ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдтэйгээ Украины нөхцөл байдал, Финланд, Шведийн НАТО-д элсэх аюул болон бусад асуудлыг хэлэлцсэн гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.
"Цаг үеийн асуудлуудын зэрэгцээ Батлан хамгаалахын сайд Шойгу уулзалтад оролцогчдод цэргийн тусгай ажиллагааны явцын талаар мэдээлэл өглөө" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Мөн уулзалтаар ирэх долоо хоногт болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага/ХАБГБ/-ын дээд хэмжээний уулзалттай холбоотой сэдвүүдийг хэлэлцсэн байна.
Уулзалтад Шойгугаас гадна Ерөнхий сайд Михаил Мишустин, Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Кремлийн засаг захиргааны тэргүүн Антон Вайно, Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев, Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников нар оролцов. Мөн Тагнуулын албаны дарга Сергей Нарышкин, Ерөнхийлөгчийн байгаль орчныг хамгаалах, экологи, тээврийн асуудал хариуцсан тусгай элч Сергей Иванов нар оролцжээ.
Хоёрдугаар сарын 24-нөөс хойш Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байна. Владимир Путин үүний зорилгыг "8 жилийн турш Киевийн дэглэмд дээрэлхүүлж хоморголон устгагдаж буй хүмүүсийг хамгаалах" гэж нэрлэсэн. Батлан хамгаалах яамны мэдээлснээр зэвсэгт хүчин зөвхөн цэргийн дэд бүтэц болон Украины цэргүүдэд цохилт өгч байна. Арми эхний шатны үндсэн даалгаврыг аль хэдийн биелүүлсэн. Үүний үрээр Украины байлдааны хүчин чадлыг эрс бууруулсан. Тусгай ажиллагааны гол зорилго нь Донбассыг чөлөөлөх явдал байв.
Тусгай ажиллагаа эхэлсний дараа Швед, Финлянд улс урт хугацааны төвийг сахисан байдлаасаа татгалзаж, НАТО-д элсэх боломжийн талаар ярьж эхэлсэн. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ санааг дэмжиж, хоёр орныг түргэн шуурхай элсүүлэхээ амлаад байна.
Швед, Финлянд улс тус холбоонд элсэхийг Кремль тус улсын оршин тогтнолд нүүрлэж буй аюул гэж нэрлэжээ. Мөн Аюулгүйн Зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев эвслийн түрэмгий үйлдэлд бэлэн байх шаардлагатай гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Риа новости
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.