Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-13 нд нийтлэгдсэн байна.

Монгол дууны урлагт босго тавьсан хөгжмийн зохиолч

6/ 13/ 2022    7 цаг 16 минут

Ч.ГАНТУЛГА

 Аялгуу айзам бүхэн амьтай гэхэд итгэнэм. Сэтгэлээс гарсан эгшиг бүхэн хүмүүний сэтгэлд хүрч уярааж, догдлуулж, уйлуулж, ухааруулах увидастай. Тиймээс ч энэ хорвоо ертөнцийг хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголчууд бид дуучин ард түмэн. Уртын дууныхаа шуранхайд нялхарч, удамт хүлгийнхээ гийнгоонд өмөлзөж, уянгат хуурынхаа татлаганд самсаа шархирдаг. Ийм л нэгэн дууч үндэстэн Азийн элгэнд оршиж байна. Дууг амьтай л гэдэг. Гэхдээ нэгэн цаг үеийг эзэгнэж чадалгүй мартагдах тохиолдол элбэг. Зөвхөн чихэнд сонсогдоод өнгөрөх төдий дуу байхад насан туршид зүрхэнд эгшиглэх бүтээл гэж бий. Тэр нь тун цөөхөн. Харин Монголын хөгжмийн урлагт зохиосон дуу бүхэн нь эзнээ олж очдог, он цагийн урсгалд хуучирч хэзээ ч мартагдалгүй, мөнхөд эгшиглэх урт настай олон бүтээлийн эзэн нэгэн эрхэм бий. Тэр хүн бол “Би хаана төрөө вэ”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”,  “Дорнын цагаан саран”, “Есөн эрдэнийн орон”, “Бодлын цагаан хун”, “Миний нутгийн бараа”, “Чамайг тойрон эргэлдэнэ” зэрэг бүх цаг үеийн хит дуу, сонсогчдын чихэнд биш зүрхэнд эгшиглэх бүтээлүүдийн эзэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр билээ.

Монгол дууны урлагт дархлагдсан түүнийг “Нийтийн дууны хаан” хэмээн өргөмжлөх нь бий. Зохиосон дуунууд нь мөнх насалж, аялгуу эгшиг нь тасралтгүй цуурайтаж яваа, авьяас билгийн уурхай түүнийг энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ тэргүүн хойморт заллаа.

 

ХУРДНЫ МОРЬ УНАЖ, ГИЙНГООЛЖ ЯВСАН БАГА НАС

 

Монгол дууны урлагт нэрээ мөнхөлж, өнөөдрийг хүртэл төгөлдөр хуурынхаа ард суугаад аялгуу эгшигээ урласаар байгаа хөгжмийн зохиолч Б.Бөттөмөрийнд очиход Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг “Туулын урсгал шөнөдөө сайхансан. Торгон долгио хаялан мяралздагсан. Хоёр ангир дандаа хөвдөгсөн. Холын анир авангаа дуугардагсан” хэмээн Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн амьдруулсан гайхалтай бүтээл эгшиглэж байв. Харин энэ дууны бүтээгч маань төгөлдөр хуурынхаа ард суугаад анхаарлаа төвлөрүүлэн ноот бичиж суух. Хөг аялгуугаар амьдрал хийж, хөгжим бичихийн төлөө төрсөн хүн ийм байдаг болов уу гэмээр энэ айлд хөгжмийн аялгуу тасралтгүй эгшиглэнэ. Эгэл эрхэмтэй ярилцаж суухад ч тэр торгон хөг эгшгүүд бидний яриаг улам хөгжөөж, хүч нэмэх шиг. Хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн хувьд уран бүтээлийн гараагаа тухайн үеийн УАДБЧ-аас эхэлж хожим нь Хөгжим бүжгийн коллежи буюу Монгол Улсын консерваторид багагүй хугацаанд багшилж явсан сурган хүмүүжүүлэгч билээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд ёочинг төгөлдөр хуураар орлуулах хоршил бүтээл дээр ажиллаж байгаа ажээ. Энэхүү бүтээлээ “Алтан фонд”-д өгөх алсын бодолтой буй тухайгаа хуучилсан юм. Хэдийгээр гавьяаны амралтад гарсан ч хэзээний хөдөлмөрч зан нь түүнийг зүгээр суулгадаггүй гэнэ. Тиймээс хөгжмийн бүтээлээс гадна ардын хөгжмийн хоршилуудыг судалж, шавь нартаа зааж, сургах ажлыг түүртэлгүй хийж явна. Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр Дундговь аймгийн уугуул билээ. Таван хүүхэдтэй айлын дунд хүү юм байна. Эгэл малчны гэрт төрсөн тэрбээр монгол хүүхдүүдийн нэгэн адил шилбүүр унан гүйж, малын дөртэй өсчээ. Дэлгэрцогт суманд долдугаар ангийн боловсрол эзэмшсэн гэнэ. Түүний хувьд урлаг тэр дундаа хөгжмийн урлагтай хувь заяагаа холбосон нь гэнэтийн шийдвэр байсангүй. Дундговь аймгийг дуу хуурын өлгий гэдэг билээ. Энэ л нутгаас уянга цээлхэн хоолойгоороо ард түмэндээ алдаршсан олон сайхан гавьяатууд төрсөн. Тэдний нэг Д.Баттөмөрийн хувьд хүүхэд байхдаа хурдны морь унаж, аймаг сумандаа айраг түрүү авч явсан, бага насны баялаг намтартай нэгэн юм. Хурдны морь унаад салхи татуулан давхихдаа гийнгоолж, зуны дэлгэр цагт нутгийн зон олны хөвөрсөн их найрны аялгуу эгшигийг гэрийнх нь гаднаас сонсож байхдаа хөгжмийн урлагт ингэтлээ татагдана чинээ бодоогүй явсан гэдэг. Дунд сургуулиа төгсөөд эрдмийн мөр хөөхөөр Улаанбаатарт Багшийн сургуульд элсэхээр иржээ. Гэтэл нэг өдөр радиогоор УАДБЧ-т хөгжимчин авна гэсэн зар сонсоод зөн совин татсан уу, саваагүй зан нь хөдөлсөн үү очоод шалгуултал тэнцчихэж. Тухайн үед шалгалтын бүрэлдэхүүнд Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж болон Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа зэрэг Монголын урлагийн луухгарууд сууж байсныг хүү сүүлд мэдсэн гэдэг.  Шалгалтын дараа түүнийг аравдугаар сарын нэгэнд ирээрэй гэжээ. Ийнхүү багш болгохоор явуулсан хүү нь хөгжимчин болохоор шийдээд гэртээ ирэхэд эцэг, эх нь эхлээд итгээгүй гэдэг. Тухайн үед аав нь хүүгээ малчин болгох хүсэлтэй байгаагаа хэлж, зэмлэсэн ч эцэст нь хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж дийлсэнгүй. Есдүгээр сарын сүүлчээр ах Сэнгээд нь даатгаад, арга буюу Улаанбаатар руу явуулсан түүхтэй. Ингэж л өнөөдрийн их хөгжмийн зохиолч маань дөнгөж 15 настайдаа хөгжмийн урлагтай хувь заяагаа холбох эхний алхмаа тавьсан байдаг. Д.Баттөмөрт ноот заасан анхны багш нь одоогийн гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтохын аав н.Чулуунбаатар гуай юм байна. Ийнхүү тэрбээр улсынхаа төв чуулгад найман жил хуурчаар ажиллаж, хот хөдөөгийн талаар соёлын үрийг  тарьж явсан түүхтэй.

 

ГОВИЙН ХҮҮ АНХ ХАНГАЙН ДУУГААР УРАН БҮТЭЭЛИЙН ГАРААГАА ЭХЛЭВ

Д.Баттөмөр хөгжмийн алдарт зохиолч Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, найруулагч Т.Доржсамбуу тэргүүтэй урлагийнхантай.

Д.Баттөмөрийн хувьд хөгжмийн зохиолч болох гараа нь 1965 оноос эхлэлтэй ажээ. Анх чуулгад хөгжимчин байхдаа сонин эргүүлж суутал их сайхан үгтэй шүлэг байхтай таарчээ. Монголын радио дээр очиж, өнөөх хүнээ олж уулзсан нь Ардын уран зохиолч Ч.Сүрэнжав юм. Д.Баттөмөрийн хувьд анхны дууны уран бүтээл нь Ч.Сүрэнжавын шүлэг “Баянхангай” дуу билээ. Тиймээс ч хөгжмийн зохиолч маань их найрагчийг анх дууны урлагт оруулсан хүн гэж одоо ч хүндэлж явдаг тухайгаа ярьж байв. Ийнхүү говь нутгийн хүү анх хангайн дуугаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн нь бас л сонин. Энэ үеэс хүүд сурч, өөрийгөө хөгжүүлэх хүсэл төрж эхэлжээ. Тиймээс харьяа яамандаа хүсэлт гаргатал зөвшөөрчихөж. Гэтэл түүнд хөгжмийн удирдаачийн ангийг санал болгожээ. Хүү өөрийнхөө түвшинг мэдэж байсан учир өөрийгөө жаахан голоод татгалзсан гэдэг. Гэтэл тухайн үед Соёлын яаманд ажиллаж байсан нэг эмэгтэй түүнд энэ бол их том боломж, чи чадна гэж итгэл төрүүлснээр ЗХУ-д Соёлын сургуульд сурахаар хүлгийн жолоо залжээ. Ийнхүү тэрбээр дөрвөн жил сурч, удирдаач мэргэжил эзэмшээд эх орондоо иртэл Сүхбаатар аймгийн Соёлын ордонд багшаар томилчихов. Дарьгангын өлгий нутагт хоёр жил ажиллаад байтал яамнаас түүнийг олон ястны өлгий нутаг Ховд аймаг руу гурван жилийн гэрээтэй явуулчихав. Гэрээний хугацаа дуусаад хотод Хөгжим бүжгийн коллежид багшилж байтал Эрдэнэт хотын томилолт өвөртлүүлжээ. Ийнхүү тэрбээр орон нутагт ажиллаж, өөрийн ур ухаан, авьяас билгээр олон сайхан уран бүтээл болон шавь нараа бэлдсэн байдаг.

 

“БОДЛЫН ЦАГААН ХУН” ДУУГААР “МОРИН ХУУР” НААДАМД ТҮРҮҮЛЖЭЭ

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн нэрийн хуудас болсон бүтээлийн нэг нь Б.Явуухулангийн шүлэг “Туулын урсгал шөнөдөө сайхан” дуу юм. Өдгөө ч хуучирч мартагдаагүй энэхүү бүтээлийг Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуай хүн бүхний сэтгэлд хоногштол мөнх үлдээсэн билээ. Хөгжмийн зохиолч маань анх энэ дууны шүлгийг их найрагчийн номноос уншжээ. Анх уншихад л шүлэг нь ритимтэй, мөр холболт бүх зүйл нь дуу болчих юм шиг санаанд нь буусан гэдэг. Өөртэй нь эхэлж уулзах зориг хүрээгүй тул шууд л ая хийчихэж.  Тухайн үед дуугаа батлуулахын тулд заавал уран бүтээлийн зөвлөлөөр орж зөвшөөрөл авдаг байж. Ийнхүү Л.Мөрдорж болон Нямаа багшаараа батлуулж энэ дуу бүтсэн байдаг. Б.Баттөмөрийн хувьд энэ эрхэм найрагчийн хоёр бүтээлд нь аялгуу хийсний нэг нь “Дуу минь” дуу юм. Хожим нь Б.Явуухулан гуайтай уулзахад “Би хоёр шүлгэндээ их хайртай. Чи дуу болгочихоод надтай ер уулзахгүй юм аа. Их сайхан бүтээл болсон байна лээ” гэж урам өгөхөөс гадна дахиад нэг дууны шүлэг өгсөн гэдэг. Харин хөгжмийн зохиолч маань олон жил бодсны эцэст тэр шүлгээр нь одоо л дуу хийхээр төлөвлөж буйгаа бидэнд дуулгасан юм. Үүнээс гадна Ардын жүжигчин А.Долгорын амьдруулсан “Бодлын цагаан хун” дууг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл энэ дууны шүлгийг Д.Амгалан, аялгууг өнөөдрийн нийтлэлийн баатар Д.Баттөмөр зохиосон билээ. Түүнийг Хөгжим бүжгийн коллежи дээр хичээлтэй байхад нь Д.Амгалан найрагч ирж, түүгээр ая хийлгэх санал тавьсан гэдэг. 1991 онд дуучин А.Долгор ч Италид мэргэжил дээшлүүлээд ирсэн шинэхэн дуучин байж. Энэ бүтээлээ “Морин хуур” наадамд сойж түрүүлжээ. Үүний өмнө Д.Баттөмөрийн хувьд тус наадамд таван жил дараалан оролцоод байсан юм. Харин 1991 онд энэ дууг наадамд оролцуулахдаа охиноороо хөгжмийг нь тоглуулсан нь бас нэгэн содон хувь тохиол гэлтэй. Хожим Ардын жүжигчин А.Долгор “Бодлын цагаан хун дуу надад даль жигүүр хайрлаж, олонд таниулсан бүтээл. Энэ дууг дуулснаасаа хойш би хун цуглуулдаг болсон” хэмээн дурссан байдаг.

 

“ДУУЧНАА СОНГОХДОО ХАМГИЙН ИХ БОДДОГ”

 

Дууны урлаг бол хамтын бүтээл. Хэдий сайхан аялгуу, шүлэгтэй байлаа ч дуучин нь жаахан дутуудуулчихвал энэ бүтээл давс нь багадсан цайтай л адил. Бид “Бодлын цагаан хун”-г сонсохоор А.Долгор дуучин санаанд буудаг гэдэгтэй адил “Дорнын цагаан саран” дууг сонсоход Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам бодогддог билээ. Тэгвэл одоо ч хүмүүсийн аялах дуртай дуу хэвээр байгаа энэхүү бүтээлийн шүлгийг Д.Норов, аялгууг Д.Баттөмөр зохиосон юм. Д.Баттөмөр анх Д.Сосорбарамыг нэгэн уулзалт дээр гитартай дуулж байхыг нь сонсчихоод “Дорнын цагаан саран” бол энэ хүний л дуулах ёстой бүтээл юм байна гэж бодсон гэдэг. Энэ дуу мөн л Д.Сосорбарам гуайг олонд таниулж, өнөөдрийг хүртэл тасралтгүй эгшиглэсээр байна. Хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн хувьд Монголын уран яруу үгийн нэрт мастеруудтай хамтарч уран бүтээл хийсэн азтай нэгэн гэж онцолж болмоор. Бидний дараагийн онцолж ярьсан бүтээл нь Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Чамайг тойрон эргэлдэнэ” дуу юм. Энэ бүтээлийн тухайд “Би энэ дууны шүлгийн Уянгын тойрог яруу найргийн түүврээс нь уншсан юм. Шүлгэнд нь ая хийсэн тухай сонсгоход их баярлаж байсан. Гэхдээ хэнээр дуулуулахаа мэдэхгүй их удсан. Миний хувьд дуу өгөх дуучнаа их сайн боддог хүн л дээ. Тэгээд нэг өдөр Монголын радио дээр явж байтал Б.Лхагвасүрэн гуайтай халз таарчихдаг юм. Гэтэл надаас чи намайг өнгөрөхөөс өмнө дуучин олж дуулуулахгүй юм уу гээд инээж байсан юм. Найрагчтай таарснаасаа хойш удаа ч үгүй дуучин Эрдэнэ-Гомбоор анх дуулуулсан. Дараа нь нэг хүү орж ирээд би таны Чамайг тойрон эргэлдэнэ дууг дуулмаар байна гэж санал тавьсан нь Г.Мөнхбаяр гэдэг залуу. Тэр ч их сайхан дуулсан. Одоо бол залуус дуучин П.Түдэвдоржийн дуулснаар их сонсож байх шиг байна” гэсэн юм. Эдгээр дуунаас гадна түүний сор болсон бүтээлийн нэг нь Ардын уран зохиолч П.Бадарчийн шүлэг “Есөн эрдэнийн орон”  дуу билээ. Анх шүлгийг нь олон удаа уншиж үзжээ. Унших бүрт л дуу болгохсон гэсэн хүсэл өөрийн эрхгүй оргилж байсан гэдэг. Ийнхүү зориглон дуу хийгээд П.Бадарч гуайд сонсгоход “Ийм дуу гэж юу байсан юм” гээд ойшоогоогүй гэдэг. Харин удаа ч үгүй өнөөх дуу нь олон улсын наадамд гуравдугаар байр эзэлжээ. Тэгэхэд П.Бадарч гуай хөгжмийн зохиолчоос уучлалт гуйсан удаатай гэнэ.

 

НЭГ ГЭРИЙН ГУРВАН ГАВЬЯАТ

Д.Баттөмөр, Ц.Халтар нар ач, зээ нарынхаа хамт.

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Д.Баттөмөр гэргий Ц.Халтартайгаа тавдугаар ангид байхад нь танилцжээ. Анх 15 наснаасаа үерхэж, нөхөрлөсөн тэд өдгөө 60 гаруй жил амьдралаа холбож, дөрвөн охины ижий, аав болсон юм. Урлагийн хүний хань гэдэг бусдаас илүү тэвчээрэй байх ёстой гэдгийг түүний гэргийгээс үлгэрлэж болохоор. Учир нь  ханийнхаа гадагшаа сургуульд явах, эргэж ирээд орон нутаг руу томилогдох бүрт сэтгэлээ буруулалгүйгээр түүнийг хүлээж, дөрвөн хөөрхөн охин төрүүлж өгчээ. Гэргий Ц.Халтар нь насаараа Улсын их дэлгүүрт ажилласан хүн юм. Түүний хөдөлмөрийг төр үнэлж, Худалдааны байгууллагын 100 жилийн ойгоор буюу өнгөрсөн онд Худалдааны гавьяат ажилтан цол хүртээжээ. Харин түүний охидоос аавынхаа авьяасыг өвөлж, хөгжмийн урлагт хөл тавьсан хүн нь том охин Б.Солонго юм. Тэрбээр Уралын Хөгжмийн сургуулийг төгсч ирээд УДБЭТ-т концертмейстер, Монгол Улсын консерваторид багшаар ажилласан билээ. Б.Солонгын хувьд Монголын олон шилдэг дуучдыг дэлхийн түвшинд хүрэхэд нь зааж, чиглүүлж, сургасан гавьяатай. Тэрбээр 2009 онд дуучин С.Мөнгөнцэцэгийн хамт Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд оролцоод анхны гранпри шагналыг эх орондоо авчирсан түүхтэй. Тухайн үед Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хоёуланг нь арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнаж байсан юм. Ажил амьдралын ийм өрнүүн түүхтэй нэг гэрийн гурван гавьяат бидний дунд амьдарч байгаа нь бахархууштай. Хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн хувьд зөвхөн аялгуу зохиогоод зогсохгүй сурган хүмүүжүүлэгч бөгөөд хөгжмийн зохиолчид дундаасаа дуу бүтсэн түүхтэй ноотны ном гаргасан уран бүтээлчийн нэг билээ. Хэрэв дуу бүхнийг суварга гэж бодвол Монголын хөгжмийн урлагт хамгийн олон, мөнхийн суварга бүтээж чадсан хүний нэг нь яахын аргагүй Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр юм. Түүнийг мориор төсөөлбөл сүргийн манлай, хөгжмөөр төсөөлбөл хамгийн дээд, хүчтэй өнгө гэлтэй. Бүтээсэн дуу бүхэн нь мөнх насалж,  чанар үнэртэж байдаг учир нийтлэлийн баатараа бид Монгол дууны урлагт босго тавьсан хөгжмийн зохиолч хэмээн алдаршуулж байна.

Д.Баттөмөр, Ц.Халтар нар. 2022 он.

 

Д.Баттөмөр, Ц.Халтар нар. 1965 он.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.57.92.128Зочин   • 2022, 6 сарын 13. 7 цаг 24 минут

Аугаа нэгэн аж



ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ9 цаг 59 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube