Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-11 нд нийтлэгдсэн байна.

Г.Тэмүүлэн: Олон улсад органик хүнсний зах зээл 100 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр байна

4/ 11/ 2022    9 цаг 15 минут

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Үнийн өсөлтийг хазаарлахын тулд Засгийн газраас нэг төрлийн үнэ тогтворжуулах арга хэмжээ авахаа зарлалаа. Хувь гишүүний хувьд та үүнээс өөр ямар гарц шийдэл байна гэж үзэж байна вэ?

-Зөвхөн манай улсад бус дэлхий нийтэд ийм нөхцөл байдал үүсчихээд байна. Тэр дундаа Европ болоод Азийн орнуудад түлхүү мэдрэгдэж байна. Өнөөдөр үүссэн энэ нөхцөл байдал бол өнгөрөгч хоёр жил үргэлжилсэн цар тахал, залгуулаад гарсан Украин-ОХУ-ын зэвсэгт мөргөлдөөн, цаашлаад урд, хойд хөршийн хил, боомтын гацаанаас үүдэлтэй гэдгийг бүгд мэдэж байгаа байх.

Нөхцөл байдал тодорхойгүй байна. Энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэх нь биднээс үл хамааралтай олон улсын асуудал болчихоод байна л даа. Эдийн засагт учирч байгаа энэ хүндрэлийг цаашид учирч болох хамгийн муу хувилбараар тооцож үзээд түүнд бэлтгэлтэй байх нь нэн чухал байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэл гурав, дөрвөн сарын дараа хямралын түвшинд хүрч магад гэж тооцоолж, түүнд бэлтгэлтэй байх шаардлагатай. Инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсч байна. Бензиний үнэ их хэмжээгээр нэмэгдэх эрсдэл байна. Сарын өмнөөс дэлхийн зах зээл дээр түүхий тос нефтийн үнэ 10, 20 ам.доллараар нэмэгдчихлээ. Үүнээс гадна Монгол Улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг.

Тиймээс эдийн засгийн хүндрэл, эсвэл хямрал байлаа ч хохирол багатайгаар даван туулах шийдэлтэй байх ёстой. Хямралын хүнд, эрсдэлтэй энэ цаг үед зоригтой, шийдэмгий шийдвэрүүд гаргах ёстой. Тухайлбал, эдийн засаг болоод төсөв санхүүгийн хувьд өмнө нь яригдаж байсан ч хэзээ ч хийгдэж байгаагүй, хүсээгүй гарц шийдлүүдийг хийж болно гэж харж байгаа.

-Зоригтой, шийдэмгий шийдэл гэж та чухам юуг хэлж байна вэ?

-Урт болоод богино хугацаанд хэрэгжүүлэх гурван шийдэл байна гэж бодож байна. Нэгдүгээрт, УИХ, Засгийн газраас хямралыг даван туулах эрсдэлийн төлөвлөгөөг боловсруулъя. Өрийн менежмэнтийн төлөвлөгөөг оруулж ирье. Эрсдэлтэй, хямралын цаг үед хувийн хэвшил, үндэсний аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих, эдийн засгаа хэрхэн тэлж, дэмжих вэ гэдэгт зах зээлээ дэмжсэн тодорхой бодлого гаргах хэрэгтэй байна.

Татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх үү, ямар бодлого хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлмоор байна. Үүнийг хүндрэл эхэлж байгаа энэ цаг үед хийхгүй бол нөхцөл байдал хүндэрсний дараа хязгаарлалт, үнэ тогтворжуулах, үнийн хориг тавих боломж бололцоо үүсэхгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг хагас жилээр ч юмуу, үечлэлтэйгээр УИХ-д оруулж ирж, түүнийгээ хэдхэн сарын дараа дахин шинэчилж болно шүү дээ. Хоёрдугаарт, хүссэн ч хүсээгүй ч төсвийг тодотгох зайлшгүй шаардлага үүссэн. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө гаргаж байгаатай холбогдуулж хүсээгүй гарц гаргалгаа шийдлүүдийг гаргах хэрэгтэй.

Өмнө нь баталсан хөрөнгө оруулалтаа татаж байсан, танаж байсан түүх бидэнд байхгүй. Энэ хүнд цаг үед бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх яаралтай шаардлагагүй барилга байшин хөрөнгө оруулалтуудаа зоригтойгоор татаж, танах шийдлийг хэрэгжүүлэх нь зөв байх. Учир нь тэртэй тэргүй хил гааль хаалттай, барилгын бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсчихсөн байхад барилгын компаниуд энэ хүнд цаг үед байшин барилга барих бараг боломжгүй болж байна. Нөхцөл байдал ийм байгаа цаг үед хөрөнгө оруулалтын биелэлт тааруу дүнтэй гарах байх. Энэ цаг хугацаанд төсөв мөнгийг үр дүнгүй царцааж байхаар эрх ашгийн эрэмбээр эрэмбэлж нэн шаардлагатай асуудалдаа зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн шаардлагатай сегментээ вакцинжуулаад үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бололцоо байна. Үүнтэй адилхан мөн эрэлт дэмжсэн мөнгөний нийлүүлэлтээ татах нь зөв байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Ипотек 6 хувь зээл гэх мэт эрэлт дэмжсэн мөнгөний нийлүүлэлт, хөнгөлөлттэй зээл зэрэг зүйлээ татах нь зөв байх. Засгийн газар, Монголбанк онцгой анхаарч, шийдэл гаргах хэрэгтэй. Үнийн өсөлт, инфляцийн гол буруутан нь биднээс хамаарахгүй хил гааль, цар тахал, европт болж байгаа зэвсэгт мөргөлдөөн, тээвэр ложистик гэж тайлбарлаад байна. Бодит байдал дээр энэ үнэн. Гэхдээ нэг талаас энэ нь өнгөц тайлбар гэж бодож байна.

-Яагаад. Хүн бүр л ингэж тайлбарлаж байгаа шүү дээ.

-Дотоодын зах зээлээ бий болгож өөрөө өөрсдийгөө аваад явах чадавхтай болсон улс орнууд энэ хүндрэлийг ажралгүй даван туулж байна. Том зургаар харвал, үндсэндээ өнгөрсөн 30 жилийн манай төрийн бодлого, тогтолцоотой холбоотой. Олон жил эдийн засгийн алдаатай бодлого явуулж байсны үр дүн нь энэ. Тиймээс бид уналтын хамгийн хүнд энэ цикль дээрээ үүнд үнэлэлт дүгнэлт хиймээр байна. Эрх ашгийн эрэмбээр шийдэх ёстой зах зээл, дэмжих ёстой салбараа эрэмбэлж төр засгийн зүгээс хангалттай дэмжих, хувийн хэвшлээ хөгжүүлж бойжуулах, дотоод зах зээлээ тэлэх шаардлага байна. Өнөөдөр чөлөөт зах зээл гэдэг зүйл байхгүй болчих вий гэсэн айдас нийгэмд байна. Эдийн засагт төр нь оролцдоггүй, хувийн хэвшлээ дэмждэг, төрийн шууд оролцоог хязгаарладаг байх асуудлыг хууль эрх зүйн орчинд гаргаж, өмнөх 30 жилийнхээ алдааг дараагийн 20, 30 жилдээ зориулж засъя. Ер нь цаашид эдийн засагт, бизнест төр оролцмооргүй байна. Төр үнийн зохицуулалт хийдэг, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг, тодорхой хэмжээний татаас дэмжлэг үзүүлдэг энэ байдал нь том зургаараа зах зээлийн зарчимд дарамт болоод байгаа юм. Тиймээс бид энэ чиглэлд зарчмын том өөрчлөлт гаргамаар байна. Нэг талаас өнөөдөр төрийн татаас дэмжлэггүйгээр, төрийн оролцоогүйгээр явдаг салбаргүй боллоо. Эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, уул уурхай гээд нэрлэж болно. 20, 30 жилийн өмнө энэ алдаатай бодлогоо засаж, залруулчихсан бол өнөөдөр ийм байдалд орохгүй байх боломж байж гэж харж байгаа. Тиймээс өнгөрөгч 30 жилийнхээ алдаан дээр үндэслэж гаргасан том алдаагаа засаж залруулах шаардлагатай байна.

-Төрийн оролцоог шууд утгаар нь яаж багасгах вэ. Яриад л байдаг ажил хэрэг болдоггүй шүү дээ. Ухаалаг гарц нь таныхаар юу вэ?

-Хүнд цаг үед бид гарц шийдлээ л хайж байна шүү дээ. Уул уурхайн салбарыг жишээ болгож ярихад, манай улсад өнөөдөр маш олон төрийн өмчийн компаниуд бий болчихоод байна. Төр өөрөө шууд оролцдог болсон. Бараа бүтээгдэхүүнд төр зохицуулалт хийж үнийн татаас дэмжлэг, урамшуулал олгодог болсон. Энэ нь нэг талдаа дэмжиж туслаад байгаа юм шиг хэрнээ нөгөө талд тухайн салбарыг үгүй хийгээд байгаа юм. Төрийн өмчит компани гэж байгаа л бол түүнийг зөвхөн компани гэдэг үүднээс харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компаниудад төрийн ямар нэгэн дэмжлэг туслалцаа, шууд оролцоо хэрэггүй. Ямар нэгэн дарамт, шахалт ч хэрэггүй. Компанийн засаглалын дагуу хувийн хэвшлийн 60 мянган аж ахуйн нэгжийн адилаар чөлөөт зах зээлийн зарчмаар өөрсдийнхөө үйл ажиллагааг өөрсдөө аваад явах ёстой. Арилжааны зарчмаар ажиллах ёстой. Хараат бусаар ажиллах ёстой. Энэ нөхцөлийг бид бүрдүүлж өгөх ёстой. Хэрвээ Эрдэнэс Монголын цаана уул уурхайн компаниудаа бий болгоно ч гэдэг юмуу, эсвэл эрчим хүчний тодорхой компаниудыг бий болгоно, хөдөө аж ахуйд суурилсан тодорхой сангуудыг бий болгоно гэж байгаа бол сая хэлсэн зарчмыг л баримтлах ёстой. Компани засаглал нь үүссэн байх ёстой. Мэргэшсэн боловсон хүчин байх ёстой. Ямар нэгэн улс төрийн оролцоогүйгээр боловсон хүчнээ өөрсдөө сонгон шалгаруулж авдаг байх ёстой.

Гэтэл манайд эсрэгээрээ буюу хамгийн муу засаглал, мэргэшсэн бус, ил тод бус, улс төрийн шууд оролцоо ихтэй байна шүү дээ. Угтаа бол Засгийн газраас хамааралгүй ажиллах ёстой. Тэнд Засгийн газар оролцож байвал тэр хэмжээгээр нөлөөлж байна гэсэн үг. Тэр хэмжээгээрээ ч алдагдал бий болгоод байгаа юм. Тиймээс төрийн шууд оролцоог хязгаарлая гэдэг нь ийм учиртай. Хэрэв бид засаглалыг бий болгож чадахгүй бол шууд оролцоог шууд утгаар нь хязгаарлах ёстой болчихоод байгаа юм. Хувийн хэвшилд эрхийг нь шилжүүлэх хэрэгтэй. “Хөгжлийн төв” гэсэн нэр хаа сайгүй бий болчихлоо. Харахаар компани ч юм шиг. Эдгээр байгууллагын шаардлага байна уу, үгүй юү. Хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод өөрсдөө хийчихмээр ажлуудыг тэд өмнөөс нь хийгээд байна уу. Энэ мэт ажлуудад төр оролцохгүйгээр бодлогын зохицуулалтаа хийх ёстой. Энэ бол зарчмын суурь өөрчлөлт. Жишээ нь, уул уурхайн салбарт бодлогын өөрчлөлт оруулъя гэвэл төр өөрийн үр өгөөжийг яаж авах ёстой вэ гэсэн тоглоомынхоо дүрмийг тодорхой болгох ёстой. Заавал төрийн өмчит компаниудын ногдол ашгийг авах гээд байгаа юм уу, эсвэл төр заавал хувь эзэмшиж компани байгуулж ашигтай ажиллуулаад орлогоос нь ногдол ашиг авч орлогоо бүрдүүлэх гээд байгаа юм уу гэдэг асуудал бий. Олон улсын зах зээлийн суурь зарчим бол төр өмчлөх эрхээ хувийн хэвшилд шилжүүлж зах зээлийг бий болгож ашиг олох бололцоотой. Харин энэ нь зөвхөн татвараар бий болж байгаа юм. Тиймээс ногдол ашгаар бус татвараар орлогоо бүрдүүлдэг тогтолцоо руу бид шилжье. Суурь тоглоомынхоо дүрмийг тодорхой болгох шийдэл гаргавал яасан юм бэ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр өгөөжөө хүртэх зөв зохицуулалтыг бүгдээрээ хамтдаа бий болгоё гэж байгаа юм. Үр өгөөжийн асуудлаас гадна төрийн хувь эзэмшил, компанийн асуудал үүснэ. Заавал төр хувь эзэмшдэг байх уу, заавал компани байгуулдаг байх уу. Засаглалыг нэгэнт бий болгож чадахгүй бол үүн дээр цэг тавиад зарчмын суурь өөрчлөлтийг хийвэл яасан юм бэ гэдэг асуудал байгаа юм.

