“Торгоны зам” сангийн гүйцэтгэх захирал, эдийн засагч М.Халиунбаттай ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас санаачлан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг тодорхойлж “Боомтын сэргэлт”-ийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, хөгжлийн төсөл, арга хэмжээнүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэхээр зорин ажиллана гэсэн. Таны бодлоор боомт гэдэг эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?
-Боомт нь олон төрөлтэй гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй болов уу. Ямар төрлийн урсгалыг нэвтрүүлж байгаагаас хамаараад боомтын тоноглол, хүчин чадал, хэмжээ, ажиллах хүчний чадамж гээд олон үзүүлэлт өөрчлөгдөнө. Монгол Улс бусдаас худалдан авч хэрэглэдэг буюу бидний ярьж дадсанаар импортын бүтээгдэхүүнээ хүлээн авдаг гол хоёр боомттой. Төмөр замаа дагасан байдаг шүү дээ. Харин бусад боомтоор хүлээж авч буй барааны хэмжээ харьцангуй бага. Энэ хоёр боомт нь эх газрын гүнд байрладаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, хамгийн хямд тээврийн хэрэгсэл болох далайн усан тээврийн боомтоос хол гэсэн үг. Далайн чанад дахь улсаас авах барааг бид төмөр зам эсвэл авто тээврээр тээвэрлэж авчирна. Евроазийн эх газрын улсуудаас мөн төмөр зам, авто тээврээр бараагаа татах боломжтой. Хэн бүхэнд ойлгомжтой мэт энэ нөхцөл байдлыг боомтын хөгжил ярихдаа мөн дээрх асуултад хариулахдаа бодох хэрэгтэй. Боомт бол тээврийн зангилаа, уулзвар цэг юм. Үүнийг тээврээс салгаж ярих утгагүй. Мэдээж тээврийн тухай яривал их урт яриа болно. Ачаанаасаа хамаараад жишээ нь хөргөлттэй байх шаардлагатай юу гээд л асуудал эхэлнэ. Хилийн боомт бол хянан шалгах, нэвтрүүлэх, техник тоноглол гээд цогц сэдэв. Боомтын хөгжлийг тээвэрлэх ачааныхаа тухай ярианаас эхэлнэ.
Импортын хуучин машин хэрэглээд байх уу эсвэл хүнсний бүтээгдэхүүн сонгох уу, алийг нь авах юм гэдгээ бодох ёстой болно. Тэгээд ачааны тоо, хэмжээ чухал. Өнгөрсөн жил гацсан ачааны дийлэнх нь автомашин байсан шүү дээ. Бидний хэрэглээ бидэнд ямар боомт хэрэгтэйг тодорхойлно. Яг үнэндээ импортын бүтээгдэхүүн бараг бүгд Улаанбаатар хотод ирсний дараа Монгол улс даяар тархдаг. Замын-Үүд боомт дээр цуглуулдаг, ялгадаг, салгадаг, хуваарилдаг тэндээс нь Монгол орон даяар тээвэрлэдэг байгууламж тоноглол байхгүй. Замын-Үүд зөвхөн дамжуулдаг. Эрээнд бид бараагаа цуглуулаад ачдаг. Эрээн талдаа боомтын функциональ чадвар нь нэмэгдсээр ирсэн.
-Зөвхөн импорт гэлтгүй экспортын бараагаа гаргах боомтын хувьд ч бид нэлээн хүндрэлтэй тулгараад байгаа?
-Тийм ээ, нөгөө талдаа экспортын бараа, түүхий эдийн урсгалыг дамжуулах боомт яригдана. Монгол байгалийн түүхий эдээ л гадагшаа гаргадаг. Тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр гэсэн овор ихтэй нурмаг ачаа тээвэрлэдэг. Ордууд нь голдуу урд хил рүүгээ дөхсөн байдаг ч бусад нутгаар тархсан нөөц ихтэй. Өнөөдрийг хүртэл гол ачааллаа авто тээврээр л нугалдаг, боомтууд нь авто тээврийн шаардлагыг хангах төдий тоноглолтой. Төмрийн хүдрээ төмөр замаар тээвэрлэхдээ Эрээнд буулгаж дахин ачдаг. Бас нүүрсээ хил хүргэж, буулгаад цааш дахин ачдаг. Дүгнээд хэлбэл, Монгол Улсын боомтууд эдийн засгийн өсөлтөд тулгуур болох хэмжээнд хүрээгүй. Байгалийн баялгаас олж байгаа болон олох боломжтой мөнгөөрөө тээвэр, логистикийн салбартаа хөрөнгө оруулалт хийж байж эдийн засаг өснө. Үгүй бол эдийн засаг маань энэ хэмжээндээ байсаар байх болно.
-Сүүлийн үед Эрээний боомт хаагдахад бид ачаа бараагаа авч чадахгүй, эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл гарсан. Үүнтэй зэрэгцээд иргэдийн дунд одоо байгаа боомтоо бүрэн хүчин чадлаар ашигладаг болсныхоо дараа шинийг нээ гэх асуудал яригдаж буй?
-Уул уурхайн түүхий эдийн онцлог нь тээвэрлэж, дахин дамжуулах тусам үнэд ордог, мөн хорогдол, алдагдал нь нэмэгддэг тул боомтууд нь ойрхон байх тусмаа л сайн шүү дээ. Ачиж, зөөж, буулгаж, дахин ачиж дамжуулсаар байвал алт шиг үнэтэй болох нүүрсийг хэн ч авахгүй. Тиймээс олон дахин ачиж буулгахгүйгээр, хямд тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байж ачаа маань эдийн засгийн утгаараа өрсөлдөх чадвартай болно.
-“Улс орнууд бодлогоор төдийлөн олон боомт нээгээд байдаггүй. Гэтэл манай улс хэтэрхий олон боомт хөгжүүлэх тухай ярих боллоо. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой асуудал байдаг” гэх утга бүхий яриа гарч байгаа. Таны саналыг сонсоё?
-Хүчин чадал өндөртэй, олон боомттой байх нь эдийн засагт сайнаар л нөлөөлнө. Дэлхий нийтээр холболтын тухай ярьж, зүтгэж буй цагт бид ертөнцийн мухарт байх тухай яриад байдагт харамсдаг. Үндэсний аюулгүй байдлын талаар ярих гээд байгаа бол үтэр түргэн агаарын карго, тээврийн салбарыг хөгжүүлэх ёстой гэж хэлмээр байна. Хойд, урдах хөршид үүссэн нөхцөл байдлыг харцгааж байгаа биз дээ. Бид Азербайжан улс шиг агаарын том флоттой байсан бол логистикийн хүндрэлд өртөх нь бага байх юм. Цаашид дэлхий тогтвортой байх эсэх нь эргэлзээтэй үед заавал хийх ёстой зүйл бол энэ гэж бодож байна. Агаарын орон зай бидэнд арай илүү эрх чөлөөт байдлыг өгөхөөс гадна тус орон зайг чөлөөтэй байлгая гэсэн 1944 оны Чикагогийн тунхаглалаас улс орнууд тийм ч амархан ухрахгүй болов уу. Буянт-Ухаагаа ашиглаад агаарын тээврийн иж бүрэн боомттой болох юмсан. Агуулах сав, хяналтын бүс, ангаар энэ тэр гээд хөрөнгө шаардах ч хийх л хэрэгтэй.
-Эдийн засгийн чуулган дээр ч Ерөнхий сайд Монгол Улс нэн тэргүүнд нүүрсээ экспортлох шаардлагатай гэж байлаа. Харин дэлхийн олон орон татгалзаж эхэллээ хэмээн зарлаж байна. Мэдээж манай экспортын гол бүтээгдэхүүн бол нүүрс. Хэрвээ нүүрс экспортлохоо боливол гэж та бодож үзсэн үү?
-Би хувьдаа нүүрс огт хэрэглэхгүй болно гэдэгт итгэхгүй байна. Коксжих нүүрсгүйгээр ган хийх үү. Эрчим хүчний нүүрсний хэрэглээг бууруулах тухай их ярьдаг ч энэ нь тийм амар зорилт биш. Зарим тэргүүлэгч эдийн засагтай улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцаа буцаагаад ашиглаад эхэлж байх шиг. Өөр өнцгөөс харвал бид одоо байгаа боломжоо бүрэн ашиглах хэрэгтэй. Аливаа хөрөнгө оруулалтыг хийхдээ дэлхийн төгсгөл хүртэл ажиллана гэж бодож тооцоолдоггүй. Тодорхой хугацаанд үр өгөөжөө өгөөд дуусах юм байна хэмээн бодож хийдэг. Тэгэхээр нүүрсээ ч боломжтой үедээ ашиглаад үр ашгийг нь хүртээд өнгөрнө гэж бодно шүү дээ.
-Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны бодлого болсон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтыг хөгжлийг онцгойлсон. 14 боомтыг сонгож хөгжүүлэх тухай туссан. Гэхдээ эхнээсээ иргэдийн эсэргүүцэлтэй тулж байна л даа. Жишээ нь Цагаандэл уул боомт?
-Дэлхийн хөгжсөн хэсгийг харвал бүх төрлийн холболтын зангилаа болсон хотуудыг харж болно. Шилэн кабель, түүнийг дагасан дата төвүүд, нефть хийн хоолой, өндөр хурдны төмөр болон авто зам, нисэх онгоцны том буудлууд, эрчим хүч дамжуулах шугамуудаар холбогдсон хотуудад хөгжил гээч зүйл нь бий болдог. Тийм хоттой, тийм боомтуудтай улсууд нь хүчирхэгжсээр буй. Ойлгомжтой байгаа ийм жор, шийдэл рүү явахгүй, байгаагаараа үлдэнэ гэвэл бидний өөрсдийн сонголтын асуудал юм даа. Юу сайхан дур сайхан.
-Ялангуяа орон нутгийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Зам дагаж хөгжил гэдэг үгийг хүн бүр мэднэ дээ. Ядаж л иддэг, хэрэглэдэг зүйлс нь олдоцтой, сонголттой, хямд, чанартай болно. Цаашлаад ажлын байр, орлого нэмэгдэнэ. Мөнгөтэй болж байж амьдрах орчноо хүн сайжруулдаг. Төмөр замтай, хөгжсөн боомттой бол ядаж л байгаль дэлхийгээ хүнд даацын машинаар сүйтгээд байхгүй л дээ.
Эх сурвалж: NPost.mn
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.