“Ээ бурхан минь. Энэ хүнээс л ийм үг гарах байх” гэж уулга алдмаар үгс.
“Бавуугийн Лхагвасүрэн агсны гэгээн дурсгалд зориулав” гэж онцолсон учраас магад ийм уярам, гайхамшигт үгсийг эндээс ахин сонсч мэдрэхийг хүссэн үзэгчид Драмын театрыг дүүргэжээ.
...Чи уул юмаа гэхэд
Чиний цаана уул байхгүй юм шиг
Чи ус юмаа гэхэд
Чамаас өөр мөрөн байхгүй юм шиг
Би чамайг хайрласан сан . . .
Амь тавин хайрласан
Ганц эмзэг минь . . .
Алганы минь хээг дагаж бөмбөрсөн
Ганц сувд минь . . . хэмээн Арчиг хааны бага хатан Гүргэлээ хайрлах үгс....
...Гөлгийг нүдээ нээгээгүй байхад нь төөрүүлдэг юм
Битгий нялхар тэнэг эм минь
Би дараачийн хааны эцэг . . .
Хайш хайшаа хаанд дарагдсаны
Хариуг авч бахаа хангамаар байна...хэмээн Эгэрэг түшмэлийн Цэцэр хатанд хэлэх үгс
Уярам зөөлөн бас хатуу, харгис...
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг найруулагч Б.Баатар өөрийн мэдрэмжээр тайзнаа дэглэн энэ сарын 20-ноос үзэгч түмнээ өргөн бариад байна. Физикл драм гэх төрлөөр жүжгийг өмнөх дэглэлтүүдээс ялгаруулжээ.
Хаан цусыг сэнтийд залах их хүсэл, эцэг хүн байх хүсэлтэй сүлэлдэн, сүүдрээс нууж, салхинаас нөмөрлөсөн хүү нь могой мэт хүйтэн үгтэй, цөөвөр мэт харгис нэгэн болохын цагт
...Тэнэгүүдийн тоглоом болох төрийг
Тэнгэрийн дор би орхиж чадахгүй.
Хүүгээсээ би маргааш хагацана.
Хүннү төр тэнэгээсээ хагацана... хэмээн хүүгээ хөнөөх зарлиг буулгах Арчуг хааны дүрийг Драмын Эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг урлав. Түүний биеийн хэлэмж, дууны өнгө хатуу харгис хаан гэхээс илүүтэйгээр хатандаа хайртай эр нөхөр, хүүдээ хайртай аав мэдрэгдэж байсан.
Арчуг хааны хэлснээр “төрийг идэх өт” болсон Эгэрэг түшмэлийг энэ удаад Ардын жүжигчин П.Цэрэндагваар биш гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнээр харна. Хааны сүр хүчинд дарагдсан он жилүүддээ хорссон Эгэрэг түшмэл ганцаардсан Цэцэр хатныг олзлон тэдний шунал хүсэл тачаалаас төрсөн Ачир хүүгийн дүрийг гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн 24 жилийн дараа ахин бүтээв. Гэвч эцэст нь үйлийн үрээ эдэлж, үр нь хаан төрийн сэлмэнд үрэгдэнэ.
Хааны хайранд бөмбөрсөн бага хатнаас төрсөн Хүчир хүү хааны мартаж орхисон Цэцэр хатны нөмөрт хүн болж хүмүүжнэ. Харамсалтай нь хаан ширээнд сууж үл чадах бөгөөд Эгэрэг түшмэлийн гарт хөнөөгдөнө.
Хайр, шаналан, шунал тачаал, хорсол, гуниг, зовлон гээд хүмүүний амьдралд тохиож болох бүхий л мэдрэмжийг тайзнаас үзэгчид рүү “шидсэн” гавьяат жүжигчин У.Уранчимэг, Ш.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, СТА Г.Эрдэнэбилэг, О.Дөлгөөн, Б.Шинэбаяр нарт талархлаа. Мэдээж, Арчуг хаанаас илүүтэйгээр Эгэрэг түшмэл /С.Болд-Эрдэнэ/, Ачир хүү /Ш.Доржсүрэн/, Цэцэр хатан /У.Уранчимэг/ тод харагдаж байсныг онцлох нь зүй биз. Гэхдээ миний л нүдэнд шүү дээ. Учир нь үзэгч бүр өөрийнхөөрөө тунгаан, мэдрэх эрхтэй.
Тэртээ 24 жилийн өмнө “Тамгагүй төр”-ийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн ертөнцөөр тольдсон бол энэ удаад Б.Баатарынхаар харлаа. Түүнийг найруулж байна гэх мэдээлэл гарсан цагаас эхлэн хар, цагаан мэдээ дагасан. Мэдээж Б.Баатар гэхээр наадмын контент л хүн бүрийн санаанд буусан биз. Нэг үзэгдэлд олон хүнийг багтаадаг, бусдыг огшоож чаддаг, гялалзсан, тод өнгөөр шүршдэг, үгийн халил, хэтрүүлэг гээд ер нь гоё гэх тодотгол Б.Баатарыг илэрхийлдэг мэт санагддаг.
Үнэхээр энэ удаагийн жүжгээс ч Б.Баатарыг харж чадсан. Тайз засалт, хувцас, бүжиг, уянга халил бүгд байсан. Сонирхолтой нь, оюун санааны мэдрэмжийг биеийн хэлэмжээр илэрхийлэн гаргасан нь сонин өвөрмөц болжээ. Бодлоос, хүсэл, шуналаас урган гарах сүнсэн бие цагаан, улаан, хар өнгөөр ялгарна. Арчуг хааны бага хатан Гүргэлийг цагаан, Цэцэр хатныг улаан, Эгэрэг түшмэлийг хар сүнсэн биетүүд хүрээлэн дагана. Зохиолч жүжигт есөн бөө, зургаан ятгачин бүсгүй, эхэсийн цацарын хөгшин залуу эмс, зар мэдээч, босуул, хэвтүүлүүд, хөлөг баатруудыг дүрслэн оруулсан байдаг. Эдгээр дүрүүдийг Б.Баатар жүжигтээ бүжгийн уян налархай, хурц хөдөлгөөнтэй хослуулан гаргаж чаджээ. Цэргийн дуу бүжгийн чуулга, Үндэсний дуу бүжгийн чуулгын залуу бүжигчид дээрх дүрүүдийг тайзнаа бүтээсэн байна. Ямартай ч энэ удаад үзэгчдийнхээ сэтгэл нүдийг баясгаж, оюун санааг нь цатгаад Драмын театраас үдлээ.
…Энэ төрийн тамгыг би
Эхийн сүүнд ороогоод булчихсан
Сүнс нь саамшихын цагт
Сүү үнэртсэн энэ газар дээр
Хүннү улсын хаан Тамгаа атгаж төрнө.
Гэрэл зургийг “Tamgagui tur” хуудсаас авав.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.