Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-03 нд нийтлэгдсэн байна.

Ш.Дулмаагийн дууны яруу найргийн туурвил зүйн онцлог

6/ 3/ 2022    7 цаг 23 минут

Ү.ХҮРЭЛБААТАР

МУСГЗ, яруу найрагч, сэтгүүлч, эрдэмтэн

Дууны шүлэг бичээгүй яруу найрагч гэж ховор байх. Гэвч зохиосон дуунаас нь ард түмний аманд ааруул мэт хүлхэгдэж, ардын дуу мэт мөнхрөн үлддэг нь түүнээс ч ховор байх гэж бодож байна. Дуу зохиож, дуугаар хөлөглөж он цагийг туулна гэдэг тухайн уран бүтээлчийн онгод хийморийн даллага, хувь заяаны зурлага мэт санагдаж байна. Ийм сонин хувь заяаг сонгож дуун уран бүтээлийн жаргалтайн дэлгэр жаран жилийг жаргааж яваа яруу найрагчийн нэг бол яахын аргагүй Шагдарын Дулмаа гэж ам бардам хэлж болно. Ардын уран зохиолч гэх алдар нь ардын дуу мэт сонсогдож байгаа нь дууны яруу найрагтай андалсан их хувь заяаны нэгэн тайлал мөн болов уу гэж бодож байна.

Шагдарын Дулмаагийн уран бүтээлийг гүйцэд ойлгохын тулд түүнийг яруу найргаас нь ангид ярих ямар ч боломжгүйн нэгэн адил яруу найргийн бүтээлийн туурвил зүйг нь дууны яруу найргаас саланги авч үзэх боломж бас байхгүй юм. Дууны яруу найраг бол яруу найргийн хусам нь бус өрөм нь учраас, уран сайхны сэтгэлгээний ядуурал нь бус яруусал нь учраас, утга санаа, ур ухааны гоо зүйн хураангуй томъёолол учраас би ингэж хэлмээр санагдаж байна. Харамсалтай нь өнөө хүртэл Ш.Дулмаагийн дууны яруу найргийг тухайлан судалсан судалгааны дорвитой бүтээл гарсангүй. Үүнийг би дууны яруу найрагт хандах хандлага гэж үзэж энэ үгийг хэлж байна.

Ш.Дулмаа уран бүтээл эрхэлсэн жар гаруй жилийн хугацаанд 200 гаруй дууны шүлэг бичсэн. Түүний 40 орчим хувь нь Монголын радиогийн Алтан фондод эдүгээ хадаглагдаж байна. Энэ бол түүний 80 гаруй дуу монгол түмний соёлын алтан сан хөмрөгт хадгалагдаж олон түмний оюун санааны архивт эгшиглэж байна гэсэн үг ээ. Заримаас нь нэрлэн дурдвал “Алтан зул”, “Алсаас чамдаа”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Амьдрал чи юутай сайхан”, “Амьдрал намайг дуул гэлээ”, “Монгол нутгийн үзэсгэлэн”, “Манай хүүхнүүд”, “Учралын блюз”, “Ханийн жаргал”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Хүлээлт”, “Хүрээ хүүхэн”, “Шүүдрийн ганцхан дусал” гээд олонд түгсэн олон дууг нэрлэж болох байна. Тэдгээрийг нэг бүрчлэн задлан шинжилж судалж эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн тул энд цаг хэмнэх үүднээс зөвхөн дүгнэлтийн шинжтэй гурван зүйлийг онцолж хэлмээр санагдаж байна.

Нэгдүгээрт, Ш.Дулмаагийн дууны яруу найргийн туурвил зүйн онцлог нь өөрийн гэх түлхүүр үг бүхий нэгэн цэгт төвлөрч, түүнээс дуун уран бүтээл нь нарны цацраг мэт гадагшилж байгаад оршино. Тэр түлхүүр бол “Амьдрал хайр дээр тогтдог” гэсэн титэм үг юм. Энэ үгээр түлхүүрдэж орчлонгийн явдлыг танин мэдэж, бүхнийг хайр сэтгэлийн гэгээн өнцгөөс тайлахыг эрмэлзэж, оршихуйн нэгэн оршихуйг тэрээр яруу найргаар ийнхүү нээсэн юм. Ялангуяа амьдрал гэгч өнгө мөнгөн дээр тогтдог гэх зах зээлийн нийгмийн хатуурхалыг эдэлж яваа өнөө үеийнхэнд оюун сэтгэлгээний энэхүү дулаарал, эрэмбэ дараалал нэн хэрэгтэй болоод байна.

Тэрбээр “Амьдрал хайр дээр тогтдог” гэдэг бол миний ертөнцөд тунхаглая гэж бодож явсан үг” гэж нэгэнтээ хэлсэн. Энэ санаагаа тодотгон “Ертөнцийн бүх юмс хайр дээр тогтдог. Бид байгаль дэлхийгээ, ан амьтан, хорхой шавьж, алив бүхнийг хайрлах хэрэгтэй. Амьдралыг авч явдаг хайр сэтгэл бол хүнийг бий болгосон. Үүний үндсэн дээр эцэг эх, үр хүүхэд, эх орноо, эх дэлхийгээ хайрлах хайр гарсан. Амьдрал хаана тогтоод байна даа гэж асуувал би хайр дээр тогтдог л гэж хэлнэ. Хайрлахгүй бол юу ч үлдэхгүй” гэж ярьж байна.

Тэрбээр бас “Би чинь хайрлаж, дурласаар байгаад л насыг барж байгаа хүн шүү дээ. Миний амьдралыг хайргүйгээр төсөөлөхийн аргагүй. Би бүх зүйлийг хайрладаг. Гудамжинд хөөрхөн гөлөг гүйж явахад хүртэл хайрладаг. Балга сүү аманд нь хийчих юмсан гэж хайрладаг. Би малчин хүний хүүхэд. Таван хошуу малынхаа үр төлтэй тоглож өссөн хүн. Тэгэхээр би энэ орчлонг бүхэлд нь билгийн нүдээр харж хайрладаг даа. Ямар ч зүйл надад сайхан санагддаг. Эх орны минь салхи, ус, ургамал, нар, тэнгэр бүгд сайхан. Тэгэхээр энэ орчлонгийн бүх сайхан зүйлсийг мэдэрч чаддаг болохоор өдий хүртэл насалсан байх” гэж нэгэн ярилцлагадаа өөрийнхөө үзэл баримтлалын эх үндсийг илэрхийлж байлаа.

Ш.Дулмаа “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээх найман бадаг шүлэг анх бичиж хэвлүүлж, тэр нь хоёр гурван жилийн дараа дуу болж, хожим нь ийм нэртэй шүлгийн түүврээ эрхлэн хэвлүүлж, уран бүтээлийн бие даасан тоглолт хийсэн юм. Эрдэнэт хотын дарга, нэрт орчуулагч С.Цэвээний сэдлээр бичигдэж, залуу дуучин С.Цэрэнчимэдийн нүдэнд тэр шүлгийн сонины тасархай өртөж, ая дан үүсэж, радиод бичүүлж, дуучин Н.Төмөрхуяг түүнийг нь дуулж Бүх ард түмний урлагийн үзлэгт орж тэргүүн байрт шалгарч байсан түүхтэй. Энэ бол цаг нь ирээд нөхцөл нь бүрдэхийн цагт уран бүтээл тармил бус төрмөл юм шиг төрдөг. Тэр нь нийгмийн оюун сэтгэлгээний тусгал, эрэлт хэрэгцээ болж хувирдаг үйл явцын нэгэн жишээ болж байна. Тохиолдын боловч тохиолдын бус гэмээр ийм төрмөл шинж түүний дууны уран бүтээлийн туурвил зүйн онцлог мөн болохыг бараг бүтээл бүхнээс нь тодлон хэлж болох байна. “Амьдрал хайр дээр тогтдог” гэх энэ үг зөвхөн дууны яруу найрагт хамаатай бус бүхий л уран бүтээлийнх нь утгын нэвтрэн гарах улаан шугам болж байгааг онцлон тэмдэглэж байна.

Хоёрдугаарт, Ш.Дулмаагийн дууны яруу найргийн туурвил зүйн бас нэгэн онцлог нь ямагт шинэ байх увидаст чанар юм. Түүнийг ХХ зууны цом өргөмжлөлт шилдэг дуугаар шалгарсан “Алтан зул”, “Хүлээлт” дуугаар жишээлэн авч үзэж болох юм. Эхний шүлэгт И.Болоож, дараагийн шүлэгт Г.Жаргалсайхан ая хийснийг та бүхэн мэдэж байгаа.

1979 онд анх хэвлэгдэж байсан “Алтан зул” шүлгийн агуулга нь цэцгийн шүүдэр газарт шингэвэл үндэс соёлон урган төлжихийн адил хайрын дусал амин зүрхэнд шингэвэл амьдралын нэгэн зул орчлонд мэндэлнэ гэсэн санааг илэрхийлж байсан. Харин одоо та бидний мэддэг “Алтан зул” дууны шүлэг энэ санааг өргөн хүрээнд дэлгэж ертөнцийн амьдралын эргэх холбоо байгалийн төдийгүй хүний амьдралд бие биеэ түшин ханьсдагийг өгүүлж, улмаар дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байгаа байгаль орчноо хамгаалах асуудлыг зөгнөсөн юм шиг аль эртнээс сануулж, ухааруулахыг эрхэмлэж байсныг эдүгээ бид харж байна. Энэ дууны дахилт нь “Газар эхээс уяатай ганган цэцгийн дэлбээг хүн та өөрөө хөндөж битгий таслаарай” гэж учирлал, ухаарлын завсар уран яруу дуулж байна. Аль ч цаг үед мөнх байх санааг дуулна гэдэг энэ бөгөөд үүнийг зохиогчийн уран чадвар, дууны ямагт шинэ байх увидаст чанар гэдэг юм. Энэ бүтээлийнхээ тухай найрагч “Алтан зул хэмээх цэцгийн нэг үр тасран газарт унахдаа заавал ч үгүй дахин соёолж ургадаг онцлогтой. Тийм учраас Монголын ард түмнийг мөнхөд оршихын бэлгэдэл болгож үр удам нь улам өнөржин олшрог гэж энэ дууг хийсэн юм” хэмээн өгүүлж байна. Найрагчийн хөшөө болон мөнхөрсөн анхны бүтээл нь “Алтан зул” дуу билээ.

Ямагт шинэ бөгөөд мөнхийн байх энэ чанарын нэгэн хувилбарыг “Хүлээлт” дуу тээж явна. Энэ дууг найрагчийн хүү Ганхуяг “Соёл-Эрдэнэ” хамтлагт зориулж шүлгийг нь захиалан бичүүлж хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан ая зохиосон бөгөөд анх Ганхуяг дуулж пянзанд бичүүлж байсан юм. Зохиогдоод хагас зуун шахам жил болж буй боловч өнөөдөр шив шинэхэн дуу шиг сонсогдож байгаа нь гайхалтай санагдаж байна. Үүний учир нь ая эгшиг, дуучны ур чадвар зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой боловч дууны шүлгийн сэтгэлгээний хуучиршгүй хэв шинж, хувиршгүй зүй тогтолыг олж нээж туурвисантай шууд хамааралтай гэж хэлж болох байна. Жишээ нь “намуухан байгалийн цэцэгсийн дунд чамайгаа үгүйлэн харуулдаж”, “үзэмжит байгалийг сэрэхийг үзээд, үнэхээр чамтайгаа уулзах шиг болно” гэх нь монгол ахуй, сэтгэлгээний тусгал мөн учраас хуучиршгүй, хувиршгүйн дуулал болж чадсан байна. “Үүр цайтал би хүлээнэ” гэсэн төгсгөлийн үг нь хүртэл ирж буй сайн сайхан цагийн бэлгэдэл, ерөөлийн цацал мэт дэлгэр болсон байна. Яруу найрагч маань энэ дууны тухай “Тэгэхэд би залуу ч байж, дурлаж хайрлаж явсан үе. “Хүлээлт” бол миний сэтгэлийн хүлээлт, хайрын хүлээлт юм. Тийм учраас үнэтэй” гэж дурсаж байна.

Гуравдугаарт, Ш.Дулмаагийн дууны яруу найргийн туурвил зүйн үндсэн онцлог нь уламжлал шинэчлэлийн зохист харьцааг тэнцвэржүүлж, шинэ агуулгаар баяжуулан нөлөөлөх чадамж нь юм. Тухайлбал, зөвхөн сэдэв, төрөл зүйл талаас нь харахад “Амьдрал хайр дээр тогтдог”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Ханийн жаргал” зэрэг нийтийн дуу, “Алтан зул”, “Хүлээлт”, “Учралын блюз”, “Хүрээ хүүхэн” зэрэг эстрадын дуу төдийгүй “Хөдөлмөрийн алдар”, “Барилгачдын дуу”, “Эрдэнийн хотын дуулал” зэрэг нийгэм цаг үеийн тусгалд болсон дуу хүртэл зохиосон байна. Эдгээрээс үзэхэд Шагдарын Дулмаагийн уран бүтээлийн бүрдэл хэсэг төдийгүй түүний намтар, уран бүтээлийн судалгаанд зайлшгүй харгалзан үзвэл зохих нэгэн чухал судлагдахуун бол түүний дууны яруу найраг мөн болохыг дахин онцолж байна.

Шагдарын Дулмаа бол монголын дууны яруу найргийн томоохон төлөөлөгч, дууны анхилуун цэцэрлэгт хүрээлэнгийн хайр сэтгэлийн хатан хаан, алтан зул дуун уянгын амин чанар болж чадсан байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ3 цаг 52 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 цаг 59 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube