УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол үүсэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсарснаар газрын доройтол, цөлжилт эрчимжин, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдаад Монгол Улсын Их Хурлын 2020 оны нэгдсэн хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан. Малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамж, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулах асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуульд заасан хязгаарт багтаан татвар тогтоох эрхийг олгосон гэлээ.
Тэрбээр, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэж заасан ч татварын хэмжээг үл харгалзан газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо жил бүр өсөж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь тариалангийн талбайн хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэх, тариалангийн технологи нэвтрүүлэх боломжийг алдагдуулж байна. Мөн тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсгэж байгаа тул газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүсээд байгааг онцлоод Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хэмжээ нь” гэсний дараа “тариалангийн бүс нутагт 0-10000 төгрөг хүртэл, бусад бүс нутагт” гэж нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Т.Аубакир, Мал аж ахуй эрхэлж буй иргэдийн газар тариалан эрхлэгчдэд үзүүлсэн хохирлын талаар гаргасан тооцоо, судалгаа бий юу хэмээн лавласан. Тэрбээр, газар тариалан эрхлэгчид, малчид зөрчилдөж, энэ хоёр салбар нэг нэгнээ залгиж байна. Энэ хоёр салбараа тусгаарлахгүй бол хүнсээ дотооддоо тогтвортой хангах бодлого хэрэгжихэд хүнд болно. Тиймээс газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоохыг дэмжиж байна гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн бүс нутагт зэрэгцэн байх боломжгүй байгаа юм. Мал аж ахуйн салбар газар тариалангийн салбараа татаж унагаах эрсдэл бий болоод байгаа учраас энэ хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байна. Салбарын яам, тариалан эрхлэгчдийн холбооноос хийсэн судалгаагаар жилд зөвхөн улаан буудайн ургацын 25 хувийг малд идүүлж байна. Жилдээ 460-500 орчим мянган тонн үр тариа авдаг гэдэг ч үүний 25 хувийг мал идчихэж байгаа. Ганц үр тариа идээд байгаа юм биш. Хаврын тариалалтыг хийхийн тулд технологийн дагуу хөрсний чийг хадгалах сүрлэн хучлага тавьдаг. Гэтэл үүнийг нь намрын тариа хураалтын дараа мал ороод идчихдэг. Хөрсний чийгийн асуудлаас болоод хаврын тариалалтын хугацаа сунах, ургацын хэмжээ буурдэг гэх зэрэг асуудлыг тооцвол учруулсан хохирлын хэмжээ өндөр гарна. Тиймээс тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг өөрчлөх хуулийн төслийг оруулж ирсэн гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Н.Ганибал, Тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг өөрчилснөөр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчдыг шахаж байна гэсэн асуудал гарна. Татвар нэмээд орхих биш, газар тариалангийн бүс нутагт буй малчид хаашаа нүүх, тэдэнд ямар боломж олгохыг бодлогын түвшинд гаргах нь зөв байх. Үүсч буй асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх асуудлаар дараагийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар тогтон санал хураалтыг түр хойшлууллаа.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.