Дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудал АНУ болон Европын холбооны зүгээс ОХУ-д хориг тогтоосноос болж хурцадсан гэж Ерөнхийлөгч Владимир Путин Италийн Ерөнхий сайд Марио Драгитай утсаар ярихдаа мэдэгджээ.
Кремлийн хэвлэлийн албанаас энэ тухай уламжилсан байна.
Үүнээс гадна Оросын Ерөнхийлөгч дээрх хориг хязгаарлалтуудыг цуцлуулж чадвал үр тариа, бордоо нийлүүлэх замаар хүнсний хямралыг гэтлэн давахад Орос улс жинтэй хувь нэмэр оруулж чадна гэж мэдэгджээ.
Мөн дэлхийн зах зээлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэхэд Москва саад тээг учруулж байгаа гэдэг шүүмжлэлийг Владимир Путин үгүйсгэсэн байна. Одоо үүсээд байгаа хүндрэл бэрхшээл үйлдвэрлэлийн болон тээвэр логистикийн сүлжээнд гацаа тээг үүссэн, мөн коронавирусний цар тахлын үед өрнөдийн орнуудын явуулсан санхүүгийн бодлогоос үүдэлтэй гэдгийг Владимир Путин цохон хэлжээ.
Орос Украинд халдан довтолсон хэрэг явдлын дараагаас Өрнөдийн гүрнүүд ОХУ-д хориг шахалт үзүүлэх болсон. Тэдгээр хязгаарлалтын арга хэмжээ нь банк санхүү, өндөр технологийн салбар руу гол чиглэсэн юм. Мөн Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдээс татгалзах уриалга хүчтэй газар авсан. Гэсэн хэдий ч тээвэр логистикийн сүлжээний хэвийн ажиллагаа алдагдсанаас Европ болон АНУ-д түлш шатахуун болон эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлөөд байгаа юм гэж "Риа Новости" мэдээлж байна.
Эх сурвалж: Mnb.mn
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.