Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-20 нд нийтлэгдсэн байна.

Э.Хонгорзул: Жүжигчин мэргэжил бол миний дотор байгаа гал

10/ 20/ 2023    10 цаг 50 минут

“Бидний нэг”-ийн энэ удаагийн дугаарт “Хүлцэхгүй” олон ангит кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Э.Хонгорзул оролцлоо.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Э.Хонгорзул гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Багаасаа л урлагийн хүн эсвэл  ардын дуучин болох хүсэлтэй байсан.

- Яагаад жүжигчин мэргэжлийг  сонгох болов?  

-Хүүхэд нас минь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өнгөрсөн. Багаас урлагийн үзлэг, “Яргуй”, “Хүрэлтулга”, “Уран жиргээ” гээд бүх тэмцээнд ээж минь хөтлөөд явдаг байсан. Ээж минь тэмцээний өмнөх орой надад маш гоё даашинз эсвэл дээл хийж өгдөг. Намайг тайзан дээр гарахад ээж минь тайзны ард намайг дэмжээд байж байдаг. Шагнал авахад хүртэл ээж минь гарыг минь чанга атгаад л хажууд минь байдаг. Ээж, аав минь жаахан байхаас одоог хүртэл маш сайн дэмжигч. Намайг урлагт хөтөлсөн хүн ээж минь юм шүү дээ.

Жүжигчин мэргэжил бол миний дотор байгаа гал. Хүн юу ч хийгээд мөнгө олоод амьдарч болно. Гэхдээ хүнийг дуртай зүйл нь өнгөлдөг, тэр зүйлийг хийхээрээ амьдарч байгаагаа мэдэрдэг. Би өөрийнхөө мэргэжлээр ажиллахаар утга учиртай амьдраад байгаа юм шиг мэдрэмж ирдэг. Миний мэргэжил бол зүгээр сууж байгаа хүнийг хараад л сэтгэл зүйн байдлыг мэдрэх ч юм уу тиймэрхүү мэдрэмжүүд суусан байдаг. 

- Өөрийг чинь хүмүүс шүлгийг маш сайхан уншиж, хүргэдэг гэдгээр нь сайн мэддэг .

-Соёл урлагийн их сургуульд ороод нэгдүгээр курст байхдаа дөрөвдүгээр курсын ах эгч нартайгаа тайзны ярианы тэмцээнд оролцоод байр эзэлсэн юм. Тэгээд л өөрийгөө “Би бол тайзны яриандаа мундаг юм байна” гээд бодчихсон. "Би мундаг л байх ёстой" гэх шалгуур өөртөө тавьчихаар сайн байхаас өөр аргагүй болчихдог юм билээ. Тайзны ярианы хичээлдээ ч өөрөө дуртай. Багш маань бэлдэж, маш олон тэмцээн уралдаанд оролцуулж байсан. Олон улсын тэмцээн уралдаанд орсон. Тайзны яриа гэдэг хичээл жүжигчин болох гэж бэлтгэгдэж байгаа хүний хувьд маш чухал. Тийм учраас жүжигчин хүнд байх ёстой чухал ур чадварын нэг л гэж боддог.

Хүмүүс намайг шүлэг, зохиол уншаад байхаар маш ухаалаг, зөөлөн хүн гэж боддог бололтой. Надаас сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүссэн чатууд зөндөө ирдэг. Дотоод хүн маань бол сахилгагүй, эрх хэвээрээ. Зохиол унших дуртай. Ном унших дуртай. Уран зохиолд хайртай тийм л хүн.

-Сошиал хаягаараа шүлэг уншаад нэлээн удаж байгаа. Олон дагагчтай болсон байх?

-Таван жил болж байна. Саяхан нэг шүлэг уншаад оруулсан чинь хүмүүс маш их уйлсан гэж байсан. Ер нь, хамгийн хэцүү зүйл бол санах юм шиг байгаа юм. Санаж байгаа мэдрэмж бол үнэхээр хэцүү шүү дээ. Шууд явж очоод би чамайг санаад байна гээд хэлж болохгүй. Тэгсэн хэрнээ харилцаа үүсчихдэг. Магадгүй орчлон дээр байхгүй болчихвол бүр хэцүү. Гүйж очоод, уурлаад загнамаар байсан ч байхгүй болохоор үнэхээр хэцүү тиймээ.

Санах гэдэг ийм хэцүү зүйл гэдгийг харуулсан хэдэн мөрт оруулсан юм. Тэгсэн хүмүүсээс санаж байгаа хүмүүстээ зориулсан маш их коммент ирүүлсэн  нь надад маш их таалагдсан.

-Уран зохиолд дуртай гэлээ. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ, уншсан номынхоо хэсгээс ямар зүйл мэдрэв?

-Л.Өлзийтөгс зохиолчийн “Үзэхийн хязгаар”  номын “Айдас” гэдэг жижиг хэсэг байдаг. Би энэ хүнд ингэж хандаж байхад, миний хандсан зүйл маш жижигхэн гэдгийг мэдрэх айдсын тухай бичсэн байдаг. Өөрөө бол тухайн хүнд маш гоё сэтгэл гаргачихсан гээд боддог. Гэтэл буцаагаад авч байгаа хүн нь тэрийг юман чинээ бодохгүй үйлдэл гаргах мэдрэмжийг авахаасаа айдаг гэсэн утгатай мөрт байсан. Надад өөрт саяхан ийм мэдрэмжүүд төрсөн болохоор тэр мөрт яагаад ч юм бодогдоод байдаг юм. Нээрээ л энэ мэдрэмж жаахан муухай мэдрэмж юм даа.

-"Хүлцэхгүй" олон ангит кинонд тоглосон. Киноныхоо талаар сонирхуулахгүй юу?

-Тийм ээ. “Хүлцэхгүй” бол Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаныхнаас санаачилсан кино. Энэ кинод хүнд харагдаж байгаа бас харагдахгүй байгаа Монгол Улсад гарч байгаа гэмт хэргүүдийг хэрхэн яаж зохицуулдаг юм бэ, энэнээс яаж сэргийлэх юм бэ гэдгийг бас илүү тодорхой харуулсан маш гоё уран бүтээл болсон. Есөн ангитай. Тэгээд анги болгон дээр гэр бүлийн хүчирхийлэл, өөр өөр гэмт хэргүүд гардаг. Хүмүүс..., би ч гэсэн хүчирхийлэл гэдэг нь хэн нэгнийг гэмтээх л юм байна гэж боддог байлаа. Цохих эсвэл хүнийг элдвээр хэлж, орилж, хашгирахыгхүчирхийлэл гэж бодсон чинь далдуур хүмүүс өөрийгөө ямар нэгэн аргаар хүчирхийлэлд өртөөд байгаагаа ерөөсөө мэддэггүй байсан юм байна. Дээрээс нь бидний нүдэнд харагдахгүй л болохоос Монголд маш олон хүчирхийлэл өдөр болгон гарч байгаа.  Энэ болгон дээр хамтарсан баг гэдэг зүйл яаж ажилладаг вэ гэдгийг тэр кинонд  илүү тод харуулсан. Хүн хүчирхийлэлд өртчихөөд хаана яаж хандахаа мэддэггүй. Тэрний гаргалгааг бас уг кинон дээр маш гоё гаргасан. Монгол хүн болгон үзэх ёстой киноны нэг гэж бодож байна.

- Анхны гол дүр байсан уу, ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Тийм ээ. Маш олон зүйлийг суралцсан, мэдсэн, нүд нээгдсэн. Өөрийгөө харахаар, хоолойгоо сонсохоор заримдаа ичих тийм мэдрэмж зөндөө байсан. Гэхдээ ямар ч байсан өөрт байгаа бүх боломжоороо хичээсэн. Зөндөө олон зүйл сурсан. Алдаанууд ч байгаа байх. Оновчтой зүйлүүд ч гэсэн зөндөө байх. Дандаа л нэг ийм айдастай байсан. За чадаж байгаа болов уу, ингэж байгаа болов уу гээд. Тэгээд л хийснийхээ дараа дутуу ч юм шиг санагдаад дахиж тогломоор санагдсан үе бас байгаа. Яг киногоо дууссаны дараа маш олон хүн баяр хүргэсэн. Дээрээс нь маш олон хүнд ухаарал өгч, нүдийг нээсэн гоё уран бүтээл болсон гэж найдаж байна.

-Өнөөдрийн залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Би чинь хорин хэдхэн настай. Амьдрах гээд хичээж л байна. Өөрийнхөө амьдралыг босгоод бүх зүйлийг эхнээс нь үзээд явж байгаа.

Дуртай зүйлээ л хийгээрэй гэж хэлмээр санагддаг юм. Зүгээр дуртай зүйлээ хийж байгаа цагт амжилт бол хажууд байна. Тэгээд хамт олны уур амьсгал миний хувьд маш чухал. Надад нэг ийм мэдрэмж төрж байсан юм. Чиний байх ёстой газар гэж бий. Байх ёсгүй газраа удаан байж болохгүй гэдэг. Чамайг тэр хүмүүс хэн ч биш болгоод байхад битгий зууралдаад байгаарай. Хаа нэг газар чамд гэрэл гэгээтэй ертөнц байж л таараа. Би ч гэсэн хаа нэг газар хэн ч биш болоод байсан. Мэргэжлээсээ өөр зүйл хийгээд хэний ч өмнө хэн ч биш болоод явж байсан үе зөндөө бий. Тэгэхээр өөрөө өөрийнхөө өнгийг олоогүй л байсан. Хүн болгонд өөр өөрийн өнгө гэж байдаг. Тийм учраас яг өөрийнхөө байх ёстой газраа гоё гэрэлтээрэй. Байх ёсгүй газар бол битгий удаан байгаарай л гэж хэлье. Залуучууд аа, бүгдээрээ хичээгээд амьдаръя аа.

 

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube