Иргэн хогоо ангилж ялган, хаяхдаа оноо цуглуулах урамшууллын систем бүхий технологийн шийдлийг боловсруулж, туршилтаар ашиглахад бэлэн болоод байгаа аж. Ухаалаг шийдэл бүхий хогийн савыг гэр хороолол болон орон сууцны хороолол дунд байрлуулж, эхний ээлжинд хуванцар сав болон нийлэг эдлэл тушааж, иргэн бонус оноо цуглуулах нь. Ингэснээр ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө бонус оноогоо ашиглах боломжтой юм.
Энэ тухай Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны дарга, Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “ Хогоо ангилж хая гээд ногоон, улаан, шар таних тэмдэг бүхий сав тавьдаг ч иргэд төдийлэн ашиглаад байдаггүй. Яагаад гэвэл бидэнд хогоо ангилж ялгах дадал зуршил суугаагүй. Тиймээс санхүүгийн хөшүүрэг шаардлагатай байгаа. Гэхдээ санхүүгийн эх үүсвэртэй нь холбохдоо бэлэн мөнгө гаргахгүй, бонус оноо цуглуулах маягаар ашиглах системийг нэвтрүүлэх гэж байна. Тухайлбал, хуванцар, нийлэг эдлэлийг тодорхой хэмжээний мөнгөөр үнэлэгдэх бонус оноогоор авна. Иргэд бонус оноогоо ус авах, автобусанд суух гэх зэргээр ашиглаж болно. Мөн “и-монголиа”-гийн киоск системийг ч нэвтрүүлэх бололцоотой программ хийж байна. Системийг монгол залуус маань хөрвүүлж хийж байгаа нь сайшаалтай. Би Захирагчийн ажлын албаны дарга, ерөнхий менежерийн албыг хүлээж аваад дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд ухаалаг системийг бий болгохын төлөө, өмнө нь бодож төлөвлөж байсан ажлаа хийх гэж хичээж байна. Ус сувагт ажиллаж байхдаа ухаалаг худаг буюу ус түгээх 380 гаруй байртай болсон. Тиймээс юун түрүүнд энэ системтэй холбох боломжтой. Хот хоггүй, цэвэр цэмцгэр болоход мэдээж хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Системийг хийж байгаа залуусдаа итгэж байна. Дэлхийн бусад оронд байдаг зүйл ч Монголдоо анхлан тавьж байгаа учраас эхлээд туршина. Гэр хороолол, байшин хороолол, СӨХ-ын дунд тавиад урамшууллын системийг ашиглана” хэмээн ярилаа.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.