Өдгөө 90 нас сүүдэр зооглосон Ц.Раднаа гуай ирэх наймдугаар сард Шведийн Хаант Улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж, дахин рекорд тогтоохоор бэлтгэлээ базааж байна.
Тэрээр 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн юм.
Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэн, нийт 17 дээд амжилтын эзэн болжээ.
Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднаа: "Би дэлхийн аваргад орж Монголынхоо нэрийг гаргана. Надтай өрсөлдөгч нэг Япон өвгөн байдаг. Танака гэдэг юм. Надаас хоёр ах. Саяхан 90 насныхаа рекордыг эвдсэн байна лээ. Түүний рекорд амжилтыг би бас эвдчихсэн. Би өглөө бүр Туул голын хөвөөгөөр дасгал сургуулилтаа хийдэг. Настангууд намайг дуудаад "таниар бахархдаг шүү" гэцгээдэг юм. Би өглөө бүр 3-4 км гүйж, 60, 100, 200 метрийн зайн гүйлтийг тус бүр 10 удаа давтаж, биедээ таарсан хүчний бэлтгэл, дасгал хөдөлгөөн хийдэг, бэлтгэлээ хэтрүүлчих гээд байдаг талтай" хэмээн ярилаа.
Ц.Раднаа гуай 95 насандаа Мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилго тавьсан байна.
Өндөр настай хэдий ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.