Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2024.04.11/ NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт сэтгүүлчийн “Ерөнхий сайдаар томилогдох гэж байхдаа С.Зориг алуулсан гэдэг” гэх асуултад “Наадах чинь гүтгэлэг. Ерөнхий зөвлөл дээр С.Зоригийг Ерөнхий сайд болгох талаар юу ч яригдаагүй. Хажууд нь хараад сууж байсан хүмүүс амьд байна. Улаанбаатар зочид буудалд нэг уулзалт болсон гэдэг. Тэрийг бол би мэдэхгүй. МАН-ынхан 20 гаруй жил ийм зүйл ярьж, улс төр хийж байсан. Алуурчинг олно гээд... Тэр үед С.Зориг алдагдсаны дараа бид бүгд дуудагдаж байцаагдаж байсан. Тайлбараа өгсөн” гэж хариулав.
Энэ хариултын хариуд тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан, Ерөнхий сайд асан С.Баяр “ Тэрбээр "25 жил Е4 /Ц.Элбэгдорж/ улайм цайм ингэж ярив. Би гайхдаг. Яах юм? Яагаад? Тэр үед би Е2-ын Тамгын газрын дарга байв. С.Зориг надтай дөрөв уулзаж "Ерөнхий сайдад би нэр дэвшвэл Е2 намайг дэмжих үү, би түүнтэй уулзаж болох уу?" гэж асуулгаж байв. Би "Ийм асуудал Тамгын газарт албан ёсоор ирээгүй тул албан ёсны хариу байхгүй. Е чамайг хүлээж авах шалтгаан алга" гэнэ. Тэгэхэд С.Зориг "Би фракцуудтай уулзаж буй тул Е2-ын албан бус хариу ч хамаагүй хэрэгтэй байна" гэж байв. 1998.10.02-ны 15 цагт С.Зориг миний өрөөнд ирж, хүсэлтээ дахин хэлэв. Е-тэй уулзаж гарч ирээд би түүнд "Асуудал албан ёсоор ирээгүй хэвээр тул албан ёсны хариу байхгүй хэвээр. Гэхдээ ийм асуудал орж ирвэл татгалзах үндэслэл яг одоо алга гэж үзэж байна" гэсэн хариултыг нь дамжуулсан. Бидний уулзалтанд УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, А.Ганбаатар нар оролцож байв. Өөр бусад гишүүд ч энэ асуудлыг мэдэж байсан юм билээ. Бид бүгдийн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. Би, бид амьд байна. Би, бид гүтгээд байна уу. С.Зоригийн аллага болохын өмнөх 7 хоногт түүнтэй ЕТГД-ын хувьд 4 удаа уулзаж байсан тухай ЦЕГ надаас мэдүүлэг авсан. Би МҮОНТВ-ээр ярсан, "Ардын эрх" сонинд ярилцлага өгсөн. АН-ын гишүүн биш учраас С.Зориг ЕС-д нэр дэвших талаар би өөр зүйл мэдэхгүй. Хардах, мөрдөх нь миний хийх ажил биш” хэмээн бичсэн байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан, АН-ын анхдагч Д.Энхбаатар 1999 онд “Дээдсийн хүрээлэн” сонинд энэ тухай ярьсан байдаг. Тэрээр “Аравдугаар сарын 2-ны орой талийгаач С.Зориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр бид гурав манай өрөөнд уулзсан. Ерөнхий сайдад нэр дэвшсэнтэй холбоотой асуудлаар ярьж байсан. Нэгэнт Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа бол цаашдаа яах вэ гэж. С.Баяр болохоор Ерөнхийлөгчийн зүгээс дэмжих байх аа, тийм хандлагатай байгаа шүү гэж хэлж байсан” гэж яриад "Тэгэхээр цаг бусын энэ үхлийг Ерөнхий сайдтай холбоотой гэж таамаглал дэвшүүлж болох уу? гэсэн асуултад
-Цаг хугацаа нь ингэж таарч байгаа нь хэнд ч тийм бодол төрнө л дөө. Энэ нь баасан гарагт болсон үйл явдал. Даваа гарагт манай намын ерөнхий зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдэх гэж байсан гэж хариулсан байгаа юм.
Эндээс харвал АН дотор С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудал яригдахын хувьд яригдсан нь тодорхой ч ямар түвшинд, аль фракц нь хүлээн зөвшөөрч байсан бэ гэдэг л анхаарал татна. Ямартай ч экс Ерөнхийлөгчийн хэлснээр түүний фракцид энэ тухай яригдаагүй бололтой.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
С.Баяр "Чи хэрвээ ЕС болвол Эрдэнэтийг яах гэж байна?" гэж тандалт хийж асуухад С.Зориг хариуд нь "Поезд ушел!" гэж хариулсан гэдэг юм билээ.