Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-11 нд нийтлэгдсэн байна.

Монголчууд хэдий болтол хилийн хоригтой суух вэ

1/ 11/ 2022    13 цаг 25 минут

Ерөнхий сайд тахлын үед экспорт импортын ачаа тээврийг эрчимжүүлэх захирамж гаргаж, Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн ажлын хэсгийг ахалж ажиллахаа зарласантай давхцаж урд хөршийн Тянжинь хотод ковидын 20 тохиолдол илрээтэхлээ. Далайн чухал боомттой залгаа оршдог 14 сая хүн амтай энэ хотын бүх хүнийг ковидын шинжилгээнд яаралтай хамруулж байна. Өвлийн олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Тянжинь зүгээс дуулдаж байгаа тахлын халдвар бидний хувьд маш муу мэдээ. Хэрвээ тэнд ковид нэмж илэрвэл өвлийн олимпод зориулж хаалгаа тас хаасан урд хөрш хил боомтдоо одооныхоос ч хатуу хорио, өндөр босго тавьж таарна. Өнөөдөр л гэхэд урд хөршид хоногт дунджаар 160-170 халдвар бүртгэгдэж байгаа. Товчхондоо байдал эвгүйтвэл Ерөнхий сайдын захирамж, Шадар сайдын амлаж авсан ажил цаасан дээр үлдэхээс хэтрэхгүй. Шуудхан хэлэхэд, Монгол гэдэг улсын экспорт, импорт Ерөнхий сайд, Шадар сайдын мэдлээс хол давсан шалтгаанаар гацаад байна.

Тамирчдыг нисэх буудал дээр буухад халдвар хамгааллын өндөр дэглэм дор тус тусад нь угтаж авна, спортын төрлөөр нь ялгаж хотоос гадагш амралтын газруудад байршуулна, олимпод оролцох 2000 гаруй тамирчдад тэмцээн болох газар, амрах байрнаас өөр маршрутаар явах зөвшөөрөл өгөхгүй, цанынхан тэшүүрийнхэнтэй уулзахгүй байсаар эх нутгаа зорино гэх мэт хатуу журам дор өрнөх өвлийн олимп дуустал хил нээгдэхгүй. Олимпийн өмнө халдвар энэ мэтээр нэмэгдээд байвал урд хөрш хөл хориогоо улам чангатгах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг тодорхой зүйл. Бүр тодруулж хэлбэл, орох ачаа нь Эрээн дээр, гарах тээвэр нь Гашуунсухайт дээр гацсан хэцүү өдрүүд лав л ирэх дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжлэх нь ойлгомжтой болчихлоо. Бид хэрэглээнийхээ 70 гаруй хувийг импортоор хангадаг бол олдог долларынхаа 90 давсан хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулж цуглуулдаг. Импортын хувьд бараг шатахуунаас бусад нь Хятадаас орж ирдэг, экспортын гол худалдан авагч маань Хятад.

Давтаад онцлоход, дөрөвдүгээр сар гартал Ерөнхий сайд мянга захирамж гаргаад, Шадар сайд Замын-Үүд рүү хэд ч ирж буцаад, Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпийн үеэр Хятад руу айлчлаад ч урд хөршийн хилийн асуудлыг шийдэж чадахгүй болчихсон гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байдал нэгэнт иймдээ тулчихсан байхад Засгийн газар нь хил гаалийн асуудлаар байсхийгээд хуралдаж, яамд нь сүрхий ажил хэрэгч царайлж түмэн хурал зарлаад хэрэггүй гэсэн үг. Наад зах нь цаас гарздахаас хэтрэхгүй.

Тэгэхээр дөрөвдүгээр сар хүртэл цаас, шатахуун элдэв зардлаа хэмнэж цахимаар хуралдаж, Цагаан сараа зардал багатай ухаалаг тэмдэглэх уриалга гаргаж, олимп дуусч цаг уясахыг хүлээхээс өөр арга манай дарга нарт алга. Ерөнхий сайд нь тэрийгээ хүлээн зөвшөөрч, ядаж л хүнсээ тусгай шугамаар татаж авах гэх мэт хөрсөнд буусан шийдлүүд бодож олмоор байна. Төмөр замаар ирэх аминд тулаагүй ачааны таталтыг түр хойшлуулж оронд нь хүнс, өргөн хэрэглээний бараагаа тээвэрлэж авчрахгүй бол Цагаан сар, хаврын тарчиг өдрүүдэд инфляци хяналтаас гарах эрсдэл ойрхон байгаа гэдгийг онцолж сануулъя. Инфляци одоо ч хөөрөлтийн байдалтай, гай ланчгийг нь жирийн иргэд үүрч явааг засаг баригчдаас мэдэрч суугаа нь хэд бол.

Хил гаалийн гацаа түгжээ өнөө жил ганц манай улсын биш бөмбөрцгийн асуудал болчихсоныг дурдахгүй орхиж болохгүй. Олон улсын байгууллагынхан хилийн боомтууд түгжрэл, контейнерийн дутагдал, ажиллах хүчний хомсдол гэсэн гурван зовлонгоос лав өнөө жилдээ салахгүй гэж сануулсаар байгаа. Манай улсын хувьд гэхэд л Хятад хилээ хааж боосон саруудад нүүрсээ олигтой гаргаж доллар олж чадахгүй нь тодорхой болчихоод байна. Эдийн засагч Н.Энхбаяр “Хятадын олимпоос шалтгаалаад энэ оны нэгдүгээр улиралд нүүрс гарлаа гэхэд 500 мянган тонныг л экспортлох байх. Сангийн яамны төсөвт тусгасан 36 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоогоор бол өнөө жилийн нэгдүгээр улиралд бид есөн сая тонн нүүрс гаргах ёстой. Ер нь энэ жил хичээлээ гэхэд 20-25 саяыг л гаргах болов уу. Нэгдүгээр улиралд нүүрсний экспорт таг гацвал 2022 оны экспорт өнөө жилийнхээсээ хэтрэхгүй. 16-20 сая тонн л гарна” хэмээн байр сууриа илэрхийлснийг онцолж тодотгоё. Ийм эрсдэлтэй цагт сумдын төвд хоёр км зам тавих, сумын соёлын төв, хөшөө дурсгалууд барих гэх мэт цагаа олоогүй хөрөнгө оруулалтуудыг төсвөөс хасч хилийн боомтууддаа анхаарч байж л хэцүү цагийг мэнд давна. Халиад ярихад, бид улсаараа ДНБ-ийхээ 247 хувьтай тэнцэхүйц өртэй, ирэх онд нийт эдийн засгийнхаа 65 хувьтай дүйх мөнгийг өрийн эргэн төлөлтдөө өгөхөөр байгаа. Өнөө жил өлөн зэлмүүндүү аж төрөх нь тодорхой байхад ирэх жил 10 тэрбум ам.долларын өрийн хугацаа дуусч байна гээд төсөөл дөө. Шуудхан хэлэхэд, өнөөдрийнхөөс хэцүү сарууд ирэх жил үргэлжилнэ.

За тэгээд дөрөвдүгээр сар хүртэл бүх хүчээ шавхаж, хамаг аргаа хэрэглэж, хүнсээ ч болтугай вагоноор зөөж хил нээгдэх цагтай золголоо гэж бодъё. Гэхдээ яг тэр үед урд хөрш хилээ нээх болов уу. Шууд нээнэ гэсэн зуун хувийн баталгаа байхгүйг өдгөө өрнөж буй процессоос харчихаж болно. Эрх баригчид хойд хөрштэй өндөр түвшинд яриа хөөрөө өрнүүлж яваа хэрнээ худалдааны гол түнш урд хөрштэйгөө нэг л зэнзийрхсэн хандлага харилцаатай суугаа нь нуугаад байх юмгүй ил үнэн. Өнгөрсөн жилүүдийг ухраагаад харъя. 2017-2019 онд засаг баригчид урд хөршийн хөрөнгө оруулагчидтай илт таагүй харилцаж байсныг олон кейсээр нотолж болно. Түмний мэдэх үйл явдал гэхэд л одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатарын Салхитын ордод хийсэн тусгай ажиллагаа байна. Цэрэг хувцастай очиж сүрийг үзүүлээгүй юу. Өмнөх Ерөнхийлөгчийн үед Таван толгойн ордын ойролцоо лиценз эзэмшдэг Хятадын хөрөнгө оруулагчийн тусгай зөвшөөрлийг цуцалсныг одоо сэргээж олгох асуудал яригдаж байгаа гэх мэт барим тавим мэдээллүүд ч цөөнгүй дуулдаад эхэллээ. Урд хөршийн өнөөгийн зэнзийрхлийн цаана бизнес эрхлэгчид рүү нь онилсон тэр жилүүдийн популизм байгаа гэдгийг онцлохгүй өнгөрч болохгүй.

Ийм нөхцөлд бид худалдааны гол түнштэйгээ дээд түвшиндээ яаж ойлголцох ёстой вэ гэсэн асуулт анхаарлын төвд тавигдаж таарна. Ерөнхий сайдын өвлийн олимпийн үеэр Хятадад хийх айлчлалаас хил гаалийн талаар нааштай сураг дуулдахгүй гэдгийг өмнө онцолсон. Өндөр дуугарч, популзизмдахаас өөр шидгүй шинэ цагийн сайд нарт ч найдаад нэмэргүй. Манай том яриатай пээдгэр сайд нарыг урд хөршийн нөлөө бүхий эрхмүүд тоож харилцах нь юу л бол. Замын-Үүдийн ажлын хэсгийг ахлахаар болсон С.Амарсайханы барчих асуудал бүр биш. Мань эрд хариуцсан асуудлаараа нарийн туршлагагүй, гадаад харилцаан дээрээ таг гэсэн том сул тал бий. Тэгвэл хэн урд хөрштэй учраа ололцож чадах бол? Найрсаг харилцаа өрнөж байхад гадаад харилцааны салбарт зүтгэсэн явсан хүмүүсээ илгээх хэрэгтэй. Ц.Мөнх-Оргил ч юмуу Н.Энхболдыг явуулбал ядах нь ээ л уулзаж яриа хөөрөө өрнүүлж суусан хүмүүс нь угтаж авна. Бүр цаашлуулж хэлбэл, төр засгийн түвшинд гэхээс илүү намын түвшний өндөр хэмжээний уулзалтуудыг зохион байгуулбал илүү үр дүн гарна гэж учир мэдэх улс хэлж байна. Нам дээрээ тохирсноо засаг нь хэрэгжүүлдэг, гадаад харилцааны бодлого нь нам дээрээ яригддаг онцлогтой улстай харилцаагаа наашлуулъя гэвэл намын түвшний онцгой уулзалтуудыг орхиж болохгүй. Дээхнэ үед МАН-ын дарга нар урд хөршийн эрх баригч намынхантай өндөр түвшинд уулздаг л байсан. Тэр уламжлал М.Энхболдоос хойш тасарсан анзаарагддаг.

Эдийн засагч Г.Батзоригтой өнгөрсөн долоо хоногт уулзахад “Таван толгойн нүүрстэй холбоод харахад л өмнө нь Хятадын нүүрсний компаниудын эрэлт хэрэгцээ, тоо, Өмнөд монголчуудын оролцож буй хувь хэмжээ нэмэгдэж байсан бол сүүлийн үед харьцангуй хязгаарлагдмал болоод эхэлчихлээ. Хятадын талаас Эрээний хилээ хаасан, манайхаас авах нүүрсний импортдоо хязгаар тавьдаг гэх мэт асуудал бий. Энэ мэтээр аль нам эрх барихаас хамаарч эдийн засгийн бодлогод үзүүлэх нөлөөлөл өөрчлөгдөөд байна уу даа гэсэн хувь эдийн засагчийн бодол байдаг юм. Хятадын талтай харилцаагаа сайжруулахгүй бол ганц Эрээн ч гэлтгүй өөр олон шалтаг гарч ирнэ. Наад зах нь төмөр зам дээр өргөн нарийн царигийн асуудлыг яаж нийлүүлэх гэх мэт асуудал бий. Хятад улс нүүрсний импортоо жилийн 65 сая тонноос хэтрүүлдэггүй. 40 хувийг нь Монгол, 30 хувийг нь Австрали, үлдсэнийг нь ОХУ тэргүүтэй улс нийлүүлдэг. Манайх төмөр замаа бариад, экспортоо тэлээд сэргэж гялалзана аа л гэж байна. Угтаа цаад талын хэрэг, зоригийн асуудал шүү дээ” гэсэн үг унагана лээ. Ортой үг. Эрээнээс гадна Хятадтай тохиролцоонд хүрэх, харилцан ашигтай хамтрах олон том ажил бидний өмнө бий.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube