
Жил бүрийн 5-р сарын 13-нд Өмнөд Номхон далайд орших Ротума /Rotuma/ гэх жижиг арлынхан 1881 онд арлаа Их Британид шилжүүлснийхээ ойг тэмдэглэн баярладаг байна. Өнөөдөр тэд тус түүхэн үйл явдлын 141 жилийн ойг тэмдэглэн баярлаж байна.
Ердөө 47 км2 газар нутагтай энэхүү арлын хүн ам 2017 онд хийсэн сүүлийн тооллогоор 1,594 байсан боловч Фижи /Fiji/ улсын бусад арлуудад олон Ротума нар амьдардгыг тооцвол бараг 10,000 орчим энэ үндэсний цөөнх байдаг ажээ. Хамгийн том Ротума арал болон ойролцоох жижиг арлуудаа оруулаад Фижи улсын харьяанд оршдог бөгөөд улсын доторхи олон үндэсний цөөнхүүд дотроо бас ч гэж хүлээн зөвшөөрөгдсөн, томоохон бүлэгтээ багтдаг байна. Өвөрмөц соёл бүхий энэ арлын уугуулуудыг “Ротуманс” гэж нэрлэнэ.

Ротумагийн өдрийг арлаараа тэмдэглэхээс гадна Фижи улсын нийслэл Сува /Suva/ болон хоёр дахь том хот болох Лаутокад /Lautoka/ суурьшсан нутаг нэгтнүүд нь ч өргөн тэмдэглэдэг байна.
2005 онд Сувад болсон баярын ажиллагааны үеэр Австрали дахь Фижи улсыг хамаарах дээд комиссар, хошууч Жиоже Конроте /Jioje Konrote/ үг хэлэхдээ өөрийгөө Ротума хүн гэдгээр бахархаж явдагаа хэлээд арлаас гадна Фижи улсд амьдарч байгаа ротумачуудыг төрсөн аралтайгаа байнгын холбоотой байдгийг сайшаажээ. Харин Фижи улсын Ерөнхий сайдын тамгын газрын гүйцэтгэх захирал Жожи Котобалаву /Joji Kotobalavu/ тус арал нь манай улсын онцгой хэсэг бөгөөд бусад 14 мужтай ижил түвшинд хүлээн зөвшөөрөгддөгийг онцолжээ. Тэрээр Ротаманчуудын Фижи улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, боловсрол, анагаах ухаан, бизнес, нийгмийн салбарт нэр хүнд бүхий аралын уугуул гаралтай иргэдэд хүндэтгэл үзүүлжээ.

Тэд баярынхаа үеэр “мамаса” /mamasa/ гэх өвөрмөц угтах ёслол хийж, өргөн дэлгэр найрладаг байна. Мэдээж баяр болохоор элбэг дэлбэг идээ ундаа, үндэсний цөөнхийн өвөрмөц бүжиг, дуу хуур нэг хэсэг нь болно.
Ротумагийн бүлэг арал нь Фижигээс хойд зүгт 646 км зайд оршино. Хамгийн том арал болох Ротума нь 13 км урт, 4 км өргөн. Энэ нь Фижид харьяалагддаг арлууд дотроо томоороо 12-т орох хэмжээ юм.
Арал нь Мотуса /Motusa/ тосгон орших хүзүүвчээр хойд урд гэж хуваагдана. Хойд хэсгийг Мака булан /Maka Bay/ гэх болон өмнөд том хэсгийг Хапмафау булан /Hapmafau Bay/ гэж нэрлэдэг. Том арлын эргэн тойронд олон том жижиг шүрэн хаднууд далайгаас дээш гарч ирсэн байдаг.
Ротума нь галт уулын гаралтай арал бөгөөд түүнийг тойрсон олон жижиг арлууд ч мөн энэ л галт уултай холбоотой. Арлын хамгийн өндөр цэг нь Суэлхоф уул /Suelhof/ бөгөөд д.т.д 256 метр.
Фижигийн төв арлуудаас нилээдгүй алслагдсан боловч энэ арлын том хадан уулнууд, хүний гар хүрч эвдрээгүй гайхалтай наранд шарлагын газрууд нь Фижигийн хамгийн үзэсгэлэнтэй газрууд гэдгээрээ алдартай.

Энэ арал болоод түүний орчмын олон жижиг арлын ой, ширэнгэ нь энэ бүсээс өөр хаана ч таарах боломжгүй олон шувуудын амьдралын гол түшиц газар болдог.
Энэ арлын уугуулуудын хэлийг шинжилсэн эрдэмтэд тэднийг Фижи арлын уугуулууд бөгөөд баруун Фижигийн хэлний дэд бүлгэ болохыг тогтоосон мөн энэ арлынхны ярианд Тонга болон Самоа арлынхны үгс ч олон байгаа нь тэдний гарал нь бүтэн Плонезийн хэмжээнд яригдах боломжтой гэж үзжээ.
Хэдийгээр жижигхэн арал дээр оршдог ч Ротума нь долоон тосгоныг түшиглэсэн дүүргүүдэд хуваагдах бөгөөд тосгон бүр нь Гагаж Эс Итуу /Gagaj ʻes Ituʻu/ гэж нэрлэгдэх даргатай байдаг.
Тэд Фижи улсын долларыг мөнгөн тэмдэгтээ болгон ашигладаг бол Ротума, Англи, Фижи, Фижи Хинди хэлийг үндсэн хэл хэмээн хүлээн зөвшөөрдөг ажээ.
Фижигийн “диваажин” гэж нэрлэгддэг Ротумачууд өнөөдөр баяраа тэмдэглэж байна.
Эх сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв блог
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.