Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан З.Энхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.
Шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Энх-Амгаланг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч З.Энхболдыг шүүгдэгч Б.Энх-Амгалангийн “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.