Уул уурхайн салбарт төрийн оролцоо, хувь эзэмшлийг байхгүй болгочихвол стратегийн орд цаашид байх ёстой юу үгүй юү, эсвэл олон улсын жишигт нийцүүлж стратегийн ордоо стратегийн бүтээгдэхүүн гэж өөрчлөх ёстой юу гэдгийг шийдэх хэрэгтэй. Зөвхөн тэр бүтээгдэхүүнд төрөөс хяналт тавьдаг баймаар байгаа юм. Гэтэл бид их “марзан” тогтолцоотой. Тодруулбал, зах зээлийг хөгжүүлнэ, бизнес хувийн хэвшлийнхнийг дэмжинэ гээд байгаа мөртлөө жишээлбэл, уул уурхайн салбараас стратегийн ордыг аваад үзвэл хувийн бизнес нь жаахан томроод ирэхээр “Стратегийн ангилалд наадахыг чинь авна. 34 хувийг нь автоматаар авна” гэдэг “хадны мангаатай болчихоод байгаа юм. Энэ нь уул уурхайн салбарт ил тод байдлыг бий болгохгүй байна. Мөн үүний уршгаар хүмүүс хайгуул хийхийг хүсэхгүй байна. Тухайн олборлолтын талбайгаа томруулахыг хүсэхгүй байна. Өнгөрсөн 20, 30 жилийн хугацаанд Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт шиг том уурхай гарч ирсэнгүй. Хэрвээ 20, 30 ийм уурхай, ийм үйлдвэрүүд бий болчихсон бол бид нэг компаниас хараат байхгүй. Монгол Улсын эдийн засаг төрөлжчихсөн байх байсан. Бидний байгаа байдал, тоглоомын дүрэм, суурь зарчим буруу байгаагаас үүдэж эдийн засаг тэлэхгүй байна. Үүнээс болж баялгийн хуваарилалт тэгш бус, хүртээмжгүй байгаа юм. Тиймээс хүртээх үр, эдийн засгийнхаа далайцыг том болгох шийдлийг бид үүнийг өөрөөр харж шийдмээр юм билээ. Цаашид эдийн засгаа дэмжсэн, төр нь хувийн хэвшлийнхээ зах зээлтэй өрсөлддөггүй байдлыг бий болгомоор байна. Хууль зүйн талаас хууль нь ойлгомжтой, тодорхой байх зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхгүй бол уул уурхай шиг эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулагч ч гэдэг юмуу, дотоодын аж ахуйн нэгжүүдийнхээ итгэлийг нэмэгдүүлэх боломжгүй болоод байгаа юм.

-Энэ үед бүх салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжүүлнэ гэвэл амаргүй л байх даа. Хэрэгжүүлэх илүү дөхөм салбар нь юу вэ?

-Чөлөөт зах зээлийн зарчмаар байгуулах ёстой хоёр салбар байгаа юм. Тодруулбал, ДНБ-ийхээ нийт экспортын орлогыг бүрдүүлж байгаа уул уурхайн салбар, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж байгаа хөдөө аж ахуйн салбар. Энэ хоёр салбар зөв тогтолцоотой болж байж бусад салбараа дагуулж хөгжүүлэх шинэ жишиг зарчим бий болно. Зах зээлийн зарчмаар өөрөө хөгжих боломжтой дараагийн салбар нь эрчим хүч. Бид Усан цахилгаан станц барина гэж 20 жил, Таван толгой, Тавдугаар цахилгаан станцыг 10 орчим жил ярьсан. Аль нь ч ажил хэрэг болсонгүй. Энэ бүхэн бидний алдаатай, сэтгэлгүй, шийдэмгий бус байгаатай холбоотой. Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийг хийхгүй бол том төслийн санхүүжилтийг босгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт татахад сөргөөр нөлөөлж байна. Хэрэв үнэ тарифын шинэчлэлийг эхлүүлсэн бол, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, ил тод, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан бол өнөөдөр зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын ч хөрөнгө оруулалт бий болчихсон байх байсан.

-Эдийн засгийн хоёр дахь том тулгуур болсон хөдөө аж ахуйн салбараа либералчилчихвал бидэнд их том боломж үүсэх байх даа...

-Хөдөө аж ахуйн салбарт том шинэчлэл хэрэгтэй байна гэж хардаг. Энэхүү салбар бидний хувьд асар их боломж бололцоо байгаа юм. Учир нь Монгол Улсын мал аж ахуйн салбар онцлогтой. Дэлхийд цөөхөн улс орнууд нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа. Дэлхийн зах зээлд эрчимжсэн мал /аж/ахуйн бүтээгдэхүүнтэй манай малын гаралтай бүтээгдэхүүн бага үнээр өрсөлдөх боломжгүй. Харин нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуйтай учраас байгалийн, органик хүнсний бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулах, органик бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх боломж бүрэн байгаа юм. Органик хүнс болоод байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүд эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс доод тал нь 4-5 өндөр үнэтэй байх боломжтой. Жишээ нь, 2018 онд дэлхийн хүнсний зах зээл дээр органик хүнсний зах зээл 98.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан. Тэгвэл 2025 онд 341 тэрбум ам.доллар болж тэлнэ гэсэн тооцоолол гарсан. Одоогийн байдлаар 214 тэрбум ам.доллар байна. Гурван жилийн дараа 100 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр байна. Жилээс жилд энэ зах зээл тэлж байна. Бидэнд ийм бодит боломж бололцоо байна. Өнөөдөр магадгүй Дундговь аймгийн Адаацаг сумын агь, таанатай ургамал идсэн хонины мах давуу тал, онцлогтой байж болно. Газар нутгийн онцлог, давуу тал, нутаг байршил өндөрлөгөөс хамаарч энэ бүхэн нь өөр өөрсдийн давуу тал брэндийг бий болгоно.

Гэтэл үүнийг бид эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Бид мах гаргана гэж 10 жил ярьсан. Гэтэл хагас болон бүтэн боловсруулсан махыг экспортолж байна. Шинэ махны зах зээл гэдэг асар их эрэлт хэрэгцээтэй зах зээл байдаг. Эдийн засгийн эргэлтэд оруулахад дэлхий биднээс шаардаж байгаа зүйл нь танай мах бүртгэлтэй юү, ээмэгжүүлэлтэд хамрагдсан уу. Гарал үүсэл нь тодорхой юу. Аль аймаг сумынх вэ. Хэн гэдэг малын эмч үзлэг баталгаажуулалтад хамруулсан юм бэ. Түүнчлэн эрүүл мэндийн баталгаатай эсэхийг баталгаажуулж чадах юм уу. Гарал үүслийн бичиг нь байгаа юу. Угаалга, туулга, вакцинжуулалтдаа хэзээ хамруулсан юм бэ. эсвэл малынх нь үржлийн ажил чанартай юу, ямар үйлдвэр угсааных вэ. Ямар өвс эмийн ургамал идэж уусан юм бэ. Тэжээлээр бордсон эсэх зэргийг тодорхой болгохыг шаардаж байгаа юм. Тиймээс бид өөрсдөд байгаа байгалийн өгөгдөл, уламжлалт мал аж ахуй дээр суурилж ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлт буюу дээрх бүх мэдээллийг цахимд оруулах ухаалаг шилжилтийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэх шаардлагатай байна. QR код уншуулаад бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангасан мал эмнэлгийн баталгаатай эрүүл мал, эрүүл бэлчээрээс хариуцлагатай малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдэг мэдээлэл, баталгаажуулалтыг харахыг хүсээд байгаа юм. Үүнийг нэвтрүүлэхэд хууль эрх зүйн орчин нь хангалттай байна. 2018 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэнд тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулиар үүнийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. 3000-3500 төгрөгийн үнэтэй сим карттай цахим ээмгийг үржил таваарт нэвтрүүлснээр цахим шилжилтийг орон нутагт нэвтрүүлэх боломжтой болно. Хамгийн гол нь Монгол Улсын бүх таваар болон мал, малын гаралтай бүх бүтээгдэхүүн гарал үүслийн баталгаатай болно. Түүнчлэн шүлхийнээс эхлүүлээд малын гаралтай гоц халдварт өвчний тархалтыг хумих боломж нээгдэнэ. Мөн малын хулгайг хянах, хязгаарлах боломжтой. 22 товчоогоор орж ирж байгаа бүх малыг хэдэн минутын дотор ээмгээр нь хянаж бүртгэлийг баталгаажуулах боломжтой. Шилжилт хөдөлгөөн өөрөө хяналттай болно гэсэн үг л дээ. Үүнээс гадна гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаа нь ч тодорхой болчихно. Ингэж хөгжүүлснээр өнөөдөр бий болгож чадахгүй байгаа малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох экспортын зах зээл, үүд хаалга нээгдэнэ. Энэ бол тэрбум тэрбум ам.доллараар хэмжигдэх эдийн засгийн шинэ гарц, зах зээл тэлэх боломж бололцоо байна гэж харж байгаа.

Р.Хишигжаргал

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube