Засгийн газрын өнөөдрийн /2024.04.17/ хуралдаанаар нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах, нийслэл, зарим аймгийн чиг үүргийг хотод шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо. Мөн нийслэлийн гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төслийн талаар хэлэлцсэн байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Б.Дэлгэрсайхан сайд ажлын хэсгийг ахалж байна. Энэ хүрээнд алслагдсан гурван дүүрэг нийслэлийн дагуул хот байдлаар хөгжинө. Улаанбаатар хот өөрийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулахын зэрэгцээ Төв аймгийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулах эрх зүйн үндсийг оруулж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Хоёр дахь асуудал бол гадаад, дотоод бонд. Нийслэл Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж гадаад, дотоод бонд гаргах эрхээ авсан. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил Сэлбэ дэд төвөөс эхэлж байна. Өнөөдөр 2350 айлын газар чөлөөлөхөөс 1500 айлтай уулзахад 50 айл л татгалзсан. Үлдсэн айл өрхүүд хэлэлцээрт орж, газраа чөлөөлж байна. Ирэх долоо хоногт 400 айлын мөнгийг шилжүүлж, нүүлгэн шилжүүлнэ. Бид Дархан хотын гэр хорооллыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх айл өрхийг зургадугаар сарын 1-нээс нүүлгэн шилжүүлж байна. Нийт 12 мянган айлын орон сууцны зураг төслийн ажил дуусч байгаа. Барилга барих компанийн сонгон шалгаруулалтыг хийхдээ гадаад бонд гаргах байдлаар санхүүжилтийг шийдэхээр төлөвлөсөн. Бид одоо гадаад бонд гаргах ажлаа шат дараатайгаар хийж байна. Удахгүй Засгийн газарт танилцуулна. Харин дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгож, 150 тэрбумаар нь хотын авто замыг засварлахад зарцуулна. Бондын эргэн төлөлтийн хувьд хүндрэлтэй асуудал байхгүй. Бид жилд 77 тэрбум төгрөгийг Замын сангаас авна. Бид замын засварын 2025, 2026 оны ажлаа татаж, энэ онд хийнэ.
Үлдсэн 50 тэрбум төгрөгөөр Туул-1 коллекторыг санхүүжүүлнэ. 18 жил болсон төсөл. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох цаг болоход тэр байгууламж руу очих шугамаа барьж дуусаагүй байгаа нь цэвэрлэх байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Үлдсэн 10 орчим тэрбум төгрөгөөр дулааны 11-ийн Г, Д гэдэг шугамыг 10 гаруй жил барьж байгаа. Төгсгөл нь Саппорогоос-Өгөөж үйлдвэрийн уулзвар хүртэлх шугам юм" гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Нянгар аа Женкогийн Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр 300 тэрбумын зээл өгвөл ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ-д өгнө гэдгээ хэлчихье