УИХ-ын сонгууль болоход 97 хоног үлджээ. Сонгууль ийн хаяанд ирчихээд байхад МАН-д шийдсэн гээд баталчих, хийсэн гээд үзүүлчих зүйл тун хомс байна.
Өнгөрсөн 4 жилд Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хэрэг, Ногоон автобус гээд ар араасаа авлига, албан тушаалын хэргүүд задарч, УИХ-аас хэд хэдэн гишүүн энгийн иргэний суудалд шилжив.
2016-2020 оны парламентаас Д.Гантулга, Н.Номтойбаяр, Б.Батзориг нар шүүхийн болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан. Тэгвэл 2020-2024 оны парламентаас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар Прокурорын хүсэлтээр, Д.Сумъяабазар, Ж.Мөнхбат нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс хорих ял, Б.Энх-Амгаланд торгуулийн ял оноогоод байгаа. Одоогоор хоёул давж заалдсан учраас шүүх хурлын шийдвэр гартал бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаагүй байна.
Харин А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Б.Саранчимэг, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Сэргэлэн, Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нарын гишүүн Хөгжлийн банкны, нүүрсний, Боловсролын зээлийн сангийн гэх авлига, албан тушаалын хэргүүдэд нэр холбогдсон.
Бүхлээр нь харвал, 2020-2024 оны парламентын анги бол зургаан гишүүнээ хасчихсан, тал нь шахуу гэмт хэрэгт холбогдсон нэр зүүчихсэн, нэлээн бараан түүхтэй төгсөлт хийх нь. Мэдээж үүний үр дүнд парламентын олонхийг бүрдүүлсэн МАН-ын нэр хүнд сэхэл авахад хэцүүхэн байдалд сонгуультай золгож байна.
“Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр энэ удаагийн УИХ-ын чуулганы сүүлийн өдрүүдэд амжиж “Ногоон автобус”-ны хэрэг, Ашигт малтмалын лиценз, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх Түр хороо байгуулж, нээлттэй сонсгол хийнэ хэмээн УИХ-ын дарга хэлнэ билээ.
Тэгэхээр МАН-ын сонгуулийн өмнөх их цэвэрлэгээ буюу чиглүүлэх “бай”-гаар Д.Сумъяабазар түүний нөхөд, Н.Номтойбаяр түүний компани, М.Энхболд ба хотын фракц сонгогдсон нь тодорхой харагдаж байна.
1.
“Ногоон автобус”-ны хэрэгт яаж ч бултсан тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар хариуцлага хүлээх ёстой. Одоогийн байдлаар АТГ-аас УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаадын 4 иргэн нийт 27 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна гэх мэдээлэл өгсөн. Мэдээж төслийг хариуцаж байсан Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд асан Ж.Сүхбаатар болон Хотын дарга асан Д.Сумъяабазар нарын нэр үүнээс гадуур өнгөрөх ёсгүй. УИХ-ын сонсгол дээр хамгийн түрүүнд дуудагдаж асуугдах гэрчүүд.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж, 318,7 тэрбум төгрөгийн тендер зарлах эрхийг нийслэлд өгсөөр байтал “хамгийн амжилттай” бүтэлгүйтүүлж чадсан төсөл бол энэ. Эхний санхүүжилт 134,5 тэрбум төгрөгийг “Тэнүүн Огоо” ХХК-д шилжүүлсэн ч их засварт орсон автобус хэрхэн нийлүүлснийг нийтээрээ харцгаасан.
Ашигт малтмалын лицензын хувьд АМГТГ-ын Эрдэс баялгийн хамгийн сүүлд гаргасан статистик мэдээгээр хамгийн олон лиценз эзэмшдэг компани нь “Монголын алт” буюу МАК байна. Тус компани нь “Монголын Алт” компани дээрээ 26, МАК цемент дээрээ 10 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Төрийн өмчит “Монросцветмет” компанитай ижил тооны тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани бол МАК юм. Тэгэхээр УИХ-ын сонсгол эндээс эхлэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаяр яагаад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн өмнөөс чанга дуугардаг вэ, тэр ямар хөрөнгөтэй хүн бэ, хэрхэн Монголын баялгийг өөрийн эзэмшилд авсан бэ гэх зэргээр мэдээллүүд ар араасаа гарах биз.
3.
УИХ-ын нээлттэй сонсголын өөр нэг сэдэв бол олоон жилийн турш яригддаг газар олголтын байдал. “Shilen.gov.mn” нээлттэй мэдээллийн сайтад байгаа мэдээллээр хамгийн их хэмжээний газар олгох захирамж гаргасан Засаг дарга бол Г.Мөнхбаяр /80,436 га/. Харин оноор нь хөөж үзвэл 2015 онд 23778 шийдвэр гарсан байгаа юм. Гэтэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын багийнхан Төв цэнгэлдэхээс газар олголтын хяналт шалгалтыг эхэлсний учир нь энэ бүхэн М.Энхболдоос гаралтай хэмээн нийтэд мэдээлж,батлахын тулд бололтой. Төв Цэнгэлдэх орчмын газар олголт 2005 оноос Нийслэлийн Засаг даргын захирамжаар эхэлсэн тухай өнгөрсөн өдрүүдэд мэдээлсэн. Мэдээж энэ захирамжийг тухайн үед Засаг дарга байсан М.Энхболд гаргасан.
М.Энхболдыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад хууль бус газар олголт, барилгын зөвшөөрлүүд ихэссэн гэдэг “мэссэж” аль эртнийх. Ядаж байхад М.Энхболд гэж хүн Нямдаваа гэдэг нэрэнд их дуртай бололтой. Барилгын зөвшөөрлүүд дээр Эко Нямдаваа гэдэг хүн түүнд зүүгдээстэй явдаг шиг газар олголт дээр ч Нямдаваа гэх нэр гарч ирэх.
МАН-ын сонгосон эдгээр нь бай нь хэр оновчтой байхыг ирэх сонгуулийн өдрүүдэд харах нь.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.