Засгийн газраас төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгүүлж, 6 жил хоригдох ял эдэлсэн иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын яллагдагчаар татсан тогтоолыг Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Тиймээс иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг хамгаалах, олон улсын хүний эрхийн байгууллагад хандахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн зүгээс хийж байгаа ажлын талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл өглөө.
Засгийн газрын өнөөдрийн тогтоолоор Т.Чимгээ,Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрүүдийг төрийн нууцаас гаргахаар болсон байна. ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “ Ажлын хэсгийн ахлагчийн хувьд иргэн Т.Чимгээтэй уулзсан. Тэрээр ажлын хэсгээс дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Бидний хувьд Монгол Улсын хоёр иргэнийг эрүүдэн шүүж, бие махбодь сэтгэл санааны ноцтой дарамт шахалтад байлгаж, 6 жил орчим эрх чөлөөг нь хязгаарлаж, цагдан хорьсон асуудалтай холбогдуулан цаашид энэ төрлийн зөрчил гаргахгүй байх талаар анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзээд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тагнуулын ерөнхий газраас энэхүү эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой гэсэн танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийсэн. Тиймээс энэхүү гурван шатны шүүхийн шийдвэрийг Прокурорын ерөнхий газрын архиваас хэн бүхэн харах боломжтой болж байгаа юм. Иргэн Т.Чимгээгийн эрх ашгийг хамгаалахад энэ шийдвэр нь их чухал нөлөөтэй. Тэрээр өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгээд байна.” гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.