Засгийн газрын өнөөдрийн /2024.05.08/ хурлаар хэлэлцсэн зарим асуудлын талаар сайд нар мэдээлэл өгөв.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “ Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. УИХ-д ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд орон сууцны санхүүжилтийн асуудлыг зөвхөн ипотекийн зээлээр шийдэж ирсэн. Тиймээс хуулийн төсөлд ТОСК хямд орон сууц барьж түрээслэх, зээлэх гэх мэт орон сууцжуулах шинэ хэлбэрийг тусгасан. Ипотекийн зээлийг ихэвчлэн орлогын боломжтой иргэд авдаг. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого нь 2 саяас дээш иргэд хамрагдсан байдаг. 2013-2024 онд 7.6 их наяд төгрөгийн зээлийг 104 мянган зээлдэгчид орон сууцны зээл олгожээ. Тиймээс 2 саяас доош орлоготой иргэдийнхээ орон сууцны хангамжийн асуудлыг “Үндэсний орон сууцны санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд шийдэх юм. Манай улсын нийт 941 мянган өрхийн 32 хувь нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна. 29.7 хувь нь гэр хороололд байшинд, 38.2 хувь нь гэрт амьдардаг.
ТОСК-ийн зүгээс ипотекийн зээлд хамрагдах боломжгүй өрхүүдийг орон сууцанд оруулах боломж бүрдүүлэх юм. Төсөл энэ жилээс дэд бүтэцтэй 100 суманд төрийн албан хаагчдад зориулж, инженерийн дэд бүтэц бүхий 8 айлын орон сууц барина. Ипотекийн зээлийг ТОСК хариуцахаар тооцсон. Монголбанк, Эдийн засгийн яамны зүгээс санхүүжилтийг хариуцах юм.Өнөөдрийн байдлаар 2.4 их наяд төгрөгийн орон сууц худалдаж авах 20 мянган иргэний хүсэлт арилжааны банкууд дээр ирсэн байна. Энэ жил 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэрээр 10 мянган иргэнийг ипотекийн зээлд хамруулна. Орон нутагт санхүүжилтийн 50 хувийг олгоно” гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.