагүй нь онгоцонд зорчиж явсан хүмүүсийн амьд үлдэх хувь заяа гэлтэй. Монгол цоожны өргөс гацчихаараа яадаг билээ, айсан гэж жигтэйхэн.

-Тэгвэл тухайн үеийн хүмүүсийн хүний мөн чанар, сайхан сэтгэлийг одоо үеийнхтэй харьцуулбал хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?

-Миний харснаар одоо үед бие биедээ туслах, хэн нэгэндээ хайртай байх талаар их ярих болж. Гэвч үнэн хэрэгтээ байхгүй ээ. Дээр үед замд нэг машин эвдэрчихсэн зогсож байвал таарсан эхний хүн саатсан машиныг хөдөлгөж байж хамт явдаг. Чамд юу дутагдаж байна, хоол унд хэрэгтэй юу гэх мэтээр тусалдаг л байсан. Одоо бол хажуугаар нь тээврийн хэрэгслүүд яваад л өнгөрнө. Хүний хүнлэг сэтгэл өөрчлөгдөх болсон нь цаг үеийн нөхцөл байдалтай ч холбоотой юм уу. Хэлж мэдэхгүй юм. Монголчууд цөөхөн байсан учраас бие биедээ хайртай байж дээ. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг сэн.

 

Ийнхүү “Капитан” гэгдэх Гавьяат нисгэгчийн амийг аварсан иргэнтэй ярилцлаа. Түүнийг Р.Батнасан гуай “Залуудаа орон нутагт АН-2-т явж байхдаа дугуйгүй онгоц амжилттай газардуулж, олон хүний амь аварсан. Онгоц хөөрөхөд дугуй нь салаад уначихсан юм билээ. Түүнийг харсан холбооны ажилтан холбоогоор мэдээ өгсний ачаар дугуйгүй онгоцоо аюул осолгүй буулгасан” хэмээн дурссан буй.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube