Монгол Улсын Засгийн газрын хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулж, ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаж байна.
Дээрх шийдвэрийн дагуу 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг энэ оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүчингүй болголоо. Уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэхүү журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан юм.
Дээрх журмыг хүчингүй болгосноор зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл хүлээгээд зогсохгүй давхар жолоочийн зөрчлийн оноо хасагдах, оноо нь дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцогддог байсныг халж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.