Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-18 нд нийтлэгдсэн байна.

Хоёр том хөрш

4/ 18/ 2022    16 цаг 00 минут
Монголчууд бид хоёр том хөрштэйгээ мянга мянган  жил хамт амьдарч ирсэн. Гэтэл орчин үеийн Монголчууд ихэнхи нь үнэн чанартаа хоёр хөршөө сайн мэддэггүй. Ихэнхи монголчууд хойд хөршөө  “Орос улс бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа, Орос улс байхгүй бол монголчууд бид байхгүй байх байсан” хэмээн хоосон магтдаг бол өмнөд хөршөө “муу хужаа, муу хятад” хэмээн хий хоосон муучилдаг.   
Яагаад бидний хоёр хөрш дэлхийн том гүрэн болж яагаад тэднийг захирч явсан монгол үндэстэн бид  жижиг улс болж хэлмэгдэж явсныг  эдүгээ бараг хэн ч мэдэхгүй болжээ. Орчин цагийн Монгол улсын үе үеийн ерөнхийлөгч, гадаад явдлын яамны сайд нар гадаадад айлчилж байхдаа” Монгол улс хоёр хөрш улстайгаа газар нутгийн ямар ч маргаан байхгүй” хэмээн сүржин мэдэгдэл хийдэг. Хятад улсад айлчилахдаа тэд “Монголчууд бид нэг хятадын бодлогыг дэмжиж байна. Тайвань, Хонконг бол хятадын салшгүй бүрэлдэхүүн хэсэг. Уйгур, Түвд бол хятадын салшгүй нэг хэсэг” хэмээн сүржин мэдэгдэл хийдэг. Энэ мэдэгдлүүд бол аль дээр үеийн коммунист улаантны суртал ухуулга байсан юм. Одоо болтол Монголын удирдагчид тэрхүү улаантны үеийн коммунист  ухуулгыг  тоть шиг давтах аж.Өсвөр залуу үе маань  хөрш хоёр орны үнэн түүхийг мэдэх ёстой. Үнэн түүхийг би  өгүүлсү.
 
Нэг. Хойд хөрш Орос улс
 
Эртний Орос орныг анх 862 онд Варяжийн ноён Рюрик гэдэг хүн байгуулсан гэдэг. 
 
 
Оросын түүхчид монголын нөлөөн дор хоёр зуун жил оршин тогтнож улмаар хүчирхэг гүрэн байгуулах нөхцөл нь бүрдсэн гэдгийг огт хүлээн зөвшөөрдөггүй юм. Гэвч энэ бол түүхэн үнэн юм. 
 
 
Чингис хааны ууган хүү Зүчи, түүний хүү Бат хаан 1237-1242 онд Оросын вангуудын цэргийг бутцохиж Алтан улсыг (Золотая орда) байгуулж энэхүү монголчуудын байгуулсан Исламын эзэнт улс 1380 он хүртэл хоёр зуун жил шахам оросуудыг захиран оршин тогтнов. Монголчууд Оросыг яаж ялсан юм бэ. Анхны тулаан Калка голын орчим болсон. Монголын Бат хаан, Сүбээдэй жанжин нар оросын вангуудад элч явуулж “Бид та нартай байлдах санаа алга. Харин та нар дээр биднээс зугатан очсон Кипчакийн хааныг бидэнд өгнө үү. Бид Оросыг эзлэх ямар ч санаа байхгүй” гэсэн захидал явуулжээ. Гэвч оросын вангууд монголчуудын явуулсан 5 элчийг цаазалсан аж. Ингээд Бат хаан, Сүбээдэй баатар хоёр 20 000 монгол цэргээ засаж орос кипчакийн нэгдсэн 150 000 цэрэгтэй армийг бутцохисон байдаг юм. Оросын армийг 9 хоног төөрүүлэн цувруулж Калк голын дэргэд ирээд гэнэт монголчуудын гол хүч тэднийг бүсэлж 100 000 цэргийг нь хиар цохиж бусдыг нь зугатаалгаж ялалт байгуулсан байдаг. Оросууд ийнхүү хоёр зууны туршид монголчуудаас төрт ёсыг суралцан үүнээс улбаалж Москваг тойрсон их Орос улс үүсэх үндэс нь болсон. Үүнээс өмнө нь Орос нэгдмэл байгаагүй, тархай бутархай олон жижиг вант улсаас бүрддэг байжээ. Киевийн Русь, Новгород гэх мэтээр тус тусдаа оршин байв. Монголчууд оросуудад төрийн алба хэрхэн залгуулах, цэргийн хүчирхэг арми хэрхэн байгуулах,байлдааны тактикийг хэрхэн буй болгох, өртөө шууданг хэрхэн байгуулах,  албан татвар хэрхэн авч төр улсыг тохинуулах зэрэг төрийн үй олон чухал ажлуудыг ойлгуулж өгсөн. Казахстаны Кукшкин гэдэг нэгэн орос эрдэмтэн “Орос орны эцэг нь Чингис хаан, эх нь Византийн соёл” хэмээн хэлж байсан нь үнэн үг юм. 1480 онд Москвагийн их ван Иван монголчуудад албан татвар өгөхөөс анх татгалзан Новгородын вант улсыг нэгтгэв. Орос улс эрт дээр үед Византийгаас үнэн алдартны шашныг хүлээн авсан нь тэднийг соёлтой болгосон. Монголын Бат хаан оросыг анх эзлэхдээ Москваг хоёр удаа галдан шатаажээ. Харин Бат хаан Оросын үнэн алдартны шашинд нь гар хүрээгүй, хүндэтгэлтэй хандаж үнэн алдартны шашны сүмүүдээс татвар авдаггүй байв. Эсэргүүцсэн орос цэрэг, вангуудыг монголын цэргүүд устгаж байв. Дагасан бүхнийг ивээлдээ авч тэтгэн дэмжиж байв. Монголын цэргийн сүр хүчнээс айсан өрнөдийн улсууд тэр үеийн Орос оронд халдаж зүрхлэхгүй байв.
 
Арван наймдугаар зууны эхэн хүртэл Орос орон дорно дахины улс мэт дэг жаягтай байлаа. Харин Алтан орд улс үгүй болсны дараа 1618 онд польш, шведүүд Орос руу интервенц хийж довтолж байв. Харин 1682 онд Оросын идэр залуу хаан Петр Герман, Нидерланд хүртэл өрнөд европоор аялж хөлөг онгоцон дээр мужааны ажлыг хүртэл хийж энэ хугацаанд өрнөдийн их хөгжлийг өөрийн нүдээр үзэж европын техник шинжлэх ухаан, далай тэнгисийг эзэмшсэн технологийг эзэмшихгүйгээр Орос орноо европын хэмжээнд хүргэж чадахгүй гэдгийг сайтар ойлгосон аж. Петр эх орондоо ирмэгц шинэтгэлийн ажилдаа орж армийг шинээр байгуулж далайд гарах гарцыг цэргийн хүчээр олох ёстойг ухаарав. Их Петр хаан (1682-1725 онд хаан ширээнд суусан)  Балтийн тэнгис Орос орны хөгжилд онцгой ач холбогдолтойг сайтар ойлгосон тул Турк, Крымийн хаантай хийсэн дайнаа зогсоож Балтийн тэнгис руу гарах гарцыг хааж зогссон өрнөдийн хүчирхэг Швед улсын эсрэг Польш, Данитай хамтарсан цэргийн эвсэл байгуулав. Гэвч орос цэргийн анхны дайралт бүтэлгүйтэж орос цэргүүд 1700 онд Нарвын дэргэд Шведийн Карл хааны цэргүүдэд бут цохигдов. Гэвч Петр хаан няцсангүй, 1709 онд Шведийн хоёр довтолгоог бут цохиж Полтавын дэргэд ялалт байгуулсан нь Орос улс европ руу далайд гарах гарцтай болох үүдийг нээсэн чухал үйл явдал болов. Петр хаан Шведийг ялсны дараа Турктэй дайн хийж ялагдаж Азовын тэнгисээ алдаж түр найрамдал байгуулав. Петр хаан энэхүү түр амсхийлтийг ашиглан цэргээ умар зүг эргүүлж 1714-1720 онд Шведийг бүрмөсөн ялж Орос улсын мэдэлд Рига, Финийн буланг бүхэлд нь авч европд хүчирхэг усан флот байгуулав. Чухам энэ үеэс Орос улс Оросын эзэнт улс (импери) болж Петр император буюу их эзэн хаан болсон юм. Петр хаан Орос орныг хойш нь татагчдийг үздэггүй байв. Дураар дургигч бояр нарын сахлыг нь хүртэл тайрч байв. Петр хаан 1725 онд нас барлаа.
 
Орос орон дахин харанхуйн мананд умбав. Оросууд 1715-1720 онд Иртыш мөрний эхийг эзлэн авч Омск, Семипалатинск хот бэхлэлтүүдийг байгуулан тэндээс Бухар, Хиви руу довтлов. Кавказад нэвтрэн Бакуг Оросын эзэнт улсын мэдэлд авав. Петр хаанаас хойш 37 жилд ордны эргэлт 5 удаа гарч оросын төр дотроо самуурч байв. Гэвч оросын төр хямралаас гарсны дараа 1756-1763 онд Орос улс Прусстай 7 жил дайтаж Кенигсбергийн цайзыг оросын цэргүүд эзэлж улам цаашлан анх удаа германы Берлинд довтлон оров. Оросууд чанх умар, зүүн тийш Арктик, Сибирь, Камчаткийг нээж Номхон далайн эрэгт тулж зогсов. Оросууд Монголын хойгуур дайран өнгөрч алс дорнодын Амар мөрөн дээр Манж Чин улсын харуулын цэргүүдтэй тулж ирэв. Орос оронд Екатерина хоёрдугаар хатан хаан 1762 оноос эхлэн Орос орныг европчлох оролдлого хийж газар нутгаа тэлэв. Екатерина хатан хааны үед 1772 онд Орос улс Прусс, Австри улсын хамт Польш улсыг анх удаа хэсэглэн хувааж авав. Орос гүрэн цаашид улам дайны түрэмгийллээ үргэлжлүүлж Туркийн эсрэг дайн хийж Днепр, Дунай мөрний хоорондох бүх газар нутгийг туркуудээс булаан авав. Оросын алдарт жанжин Суворовын цэргүүд энэ дайнд гарамгай гавьяа байгуулав. Оросын цэрэг Крымийг эзлэн авч Босфор, Дарданеллийн хоолойгоор Газрын дундад тэнгист гарах эрхийг олж авав. 1787-1791 онд Суворов, Ушаковын орос цэргүүд Хар тэнгисийг Туркээс чөлөөлж европоос туркуудыг хөөв. Орос улс хоёр фронтод зэрэг дайтаж 1790 онд Шведийг ялав. 1793 онд Польшийг Прусстай хамтран дахин хувааж авав. Польшид үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гарсан тул уг бослогыг даруулахаар оросууд Суворовыг илгээж түүний орос цэргүүд Варшавыг эзэлж Орос улс гурав дахь удаагаа Польш улсыг 1795 онд Австри, Прусстай хамт хуваан авав. 1795-1799 онд оросын суут жанжин Суворовын цэргүүд Альпийг даван Итали орж францийн цэргийг бут цохив. 1801 онд Орос улс Гүржийг,  1809 онд Финландийг өөртөө нэгтгэв. 1806-1812 онд татар-монгол гаралтай орос цэргийн суут жанжин Кутузовын цэргүүд Балканыг Туркээс чөлөөлөв. Орос улс 1805-18013 онд Перстэй,  1812-1813 онд Францтай, мөн Турктэй гурван фронт дээр зэрэг байлдаж ялалт байгуулав. 1814 онд Оросын цэрэг Парисыг эзлэв. 1826-1828 онд Ирантай, 1828-1829 онд Турктэй Кавказын төлөө дайтав. 1839-1853 онд оросууд дундад азийг эзлэх анхны дайнаа хийв. 1877-1856 онд Туркийн эсрэг дайтаж Балканыг чөлөөлж Румын,   Болгар улсыг тусгаар тогтнуулав. 1864-1885 онд оросууд дундад азийн Коканд, Бухар,  Хиви, Туркмений хаант улсыг дайрч эзлэн авч Афганы Кушка цайзад бэхжив. Ийнхүү 18, 19-р зуун бол Орос гүрэн евроазийн дэлхийн хүчирхэг гүрэн болсон үе байлаа. 
 
Хаант Орос орон улс төрийн систем, эдийн засгийн систем ер бүхий л салбараар хорьдугаар зууны эхэн үед өрнөд европоос хол хоцорсон байлаа. Тэр нь юугаар илэрч байв? гэвэл 1904-1905 оны Орос-Японы дайнд Орос алс дорнодын Манжуурийг Порт Артуртайгаа хамт алдаж шинэ залуу капиталист орон Японыг дайнд яаж ч чадахгүй ялагдаж байв. Хаан парламент маягийн Дум гэдэг байгууллагыг байгуулав. 1905 оны хувьсгал Орост дарагдав. Хаан Думыг 1906, 1907 онд хоёр удаа хөөн тараажээ. 
1917 онд Орост хоёр удаа хувьсгал гарав. Нэг дэх нь 1917 оны гуравдугаар сарын (мартовский) хөрөнгөтний хувьсгал. Александр Керенскийн Засгийн газар ердөө долоохон сар засгийн эрх барив.Керенский эхлээд орос орныг үндсэн хуульт хаант засанлалтай болгоно гэсэн зөв үзлэтэй байсан боловч сүүлдээ хаант засгийг устгана гэдэг болсон.Тэгээд эзэн хаан Николайг баривчилж гэрийн хорионд байлгаж байв. Хэрэв Керенскийн засгийн газар хүчтэй байгаад хоёр дахь пролетарийн хүчирхийллийн хувьсгалыг гаргуулахгүй байсан бол дэлхийд коммунизм гэгч нийгмийн гаж буруу систем тогтохгүй ч байж болох байсан. Оросын сүүлчийн хаан Николай Романов бол уян зөөлөн сэтгэлтэй хүн байсан тул түүнийг тойрон хүрээлж байсан мулгуу сайд нараа ч өөрчилж чадаагүй, өөрийг нь устгах гэж байсан харгис хүчирхийллийн аргыг сонгосон большевикуудыг ч төрийн дарангуйлалаар дарж чадаагүй юм. Оросын хаан Николай Романов амьдралын сүүлийн өдрүүдэд тэмдэглэлийн дэвтэртээ бичихдээ “Эргэн тойрон аллага хядлага, хүчирхийлэл, үймээн самуун, урвалт, хардлага л үлджээ“ хэмээн бичиж байсан юм. Ингээд 1917 оны 11-р сарын 7-ны большевикуудын октябрийн хувьсгал гэгддэг үнэн чанартаа улаан цэргийн төрийн эргэлт болж энэ нь зөвхөн Орос орон төдийгүй хүн төрөлхтөний түүхэнд хамгийн том эмгэнэлт үйл явдлын эхлэл болсон билээ. Петроград хотод засгийн эрхийг авсан “ажилчин тариачны депутатуудын зөвлөл” гэгч нь төрийн гэмт хэрэгтэн, алуурчин, сэжигтэй этгээдүүдээр дүүрсэн үл ойлгогдох сайн дурын байгууллага байв. Тэдгээр сэжигтэй этгээдүүд оросын төрийн Думыг орлож улс орноо удирдах болжээ. Большевикууд засгийн эрх аваад  шууд л алан хядах ажиллагаандаа оров. 
 
Засгийн эрхийг авсан Ленин юуны өмнө дайныг зогсоож Германтай найрамдлын гэрээг их хохирол үзэж байж байгуулав. Брест-Литовын энэхүү гэрээгээр Герман улс оросын өрнөдийн их нутгийг авах болов. 1918 онд холбоотнууд Архангельскд цэргээ буулгав. Энэ үеэр хорьдугаар зууны хамгийн харгис гэгдсэн гэмт хэргийг большевикууд үйлдэв. Большевикууд баривчлагдсан Оросын эзэн хаан Николай Романовыг эхнэр, бага насны жижигхэн охид, хөвгүүдийнх нь хамт ямар ч шүүхгүйгээр нэг шөнө зэрлэгээр бүгдийг нь буудан алж хожим цогцосыг нь таниулахгүйн тулд хүчлээр хүчлээр түлж ясыг нь хуучин нурсан уурхайн нүхэнд булсан ажээ. Уужуу тайван, уян зөөлөн сэтгэлтэй оросын Романов хаан эх орон нэгтэн оросуудыгаа арай ингэж харгис балмадаар өөрийг нь гэр бүлийнх нь хамтаар зэрлэгээр хөнөөнө гэж огт бодоогүй биз. Оросын эзэн хааны гэр бүлийнхэн гадаадад гарах боломж байсан ч гэсэн эх орноо орхиж оргохыг ч бодоогүй гэдэг. Романовынхны хаанчлал Михайлаас эхлээд Николай хүртэл гурван зуун жил шахам үргэлжилж Орос орныг хүчирхэг болгож байв. 
 
Хорьдугаар зууны хамгийн зэрлэг харгис энэхүү гэмт хэргийг Лениний тушаалаар гүйцэтгэсэн гэдэг. 
 
Орос оронд уул овоо мэт нүгэл үйлдсэн большевикуудын нүглийн үйлийн үр боловсорч эцэстээ бүтэн далан жилийн турш оросын ард түмэнд гай, зовлон, үхэл хагацал, дайн,  нулимс,  цөхрөл,  өлсгөлөн,  гуйланчлал, ядуурал, гэмт хэрэг,   архидалт,   хардалт сэрдэлт,   авилгал,   ёс суртахууны ялзрал доройтлыг авчирсан. Одоо ч гэсэн ёс суртахууны доройтол Орос оронд үргэлжилсээр байна. Орос орон коммунист харгис засаглалыг бус, Англи, Япон лугаа адил Үндсэн хуульт хаант засаглалын хэлбэрийг сонгосон бол оновчтой засаглал болох байлаа.Большевикийн удирдагч Ленин 1918 онд Брестийн гэрээг байгуулж Финлянд, Польш, Эстони, Латви, Литва,Украйны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.Гэвч харамсалтай нь Сталин эргээд тэрхүү Лениний зөвшөөрсөн эдгээр улсуудыг түрэмгийлж буцаан зөвлөлтийн улаан Кремлийн гинжинд оосорлож авсан билээ.
Орос оронд удалгүй иргэний дайн болж 1918-1922 оны турш бүтэн дөрвөн жил оросууд улаантан, цагаантан гэж хоёр эсрэг тал болон хуваагдаж орос ах дүүс бие биенээ хүйс тэмтрэв. Хүү нь эцгийнхээ эсрэг, дүү нь ахынаа эсрэг дайтаж Орос орон цусан далайд живж байлаа. 
Энэхүү ямар ч утга учиргүй иргэний дайнд оросын 22 сая хүн алагдаж, 20 сая хүн гадаадад дүрвэн гарав. Оросын хамгийн өндөр мэдлэг боловсролтой, хамгийн ур чадвартай эрдэмтэд, инженер зохион бүтээгчид,  урлаг соёлын том төлөөлөгчид, хөрөнгөтнүүд гадаадад гарцгаав.
Иргэний дайны үед оросын улаан арми дотоодын дайснууд болон гадаадын дайснуудын эсрэг арван долоон фронт дээр зэрэг байлдаж ялж өсөж өндийв. Оросын улаан арми 1921 онд Монголд орж ирэв. Мөн жилдээ оросын улаан арми десантаар Туркийн эрэгт буув. Улаан арми 1917 онд 400. 0 мянган хүнтэй байсан бол 1919 онд 1.5 сая хүнтэй болов. 1920 онд оросын улаан арми 5. 3 сая хүнтэй болж дэлхийн хамгийн том арми болжээ. Оросын харгис  большевикууд засгийн эрхийг хүчээр булаан авч тогтоосон энэхүү харгис коммунист дэглэм 1917 оноос 1991 он хүртэл оршин тогтнож хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их нүгэл хилэнц үйлдсэн, хамгийн хортой засаглал болон үлдэв. Сталины харгис дэглэм зөвлөлтийн 24 сая хүний амь насыг хөнөөсөн ажээ. Ленин пролетарийн диктатур гэдгийг тогтоосноос болж хүний эрх, хувийн өмч гэдэг аль дээр үед Францын хувьсгалын үеэс хүн төрөлхтөн үр шимийг нь хоёр зуун жил хүртчихсэн ардчиллын хоёр үнэт зүйлийг хорьдугаар зууны Орос оронд бараг далан жил хав дарж устгасан байв. 
 
Эдийн засгийн хувьд Сталин Орос орныг хүнд үйлдвэржүүлэх бодлого барьж хэрэгжүүлэв. ЗХУ анхны таван жилийн төлөвлөгөөг биелүүлж 1927-1933 онд бага хугацаанд улс орноо хүнд үйлдвэржүүлж чадсан юм. ДнепроГэс гэх мэтийн усан цахилгаан станц, Донбассын уурхай, Харьковын тракторын завод, Горькийн автозавод,   нисэх онгоцны үйлдвэр, Тулийн зэвсгийн үйлдвэр зэрэг олон зуун үйлдвэр завод байгуулагдав. Сталин хөдөө аж ахуйн талаар алдаатай бодлого явуулав.  Нударган бол дайсан гэсэн ангич харгис бодлого явуулж өөрийн хөдөлмөрөөр баялаг бүтээсэн оросын хэдэн зуун мянган  чинээлэг тариачдыг ангийн дайсан гэж зарлан тэдний өмчийг хүчээр хурааж шорон гянданд өч төчнөөр нь хорьж алж устгасан. Үр тариагаар хорьдугаар зууны эхэнд өөрийгөө хангаад зогсохгүй европын бусад оронд экспортолж байсан Орос орон энэ хүнд жилүүдэд хагас өлсгөлөнгийн байдалтай байв. Орос орон арайхийж хурааж авсан ургац, төмс тариа, бордоо, тос, цөцгийгөө хүнд үйлдвэр байгуулахад зориулж гадаадаас авсан зээлээ төлөхөд бүгдийг нь хамж өгдөг байжээ. Оросын жирийн ард түмэн үмх талх,   хумсны толио төдий гахайн өөхтэйгөө мөн ч олон жилийг хагас өлсгөлөнгийн байдалд барсан даа. 
Большевикуудын үеийн Орос орон түүхэн уламжлал, соёл, шашнаасаа татгалзаж устгасан нь орос үндэстэнийг ёс суртахууны ялзрал доройтол, харгис харанхуйд аваачив. 1937 оны 12-р сарын 15-ны Бямба гаригт оросын большевикууд орос орны түүхэн бахархлуудын нэг Москва хотын төвд орших Ариун Христийн сүмийг дэлбэлж устгав. Энэхүү сүмийн өртөг нь 15. 0 сая рубль байв. Ийнхүү Орос орон ард түмнийхээ шүтээн нь байсан 1000 жилийн түүхтэй Үнэн алдартны  (Православие)  шашнаа устгах нүгэлт ажиллагааг эхлэв. Большевикуудын нүгэлт ажиллагааны дүнд оросын ард түмний мянган жилд бүтээсэн үнэн алдартны шашны 1025 сүмээс 1015-ыг нь газартай тэгшлэн устгаж дөнгөж 15-ыг нь нэр төдий музей үзмэр мэт үлдээжээ. 1918-1923 оны хооронд оросын сүмүүдээс 320 тонн алт, мөнгө хурааж хайлуулжээ. 1930 онд оросын бүх сүмүүдийн хонхыг хураан авч хайлуулахад 98. 0 мянган тонн хүрч байсны 70 мянган тонн нь зэс, 14 мянган тонн нь тугалга болж байжээ. Зэсээр нь задгай мөнгө цутгаж,   тугалгаар нь бууны сум хийж байжээ. 
 
Иргэний дайны аймшигт өлсгөлөнгийн 5 жилийг оросын ард түмэн арайхийж тэсч өнгөрөөв. Иргэний дайн дууссаны дараа зөвлөлтийн удирдагчид  хүнд үйлдвэржүүлэлтийн бодлогыг явуулж 1941 он гэхэд Зөвлөлтөд 9000 шинэ үйлдвэр барьжээ. Зөвлөлт улс аж үйлдвэрлэлээр дэлхийд АНУ-ын дараа хоёрт орж эхлэв.Дэлхийн аж үйлдвэрлэлийн 10 хувийг үйлдвэрлэж байв. 1939 онд Зөвлөлт улс Германтай үл довтлолцох гэрээ байгуулж  Германтай зүүн европыг хуваан авч Польш, Балти орчмын улсууд, Бессерабийг Зөвлөлт улсад нэгтгэн авав. Зөвлөлт засгийн хүнд жилүүдэд харин зөвлөлтийн боловсрол, эрүүл мэндийн систем хөгжиж хүн ам нь эрс өслөө. ЗХУ-ын хүн ам 1917 онд 130 сая,  1929 онд 154 сая, 1933 онд 165 сая,  1941 онд 180 сая байсан бол 1985 онд 230 сая болтлоо өсчээ. ЗХУ –д 1980 оны байдлаар 1.0 саяас дээш хүнтэй хот 21 болсон байна. Ингэж хотжилт,  хүн ам нь эрс өссөн байна, барьж байв.
Дайны 1941-1945 оны жилүүдэд Зөвлөлт улс их сүйдэв. 28 сая зөвлөлтийн хүн амь үрэгдэв.Зөвлөлт улс 1948 онд атомын бөмбөг бүтээв. Хрущевийн үед тавь, жараад онд харгислал зөөлөрч хүмүүс ажилтай болж орон сууцанд орж эхлэв. Хрущев Карибын тэнгисийн хямралыг үүсгэж дэлхийн 3-р дайн золтой л эхэлсэнгүй. АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди утсаар шууд Москватай ярих холбоо тогтоож дайныг зайлуулж чадав. Далаад он бол Брежневийн үе байлаа. Зөвлөлтийн алтан үе ч гэдэг. Энэ үед зөвлөлтийн хүмүүс ажил орлоготой болж орон сууцтай болж амьдрал нь тайван болж эхэллээ.Наяад онд Зөвлөлт улс АНУ-тай цөмийн зэвсгийг хориглох гэрээ байгуулав.1984 онд Михаил Горбачёв засгийн эрхэнд гарч Зөвлөлтөд ил тод байдал, өөрчлөн байгуулалт эхэллээ. 1991 онд Зөвлөлт Холбоот улс задарч 15 бүгд найрамдах улс тусгаар тогтнов. Зүүн европ 1989 онд коммунизмын нөлөөнөөс гарч чадав. Монголд ч гэсэн 1989 онд зүүн европын адил ардчилсан хөдөлгөөн гарч Кремлийн гинжийг тасар татав. Дараа нь Оросын Холбооны улс байгуулагдав.    
 
Хорьдугаар зуунаас эхлэн Зөвлөлт Холбоот улс болон  Оросын Холбооны улсын бусад улсын эсрэг хийсэн түрэмгийллийг товч дурдвал:
 
Дорно зүгт орос цэргүүд довтолж монголын Алтайн хязгаар болон Байгаль далайн орчмын уудам нутгийг Монголоос булаан авч байв. Орост зөвлөлт засаг тогтсоны дараахан оросын улаан арми дундад азийн Узбек, Бухар, Самарканд, Таджик, Казах, Киргизийн нутгийг эзэлж тэнд зөвлөлт засгийг тогтоов. 
Зөвлөлт улс 1921 оны 7-р сарын 6-ны өдөр Монгол улс руу Нейманы удирдсан 15 000 улаан орос цэргээр довтолж нийслэл Хүрээг эзэлж Богд хаант монгол төрийг устгав. 1924 онд Зөвлөлт улс Монголын Урианхайн хязгаарыг эзэлж Тува хэмээх тоглоомын улсыг байгуулж Монгол улсаас салган авч өөрийн мэдэлд авав. 
Зөвлөлт Холбоот улсын Гадаад явдлын сайд В.Молотов Германий Гадаад явдлын сайд Риббентроптой 1939 онд гэрээ байгуулж зүүн европыг хуваан авахаар тохиролцов. 1939 оны 9-р сарын 17-ны өглөөний 06 цагт зөвлөлтийн улаан арми Польшийн зүүн талаас довтолж эхлэв. Германий арми Польшийн баруун талаас зэрэг довтлов. Зөвлөлт улс Польш руу 600 000 цэрэг, 4000 танкаар дайрчээ. Ийнхүү Польшийн зүүн нутаг Зөвлөлтөд эзлэгдэв. Зөвлөлтийн цэргүүд 22 000 польшийн офицерийг олзолж тэдгээр 22000 польш офицерийг Сталиний тушаалаар Смоленскийн ойд Катынд аваачиж бүгдийг нь буудан хороож газарт том нүх ухаж булжээ.  1939-1940 онд зөвлөлтийн улаан арми Сталин, Молотовын тушаалаар гэнэт Финлянд улс руу 800 000 орос цэрэг, 3000 танк, 2500 нисэх онгоцоор довтолж, финляндын нутгийн 11.0 хувийг эзлэн авчээ. Энэ дайнд 100 000 орос цэрэг алагдаж, 25 000 финлянд цэрэг үрэгджээ.1940 онд зөвлөлтийн улаан цэрэг Прибалтикийн орнууд буюу Эстони, Латви, Литвийг түрэмгийлэн эзэлжээ.
1937 онд Сталиний тушаалаар монголын гурван Ерөнхий сайдыг Москвад дуудан цаазлав.1937 онд зөвлөлтийн большевикууд Монголд “Заговор” хэмээх зохиол хэрэг үүсгэж монголын гэм зэмгүй 35 000 хүнийг “хувьсгалын эсэргүү, хар, шар феодал” хэмээн гүтгэж буудан хороох ажлыг улаантан монголчуудын гараар зохион байгуулжээ.  
 
1945 онд зөвлөлтийн улаан арми зүүн европын Болгар, Польш, Чехословак, Румын, Албани, Унгар, Югослав, зүүн Германыг эзэлж зөвлөлтийн нөлөөг тогтоож коммунист дэглэм тогтоолоо. Хожим нь 1950-1960, 1970-аад онуудад Зүүн Герман,Унгар,Чехословак, Польшид гарсан зөвлөлтийн харгислалын эсрэг боссон ард түмний жагсаал цуглааныг зөвлөлтийн арми олон мянган танктай орос цэргүүдийг оруулж харгислан дарав. 
1945 онд зөвлөлтийн улаан арми ази тивд цэргээ оруулж солонгосын хойд хэсэг, хятадын манжуур, өвөр монгол болон японы курилын арлуудыг эзлэв. Зөвлөлтийн удирдагч Сталин эзэлсэн Өвөр Монголыг 1945 онд хятадын улаантны удирдагч Маод бэлэглэв.
 
1957 онд Монгол дахь Зөвлөлтийн элчин сайд В.Молотов “Тувагийн үлдсэн газар нутгиийг Зөвлөлт Холбоот Улсад өг” гэсэн хууль бус шаардлагыг монголын талд тавьж хойд монголын 2500 квадрат км газар нутгийг булаан авав. Монгол газар нутгаа Молотовт өгөхгүй гэсэн монголын Гадаад явдлын сайд С.Аварзэдийг Цэдэнбал ажлаас нь халж хөдөө газар нутаг заан цөлөв. Монголын улаантнууд орос,франц хэл мэддэг, өндөр боловсролтой дипломатич, эх оронч Аварзэдийг тээврийн жолооч болгожээ. С.Аварзэд 1989 онд бусдын гарт харамсалтайгаар амиа алджээ. 1966 онд Зөвлөлтийн цэрэг хятадын Амур мөрний Жинбода хэмээх 1 квадрат км жижиг арлыг Хятадаас булаан авав. Энэ нутаг Манж Чин улсын үед Манж улсын нутаг байжээ.Зөвлөлтийн арми энэ аралыг эзэлсэн хятад цэргийн эсрэг орчин үеийн лазерийн зэвсэг хэрэглэж хятад цэргийг танктай нь хамт хайлуулжээ. 22 сая кзвадрат км нутагтай Зөвлөлт улс Монголоос ч газар булаагаад, хятадын ганц квадрат км арлыг хүртэл булаагаад байгааг нь харахад ямар их шуналтай,  их гүрний ямар их дээрэнгүй үзэлтэй байсан юм бэ дээ, одоо ч гэсэн тэрхүү буруу үзэл нь улам дэвэрсээр байх юм.  
 
1979 -1989 онуудад онд зөвлөлтийн цэргүүд Афганистаныг арван жилийн турш түрэмгийлэв.Энэхүү арван жилийн дайнд зөвлөлтийн 25 000 цэрэг Афганд алагдаж, 55 000 цэрэг шархдаж, 420 цэрэг ор сураггүй алга болжээ. Афганы талаас 90 000 можахед алагдаж 75 000 афган хүн шархаджээ.1999 онд Орос Чечений дайн эхлэв.
2014 онд Оросын Холбооны улс Украйны Крымийг довтолж эзлэв. Мөн Украйны нутаг дэвсгэр дээр Луганск, Донецк гэсэн тоглоомын улс байгуулав. 2022 оны 2-р сарын 24 -ний өглөөний 05 цаг. Оросын Холбооны Улсын цэргүүд ерөнхийлөгч Путины тушаалаар Украйн улс руу довтолж украйны цэргийн обьектуудыг бөмбөгдөж пуужингаар харвав. Украйны Харьков, Киев, Буча, Мариуполь, Ирпень,Гостомель,Ахтырка, Гостомел, Чернигов, Тростянец зэрэг хотуудыг оросын арми их буугаар буудаж бөмбөгдөж ракетаар харваж сүйрүүлжээ. Оросын арми Украйны олон мянган энгийн иргэд, 200 хүүхэдийг хөнөөжээ.Эдүгээ 1.5 сарын дотор  Орос улс 20 000 орос цэргээ алдаж, Украин улс 3000 украин цэрэг алджээ. Эдүгээ Путин Финлянд, Шведийг НАТО-д элсэх юм бол дэмий шүү хэмээн өрнөдийг цөмийн зэвсгээр айлгаж байна. Ерөнхийлөгч Путиныг Олон Улсын Гаагийн шүүх дайны гэмт хэрэгтэн хэмээн үзэж шалгаж эхэлжээ.
Хойд хөрш улс сүүлийн 100 жилд монголчуудад таатай хандаж байсангүй. Тэр нь юугаар илэрч байна вэ? гэвэл Орос улс Монголд үйлдвэр байгуулахдаа хамгийн хоцрогдсон технологитой үйлдвэр барьдаг байлаа. Оросууд Монголд элэгдэж дууссан локомотив болон хуучин ачааны вагонуудаа будаж зассан болоод өндөр үнээр Монголд шахдаг аж. Оросууд Эрдэнэт үйлдвэрийг байгуулаад олон жилийн турш бидэнд “Энэ үйлдвэр ашиггүй” гээд жил бүр улсаас олон зуун сая төгрөгийн дотац авдаг байлаа.Монголчууд Эрдэнэтийг өөрийн мэдэлдээ авсан цагаас энэ үйлдвэр улсад маань ямар их тус хүргэснийг бүгд мэднэ.  Монгол улс Орос улсаас шатахууныхаа бараг зуун хувийг доллараар худалдаж авдаг. 
 
Гэтэл нөгөө “орос ах” нар маань монголчуудад нэг тонн шатахууныг 659 доллараар зардаг мөртлөө Беларуст 382 доллар, Данид 432 доллараар зардаг аж. Орос улс монголын мах,махан бүтээгдэхүүнд 120 хувийн татвар ногдуулдаг мөртлөө Австралийн маханд 5 хувийн татвар ногдуулдаг аж. Орос улс монголын бусад бараа бүтээгдэхүүнд 60.0 хувийн татвар ногдуулдаг мөртлөө Вьетнамын бараа бүтээгдэхүүнд 5 хувийн татвар ногдуулдаг ажээ. Орос улс Монголд нэг квт цахилгааныг 7.5 рублээр худалддаг бол Хятад улс Монголд нэг квтт эрчим хүчийг 1.5 рублээр худалддаг аж.
Орос улс Монгол улсыг ингэж эдийн засгаар боомилсон тул Орос улс монголын экспортын дөнгөж 0.9 хувийг эзэлжээ. Орос улс Монголд төмөр зам шинээр барих, төмөр замын салбарт хөрөнгө оруулах, Эгийн усан цахилгаан станц барих, Мардайн ураныг олборлох зэрэг асуудлыг элдэв шалтагаар гацаажээ.  1992 онд Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улсууд туурга тусгаар улс болж өөрийн нутаг дээрхи бүх төмөр замаа өөрийн мэдэлдээ аваад байхад хөөрхий монголчууд Оросоос төмөр замаа ч мэдэлдээ авч чадахгүй өдий хүрчээ. 
 
Би нэг зүйлийг гайхдаг юм. Хойд хөрш Зөвлөлт Холбоот улс хорьдугаар зуунд 22.4 сая квадрат км газар нутагтай дэлхийн хамгийн том гүрэн мөртлөө яагаад жижигхэн Монголоос  Алтай, Байгал, Туваг булаан авсан юм бол, яагаад жижигхэн Курилын аралыг жижигхэн газар нутагтай, хүн ам ихтэй Японоос булаан авсан юм бол, Финляндаас яагаад газар нутгийх нь 11.0 хувийг булаан авсан юм бол, Польш,Балти орчмын гурван улсыг яагаад булаан авсан юм бол? Одооны Орос орон яагаад Украйнаас Крым, Луганск, Донецкийг булаан аваад ханахгүй одоо бүр  Украиныг бүхлээр нь эзлэх гээд дайн хийгээд байгаа юм бол? хэмээн боддог юм. Их гүрний дээрэнгүй үзлийн балаг юм болов уу.  Эсхүл шунал юм болов уу? Өнөөгийн Оросын Холбооны Улс  17.1 сая квадрат км газар нутагтай, 146.1 сая хүн амтай, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4.1 триллион ам доллар, 1 хүнд ногдох ДНБ нь11600 ам долларт хүрсэн евроазийн том гүрэн хэвээрээ байна.Орос орныг би өрнөдийн чиг баримжаатай, өндөр хөгжсөн ардчилсан улс болоосой хэмээн боддог. Тэгвэл Монголд болон дэлхийд ашигтай.Хэрэв Орос орон ганц хүний дарангуйлаллын дэглэмтэй, эрх чөлөө, ардчиллыг боомилсон цэргийн харгис орон болвол юутай харамсалтай.
 
Хөрш Орос улс сүүлийн дөрвөн зуунд Алтай,Сибирь, Тува, Саяны нуруу, Байгал далай орчмын 1.5 сая квадрат км монголын унаган газар нутгийн булаан авчээ. Тэнд амьдарч байсан монгол угсаатан буриад,тува,халимаг, алтай монголчууд болох нэг сая орчим хүнээ Монгол улс харьд алджээ. 
 
Оросууд Алангоо эхийн унаган нутаг Байгаль далайг булаан авсан нь юутай гутамшиг. Чингис хааны мэндэлсэн Дэлүүн болдогоос хойшоо харахад оросын эзэлсэн монгол газар нутаг хаяанд нь ойрхон ирчихсэн харагддаг. Юутай эмгэнэл. 
 
 
Энэ удаа би  Зүүнгар улсын Казахд алдсан нэг сая квадрат км монголын унаган газар нутгийг бичсэнгүй. Бичвэл зөндөө юм байна. Энэ нийтлэлдээ би оросын ард түмнийг буруутгаагүй шүү.Их гүрний эзэрхэг түрэмгий бодлого явуулдаг Кремлийн удирдагчдын харалган буруу бодлогыг  би шүүмжлээд байгаа юм л даа. Эдүгээ Орос улс энх тайван, технологийн хорин нэгдүгаар зуун эхлээд хорин жил болчихоод байхад нөгөө л их гүрний дээрэнгүй үзлээ дэвэргэж байдгаа болимоор юм даа.Хойд хөршийн тухай үнэн түүхийг өгүүлэхэд ийм байна.   
 
 
ХОЁР. ӨМНӨД ХӨРШ ХЯТАД
 
 
Монголчууд өмнөд хөршийн талаар бараг огт мэддэггүй гэхэд болно.Учир нь монголчууд зөвлөлтийн колони байсан 70 жилийн турш хятадуудыг үзэн ядаж дайсагнаж байсантай холбоотой.Монголчууд эдүгээ бие биенээн үзэж ядаж нэг нь нөгөөгөө зүхэж хараахдаа “муу хужаа”, “муу хятад” гэх болжээ. Энэ бол буруу хандлага. Хятад улсын тухай үнэнийг өгүүлсү.
Хятад улс бол хүн төрөлхтөний үлэмж их эртний улс юм.Хамгийн эртний хятад улс бол манай эриний өмнөх Яо хааны улс бөгөөд манай эриний өмнө 2353 онд байгуулагджээ. Дараа нь  нь эртний Шан Инь м.э.ө 1122 он, Хань улс м.э.ө 202 онд байгуулагджээ. Манай эриний өмнөх 500 онд онуудад Вэй, Ци улсууд, Тан улс 618 онд байгуулагджээ. Чингисийн үед Сун улс 960-1279 онд байгуулагджээ. Монголын их хаан Хубилай монголын Их Юань гүрнийг 1280 онд байгуулж энэ улс 1368 он хүртэл оршин тогтнов. Дараа нь Мин улс 1368-1644 он хүртэл оршиж, дараа нь Манж Чин улс 1644-1911 он хүртэл оршин тогтнов. Манж Чин улс монголчуудад ашигтай байв. Орчин үеийн монголчууд манж,  хятадыг адилхан нэг үндэстэн гэж буруу ойлгоод байдаг. Манж нар бол монголчууд шиг морь унаж ан гөрөө хийж амьдардаг хагас нүүдэлчин ард түмэн юм. Түүхэнд Зүрчид улс гэж гардаг даа. Тэр чинь манж нарын өвөг дээдсийн нутаг юм. Манж нар бол Чингис хааныг ихэд бишрэн хүндэлдэг, Нурхач баатараас эхлээд Энх- Амгалан хаан хүртэл монгол гүнж нарыг хатнаа болгож алтан урагтай ураг барилдсан түүхтэй хүмүүс юм.Нурхач баатар анх хятадын Мин улсын эсрэг хамтдаа дайтъя гэхэд манай Лигдэн хаан татгалзаж Мин улсын хойд хилийг хамгаалаад байсан гэдэг. Манжийн Энх-Амгалан хааны эмэг эх нь монгол хатан байсан тул Энх-Амгалан хаан монголчуудад ихэд элэгтэй байдаг байв.Даанч монголчууд өөр хоорондоо зөрчилдөж Халх Ойрдын дайн гарч Халх ноёдууд цалин пүнлүүгээ ихэд голж их хэмжээний цалин нэхдэг байжээ.Тэр бүгдийг Энх-Амгалан хаан зохицуулах гэж ихэд үйлээ үздэг байж. Социализмын үеийн түүхийн сурах бичгүүдэд “Манж нар монголчуудыг 200 жил дарлаж зовоосон” хэмээн худал бичсэн байдаг. Тэрэн шиг худал зүйл байхгүй шүү.Монголд 200 жилийн турш нэг ч манж цэрэг байгаагүй.Богд хаант Монгол улс 1911 онд байгуулагдахад Манжийн амбаны албат гэж цөөхөн тавиад хүн Хүрээнд байжээ.Тэр нь голдуу бичээч,хуяг, түшмэл, тогооч манж хүмүүс байсан аж. Хорьдугаар зуунд монголын найдвартай холбоотон байсан Манж, Түвд улс үгүй болж оронд нь Орос, Хятад хоёр улс гарч ирсэн нь Монголд ашиггүй болов. Орос бол Ойрд биш, Хятад бол Түвд биш шүү дээ.    
 
Хорьдугаар зуунд хятадад Синьхайн хувьсгал болж Сун Ят Сений удирдсан хувьсгал ялж Хятадын бүгд найрамдах улс 1912-1949 он хүртэл оршин тогтнов. Монголчууд бид их азтай хүмүүс. Учир нь манай өвөг дээдэс 1911 оны 11-р сарын 29-ний өдөр буюу Манж Чин улс мөхсөн өдөр буюу шинэ хятадын бүгд найрамдах улс үүсэхээс нэг хоногийн өмнө Богд хаант Монгол улс хэмээн тусгаар тогтнолоо дэлхийд зарлаж амжсан байгаа юм. Хэрэв амжиж зарлаагүй бол Түвд, зүүн Туркестан шиг шинэ бүгд найрамдах хятад улсын харьяанд нь  автоматаар орох байлаа. Синьхайн хувьсгал 1911-1913 он хүртэл үргэлжилсэн.Тэр үед Англи улс Орос улсын гадаад Монгол дахь нөлөөг хүлээн зөвшөөрч, Орос улс Английн Түвд улс дахь нөлөөг хүлээн зөвшөөрч байжээ. 1912 оны 2-р сарын 12-ны өдөр Манж улсын эзэн хаан Пу И хаан ширээнээсээ бууж,  генерал Юан Шикай Хятад улсын  Ерөнхий сайд бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий удирдагч болж байв.Тэр бээр удалгүй Хятад улсын Ерөнхийлөгч болов.1913 онд хятадад хоёр дахь хувьсгал гарав. Юан Шикай тэр хувьсгалыг нухчин дарав.1914 онд азийн залуу хүчирхэг Япон гүрэн Германий колони байсан Хятадын Шандун мужийн Циндаод 30 000 япон цэрэг буулгажээ.1916 онд Хятадын бүгд найрамдах улс бүрэн байгуулагдлаа.Монголчууд 1919 онд Монголд орж ирсэн хятад цэргүүдийг ерөнхийд нь “гамин цэрэг” гээд байсан болохоос хятадын  хэний  цэрэг гэдгийг сайн мэддэггүй байсан.Тэр Монголд орж ирсэн хятад цэрэг бол Хятадын ерөнхийлөгч Юан Шикайн цэргүүд байсан бололтой. Дараа нь 1930-онд Өвөр Монголд хятадын бүгд найрамдах намын цэрэг орж ирсэн байдаг. Дараа нь  Өвөр Монголд 1945 онд хятадын улаан арми орж ирсэн байдаг.
 
Ер нь Хятадад хоёр намын цэргүүд хоорондоо байлдаж иргэний дайн болсон юм шүү. Хамгийн анх Хятадад 1912 онд доктор Сун Ятсен Гоминданы нам байгуулсан. Монголоор хөрвүүлвэл Ардын нам гэсэн утгатай үг. Дараа нь Хятадад арван жилийн дараа 1921 онд ХКН буюу Хятадын Коммнуист нам байгуулагдсан.1924 онд Гоминдан нам хятадын коммунист намтой холбоо тогтоож хамтарсан ажиллагаа явуулсан.1926 онд Гоминдан намын зүтгэлтэн, генерал Чан Кайши цэргийн эргэлт хийж коммунистуудыг хөөж явуулав. Чан Кайши бол коммунистуудад огт итгэдэггүй, тэднийг ихэд жигшдэг байв.1926 оны 8-р сард Чан Кайши хятадын Гоминдан намын удирдагч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болов.Хятадын коммунистууд Наньчан болон Кантон хотод зэвсэгт бослого гаргав. Эдгээр бослогыг Чан Кайши дарав.  
 
 
1931 онд Япон гүрэн Хятад руу довтоллоо.1932 онд Япон улс Манжуурыг эзэлж Манж Го улсыг байгуулав.Манж Го улсын Эзэн хаан нь Пу И болов.Энэ улс Монголд элэгтэй улс байсан юм. Энэ улсад монгол, хятад, япон, солонгос, манж хүмүүс эв найртай амьдарч байлаа. Вангийн сүмийн ойролцоо байгуулсан Япон цэргийн сургуульд олон монгол залуус сурч боловсролтой болж байлаа.Япончууд төмөр зам тавьж үйлдвэр байгуулж байлаа.
 
 
 
Тэр үед Чан Кайши хятадыг удирдахад их хэцүү гэдгийг ойлгож байв.Учир нь тэр үед Чан Кайши гурван фронт дээр зэрэг дайтах болж байв.Нэг талаас япон цэрэгтэй дайтах болж байлаа.Нөгөө талаас Дотоодын зэвсэгт босогчид болон Коммунист намын зэвсэгт армитай дайтах болж байлаа.Бас хажуугаар нь Зөвлөлт Холбоот  улсад сурахаар явсан хүү Цзян Зингог зөвлөлтийн коммунистууд эцгийнх нь эсрэг ашиглаж элдэв худал ухуулга суртал сонин хэвлэлээр явуулж байв.Энэ бүгдийг Чан Кайши даван туулсан юм.1937 онд зөвлөлт хятадын хэлэлцээр болж Зөвлөлт улс Хятадад зэр зэвсгээр туслах болов.Чан Кайши Японтой дайтаж их хэмжээний хохирол үзжээ.
1937 оноос 1949 он хүртэл Хятадад иргэний дайн болж, Чан Кайши тэргүүтэй Хятадын Гоминдан нам ба Мао Цзе Дун тэргүүтэй Хятадын Коммунист нам  хоорондоо харгис ширүүн  байлдав. Иргэний дайн 1937-1945 онд түр намжиж гоминдан, коммунист намын цэргүүд хамтран японтой байлдахаар гэрээ байгуулан тохиролцов. 1937-1945 онд хятад-японы дайн болов. Гэтэл хятадын коммунист нам энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Энэ дайнд Чан Кайши 300 000 хүнтэй гоминданы армиа  удирдан японтой дайтахад бүх хүчээ гарган дайчилж байхад Мао хятадын улаан армийн хүчээ нөөж 1940 оноос эхэлж японтой байлдаан  хийхгүй Шанси мужийн ууланд гарч нуугдаж байв. Учир нь Мао удалгүй япон хятадын дайны дараа Чан Кайшитай дайн хийнэ гэдгээ сайн мэдэж байлаа. 1943 онд Чан Кайшигийн гэргий Сун Мэйлин АНУ-д айлчилж Цагаан ордонд парламент дээр англи хэл дээр цогтой үг хэлж Ерөнхийлөгч Рузвельтийг ятгаж японы эсрэг дайнд хятадад зориулж 1 тэрбум ам.долларын тусламж авч чадав. Тэр үеийн Хятад бол японы эсрэг Америктай холбоотон байсан тул тусламж авч чадсан юм. 
 
1945 оны 8-р сард Зөвлөлт Монголын улаан арми Манжуурыг чөлөөлж Японыг дайнд ялав. Дайн дуусахад Зөвлөлт улс олзолж авсан японы бүх зэвсэг техникийг Маогийн удирдсан хятадын улаан армид бэлэглэв. Зөвлөлт,японы орчин үеийн зэр зэвсэгээр хангагдсан, танк, нисэх онгоцтой, нэг сая цэрэгтэй болсон хятадын улаан арми 1945-1949 оны иргэний дайнд гоминданы армийг илт давуу ялав. Ядаж гоминданы талд зэр зэвсгээр тусалж байсан Зөвлөлт улс, Америк хоёр гэнэт туслахаа зогсоожээ. Чан Кайши үлдсэн цэргээ авч Тайвань руу ухрав. Хятадад болсон иргэний  дайнд 20.0 сая хятад хүн амь үрэгджээ. Зөвлөлт Холбоот улс Монгол улсыг эх орны дайнд хамтран тулалдаж их тус хүргэсэнийг нь бодож, хариуд нь Өвөр Монголыг нь өгөх боломж бүрэн байсан. Гэвч Сталин хятадын коммунистуудын удирдагч Маод тал засаж Өвөр Монголыг Монгол улсад өгөөгүй мөртлөө  өмнө нь оросын мэдэлд байсан, одоо дайны дараа зөвлөлтийн мэдэлд орсон стратегийн өндөр ач холбогдолтой Порт-Артурын боомтоо хятадуудад зүгээр бэлэглэчихжээ. 1945 оны 8-р сард Зөвлөлтийн улаан арми болон Монголын ардын арми хамтран Манжуур, Өвөр Монголыг чөлөөлсөн билээ. Тэр үед Ар Монголын хүн ам 800 000, Өвөр Монголын хүн ам 1.5 сая гаруй байсан юм. 1945 онд чөлөөлөгдсөн Өвөр Монголын ард түмэн БНМАУ-тай нэгдэх саналтай байлаа. Гэвч зөвлөлтийн удирдагч Сталин 1945 оны 2-р сард холбоотнуудтай хийсэн бага хурлаар БНМАУ-ын статус квог хэвээр үлдээх буюу БНМАУ-ыг Зөвлөлтийн мэдэлд хэвээр үлдээх, Өвөр Монголыг Хятад улсын бүрэлдэхүүнд үлдээх талаар тохирчихсон байлаа. Энэ талаар Чойбалсан ч мэдээгүй байсан гэдэг. Тэр үед хоёр монголын асуудлыг монгол хүн шийддэггүй, Иосиф Сталин, Мао Зедун хоёр шийддэг байлаа. 
Орчин үеийн монголчууд нэг зүйлийг буруу ойлгосон байдаг. Сталин бол 1945 онд Ялтын хурлаар Монгол улсын статус квог Их Британи, АНУ хоёроор зөвшөөрүүлсэн агуу хүн. Сталин бол монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан хүн гээд магтаад байдаг.Гэтэл үнэндээ тэрхүү “статус кво” гэдэг латин үг бол “байгаа зүйлийг хэвээр нь үлдээх” гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлвэл гадаад Монголыг Зөвлөлт Холбоот улсын нөлөөнд хэвээр үлдээж, мөн  Өвөр Монголыг Хятад улсын харъяанд  хэвээр нь үлдээх гэсэн үг юм. 
 
1949 онд хятадын иргэний дайн дуусч  хятадын улаан арми Бээжин хотыг эзлэв. 1949 оны 10-р сарын 1-ний өдөр БНХАУ-ыг дэлхийд тунхаглав. 1949-1956 онд Зөвлөлт Холбоот улс Хятад улсад  олон зуун үйлдвэр завод барьж туслан хөдөөд хамтрал коммун байгуулж өгчээ.                   
Нэг сонин зүйл бол Өвөр Монголыг улаан хятадууд БНХАУ байгуулагдахаас  3 жилийн өмнө эзэлсэн байдаг юм. 1947 онд хятадын коммунистууд “Өвөр монголын өөртөө засах орон” гэсэн хуурамч нэрийн дор  Өвөр монголыг хятадын нэг муж болгож малжих район хэмээн зарлажээ. Улаан хятадууд өвөр монголын өөртөө засах орон бол хятадын мужийн зэрэглэлтэй газар гэцгээж байв. Хятадын улаан коммунистуудын харгис засаглал ийнхүү Өвөр Монголд тогтлоо. Энэхүү улаан хятадын харгис засаглал манж бүү хэл, гоминданы засаглалаас ч долоон дор харгис байсан юм. Манж, Гоминданы засаг  хэзээ ч хятадын ард түмний өмч хөрөнгө, газар, мал сүргийг нь  булаан авч байгаагүй, хэзээ ч бурхан шүтээнийг нь устгаж байгаагүй юм.  1949 онд хятадын улаан коммунистууд Тайван, Хонгконг, Макаогоос бусад бүх хятадыг эрх мэдэлдээ бүрэн авчээ. Генералисмусс Чан Кай Шигийн  гоминданы цэргүүд Тайван руу ухарч тэнд гоминданчууд америкийн тусламжтайгаар капитализмыг байгуулж Тайванийг ихэд хөгжүүлэв. 
 
Энэ үед эх газрын Хятад улаантны харгис бодлогын уршгаар эдийн засаг нь сүйрч, ард түмэн нь өлсгөлөнд автаж  байв. Хятадын улаантнууд цэрэг арми, нийгмийн хамгаалах байгууллага,  цагдаа, шүүх, прокурор,үйлдвэр, санхүү банк зэрэг бүх байгууллагыг гартаа авч цэргийн хүчээр улс орноо захирч эхлэв. Хятадын Засгийн газар 1978 онд зах зээлийн эдийн засагт шилжих бодлого тогтоох хүртэлхи  гучин жилд Хятадад үндэс угсаа  ялгалгүй олон нийтийг хамарсан алллага хядлага  зогсолтгүй үргэлжилжээ. Улаантны цуст хэлмэгдлүүлэлт өвөр Монголыг  тойрч гарсангүй. “Газар хуваарилалт”, “Баруунтныг эсэргүүцэх”,“Нэгдэлжүүлэх”“Соёлын хувьсгал”, ”Хөрөнгөтний сүүлийг огтлох” гэх мэтийн солиотой улс төрийн хөдөлгөөн хятад даяар өрнөж, өвөр монголчууд  хамаг эд хөрөнгөө хураалган нутаг орноосоо хөөгдөж, хорих лагерт цөлөгдөж, шоронд сууж, гэр бүл сарнин, ямар ч гэм зэмгүй олон арван мянган хүн амь насаа алджээ. 1966 оноос Маогийн өдөөсөн “Пролетарийн их соёлын хувьсгал” Хятадад өрнөж сэхээтэн, багш, эрдэмтдээ барьж зодож, шоронд хорьж, амь насыг нь бүрэлгэж байв. Улаан хамгаалагчид ном судар соёлын үнэт зүйлсийг устгаж дуусгав. Жар, далаад онуудад улаан Хятад ийм л туйлын ядуу орон байв. Соёлын хувьсгалын хар жилүүдэд 50 000 өвөр монгол хүн хэлмэгдэж амь насаа алдсан байдаг.Улаан хувьсгал бол солиорол юм даа. Хятадад эдүгээ коммунист үзэл санаа 70 жил ноёрхсоор байна.Ямар их амь бөхтэй юм бэ. Хятадын нийгэм коммунизм бус, Күнзийн сургаалиа дээдлээд амьдарч болдоггүй юм байх даа.Күнзийн капитализмыг хөгжүүлсэн Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хонгконг, Тайланд, Сингапур ямар мундаг хөгжив өө. 
 
1968 онд Хятад даяар өлсгөлөн болж нийт 20 сая, зарим мэдээгээр бол 38 сая  хятад хүн өлсөж үхжээ. Хятадын  “Эгэл ертөнц” гэдэг олон ангит телевизийн сериал байдаг даа.Тэр кинон дээр хятадын тосгоны жирийн ардууд идэх хоолгүй, ганц ч мантуу  олдохгүй, өмсөх хувцас олдохгүй байдаг.  Олон хүүхэдтэй нэг айл хүүхдийн ганц  хувцасаа хүүхдүүддээ ээлжлэн өмсгөж нүцгэн үлдсэн хүүхдүүд нь орон дээрээ хөнжлөө нөмөрч нөгөө хүүхдээ ирэхийг нь хүлээж хэвтдэг байлаа. 
 
Соёлын хувьсгалын дараа 1978 оны 11-р сард болсон Хятадын Коммунист Намын 3-р Бага Хурал дээр  хятадын алсын хараатай, ухаалаг удирдагч Дэн Сяопин санаачлан хятадын онцлогтой социализмыг байгуулах, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг хийх шийдвэр гаргаж,  зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн тусгай бүс байгуулах, ядуурлыг гэтлэн давах, техник, шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилт тавив.  Дэн Сяопин үүний өмнө Япон улс, Хонгконгт  айлчилж  тэдний хүрсэн амжилтыг өөрийн нүдээр харж, Хятадыг өөрчлөн байгуулах цаг болсныг сайтар ойлгожээ. Удалгүй улс даяараа зах зээлд шилжиж, бүтээн байгуулалт эхэлж, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулж, хувийн хэвшлийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалт цутгаж эхлэв.
 
БНХАУ эдүгээ дэлхийн эдийн засгийн хоёр дахь хүчирхэг улс болж эдийн засаг нь гэрлийн хурдаар хөгжиж байна.Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 оны байдлаар 18.9 триллион /их наяд/ ам.долларт хүрч, эдийн засаг нь наяад оноос жил бүр 15.0 хувь өсөж, ерээд оноос жил бүр 8.0 хувиар өсч байна. 
Хятад улс сүүлийн 40 жилд 700 сая хүнийг ядуурлаас гаргажээ. Үнэхээр гайхалтай. Хятадын төр засаг ядуу нэг иргэнд гэхэд л 55 000 юаны хүүгүй зээл олгож ядуурлаас гарахад нь тусалдаг ажээ. Хятад улс нэг жилд 546 сая тонн үр тариа хурааж байна.
Хятад улсын төмөр замын урт 103.1 мянган км, авто замын урт 4.1 сая км хүрч, одоо 182 нисэх онгоцны буудалтай болоод байна. Өндөр хурдны төмөр зам 11000 км хүрч, хурдны галт тэрэг 380 км/цаг хурдалж байна. Хятад улс хиймэл дагуулж хөөргөж, сансарт хүнээ нисгэж, сарны нөгөө талд станц буулгаж сансарыг эзэмшиж байна. Хятад улс бүс нутгийн хөгжлийг түргэтгэж алслагдсан муж хотуудаа хөгжүүлж чаджээ. Хятад  “Нэг бүс-Нэг зам” бодлого явуулж, Торгоны замаар дэлхийг холбож байна. Хятад орон ядуурлыг устгаж чаджээ. Хятад улс эдүгээ аж үйлдвэр өндөр хөгжсөн, роботжсон, хиймэл оюун ухаан, кмпьютер, гар утас, телевизорь, автомашины үйлдвэр технологи өндөр хөгжсөн,химийн үйлдвэр өндөр хөгжсөн,  барилга, зам гүүрын байгууламж өндөр хөгжсөн, боомт хотуудын хүч чадал нь эрс өссөн,  Шанхай, Бээжин, Гуанжоу, Шэнжэнь, Хонгконг, Макао, Далянь, Циндао зэрэг хотууд нь хөгжлөөрөө алдартай,хот хөдөөгийн ялгаа арилж байгаа, эдийн засгийн хүч чадлаараа дэлхийд хоёрт орсон хүчирхэг  орон болжээ.  Хятадын үсрэнгүй хөгжил эдүгээ дэлхийг гайхшруулж байна. 
Хятад улс бол 9.5 сая квадрат км газар нутагтай, нэг тэрбум 415 сая хүн амтай дэлхийн том гүрэн мөн л дөө. 
 
Өмнөд хөрш Хятад улстай орчин үеийн Монгол улс эдийн засгийн бүхий л талаар хамтарч ажиллаж байна.Монголын зэсийн баяжмал, нүүрс зэрэг байгалийн баялгийг Хятад улс л худалдан авч байна. Хятад улс Монголд далайн боомтоо нээж төмөр замын хямд үнээр монголын барааг тээвэрлэж байна.Хятад улс монголын бараанд хямд татвар ногдуулдаг. Хятадын эрчим хүчний үнэ Оросынхоос хэд дахин доогуур үнээр Монголд борлогддог. Монголын гадаад худалдааны 32.3  хувийг Хятад улс эзэлдэг. Монголын гадаадад экспортолсон бүтээдэхүүний 88.9 хувь нь Хятадад ногддог. Монголын импортын 33.2 хувийг Хятад улс эзэлдэг.
 
 
Монголын зэсийн баяжмалыг 100 хувь Хятад авдаг. Монгол улс БНХАУ-тай жилд 8.8 тэрбум долларын гадаад худалдаа хийдэг. Монголос угаасан ноолуурыг Хятад улс 100 хувь авдаг. Монголын иргэд Хятадад визгүйгээр зорчдог.Хятад улс Монголтой эдийн засгийн хүрээнд хамтран ажиллахад таатай орон юм.
 
 
 
Гэхдээ Хятад улс эдийн засгаар ихэд хөгжсөн ч гэсэн улс төрийн эрх, хүний эрхийн асуудал муу байна. Хятад дахь өвөр монгол хүн, түвд хүн, уйгур хүний эрх ихэд зөрчигдөж байна. Хятадад амьдардаг 6 сая өвөр монголчууд хүүхдээ монгол хэлээр сургуульд сургаж чадахгүй байна. Өвөр монгол хүүхдийг нэгдүгээр ангиас нь эхэлж албадан хятад хэлийг зааж байна. Нэг өрхөд байлгах малын тоог хатуу тогтоож нэг монгол айл хоёроос дээш хүүхэдтэй болохыг хуулиар хоригложээ. Малчдын бэлчээрийг булаан авч уул уурхай байгуулж газар тариалан болгож байна. Бэлчээрийг өргөст тороор хааж бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх боломжгүй болгожээ.  Өвөр Монголын хүн ам  эдүгээ 25 сая бөгөөд 6 сая нь өвөр монгол, бусад нь хятад хүн амьдарч байна. Өвөр Монголын унаган нутагт 1950 оноос эхлэн хятад хүмүүс ирж олон саяар суурьшиж суучихаад эдүгээ газар нутаг дээр нь эзэн хүн аашилж газар нутгийг нь улсын газар хэмээн булаан авч элдэв уурхай, үйлдвэр, хот, суурин байгуулж монгол хэл, соёлыг нь элдэв хууль дүрмээр хориглож  байгаа нь байж боломгүй асуудал юм.  Хятад улс сүүлийн 200 жилд 1.5 сая квадрат монголын унаган газар нутгийг Монголоос булаан авчээ. Зүүн зүгт Хянганы нуруу, Хөлөнбуйр, Харчин хорчин нутаг, Шилийн голоос эхлээд баруун зүгт Алшаа, Тарвагатай, Илийн гол, Хөх нуур,  дээд монгол хүртэлхи үргэлжилсэн уудам нутаг бол Монголын унаган  нутаг юм.Тэндэхийн газар нутаг, уул ус, гол горхи, рашаан бүгд монгол нэртэй байдаг юм.   
 
Эцэст нь дүгнэж хэлэхэд монголчууд бид өвөг дээдсийнхээ сургаалийг уландаа гишгэснээс болж нэг хэсэг нь улаан оросыг дагаж улаантан болсон, нөгөө хэсэг нь улаан хятадыг дагаж улаантан болсон нь юутай мунхаглал. Одооноос 106 жилийн өмнө 1906 онд Долнуурт монголын бүх хутагт хувилгаад цугларч цагийн байдлыг үнэлж сургаал айлдсан байдаг. Тэрхүү сургаалд “Удахгүй цөвүүн цаг нүүрлэж хойд хөрш Орост болон өмнөд хөрш Хятадад маш том дайн самуун болж, олон сая хүн амь үрэгдэнэ. Монголчууд орос болон хятадыг дагаж болохгүй. Орос, хятадын архи тамхи нэг зоос болж хямдарсан ч авч хэрэглэж болохгүй. Монголчууд Эзэн богд Чингис хаан, Авралт Бурхан багшийнхаа сургаалийг дагаж явбаас өлзийтэй болно. Эс дагаваас зовлонд унаж дорой ядуу улс болно” хэмээжээ.Энэ сургаалийг монголчууд үл дагаж алтан ургаа хөнөөж авралт Бурханаа гээсэн билээ. Монгол төрөө устгаж модоо барьсан өчүүхэн улс болж билээ. Далан жилийн дараа цаг эргэж монголчууд эрх чөлөөгөө олсон. Энэхүү сайн цагийг алдалгүй ашиглаж Монгол улс хөгжих хэрэгтэй.
 
Монгол улс сул дорой байж болохгүй. Монгол улс хөгжлөөрөө хоёр хөршөөсөө илүү байж хорин нэгдүгээр зуунд тэсэж үлдэж чадна.Энэхүү нийтлэлийг  би хоёр хөршөө муулж, алдсан газар нутгаа эргүүлэн авна хэмээн улс төржүүлэн бичиж байгаа юм биш шүү. Зүгээр л монголын өсвөр залуу үе маань  хоёр хөрш улсын үнэн түүхийг мэдээсэй гэсэндээ л үүнийг бичлээ. Монгол улс үүрд мандан бадрах  болтугай.     
 
                                             Эх сурвалж: /Sonin.mn/ Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР     
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ8 цаг 13 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо9 цаг 19 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube