УИХ-ын хянан шалгах түр хорооноос Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд "Ногоон" автобусны худалдан авалттай холбоотой нээлттэй сонсгол хийх тухай УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон. Өнөөдөр УИХ-ын Хянан шалгах түр хороо хаалттай хуралдаж сонсголыг энэ сарын 21,22-ны өдөр хийх болсон байна. Энэ тухай Хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тодруулга мэдээлэл өглөө.
–Хянан шинжлэх хүрээнд хэлэлцэх асуудлуудыг өнөөдөр ярьж, гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрстэй танилцаж баталлаа.
Давхардсан тоогоор 98 гэрч байхаар, давхардаагүй тоогоор 75 иргэн, албан тушаалтан гэрчээр дуудагдана. Өмнө нь хоёр удаа ирж бүрдээгүй нь гишүүд тойрогтоо ажиллаж байсантай холбоотой. Өнөөдөр 11 гишүүнээс найм нь ирж, ирц бүрдсэн. Ирээгүй гурван гишүүн орон нутагт ажиллаж байгаа.
Сонсголыг хоёр өдөр товлосон бөгөөд нийт гурван хэсгээс бүрдэнэ.
Нэгдүгээрт, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал, хоёрдугаарт, хуулийн хүрээнд боловсруулагдсан бичиг баримт, гуравдугаарт, ногоон автобуснууд чанарын ямар шаардлага хангасан талаар мэдээлэл өгнө. Хуулийн хүрээнд аливаа асуудлыг УИХ дээр татан авч ирж, нээлттэй сонсголоор мэдээлэл өгөх боломж бүрдсэн.
Сонсголд Монгол Улсын сайд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэл Улаанбаатарын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны албаны дарга Ц.Батгэрэл, Хотын дарга асан Д.Сумъябазар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ болон тус худалдан авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсг гэрчээр дуудагдсан гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.