Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-06 нд нийтлэгдсэн байна.

Б.Долгорсүрэн: Криптовалют, виртуал хөрөнгөөр санхүүгийн салбар мундаг болчихно гэх ирээдүй одоогоор харагдахгүй байна

5/ 6/ 2022    14 цаг 06 минут

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хоёрдугаар сарын 24-нөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг дагалдуулан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам”,  “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооноос боловсруулан иргэд болон холбогдох байгууллагуудаас санал авч өнгөрсөн сард баталсан. Виртуал хөрөнгийн хууль эрхзүйн зохицуулалтын хамрах хүрээний талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй ярилцлаа.

ОЛОН УЛСАД 13000-14000 КОЙН ГАРСАН ГЭСЭН СУДАЛГАА БИЙ. ҮҮНЭЭС 95 ХҮРТЭЛХ ХУВЬ НЬ АМЖИЛТГҮЙ БОЛДОГ

-Виртуал хөрөнгө, койн бол бидний хувьд шинэ зүйл. Монгол Улс ямар ч байсан эрхзүйн орчинтой боллоо.

-Яагаад хууль эрхзүйн орчинтой болох нь чухал байв гэдгийг эхлээд ярилцъя. Технологийн хурдтай хөгжлийг дагаад уламжлалт санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт орж хөрөнгө оруулалт, төлбөр тооцоо гээд олон асуудлыг цахимаар, гар утаснаасаа шийддэг боллоо. Үүний хамгийн тод илрэл нь виртуал хөрөнгө буюу койн, криптовалют. 2008 онд анх уламжлалт бус зах зээл дээрээс хөрөнгө босгох гэдэг ойлголт гарч ирсэн байдаг. Шинэ технологид суурилсан уламжлалт бус зах зээл эрчтэй хөгжсөөр 2018-2019 онд оргил үедээ хүрсэн.

Мэдээж энэ нь хоёр талтай. Нэг талдаа хүмүүс уламжлалт бус технологийг хайж, сонгож байна. Нөгөө талдаа хүн ам зүйн үе хоорондын ялгаа маш хүчтэй гарч ирсэн. Төрсөн цагаасаа цахим ертөнц, технологийн дэвшлийг мэдэрч өссөн 35 хүртэлх насныхан цаас барьж, бодит зүйлдээ итгэдэг дээд үеэ бодвол виртуал буюу төсөөллийн ертөнцдөө амьдарч чадаж байна. Дэлхийн хүн ам хөгширч байгаа гэдэг ч зүүн өмнөд Ази ялангуяа Монгол Улсын хүн амын 60 хүртэл хувь нь 35 хүртэлх насныхан. Тиймээс Монголд криптовалютыг сонирхох сонирхол маш хүчтэй гарч ирлээ. Тэдэнд заавал ижил хэлээр ярих шаардлага алга, технологийн хэлээр бие биенээ ойлгодог болж. Бүх зүйл дэлгэц, гар утсанд орсон уламжлалт бус технологид хүссэн хүсээгүй бид шилжинэ.

-Одоогоор дэлхий дээр хэдэн койн арилжаалагдсан байна вэ. Хэдэн хувь нь амжилттай үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Өнөөдрийг хүртэлх хугацаанд олон улсад 13000-14000 койн гарсан гэсэн судалгаа бий. Үүнээс 95 хүртэлх хувь нь амжилтгүй болдог. Өөрөөр хэлбэл, таван хувь нь “амьд” үлджээ.  Харин криптобирж буюу платформ 400 орчим ажиллаж байна. Гэвч технологийн хувьд дэлхийн ямар ч оронд үүнийг хянах боломжгүй учраас цаашид дуртай нь койн гаргаад, хүссэн нь мөнгөө оруулсаар байх уу гэх асуулт гарч ирсэн. Платформ дээр койн гаргах процесс бол тун энгийн. Бэлэн загвар худалдаж аваад койн гаргах боломж хүн бүрт бий. Гол нь хүмүүс итгээд мөнгөө оруулсны дараа ямар үйл явц өрнөж байгааг хэн ч хянаж чаддаггүй. Тийм учраас өнөөх амжилтгүй болсон 95 хувийн ихэнх нь технологийн алдаатай байлаа, би бодсон зүйлээ хийж чадсангүй гэх шалтгаан хэлдэг.

Зарим нь санхүүгийн луйврын схем болдог. Ийм асуудлуудаас үүдэн 2015 оноос зохицуулах зайлшгүй шаардлагатай гэдэг анхны ойлголтууд олон улсад гарч ирсэн. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох “ФАТФ” -аас анхны судалгаанууд хийж, виртуал хөрөнгийг цаашид яах ёстой вэ. Санхүүгийн луйвраас гадна мөнгө угаах хамгийн том хэрэгсэл, терроризмыг санхүүжүүлэх суваг бий болчихлоо гэж үзэн 5-6 жил зохицуулахаар зарим нэг арга хэмжээг авч эхэлсэн. Дэлхийн томоохон орнууд ч сонголтоо хийсэн. АНУ, Япон, Европын орнууд хүлээн зөвшөөрөөд хуульчилсан. Хятад, Орос, Арабын орнууд хориглосон. Монгол Улсад нэг бол хориглох эсвэл цааш нь явуулах гэдэг сонголт тулгарсан. Монгол Улс “технологитой зэрэгцээд явья” гэдгийг сонгосон. Хорих тусам зардал нь өснө. Тийм учраас Монгол Улс шиг цөөн хүн амтай орон аль болох технологитойгоо хөл нийлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

-Хууль боловсруулах процесс хурдан явагдсан. Мэдээж жишээ болох баримт бичгүүд олон улсад гарч эхэлсэн байх

-2019 оны аравдугаар сард ФАТФ-аас виртуал хөрөнгийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл өндөр гэж үзээд зохицуулалттай холбоотой аргачлалыг боловсруулж, улс орнуудад дагаж мөрдөхийг зөвлөмж болгосон.  2020 онд илүү тодотгож, “Улс орнуудад нэг бол хоригло эсвэл зохицуул. Ингэхдээ төр нь өөрөө зохицуул” гэсэн чиглэл өгсөн юм. 2019 онд бид энэ байгууллагын саарал жагсаалтад ороод 2020 онд амжилттай гарсныг манайхан мэднэ. Ингэхдээ дагаж хэрэгжүүлэх ёстой 40 зөвлөмжийн 15-ыг нь заавал хангах үүрэг хүлээсэн байдаг. 15 зөвлөмжийн гол үзэл санаа нь шинэ технологи, виртуал хөрөнгийн зохицуулалтын орчинг бий болгох юм. Монгол Улс заавал хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ хэрэгжүүлэхгүй бол саарал жагсаалт руу орох эрсдэлтэй.  Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг Дэлхийн банкны тусламжтайгаар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос ажлын хэсэг гарч боловсруулсан. 2021 онд УИХ-д өргөн бариад арванхоёрдугаар сарын 17-нд батлагдаж, 2022 оны хоёрдугаар сарын 14-нд Төрийн мэдээлэлд хэвлэгдсэн. Ингээд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс мөрдөгдөж эхэллээ. Энэ тухай Санхүүгийн зохицуулах хороо олон нийтэд мэдээлсэн. Гэхдээ хууль хэрэг­жихээс өмнө, хууль хэрэгжсэнээс хойшхи шил­жил­тийн орчны зохицуулалт чухал шаард­лагатай байгаа.

-Хууль хэрэгжихээс өмнө “төр бид аливаа хохирлыг хариуцахгүй” хэмээн анхааруулж байсан. Харин хууль хэрэгжсэнээр ямар нэгэн хариуцлагын тогтолцоотой болсон уу?

-Монголын нийгэмд 2021 онд ковид, койн гэх хоёр халуун сэдэв байсан. Үнэндээ койнтой холбоотой асуудлууд үүссэн ч төрийн аливаа зохицуулалт байсангүй. Хэн дуртай нь гаргасан, хүссэн нь худалдаж авсан. Хуулийн зохицуулалтгүй учраас Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс олон нийтийг соён гэгээрүүлэх ажил хийхээс өөр аргагүй байв. 14 мэдэгдэл гаргасан. Гол санаа нь койн, токентой холбоотой зах зээл өөрөө ямар ч зохицуулалтгүй. Урьдчилан харж, тааварлах ямар ч боломжгүй. Хэн ч чадахгүй. Үнийн маш өндөр савлагаатай. Уламжлалт санхүүгийн хэрэгслүүд шиг даатгалд хамрагдахгүй. Төрийн зохицуулалт ч байхгүй. Тийм учраас та ямар нэгэн байдлаар хохирлоо гэхэд хэн ч хариуцахгүй. Энэ зах зээл рүү орох нь эрсдэлтэй, болгоомжтой хандаарай, алдвал та өөрөө хариуцлагаа үүр гэсэн мэссэж явуулсан. Гэвч койн гаргаад л тэрийг нь иргэд худалдаж аваад л байв. Тэгэхээр нь “За та эрсдэлээ даагаад орж байгаа юм байна. Харин харамсахгүй мөнгөө оруулаарай. Байр, машинаа зарж болохгүй” гэж анхааруулж эхэлсэн. Дараа нь, ихэвчлэн 35 хүртэлх насныхан арилжаанд оролцож байсан учраас “Та бүхэн энэ талбайг мэддэг юм байна. Гэхдээ хайртай, дотны хүмүүсээ битгий уруу татаач” гэдэг мэссэж өгсөн. Тодорхой хэмжээнд ч судалгаа хийж ирсэн.  Ингээд хууль гарч, мөрдөгдөж эхэлснээр бүх асуудал шилжилтийн зохицуулалтад орлоо. Үндсэндээ зогссон. 23 биржээс 8-9 нь идэвхтэй байна. Тэнд байгаа койны хувьд нэгэнт арилжаа нь эхэлсэн учраас зургадугаар сарын 24-нийг хүртэл явагдана. Гэхдээ энэ хугацаанд шинээр ямар ч бирж нээгдэхгүй. Койн гарахгүй. Хуулиа хараарай. Хамгийн сүүлд байгаа шилжилтийн үеийн зохицуулалт гэсэн заалт их чухал шүү.

-Харсан. Тэндээс виртуал захын үйл ажиллагаа одоогоор зогсонги байдалд орчихсон юм байна гэж харсан.

-Хууль хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дараа Санхүүгийн зохицуулах хороо бүртгэлээ эхэлнэ. Хоёр дахь зохицуулалт нь хороо бүртгэж эхэлсэн өдрөөс хойш буюу 6 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 23 хүртэл хугацаанд өнөөдөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа нөхдүүд заавал бүртгүүлэх ёстой. Шинэ бирж бол зэрэгцээд бүртгүүлээд явна. Бүртгүүлсэн бирж өөр дээрээ арилжаалагдаж байгаа койныг шаардлагад нийцэх эсэхийг нягтлан бас бүртгэнэ. Мөн шинээр койн гаргаж болно гэх зэргээр зохицуулсан.

ЗӨВХӨН БИРЖИЙГ БҮРТГЭНЭ. КОЙН БҮРТГЭХГҮЙ

 -Арилжаанд орж чадаагүй хүлээгдэж байгаа койн бий юу?

- 21 койн хоёр дахь арилжаанд орж чадаагүй. Ямар ч платформгүй гаргачихсан. Өөрөөр хэлбэл, миний койныг хоёр дахь арилжаанд оруулаад өгөөч гээд бирж дээр бүртгүүлэх ёстой. Гэтэл ингэж бүртгүүлж амжаагүй 21 койн бий. Тэд энэ дөрвөн сарын хугацаанд зах зээл дээр гарч чадахгүй. Зургаадугаар сарын 25-наас бүртгүүлэхдээ биржийнхээ шаардлагыг хангаж чадвал хоёр дахь арилжаандаа ороод явна.

-Тэгэхээр хуулиар биржийн үйл ажиллагааг л зохицуулах нь ээ. Койн гаргагчид биржээс зөвшөөрөл авах юм байна. Тийм үү?

-Хуулийн концевц нь зөвхөн бирж буюу платформыг бүртгэнэ. Түүнээс койн бүртгэхгүй. Монгол Улсад дангаараа койн гаргахыг хориглосон. Бүртгэлтэй бирж дээр очоод хүсэлтээ тавина. Бирж нь тавьж байгаа шаардлагад нь нийцсэн эсэхийг нягтлаад “болж байна” гэж үзвэл бүртгэнэ.

-Тэгэхээр бүртгэх эсэх нь биржийн асуудал боллоо. Хариуцлагыг нь бирж үүрэх үү?

-Тэгнэ. Ямар койн арилжаанд гаргах вэ гэдэг нь биржийн эрх. Санаатай болон санамсаргүйгээр залилан, луйвар хийвэл захиргааны болон эрүүгийн хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ.

-Санаатайгаар хийсэн луйвар гэдгийг нь хэрхэн мэдэх юм бэ?

-Бирж хүсэлт тавьж байгаа койн хэр бодитой байж чадах вэ гэдгийг хянах ёстой. Дээр нь мэргэжлийн холбоо оролцоно. Бидний зүгээс тодорхой хэмжээгээр хянана. Ийм шаардлага тавих ёстой, ингэж бүртгэнэ гэх зэргээр журмаар зохицуулна. Хууль гарснаар төр хариуцахгүй гэсэн өгүүлбэр хуульд бий. Аливаа нэг үр дагаврыг төр хариуцахгүй.

-Тэгвэл хууль гаргах шаард­лага юу байна. Төр хариуцахгүй гээд өөрөөсөө түлхчихээд зөвхөн зохи­цуулалт л хийнэ гээд байхаар?

-Төр хариуцахгүй гээд хууль гаргахгүй гэсэн үг биш. Эрхзүйн зохицуулалттай байж л виртуал зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээ тодорхой хэмжээгээр хайрцаглаж авна. Иргэд “Замбараагүй орчинтой байна. Төр нь ажлаа хийгээч” гээд шаардлага тавьдаг. Төр оролцоод эрхзүйн зохицуулалттай болголоо.

-Хувийн хэвшлийн хийж байгаа ажил учраас төр оролцоод байх нь зохисгүй гэж үү?

-Хэн дуртай нь хийж байсныг эрхзүйн зохицуулалттай, хэмжээ хязгаартай болгосон. Тийм, хувийн хэвшлийн ажил. Биржид, холбоонд нь Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хуулийн хүрээнд бидний тавьсан шаардлагыг сайн хангасан учраас үйл ажиллагаа явуулж болно гээд эрхийг нь өгнө. Дотроо ямар зохион байгуулалттай, яаж ажиллахаа тэд өөрсдөө шийднэ. Түүнээс төр оролцоод энийг гарга, энийг битгий гэхгүй.

-Эрсдэлийн үнэлгээ ер нь хийгдсэн үү?

-Виртуал хөрөнгийн зах зээлийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг хийхээр ажиллаж байна. Энэ салбарын эрсдэл, эмзэг байдал, аюул нь хаана байна, тэрнээс хэрхэн хамгаалах вэ гэх зэрэг асуултад хариулт өгөхүйц том судалгааг Санхүүгийн зохицуулах хорооноос ахалсан төрийн арваад байгууллагын хорь гаруй хүнтэй ажлын хэсэг хийж эхэлсэн. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс ажлын хэсгийг байгуулсан. Бидний төлөвлөснөөр зургадугаар сарын 6 гэхэд эрсдэлийн үнэлгээг хийгээд дуусна. Хийж байгаа аргачлал маань дэлхийд үнэлэгдэх байх гэж итгэж байгаа. Олон улсад жишиг болохуйц эрсдэлийн үнэлгээ хийх гэж хичээж ажиллаж байна.

Ямартай ч таны асуугаад байгаа хууль баталлаа, эрсдэл буурах уу гэдэгт хариулахад санхүүгийн салбартаа гадны хүмүүсийг оруулаад мөнгө угаалгахгүй. Койны ханшийн өсөх буурахын тухайд иргэний итгэл үнэмшил. Бидэнд хамааралтай зүйл биш.

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН БИЗНЕС НЬ ЗОХИЦУУЛАЛТАД ДУРГҮЙ. ШААРДЛАГА ТАВЬСАН ГАЗРААС ЗУГАТДАГ

-Ер нь, цахим захын арилжаанд хэчнээн хүн орчихсон байна вэ?

-Манайхан хангалттай хэмжээнд орчихсон. Нарийвчилсан тоо гаргах боломжгүй. Та бүхэн анхдагч арилжааны дүнгээс л маш их мөнгө орж байгааг харсан биз дээ.

-Яг үнэндээ ядуу монголчуудад их эмзэг сэдэв болоод байна. Компанийн хувьцаа бол тухайн компани ажиллаж байгаа цагт эзэнтэй байна?

-Уг нь, анх койн авахдаа тухайн гаргаж байгаа хүний, компанийн цагаан ном гэдгийг нь унших ёстой. Ийм технологи дээр суурилсан, өмнө нь ийм туршлагатай, энэ мөнгөөр ийм ажил хийнэ гээд бичсэн байдаг. Гэвч уншдаг хүн байдаггүй байх аа. Эсвэл уншсан ч ойлгодоггүй. Бидний зүгээс виртуал зах зээлд битгий оролц гэж хэлээгүй. Хамгийн гол нь, та эдэлсэн эрхийнхээ хариуцлагыг өөр хүнээс битгий нэх. Гаргасан шийдвэрийнхээ төлөө бусдыг битгий буруутгаарай л гэж байгаа юм.

-Яг үнэндээ хуримтлалтай монгол хүн цөөн. Гэтэл хангалттай мөнгө виртуал зах руу оруулчихлаа. Хаанаас энэ их мөнгө гараад ирэв гэдэг талаас нь харж байсан уу?

-Яагаад хүмүүс ингэж хошуурч орох болсон бэ гэвэл монголчуудын гэнэн итгэмтгий зан, гэнэт их хэмжээний ашиг олох гэсэн сэдэл нөлөөлсөн. Бид чинь сургаар амьдардаг ард түмэн. Амнаас ам дамжаад тэр орсон, мөнгөтэй болсон гээд л бие биенээ уруу татаад явдаг. Мөнгөний эх үүсвэрийн хувьд маш энгийн. Ковидын жилүүдэд орон сууц, цахилгаан дулааны мөнгөө төлөөгүй. Хүн бүр 300 мянга, 50 мянга гээд бэлэн мөнгө авсан. Бас хүүхдийн 100 мянган төгрөг гээд хүн бүр гар дээрээ бэлэн мөнгөтэй болсон. Мөн гар утас, машин, байраа зараад орсон ч хүмүүс байна. Нөгөө талаас хадгаламжийн хүү буурсан. Энэ ч нөлөөлсөн. Миний бодлоор нөөцөө тултал мөнгөө оруулчихсан байх.

-Хуулийн 8.5-д үйлчилгээ үзүү­лэгчид харилцагчийн мөнгийг захи­ран зарцуулахыг хориглоно гэсэн утга байсан?

-Таны банкинд байгаа харилцах дансан дахь мөнгийг хэн ч авдаггүй биз дээ. Та өөрөө л авдаг. Үүнтэй л адилхан. Цахим түрүүвчинд таны мөнгө байгаа. Таны худалдаж авсан 1000 ширхэг койнд үйлчилгээ үзүүлэгч хүрэхгүй, хөдөлгөхгүй. Тоо нь бол өсөхгүй. Үнэлгээ нь л өсөөд, буураад яваад байна гэсэн үг.

-Олон улсын зах зээл дээр арилжаалагдахаар төлөвлөсөн койн манайд байна уу?

-Манайд гарсан койныг гаднаас хэн авах билээ. Дотроо л арилждаг. Гаднаас Монголд орж ирсэн нь бол бий. Хаа холын Америкт гарсан койныг эндээс авах боломж нь бирж. Энэ чинь дэлхий нийтийн дундын талбар шүү дээ. Зуучлагч бирж нь Монголд байгаа учраас бид зохицуулах гээд байна. Түүнээс хаа байсан Америкт байгаа биржийг бид зохицуулахгүй.

-ФАТФ-аас виртуал орчны хууль эрхзүйн зохицуулалтай болох шаардлага тавьсан гэж байна. Тэгвэл та бүхний зүгээс олон улсын хууль эрхзүйн орчныг судалж үзэв үү. Манайтай төстэй нь хаана байна?

-Судалсан. Америк, Япон, Герман, Малайз гээд маш олон орны хууль эрхзүйн орчинг судалж үзлээ. Улс орон бүрийн онцлогоос шалтгаалдаг. Засаглал, шашны ялгаа, уламжлал, төрийн чадамж гэх мэт. Зарим нь өндөр шаардлага тавихгүй, зохицуулалтын орчинг бүрдүүлж байна. Гэтэл БНСУ гэхэд маш өндөр шаардлага тавьсан. 2021 оны есдүгээр сард бүртгэж дууссан. Солонгосоос томоохон койн эзэмшигчид шаардлага өндөр байна гээд гарч, Малайз, Вьетнам руу орсон.  Ер нь, Виртуал хөрөнгийн бизнес нь зохицуулалтад дургүй. Хаана өндөр шаардлага тавина, тэндээс зугатдаг.

-Эрсдэлтэй учраас?

-Тийм. Манайх бас чанга шаардлага тавибал энэ бизнес гарах магадлалтай. Төр бол ард иргэдээ л санхүүгийн хувьд хохирох вий гэдгээс болгоомжилж байна. Түүнээс криптовалют, виртуал хөрөнгөөр санхүүгийн салбар мундаг болчихно гэх ирээдүй одоохондоо харагдахгүй байна. Магадгүй яваандаа зохицуулалттай орчинд хөгжих байх. Манай хууль эрхзүйн орчин энэ улстай ойролцоо гэж хэлэх үнэндээ боломжгүй. Оросууд гэхэд хуультай байсан. Гэтэл он гараад бүрэн хориглочихлоо. Улс орны санхүүгийн салбараа хамгаалах бодлого, виртуал хөрөнгийн зах зээлд үүссэн хөөсрөл нь санхүүгийн салбарт хохирол учруулж болзошгүй гэх зэргээр улс орон бүр өөр өөрийнхөөрөө л харж байна. Манайхан түрүүлж авсан нь хожино гэх буруу ойлголттой эхэлсэн. Гэвч өнөөдөр хожсон нь хэд бол доо. Төрийн зүгээс хориод дийлээгүй. Крипто бирж дээр гарсан койныг нь бүгдийг нь манайхан авчихдаг. Хамгийн хэцүү нь хохирол амсахаараа хэнд ханддаг билээ.

-Төрд. Хуультай болсон, одоо хариуцлага гээд та бүхнээс нэхнэ.

-Бид хариуцлага хүлээхгүй. Харин зохион байгуулалттай талбарт тоглох дүрмийг нь гаргаад өгсөн. Хэрхэн яаж орж тоглох нь иргэний өөрийнх нь ухамсар. Төр тусгай зөвшөөрөл өгсөн зүйл бүрийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй биз дээ. Уламжлалт бус энэ санхүүгийн зах зээл цаашдаа хаашаа эргэхийг хэн ч мэдэхгүй. Технологи хэрхэхийг мэдэхгүй.

-“Би хохирлоо” гээд танайд хандсан жишээ байна уу?

-Би хохирлоо гээд хандсан иргэн бүрийг хүлээж авах боломжгүй. Хуулийн дагуу бүртгүүлсэн бирж дээр залилан, зах зээлийг урвуулсан ашигласан, журам заавраа зөрчсөн гэх гомдлыг бид хүлээж авна. Харин авсан койны үнэ унаад хохирол амслаа гэвэл тэр бол таны асуудал гээд буцаахаас өөр аргагүй. Хэрвээ хуйвалдаан, санхүүгийн луйвар бол хууль хяналтын байгууллагад хандах ёстой.

-Ийм асуудал гарлаа гэхэд манайд технологийн өндөр түвшинд ажиллах чадвартай мэргэжилтэн хэр байна вэ?

-Зохицуулагч байгууллага, хууль боловсруулдаг, хэрэгжүүлдэг, сахиулж байгаа, шүүх цагдаа гээд бүгдэнд нь шинэ зүйл. Койн гаргаж байгаа хүмүүст ч шинэ. Бүгд л харилцан суралцаж байна. Аль болох хурдан хугацаанд суралцаж, мэргэшихийг шаардаж байна. Олон улсын туршлагыг судлах хэрэгтэй. Төр юм чинь урд нь гарч гишгэхийг хичээнэ. Дээр нь бусадтайгаа хамтарч ажиллах ёстой. Магадгүй хоёр том хөршийн дунд байдаг Монгол Улс технологид суурилсан санхүүгийн том дэд бүтэц бий болгочихвол цаашдаа хэрэгтэй гэдгийг үгүйсгэхгүй. Энэ технологийг дагаад зөндөө боломж гарч ирнэ. Харин хэрхэн ашиглаж чадах вэ гэдэг л асуудал. Иргэд маань аль болох болгоомжтой л хандах хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлтэй адилхан тодорхой цагт ороод хардаг зүйл биш. Ердөө секундээр хэмжигдэж, үнэ нь огцом хэлбэлздэг. Тэгэхээр үүнийг чинь хэр баргийн хүн хийдэг зүйл биш. Нэг ёсондоо аз сорьсон "бинго"-ны нэг хэлбэр шүү дээ.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube