Абахай хаан ширээнд суумагцаа хөрш зэргэлдээ орнууд руу идэвхитэй гадаад бодлого явуулсны үрээр газар нутаг, эрх мэдлийн хүрээгээ өргөтгөв. Тэрээр 1629-1643 оны хооронд Мин улсыг удаа дараа довтолж нэлээд газар нутгийг нь эзлэн авчээ. Өвөр Монголын ноёдтой худ ураг барилдаж, хэргэм зэрэг олгох идэвхитэй бодлого явуулснаар монгол ноёдоор дэмжүүлэн Лигдэн хааныг цохиж 1636 онд эрхшээлдээ оруулав. Түүнчлэн Солонгос улсыг удаа дараа довтолсоор 1637 онд алба барих хараат улс болгожээ. Абахай хаан Мин улсыг эзлэх бодлогоо идэвхитэй явуулав. Гэвч Мин улс Монголын Лигдэн хаантай гэрээ байгуулж өөрийн улсын хилийг хамгаалуулав. Тиймээс Лигдэн хаантай тэмцэхийн тулд түүний захиргаанд байгаа ноёдыг талдаа татах бодлогыг эрчимтэй явуулсан нь үр дүнд хүрчээ.
1632 онд Абахай хаан Өвөр Монголын зарим ноёдтой хүч хавсран Лигдэн хааныг довтлоход ялагдан ихээхэн хохирол амсч Хөх нуур руу зугатах замдаа 1634 онд Шар тал хэмээх газар өвчнөөр нас баржээ. Манж нар түүний эхнэр, хүүхэд, харьяат албатыг авчирч, захиргаандаа оруулав.
1636 онд Өвөр Монголын 16 аймгийн ноёд чуулган нийлж, Манжийн хаан Абахайг Монголын хаанд өргөмжилсөн байна. Абахай хаан Хожуу Алтан улсын нэрийг Чин (Цин) хэмээн өөрчилж, Тэнгэрийн сэцэн хэмээх оны цолоо Дээд эрдэмт болгон халжээ.
1636 онд Дээд эрдэмт хаан Халхын хант улсыг Хятадтай худалдаа хийхийг албан ёсоор хориглов. Энэ нь нэгд, Монгол-Хятадын хооронд холбоо тогтохоос сэргийлсэн, хоёрт, монголчууд худалдаалахдаа агт мориор голдуу арилжаалдаг учир хятадын цэргийн хүчин нэмэгдэхээс болгоомжилсон бололтой. Мөн онд Монгол Засгийг Эрхлэгч яам байгуулж, 1638 онд уг яамыг Гадаад Монголын Төрийг Засах Явдлын яам болгон өргөтгөн өөрчлөв.
1638 онд Дээд эрдэмт хаан Халхын гурван ханыг жил бүр цагаан тэмээ нэжгээд, саарал морь наймыг Чин улсын эрх баригчдад албан ёсны бэлэг барих зарлиг буулгажээ.
Дээд эрдэмт хаан Их Ляо, Алтан улс, Их Юань улсын бичгийг манжаар орчуулах зарлиг буулгажээ. Алтан улсын 9 хааны 119 жилийн түүх, Их Ляо улсын 9 хааны 219 жилийн түүхийг 1636-1639 онд орчуулжээ. 1643 онд Абахай хаан гэнэт нас баржээ. Зарим эх сурвалжид түүнийг бусдад хорлогдсон гэдэг. (С.Цолмон)
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.