Засгийн газрын хурлаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг хэлэлцсэн байна.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа “ Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд, 499,2 мянган тэтгэвэр авагч хамрагдана. 449,3 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээ 785.6 мянган төгрөг болно. Мөн хувь тэнцүүлсэн тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг 65.6 мянган хүний тэтгэмжийг 4 дүгээр сарын 1-нээс 15.4 хувь буюу 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 375 мянган төгрөг болгоно.
Халамжийн тэтгэврийг тэтгэврийн сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй хүмүүс болон бүтэн өнчин, хагас өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авдаг. Мөн байнгын асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгадаг. ХНХЯ-наа Халамжийн тухай шинэчилсэн найруулгыг хийхээр ажиллаж байна. Хуулиар халамжийн тэтгэвэр болон бүтэн, хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг ялгаатай олгохоор төслийг боловсруулж байна.
Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Хүүхдийн мөнгө олгодог журамд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар 924 хүүхэд халамжийн төвд байдаг. Тэдгээр хүүхдийн 14 болон түүнээс дээш насны хүүхдэд өөрийн мөнгөнөөс 20 хүртэл хувийг хөгжлийн үйлчилгээндээ зарцуулах боломжоор хангагдана. Хоёрт, асрамжийн төвд байгаа хүүхдийнхээ мөнгөн хуримтлалыг авахын тулд хүүхдээ түр хугацаанд аваад эргүүлээд авчирч өгөх байдал цөөнгүй ажиглагддаг. Тиймээс асрамж, халамжийн төвд байгаа хүүхдийн мөнгийг эцэг эх нь захиран зарцуулах эрхийг нь хаасан байна. ” гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.