МҮХАҮТ-аас эрх баригчдад хандан мэдэгдэл гаргажээ.
Монгол Улсын эдийн засагт хямрал нүүрлээд байгаа энэ хүнд цаг үед татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн банкны харилцах дансыг битүүмжлэх, татварын өрийн асуудлаар аж ахуйн нэгжүүдийг шүүхэд өгөх арга хэмжээг Татварын албанаас авч хэрэгжүүлж байгаа нь цар тахлын үеийн хүндрэлээс гарч амжаагүй аж ахуйн нэгжүүдийн хувьд маш том дарамт болж, тэдгээрийн эргэн сэргэлтийг боомилсон бодлогогүй, цаг үеэ олоогүй алхам болж байна.
Ковид-19 цар тахлын үеийн удаа дараагийн хөл хорио, хязгаарлалтууд, Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын гэнэтийн шийдвэрүүд, тээвэр логистикийн ба хилийн боомтуудын хүндрэл, түүхий эд бараа материалын хомсдол, тасалдал гээд хүндхэн нөхцөл байдалд хоёр жил гаруй хугацаанд аж ахуйн нэгжүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулан өнөөдрийг хүрсэн. Гэвч ОХУ ба Украйны хоорондын асуудлаас шалтгаалан дэлхийн улс орнуудын авч буй эдийн засгийн арга хэмжээнүүд, тэдгээрт үзүүлж буй ОХУ-ын хариу үйлдлүүд болон БНХАУ-ын ковидын халдварын “тэг” бодлого нь Монгол Улсын эдийн засагт гадаад валютын хомсдол, төгрөгийн ханшийн огцом сулрал, инфляцын өсөлт, төлбөр тооцооны хүндрэл гэсэн олон сөрөг асуудлыг араасаа дагуулсан нь аж ахуйн нэгжүүдийн эргэн хөл дээрээ зогсох үйл явцыг ч мөн тодорхойгүй хугацаагаар үгүй хийж байна. Өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлээс гарах нэг гол гарц нь аж ахуйн нэгжүүд болон иргэдэд бизнесийн үйл ажиллагаа явуулахад нь аль болох саад учруулахгүй байх, үйл ажиллагаа явуулах эрхийг бүх талаас нээж өгөх явдал юм.
Иймд аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүнд байдалд орсны улмаас татвар төлөх үүргээ биелүүлж чадахгүй байгааг анхааран үзэж, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн салбар, үйл ажиллагааны төрөл, үйл ажиллагааны хязгаарлагдсан байдал, аж ахуйн нэгжийн хэмжээнээс хамааруулан татварын хөнгөлөлт үзүүлэх, татвар төлөх хугацааг сунгах, татварыг тодорхой хуваариар хувааж төлөх боломж олгох, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг Монгол Улсын Их Хурал, Засгийн Газраас авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Бизнесийнхэн нэгэнт хөл дээрээ зогссон цагт Монгол Улс нийтээрээ цар тахлын үеийн үр дагавар болон одоо үүсээд буй хүнд нөхцөл байдлыг даван туулах нийгэм эдийн засгийн ачааг хамтдаа үүрэлцэн, Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд томоохон түлхэц болох нь дамжиггүй билээ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.