Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-20 нд нийтлэгдсэн байна.

Шүүмжлэл, шинэчлэл бол дэвшилд хүргэх түгээмэл арга

3/ 20/ 2022    17 цаг 00 минут
Хүн, хүмүүс, ард түмэн аль нь ч гэсэн гагцхүү таньсан зүйл, ойлгосон мэдлэгтээ түшиглэн байж л үр дүнтэй үйл ажиллагаа өрнүүлдэг. Орчин тойрноосоо бэлэн хүлээж авсан, эсвээс өөрөө өөртөө (онолоор, практикаар) буй болгосон аль нэгэн хэмжээний мэдлэггүйгээр байгаа зүйлийг бүрэн үндэслэлтэй шүүмжлэх, шинэ нөхцөл, шинэ цаг үед тааруулж шинэчлэх, шинэчилсэн зүйлээ цаашид тасралтгүй боловсронгуй болгох аргагүй юм. Ингэхлээр орчин үеийн нийгмийн хөгжлийн үндсэн нөхцөл нь шинэ мэдлэг, түүний үрээр үүсдэг бүтээлч шүүмжлэл, шүүмжлэлийн дагуу хийгдэх шинэчлэл, уг шинэчлэлийн өөрийн нь тасралтгүй төгөлдөржил эдгээр болно. Энэ бол нийгмийг тасралтгүй хөгжүүлэхэд ашиглагдах ёстой уламжлалт технологи мөн. Эл технологийг сахиж чадах аваас л нийгэм өөрийн хүчээр хөгжиж, дэвшиж байх болно.
 
Төв төр хийгээд орон нутгийн засаг захиргааны нэг үндсэн үүрэг бол мөнхүү технологи хэрэгжихэд хэрэгтэй бүх зохион байгуулалтыг хийх, шаардлагатай байгууллагуудыг нь буй болгон хэвийн ажиллуулах, эерэг үр дүн болгоныг нь хөхүүлэн урамшуулах, элдэв саад тотгорыг нь арилгаж салбар, нэгж бүрийн нь хариуцлагыг дээшлүүлж байх явдал юм. Дурьдсан технологийн хэрэгжиж чадаж байх нэг үндсэн нөхцөл бол шинэчлэлийг хүсэгч цөөнхийн үгийг байнга сонсож, тэднийг олонхийн урсгал дарамтаас хамгаалж, санаснаа хэрэгжүүлэхэд нь бүх талын тусламж, дэмжлэг үзүүлэх явдал болно. Эрх баригч нам, төрийн удирдлагын аль ч түвшинд авилгад автсан, авилгыг хүсэмжлэгч олонхи түүний эсрэг тэмцэхийг хүссэн цөөнхийг хэзээ, ямагт олонхийн хүчээр түрэмгийлэн дарамталж, мохоож чадаж байдаг. Чухам иймийн учир л шүүмжлэгч, тэмцэгч, мэдээлэгч цөөнхийг албан ёсоор дэмжих үүрэг хүлээсэн тусгай байгууллага ажиллаж, түүний үйл ажиллагаанд төрийн өндөрлөгүүдээс байнгын хатуу хяналт тавьж, мөн иргэдийн аливаа оролцоог идэвхижүүлэхгүйгээр авилга хумигдах, устах аргагүй. Энэ бол гарагийн хэмжээнд танигдаж, ухаарагдсан нэгэн үнэн болжээ. Тайван арга, хэрэгслээр нийгмийг эрүүлжүүлэх, шинэчлэхэд хүргэж чадах олон олон институци орчин үеийн нийгмүүдэд заавал буй болсон байх учиртай. Бүтцэндээ ийм шинж, үүрэг, эрх бүхий байгууллагууд үгүй төр засаглал нь ард түмний уур хилэн, эсэргүүцэлд өртөж унасаар байна.
 
 
Хөгжил, дэвшилд саад болж буй сөрөг үзэгдлүүдтэй тэмцэл хийдэггүй хэрнээ ардчилсан нэр, хаягтай төр засаг бол ард түмнийхээ эсрэг талд, эсрэг фронтод зогсож буй улс төрийн хүч гэж ойлгогддог. Иймээс ард түмэн түүнийг үзэн ядаж, яаж, хэрхэн унагаах арга хайж эхэлдэг жамтай. Өөр гарц ер үгүй тохиолдолд ээлжит хувьсгалт хүчирхийлэл байраа эзлэх нь ч олонтой. Ардчиллыг хамгаалах, сэргээх, дахин тогтоох, түүнийг заналт дайснуудаас нь бүрэн чөлөөлөх, цэвэрлэх зорилгоор хийгдэж буй хувьсгал, хүчирхийллийг зөвтгөхөөс өөр аргагүй юм.
 
 
 
Гэвч энэ нь хүсэх зүйл ер биш нь ч бас үнэн болно. Хүч хэрэглэхгүйгээр, зэвсэг хөдөлгөхгүйгээр, хүчний байгууллагуудыг ашиглахгүйгээр шийдвэрлэж болох байсан тохиолдолд хүч хэрэглэсэн бол тэр нь яалт ч үгүй гэмт хэрэг мөн юм. Хүч хэрэглэх явцад зөв, дэвшилттэй талын төлөөлөл ч гэсэн их хэмжээний хохирол үздэг. Хүч хэрэглэсэн үйд явдалд оролцсоноос болоод идэвхитэй бүрэлдэж буй болоод байсан тэмцэгчдийн эгнээ, чадавх эргэж сэргэхгүй болтлоо цөөрөх багасах нь ч цөөн бус тохиолддог.
Дэвшил авч ирэх үүднээс хийгдсэн өөрчлөлт нэг бүр зорилгоо биелүүлж чаддаггүй. Иймээс ардчилал нь өөртөө хор хүргэж болзошгүй аливаа алхам, өөрчлөлтөөс зайлсхийж чаддаг байх ёстой. Хүч хэрэглэсэн томоохон үйлдэл, алхмын дараа олон түмний санаа бодол бараг ямагт шахам эрх баригчдын талд илүүтэйгээр татагдаж хуучинсаг бүхний байр суурь бэхжихэд тусалдаг муу үр дагавартай. Ардчилагчдын хэлбэрэлтгүй сахиж байх ёстой өөр нэг чухал зарчим бол үндсэн хууль, үндсэн хуулийн хууль (элдэв нэмэлт, өөрчлөлт, засвар), органик хуулиудад өөрчлөлт оруулах үед цаг зуурын ашиг, сонирхолд хөтлөгдөн ардчиллын өөрийн нь хувь заяанд аюул учруулж болох нэмэлт ба өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, батлалцаж ер болохгүйг ямагт анхаарч байх болгоомжлол юм. Жишээ нь: Монгол улсын үндсэн хуульд оруулсан анхны нэмэлт ба өөрчлөлт нь төрийн бүтэц дэх хариуцлагын тогтолцооны гол гол шугамыг эвдэлж, сулруулж цаашид олон олон сөрөг үр дагаврыг үүдсэн баримт бэлээхэн буй билээ.
Эдийн засгийн амьдрал, бараа бүтээгдэхүүний өсөлтөд гарах дэвшлийг бодолцоод ч гэсэн ухралт хийх замаар улс төрийн удирдлагын хүчирхийлэх шинжийг нэмэгдүүлж ер болохгүй. Ард түмэн номхон хүлцэнгүй, дуулгавартай болж, засаглагчид ч дур зоргоороо авирлах нь ихэссэнээр нийгэмд ухралт үүсэж, авторитаризм, тоталитаризм шинэ амьсгал авч, бэхжиж сэргэж эхлэх болно. Эдийн засгийн өсөлт байгаа нөхцөлд ч гэсэн ардчиллаас ухрахыг тэвчих, уучлах нь буруу гэдгийг постсоциалист олон орны туршлага, сургамж харуулсан юм.
 
Нэг онол сургаал, нэг үзэл баримлалыг (тэр нь шинжлэх ухаан ч бай, шашин ч бай ялгаагүй) таньж мэдсэн ганц үнэн хэмээн чандлан тулгаад өөрөөр сэтгэх, шүүмжлэхийг хориглодог, аливаа шинэчлэлийг үгүйсгэдэг бол энэ нь хаалттай нийгмийг төрүүлдэг. Хүн төрөлхтний оюун санааны хөгжлийн түүхээс үзэх аваас олон олон суут сэтгэгчдийн онол, сургаал эцсийн эцэст хаалттай нийгмийг үүдэх тийш нь хүмүүсийг хөтөлж иржээ. Энэ нь хэрэг дээрээ цаг цагийн их сэтгэгчдийн түүхэн хязгаарлагдмал шинж, өсөлтийн бэрхшээл, хүн ба нийгмийн хоорондох харилцааны зайлшгүй хатуу хамаарлын үр дагавар байлаа. Том сэтгэгч бүр өөр өөрийнхөө үеийн л харьцангуй үнэнийг таньж, сурталчилж чадах нь түүнд олгогдсон дээд боломж юм. Өмнөх мянгануудынхаа үнэн, худлыг эцэслэн таньж тоггоогоод, дээр нь ирэх мянгануудын үнэнийг урьдчилан олж нээх боломж хэнд ч үгүй билээ. Иймээс том сэтгэгч нэг бүр үнэнийг ч буй болгодог, бас худалд ч олон зүйлийг нэмэрлэдэг байна. Бүх суут гэгддэг сэтгэгчдийн нэрийг хүснэгтлэн жагсаагаад нэр бүрийн ард түүний таньж олсон үнэн ба төөрөлдөж үүдсэн алдааг нь оноон, тоочин бичиж болох юм. Өөрөөр хэлбэл, суут сэтгэгчдийн дунд алдаа гаргах согогоос ангид гэгддэг “Бурхан” нэгээхэн ч үгүй ажээ. Тиймээс том сэтгэгч нэг бүрийг үнэлэх, арга, хандлага нь ямагт асуудал, үзүүлэлт нэг бүрээрээ тодорхой, харьцангуй байх учиртай. Түүхэн цаг үед нь мөн хадаж ойлговоос зохино. Ингэх аваас “Платон хэрэв XX зуунд амьдарч, туурвиж байсансан бол Поппераас илүү их гүнзгийгээр ардчилал, нээлттэй нийгмийн чухлыг үндэслэж чадах байсан гэж хэлж ч болох юм. Гэхдээ энэ бол маргаангүй үнэн огт биш нь ч тодорхой... Эрт үеийн их Платоны үзэл, онолоор эдүгээх либераль ардчиллын суртал, шаардлагыг үзэх, үнэлэхийг оролдох нь өөрөө буруу арга, хандлага болох бизээ. Бичин хүний гарын алга, сарвуу өнөөгийн оюун ухаант хүний гарын алга, сарвуу, хурууг төрүүлэхэд тусалсан болохоос биш саад болсон биш билээ...
 
Нийгмийн амьдралын олон талын дутагдал, согогийг шүүмжлэх, нийгмийг бүхэлд нь өөрчилж шинэчлэхийг үзэл, онолын талаар зөвтгөн дэмжиж, хөхүүлэн сайшаадаг гол шинж бүхий философи суртал хэрэг дээрээ бол үе үеийн бүх том сэтгэгчдийн хувь нэмрийг хаман цуглуулан байж төрөн гарчээ. Өрнө ба Дорнын философи сэтгэлгээний түүх үүнийг ав адилханаар гэрчилдэг. Өнгөрсөн түүхээ танин мэдэх гэсэн махруу оролдлого, өөр өөрийн үеийн нийгмийг зохистойгоор залах, жолоодох гэсэн бүтээлч санаачлага, ирээдүйн үйл явдлуудыг урьдаас таньж төлөвлөгөөтэйгээр бүтээх гэсэн зөгнөл, таамаглал бүгд л үнэ цэнэтэй туршлага, сургамж үлдээжээ. Энэ бүхэн эс байсан аваас өнөөдөр зөв, зүйтэйд тооцогдон буй онол, суртлууд төрөн гарах боломж бараг үгүй юм. Үе үеийн их сэтгэгчдийн гэгээрэх хамгийн найдвартай арга, зам бол үе үеийн их судлаачдын үлдээсэн түүхэн их өв сантай танилцах сургалт мөн гэцгээдэг нь үнэн болно. Өөр өөрийн цаг үеийнхээс давж гарах, өөрийнх нь үед хэвшиж тогтсон зогсонги байдлаас мултран гарах бололцоог ч мөн л сэтгэлгээний түүхэн их өв сан олгодог ажээ. Учир нь хүн төрөлхтний оюун санааны амьдралын их өв сан нь өөрөө шүүмжлэлүүдийн их өв сан мөн юм. Тэдгээрийг үзэж, судалж, шүүн тунгаан байж л том сэтгэгчид өөр өөрийн шүүмжийг бүтээж, нийгэм нийгэмдээ хийгдвээс зохих шинэчлэлийг товлон тогтоож ирсэн байна. Чухам ийиийн учир энэ III мянганы сургалт ба гэгээрүүлэлт нь суралцагчдын сэтгэхүйд шүүмжэлт шинж, шинэчлэх, төгөлдөржүүлэх эрмэлзлийг шинжлэх ухаанчаар олгож, урагшлах алхам бүрийг нь, гарсан амжилт бүрийг нь хөхүүлэн үнэлж, сайшааж байх ёстой боллоо. Зөвхөн ийм шинжтэй сургалт л хөгжлийн явцыг хурдасгахад үнэнхүү туслана.
 
Хүн төрөлхтний түүх бол хүмүүс төрөлх, заяагдмал эрхүүдээ эдлэхийн төлөө, бусадтайгаа нэгэн адил эрх тэгш байж элбэг, хангалуун аж төрөхийн төлөөх мянга мянган жилийн тэмцэл байлаа. Чухамхүү эл зорилгоо хэрэгжүүлэх гэхдээ улс, төр, цэрэг цагдаа, шүүх байгуулж, нутаг дэвсгэр өмчилж, хил хязгаар тогтоож, тариалан, гар урлал, мал аж ахуй эрхэлж, тэнгис далайд хөвж, дайн тулаан хийж иржээ. Тодорхой нийгэм бол хүмүүс зорилгоо хэрэгжүүлэх гэж бүтээсэн тодорхой хэрэглүүр мөн болно. Байгуулсан нийгэм нь тавьсан зорилгыг хэрэгжүүлж чадахгүй байгааг ойлгосон рационализаторууд шүүмжлэл өрнүүлж, тэмцэл хийж, удаах шинэчлэлд бэлтгэж, ард түмнээ гэгээрүүлэх ажилд орцгоодог байлаа. Ийм шинж, байдал бүхий тэмцэгч үгүй эрин, зуун гэж байсангүй. Тэгэвч төгс засралыг олсон гэхээр улс, нийгэм бас аль ч мянган, аль ч зуунд ер гарсангүй. Төгөлдөржүүлэх гэсэн оюун санааны хичээл зүтгэл ба практик үйл ажиллагаа зэрэгцэн явагдсаар, он жилүүд ч зуунаар, мянганаар улирсаар л байжээ. “Ингээд болчихлоо, энэ чигээр нь л үлдээе” гэхээр төлөв, байдал хаана ч буй болсонгүй. Эрэл ба туршилт үргэлжилсээр байв.
 
“Хүн төрөлхтний түүх бол байгаль-түүхийн үйл явц мөн. Энэ үйл явц өөрийн хууль, зүй тогтлын дагуу өрнөж хөгждөг. Ангиудын эдийн засгийн сонирхлоор түлхээслэгдсэн зөрчил, тэмцлээр тодорхойлогдох хуулиуд нийгэмд үйлчилдэг. Эдгээр хуулийн дагуу нийгмийн хөгжлийг ухамсартайгаар хөтлөх, жолоодох боломжтой” хэмээсэн онол бүтээж түүний дагуу туршилт хийсэн практик хүлээгдсэн үр дүнгээ бас өгсөнгүй. Энэ бол хэрэг дээрээ том шүүмжлэл, том шинэчлэл байв. Эл шинэчлэлийг олон сая хүн хүсэж хүлээж, хүч хэрэглэн байж хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгэвч мөнхүү туршилт нуран унаснаар зогсохгүй хүн төрөлхтөнд маш их хохирол авч иржээ. Ухаалаг сэтгэгчдийн боловсруулсан шалгагдаагүй онол, сургаалын үүдсэн сөрөг үр дагавар түүхэнд өөр ч олон бий юм...
 
Нийгмийн хөгжил, түүний явцад түгээмэл гэхээр зүй тогтол, хуулиуд байдаг байлаа ч гэсэн зөвхөн тэдгээрийн дагуу болон тэдгээрийн хүрээнд бүх нийгэм оршиж, хөгжиж, ижил замаар, ижил ирээдүйд хүрдэггүй гэдэг нь дурдсан туршилтуудаар батлагджээ. Нийгэм бүхэн өвөрмөц амьд организм болохын хувьд өөр өөртөө тохирсон “засвар эмчилгээг” цаг цагийг нь олж өөртөө хийх аргаар л төгөлдөршиж байх учиртай бололтой. Ийм дүгнэлтэнд Өрнөдөд ч, Дорнодод ч олон сэтгэгч хүрчээ. XXI зуунд тодорхой нийгэм бүр өөртэйгээ ажиллаж, өөр өөрийн согогийг илрүүлж, илрүүлснээ засаж, тогтвортой хөгжлийн замыг өөрөө өөртөө нээж, өөрийн хийгээд өрөөл бусдын алдаан дээр суралцаж, улмаар гараг дахины олон талт харилцааны нэгэн биеэ даасан тусгаар субъект болохын төлөөнөө махран зүтгэх нь зүйтэй байна. Хаалттай нийгмийн төлөв, байдалд удтал оршиж, царцаж, хатингаршсан Монголын нийгмийн хувьд ийм арга, хандлага тун ч чухал юм. Цэрэг, зэвсгийн оролцоотойгоор хүчээр анх тогтоосон, нэгэн суртлын дор чандлан барьсан, өөрөөр сэтгэгчдийг дайсан, эх орноосоо урвагч гэж үздэг, улс төрийн шинжтэй шүүмжлэл бүрэн хаалттай, эрх баригч намын удирдах бүлгийн авторитаризм болон хуарангийн социализмын тоталитар дэглэм хуваарьгүй ноёрхсон, Москвагийн зангаа, дохионд бүрэн захирагдсан тэр гэхийн тамтаггүй өрөвдмөөр төлөв байдалд Монголын нийгэм оршиж байсан билээ.
 
Ардуудын хүсэл, эрмэлзлийг илэрхийлдэг шинэчлэгчдийн ардчилсан нам төр барьж буй мэтээр эрх баригчид хуурамчлан сурталчилж, Монгол орон хөгжил дэвшлийн замаар өндөр хурдацтай урагшилж буй гэж худал дүгнэсээр эцэстээ улс орон минь мухардал, зогсонги байдалд орж олон талаар хямарч үлдсэн юм. Улс төр, эдийн засаг, оюун санааны талаар бүрэн хараат, хаалттай байдалд өнгөрөөсөн 70 жил Монголчуудыг номхон хүлцэнгүй, аймхай, ядуу, элдэв төөрөгдөлд гүнзгий автсан, арчаагүй хүмүүс болгож хувиргажээ. Цэрэг, зарц, шивэгчин, “ажилчин зөгийнийх” гэхээр сэтгэлзүй нийгмийн бүх анги давхраад гүнзгий зуршсан байв. МАХН, түүний удирдах дээд бүлгийн үйл ажиллагааг шүүмжлэх гэсэн цөөхөн оролдлогыг тухай бүр харгислан дарж, оролцогчдыг нь хоморголон хэлмэгдүүлж, гэр бүл үр хүүхдийг нь хүртэл хавчин гадуурхаж хохироож байлаа. Тэгсэн атлаа Монголд улс төрийн гол гол институт нь бүгд “ардын” гэсэн тодотголтой байсан билээ. МАХН бол “ардын” гэсэн тодотголтой, Монголын төр мөн “ардын төр” гэгддэг, төрийн эрх баригч хэмээх дээд хурал нь мөн “ардын” их хурал нэртэй, бас шүүх нь “ардын” шүүх нэртэй байв. Товчлон хэлэх аваас Монгол дахь авторитаризм, тоталитаризм нь “Ардын” гэсэн хуурамч багтайгаар дураараа дургиж, зоргоороо загнаж иржээ.
 
Монголд үнэхээр л ардын нам, ардын хурал, ардын шүүх, цагдаа байсансан бол ардчиллын үнэт зүйлүүд бүрэн бүтнээрээ биш гэхнээ ядаж л гол гол зүйл нь байж, үйлчилж, үр дүнд хүрч байсан байх ёстой билээ. Гэтэл хэрэг дээрээ бол юу ч байгаагүй нь үнэн юм. Ард түмэн, анги, бүлэг, бие хүний оюун ухааны шүүмжпэн илчлэх, нээх хүчирхэг чадварыг хорьж цагддаг. Олон ургальчаар сэтгэн бодох эрх чөлөөг хазаарлачихсан. Доороос, олны дундаас гарах рационал санаа, шинэчлэх уур амьсгалыг хяхан боогдуулчихсан. Асуудлыг шийдэх хэрэгсэл болсон олон нийтийн байгууллагуудыг (хүүхдийн, залуучуудын, эмэгтэйчүүдийн, өндөр настны, үйлдвэрчний, зохиолчдын г.м) нам, төр дэргэдээ авч чандлан журамлачихсан. Нам, төр ба ард түмний хооронд харилцан үл нэвчих хүнд суртлын зузаан хана босгочихсон. Нийгмийг аюулаас хамгаалах яамны гар, хөл бологчдын мэдээ, мэдээллээс цэрвэх айдас хүйдсээр сэхээтнүүдээ дарамтлан чичрүүлчихсэн. Ам нээх, толгой өргөх, өөрийнхөөрөө байх гэж оролдсон бүхнийг сэжиглэж “уруу нь дарж, ууцыг нь хугалдаг”.
 
А.С.Пушкины бичиж байсанчлан Угаагдаж цэвэршээгүй Монголын нийгэм ёстой л “эздийн орон, боолчуудын орон” байсан. Эзэн гүрэн болох ЗХУ, Москвагийн ашиг сонирхол, нэр нөлөө, шийдвэр, даалгавар нь Монголдоо бол хууль шиг хэрэгжих ёстой, зөвлөлт нөхдийг дээдлэн шүтэж, тэдэнд захирагдаж байх ёстой байлаа. Монголд эзэд нь нам, төрийн удирдлага дарга нар байв. Харин боол, зарц, шивэгчинг хөдөлмөрчид гэж нэрлэдэг байсан. Ганцаар эзэгнэн захирахад аажмаар гаршиж, мэрэгжсэн Ю.Цэдэнбалыг хот, хөдөөгийн 200 гаруй том дарга-бялдууч нар тойрон хүрээлсэн, шудрага шүүмжлэл бүрэн хаагдсан, тийм гэж оноон нэрлэхэд төвөгтэй хөгийн нийгэм Монголд бодит байдал болон тогтсон байв. Хот, хөдөөгийн иргэд, сэхээтнүүд нам, төрийн удирдах дээд бүлгийн засаглах үйл ажиллагааг хянах, шүүмжлэх, илүү боловсронгуй болгох, шаардлагатай гэж үзэх аваас төрийн байгууламж ба эрх баригчдын эгнээнд шинэтгэл, засвар, халаа, солио хийхийг хүсэх, оролдох ямар ч эрхгүй байлаа. Төөрөлдсөний дээр аймхай хулчгар болж деформацлагдсан олон түмэн эрх баригчдын гарт хүүхэлдэй болон эргэлдсээр, хүнээ алдаж гүйцээд байв. Өөрсдийн нь гараар өөрийг нь хохироож, хороож, доромжлон гутааж буйг ч олон түмэн ойлгохоо больсон байжээ. Бүхий л төрөл, шатны сонгуулийн үр дүнг ард нийтийн олонхийн саналын эцсийн үр дүн болгон харуулж чаддаг далд увидаст механизм Монгол оронд шүглэж түүнд автагдсан хүмүүс эргэлзэж тээнэгэлзэхийн ч чадавхгүй болж хоцорчээ. “Бүх нийтийн, тэгш, шударга, шууд, нууц сонгууль” Монгол оронд олон арван жилийн туршид” цэцэглэн хөгжиж ирлээ” хэмээн МАХН-ын их, бүгд хуралд тавьж хэлэлцүүлсэн улс төрийн илтгэлүүдэд үнэлж, дүгнэсээр л байсан билээ. Гэтэл яг хэрэг дээрээ бол түүнд ардчилсан, чөлөөт сонгуулийн үнэр ч байсангүй. Ухамсар, төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлж байдаг “Хуурамчлал”-ын ид шид ийм ажээ.
 
 
Бүтээлч шүүмжлэл, чөлөөт мэтгэлцээн, нээлттэй хэлэлцүүлэг, ашиг хожоо горилохгүйгээр нийгмээ, орчноо өөд нь татахыг хүсэгчдийн яриа, сурталчилгаа бол яалт ч үгүй ардчиллын эрүүл уур амьсгал, амин чухал хэрэгцээ юм.
 
 
 
Иймээс шүүмжлэх, мэтгэлцэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хуульчилж, тэдгээрийн орших, өрнөхөд хэрэгтэй бүхий л боломж, нөхцлийг нь бүрэлдүүлж, ашигтай зүйлсийг нь төрийн бодлогонд авах, тусгах механизмыг тогтоож, холбогдох байгууллага, газрыг нь буй болгож, санхүүгийн шаардлагатай дэмжлэгийг байнгад үзүүлдэг байх өстой. Ахмад, дунд, залуу үеийн төлөөллийг мөнхүү яриа, мэтгэлцээн, хэлэлцүүлэгт ижил тэгш оролцуулж үндэсний оюун санааны амьдрал дахь уламжлал, залгамжлалыг ч бас зохистойгоор хослуулж байх учиртай. Үе үеийн шинэчлэгчдийг салгах, хөндийрүүлэх бус харин холбох, нэгтгэх аваас нийгэм дэх үл ойлголцлын хүнд зовиур арилах болно. Нээлттэй, чөлөөт нийгмийг бүтээхийн тулд улс үндэстнийхээ онцлогт тохируулан либераль ардчиллыг хөгжүүлэхээс өөр зам үгүй юм. Бүх талаар төгөлдөршиж боловсорсон ардчилал бол нээлттэй, чөлөөт нийгэмд хүрэх ганц бодит арга ажээ.
 
Хүмүүсийн асуудлыг шийдэх нийгмийн хэрэгсэл болж төр анх гарч ирсэн боловч тэрээр аажмаар зөвхөн аль нэгэн цөөнхийн ашиг, сонирхолд давуутай үйлчилдэг хэрэгсэл болж хувирчээ. Энэ шинж нь элдвээр даамжирч, бүр элдэв хуурамчлалтай холбогдон ард олноос хөндийрч, хүнийсч, эцэсдээ “бүрмөсөн устгачихаж болдоггүй хэрнээ бас тэвчиж байхын аргагүй” тийм зүйл болсон ажээ. Төрийн шинж, чанарыг өөрчлөх гэсэн элдэв оролдлогоор хүн төрөлхтний түүх үнэхээр баян билээ. Хүмүүс, үндэстнүүд, улс орны тоо өсөхийн хэрээр төрийн хүч, нөлөө, үүрэг дагалдан өссөөр байжээ. Шашин суртлаар дэмжигдэж, шашинтай хамтран ажиллах болсноор төр нь анхны зориулалт, оноосон үүргээ умартаж, гарал, үүслээ хүртэл тэнгэрээс, бурхнаас улбаатай болгон гуйвуулж, нийгэм ба ард түмний дээр орших тавилантай ер бусын хүч мэтээр өөрийгөө дөвийлгөн үзүүлэх болжээ. Энэ зорилгыг ч гэсэн биелүүлж чадах гол арга, хэрэгсэл бол үнэндээ либеральчлал ба ардчилал болно. Түүхэн хөрс, сууриндаа идээшиж суусан, боловсорсон, хөгжсөн, либераль соёл-иргэншлийг гараг дахинаа тогтоох учиртай байна. Одоохондоо энэнээс өөр илүү ухаалаг арга, замыг хүмүүсийн оюун ухаан олж ашиглаж чадаагүй байгаа билээ.
 
 
                                                                        Эх сурвалж: Sonin.mn    Судлаач, профессор Д.Чулуунжав
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 цаг 14 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 цаг 29 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?4 цаг 42 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 цаг 45 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 цаг 45 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 цаг 47 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 цаг 48 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 цаг 53 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 цаг 55 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 цаг 58 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)5 цаг 1 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно5 цаг 5 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14
 Facebook Twitter Youtube