Б.Пүрэвсүрэн: Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нүүрсний хэрэглээгээ багасгах амлалт авч байгаа. Амлалтандаа хүрэх нь ойрын хэдэн жилийн цаг хугацааны асуудал...

6/ 23/ 2022    12 цаг 32 минут

Тоймын зочин: Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Пүрэвсүрэнтэй Монгол орны нүүрсний хэрэглээний төлөв байдлын талаар ярилцлаа.

-Монгол Улсын экспортын гол түүхий эд бол нүүрс. Эхлээд та, манай улсын нүүрсний нөөц болоод чанарын талаар мэдээлэл өгөөч ?

-Манай дэлхий дээр байгаа органик түүхий эдийн хамгийн чухал нь нефть, нүүрс, занар гэсэн үндсэн гурван баялаг. Үүн дундаа нүүрс манай дэлхий дээр хамгийн их байдаг. 14.3 их наяд тонн бий гэсэн судалгаа бий. Жилд өнөөдөр дэлхийн хэмжээгээр 7.3 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Ингээд тооцоод үзвэл манай дэлхий 160 жилийн  нүүрсний нөөцтэй. Манай улс бол дэлхийн нүүрсээр баялаг 10 орны нэг. 175 тэрбум тонн нүүрсний геологийн нөөцтэй гэж үздэг. Үүнээс 28-29 тэрбум тонн нь бүрэн судлагдсан. 5-6 тэрбум тонн нь Тавантолгойн коксждог нүүрс. Маш сайхан металлургийн кокс гаргаж авдаг нүүрс. Харин Багануур, Шивээ-Овоо гээд хүрэн нүүрсний маш их нөөцтэй.

Нүүрсний гол хэрэглээний хувьд нэгдүгээрт, дулааны цахилгаан станцад шатааж эрчим хүч гаргаж авах. Хоёрт, нүүрсийг гүнзгий боловсруулж, химийн бүтээгдэхүүн,  хийн түлш, шатахуун, металлургийн кокс гаргаж авах идэвхжүүлсэн нүүрс гээд үйлдвэрийн аргаар бүтээгдэхүүн гаргаж авдаг.

Өнөөдөр дэлхийн эрчим хүчний хэрэглээний 22 хувь нь нүүрсний цахилгаан станц дээр үндэслэдэг бол Монголын хувьд 80 гаруй хувьтай байна. Дэлхийн нефтийн нөөц бол маш хурдан багасч байгаа. Судлаачид 40-50 жил гэсэн тооцоо гаргасан. Нефтийн нөөц багасах тусам үнэ нь нэмэгдэнэ. Харин нүүрсийг эрчим хүчинд тодорхой хугацаанд хэрэглэсэн хэвээр байхаас гадна химийн аргаар боловсруулж, түүхий эд гаргаж авах технологитой үйлдвэрүүдийн үйл ажиллагаа идэвхжинэ. Тиймээс 21-22 зууны химийн аж үйлдвэрийн болоод эрчим хүчний гол түүхий эд нүүрс байхаас өөр аргагүй гэдэг нь тодорхой.

-Гэхдээ дэлхий нийтээр нүүрсний хэрэглээнээс татгалзах тухай маш хүчтэй дуугарч байгаа?

-Сүүлийн үед дэлхийн дулаарлаас шалтгаалж нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг багасгах үүднээс нүүрсийг эрчим хүчинд хэрэглэдэг, шатаах аргыг  ашиглахыг багасгая гэж маш их ярьж байна.

Ертөнцийн дулааралтай тэмцэх гол арга бол нүүрсний эрчим хүч үйлдвэрлэлийг багасгах гэж дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энд тэнд их том амлалт авч байгаа. Гэсэн ч Ковид болоод Орос, Украйны дайнаас болоод нэлээн хүндрэлүүд бий болж эхэллээ. Мэдээж ойрын хэдэн жил тэднийг хэрхэн амлалтдаа хүрэх вэ гэдгийг бид харах нь цаг хугацааны асуудал.

Орос Украины дайны нөхцөл байдал энэ амлалтаа биелүүлэхэд нь их бага хэмжээгээр нөлөөлж байгаа учраас нүүрсний эрчим хүчний хэрэглээ ойрын хэдэн жилдээ багасахгүй л болов уу гэж би харж байгаа юм.

-Харин манай улсын хувьд эдийн засгийн боломжоосоо шалтгаалаад хэсэгтээ л нүүрсний хэрэглээнээс татгалзах тухай ярихгүй л болов уу. Гэхдээ цаашдаа энэ их нөөцөө хэрхэн ашиглах боломжтой вэ ?

-Манай улсын хувьд нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцууд ажиллаж байна. Цаашдаа ч эрчим хүч үйлдвэрлэлдээ нүүрсээ ашиглана. Мэдээж чанар муутай хүрэн нүүрсээ голдуу ашиглаж байгаа. Шивээ-Овоо, Багануур гээд. Хүрэн нүүрсээ манайх экспортод гаргаж чаддаггүй. Харин чанартай коксжих нүүрсээ Тавантолгой, Нарийнсухайтын нүүрсээ Хятад руу гаргаж байна. Хятадууд манай коксжих нүүрсийг аваад Бугатын металлургийн үйлдвэрийн түүхий эд болгон ашигладаг.

Тавантолгойн нүүрс бол үнэхээр гайхамшигтай сайхан нүүрс. Бид Төв Азийн өндөрлөгт байдгийн ачаар Тавантолгой Нарийнсухайтын коксжих нүүрсийг 20-30 метр ухаад л ил аргаар олборлодог.

Гэтэл Австрали улсад ийм чанарын нүүрсийг 700 метрийн гүнээр олборлодог. Энэ бол байгалиас бидэнд заяасан маш сайхан давуу тал. Харамсалтай нь, бид үүнийгээ зам харилцаа хөгжөөгүй зэргээр шалтгаалаад маш доогуур үнээр зардаг. Үнэд орлоо гээд 70-80 доллар хүрч байна. Дэлхийн зах зээл дээр тонн нь 160 ам.долларт хүрдэг нүүрс шүү дээ. Хил гааль нь гайгүй болоод  зам харилцаагаа сайжруулж чадвал жилд 30-40 тонныг гаргая гээд л хичээж байх шиг байна. Тавантолгойн нүүрсийг бол Монголд кокс, химийн үйлдвэр байгуулаад Сэлэнгийн бүст байгаа төмрийн хүдэртэйгээ хольж боловсруулаад хар төмөрлөгийн үйлдвэр хөгжүүлэх боломж бий. Ядаж, хадаас, гөлмөн төмөр, барилгын хийцийн төмрөө үйлдвэрлэдэг болчихвол… Чанар муутай буюу хүрэн нүүрсийг химийн үйлдвэрийн түүхий эд болгоод нэгдүгээрт хийжүүлдэг. Байгалийн шатдаг хий, нийлэг хий, устөрөгчийн хий, хийн түлш гээд химийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Мөн химийн аргаар боловсруулаад шатахуун гаргаж авч болдог. Ийм л боловсруулах түүхий эд арвинтай орон шүү дээ.

-Манай эрдэмтэд нэг хэсэг нүүрс, занар боловсруулж химийн бусад түүхий эд гаргаж авах үйлдвэрийн талаар нэлээн эрчимтэй ярьж байсан боловч сүүлийн жилүүдэд таг болчихсон санагддаг?

-Манай эрдэмтэд Багануур, Адуунчулууны нүүрсийг хийжүүлэх, гүнзгий аргаар боловсруулах мега төслүүд боловсруулсан. ТЭЗҮ нь батлагдсан. Харамсалтай нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ маш их хэлбэлздэг нь төслийн ажлыг хойшлуулдаг. Жишээ нь, 8 жилийн өмнө нефтийн үнэ 140 ам.долларт хүрч байлаа. Тэгэхэд нүүрсийг хийжүүлэх, альтарнатив аргаар шатахуун гаргаж авах асуудал нефтийн үнэ өсөхөөр дагаж яригддаг. Гэтэл нефтийн үнэ 25 ам.доллар хүртэл буурсан. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 80 ам.доллараар дээш болсон тохиолдолд нүүрснээс гаргаж авсан шатахуун, дизель түлш эдийн засгийн ашигтай байх боломжийг бүрдүүлдэг. Тиймээс нефтийн үнийн хэлбэлзлээс маш их шалтгаалдаг.

Нефтийн үнийн хэлбэлзэл нь ОПЕК-ийн болоод бусад олборлогч орнуудаас хамаарч байна. Тэгэхээр Монгол Улс цаашдаа нүүрсээ хэрхэн ашиглах вэ гэхээр хамгийн эхэнд эрчим хүч гаргаж авах үйлдвэрлэлд 80-аад хувийг нь хэрэглэсээр байх болов уу гэж бодож байна. Сайн төрлийн коксждог нүүрсээ үргэлж хямд үнээр Хятад руу худалдаад байх биш кокс химийн үйлдвэр, металлургийн үйлдвэр байгуулаад тэр бүтээгдэхүүнээрээ хөгждөг хүн төрөлхтний 100-аад жилийн өмнө нэвтрүүлсэн технологийг сонгох зам байна. Би бол ийм замаар явбал зөв юм уу гэсэн бодолтой явдаг хүн байгаа юм.

Ерөнхий сайдын хэд хоногийн өмнө ярьсан зүйлээс Багануурын нүүрсийг хийжүүлээд устөрөгч гаргаж авах асуудал “Шинэ сэргэлтийн бодлого”-д нь орсон гэж сонссон. Тэгвэл мэдээж сайн хэрэг. Устөрөгчийг хүрэн нүүрснээс  гаргаж авч чадвал байгаль орчинд хоргүй, хамгийн өндөр илч үүсгэх чадвартай хий шүү дээ. Хүрэн нүүрсээ энэ чиглэлд ашиглана гэж шийдэж байгаа бол их сайн хэрэг.

-Та яриандаа дурдлаа. Манай улс 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн. Энэ нөөцийн хэчнээн хувь нь хүрэн нүүрс, хэчнээн хувь нь коксжих нүүрс байгаа вэ?

-20-30 хувь нь сайн чанарын чулуун нүүрснүүд. Үлдэж байгаа 60-70 хувь нь хүрэн нүүрс. Шивээ-Овоо, Багануур, Цайдам нуур, Хөөт гээд бүхэл бүтэн сав газрууд байна. Энэ хүрэн нүүрсийг дэд бүтэцтэй ойрхноор нь илүү ашиглах ёстой. Харин сайн чанарын нүүрс нь Өмнөговь аймагт бий. “Таван толгой”, “Нарийн сухайт” гээд коксждог нүүрс. Мөн Хөвсгөл аймагт Могойн голын нүүрс бий. Тэгээд чулуун нүүрснүүд байна. “Баянтээг”-ийн, “Налайх”-ын, “Шарын голын”  гээд.  Монгол орны хувьд бүх уурхай нь ил аргаар олборлодог учраас эдийн засгийн хувьд ихээхэн хөнгөвчилж өгдөг.

-Дэлхий дээр эрчим хүчийг өөр зүйлээс гаргаж авч байгаа технологиуд маш ихээр гарч байгаа. Хамгийн сайн  үр дүнгээ өгч байгаа нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ байна. Мөн нефтийг ч орлодог цахилгаан автомашинууд хүртэл худалдаанд гараад хүмүүс хэрэглээд хэвшчихлээ?

-Дээр хэлсэнчлэн дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдолтой холбоотойгоор нүүрсийг эрчим хүчний хэрэглээнд ашигладаг хэрэглээ маш ихээр багасна. Тэрнийг юу орлох вэ гэхээр сэргээгдэх эрчим хүч. Усны, салхины, нарны эрчим хүчнүүд орлоно. Хүрэн нүүрсийг эрчим хүчинд ашиглах нь багасаад ирэхээр боловсруулах үйлдвэрүүд хүрэн нүүрсийг ашиглаж түүнийгээ дагаж хөгжинө. Өөрөөр хэлбэл, сайн чанарын устөрөгчийн хий, шатдаг хий эсвэл нийлэг хий гаргаж авах гүнзгий боловсруулах үйлдвэрүүд цаашдаа хөгжинө. Сайн чанарын чулуун нүүрсээ кокс гаргаж авах, металлургийн үйлдвэр хөгжүүлэх, идэвхжүүлсэн нүүрс гаргаж авах зэрэг ийм чиглэлийн үйлдвэрүүд хөгжинө гэж харагдаж байгаа юм. Манай орны хувьд хүрэн нүүрс ч бай, коксжсон нүүрс ч бай эдгээрийг гүнзгий боловсруулдаг үйлдвэр бодитойгоор байгуулж чадалгүй өдий хүрлээ. Цаашдаа нүүрсний эрчим хүчний хэрэглээ багасаад ирэхээр хүссэн хүсээгүй боловсруулж ашиглах шаардлага зүй ёсоор тавигдана.

-Тэгэхээр магадгүй манай улс эдгээр үйлдвэрүүдийг эдийн засгийн шалтгааны улмаас байгуулж чадахгүй байх шиг байна. Бид нүүрсний нөөцтэй байгаа дээрээ гадагшаа экспортолж тэндээс олсон ашгаасаа тодорхой хувийг боловсруулах үйлдвэрт зарцуулах шаардлагатай гэсэн санаа яваад байгаа?

- Тэрийг чинь л би их ярьж байгаа.

“Таван толгой”, “Нарийн сухайт”-ын нүүрсийг өчнөөн сая тонноор нь гаргаад байгаа. Гаргасан мөнгөнөөсөө тодорхой хэмжээг ирээдүйд нүүрсийг гүнзгий боловсруулах үйлдвэрт зориулж хуримтлуулаад, Монголд нэг ч гэсэн гүнзгий боловсруулах үйлдвэр байгуулчихвал тэрэн шиг сайхан зүйл байхгүй. Харамсалтай нь, мөнгө нь тэр хэмжээнд хуримтлагддаггүй юм уу эсвэл буруу гараар ороод оффшор гээд алга болдог юм уу бүү мэд.

Монголд нар, салхины үйлдвэрлэл мөн усан цахилгаан станцын үйлдвэрүүд нэлээн яригдаж байна. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийн хувьд нүүрснээс гаргаж авсан эрчим хүчтэйгээ харьцуулах юм бол харьцангуй үнэ өндөртэй. Тэгээд манайд хэдэн нар, салхины эрчим хүчний үйлдвэр байгуулагдчихаад тэрнийхээ үнийн өсөлтийг жирийн иргэд бидний цахилгааны төлбөр дээр нэмчихээд яваад байгаа шүү дээ. Нэмэгдэл төлбөрийг нь ард түмэн төлөөд байгаа гэсэн үг. Цаашдаа усан цахилгаан станц хөгжих тусам цахилгааны үнэ нэмэгдээд яваад байх юм уу бүү мэд.  Ирээдүйгээ сайн бодож ямар нүүрсний үйлдвэрүүд байгуулах вэ гэдгээ сайтар төлөвлөж, хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнд шаардлагатай хөрөнгө мөнгийг одоо нүүрс зарж байгаа мөнгөнөөсөө хуримтлуулаад, төлөвлөөд тодорхой төлөвлөгөөтэй явмаар байгаа юм. Төлөвлөгөөгүй хэчнээн жил явах юм бас л мэдэхгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

 -Манай Монгол Улсад “Занар” гэж хязгааргүй их нөөц байна. 800-900 тэрбум тонн. Монгол орон бол тэр чигээрээ занар. Дэлхийд Эстони улс занарын нөөцөөр тэргүүлдэг. 

Түүний дараа манай улс орно. Эстонийн занарын хувьд 22 хувийн органик бодистой. Манайх бол өндөрлөг газар илүү их өгөршсөн байдаг учраас хоёр дахин бага буюу 5-10 хувийн органик бодистой. Эстони өнөөдөр занараараа цахилгаан станцуудаа ажиллуулж байна. Мөн эрчим хүчээ гаргаж авч, химийн үйлдвэрийн түүхий эд болгож байна. Харин манай улсын газар болгон занартай. Бид 20-иод ордын занарыг судалсан. Бидний судалснаар Дундговь аймгийн Хөөтийн занарыг хамгийн сайн чанартай занар гэж тогтоосон. Хөөтийн занарыг халууны аргаар боловсруулъя, бензин шатахуун, органик бодис гаргаж авъя гээд бүхэл бүтэн мастер төлөвлөгөө боловсруулаад одоогоос 10 жилийн өмнө “Эрчим хүчний яам”-нд өгч байсан. Тэр талаар одоог хүртэл яригдаагүй л байна.

За баярлалаа. 

Ярилцсан: Б.Мөнх

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.90.18Иргэн   • 6 сарын 26. 12 цаг 12 минут

Нүүрснээс 2500 нэр төрлийн ниймэл бүтээгдэхүүн гаргах боломжтой гэсэн эрдэмтэдийн тооцоо байдаг. Тэгэхээр нүүрс хог болохгүйээ. Харинч бусад эрдэс баялагыг орлох ирээдүй бий.

77.201.42.099Зочин   • 6 сарын 23. 20 цаг 01 минут

Нүүрс хог болно ойлгомжтой одоо маш хурдан нүүрсээ гаргаж монголоо авармаар байна

101.210.33.87Зочин   • 6 сарын 23. 20 цаг 01 минут

Дэлхий сүйрхэд хэрэг боллх уу

192.82.87.153Зочин   • 6 сарын 23. 14 цаг 24 минут

Нүүрс хог болохгүй нүүрс газар дороо л бн



ШИНЭ МЭДЭЭ

Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана1 цаг 33 минутын өмнөНаадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна2 цаг 4 минутын өмнөГ.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ2 цаг 7 минутын өмнөӨнгөрсөн жилийн Хүй долоон худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ2 цаг 44 минутын өмнөСингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулсан туршлагыг нэвтрүүлнэ2 цаг 49 минутын өмнөНХОГ-аас Монгол Улсын гавьяат барилгачин төрлөө2 цаг 55 минутын өмнөАрдын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ3 цаг 55 минутын өмнөТаван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ3 цаг 56 минутын өмнөУс хальсан байршилд шуурхай албаныхан ажиллаж байна3 цаг 57 минутын өмнөШатахуун импортын дундаж үнэ 830 долларт хүрч өсчээ4 цаг 25 минутын өмнөӨчигдөр 16 настай хүү туул голд живж амиа алджээ4 цаг 32 минутын өмнөУлсын баяр наадамд Баян-Өлгий аймгаас хамгийн олон харваач иржээ4 цаг 39 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээг цахимжуулж эрчимтэй шинэчлэл хийж буйгаа танилцуулав4 цаг 41 минутын өмнөЗээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ4 цаг 48 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголд нутагшуулах сонирхолтой байна4 цаг 53 минутын өмнөХүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгууллаа6 цаг 10 минутын өмнөЛ.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй6 цаг 16 минутын өмнөМанай улсад онгоцны түлш бусад улс орноос 28.8 хувиар илүү үнэтэй байна7 цаг 49 минутын өмнө"Архины татварыг нэмснээр чанар муутай архи ихээр үйлдвэрлэгдэж иргэдийн эрүүл мэндийг хохирооно"7 цаг 50 минутын өмнөГавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ7 цаг 55 минутын өмнөМонголын рагбичид Киргиз шигшээ багийг 69:7-гоор хожлоо8 цагийн өмнөСудалгаа: Д.Өнөрболор, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нар сонгогчдоос хамгийн тааруу үнэлгээг авчээ8 цаг 8 минутын өмнөАнгараг, Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна8 цаг 44 минутын өмнөЧикаго хотын төв талбайд Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ8 цаг 46 минутын өмнөЕБС-д ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхэллээ9 цаг 15 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ9 цаг 24 минутын өмнөГ.Занданшатар: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна9 цаг 28 минутын өмнөХөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа7 сар 7. 8:43Шри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсэв7 сар 7. 8:21ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ7 сар 7. 8:09Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө7 сар 7. 8:07Х.Энхтуяа: Олимпийн аварга болно гэж хүүдээ амласан7 сар 7. 8:05Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын агуулга, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийлээ7 сар 7. 8:03Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож Сангийн яаманд хүргүүлнэ7 сар 7. 8:02Каракалпакстан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн: Төв Ази өөрчлөлтийн ирмэг дээр байна уу?7 сар 7. 8:00Б.Жигжид: Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн7 сар 7. 8:00Цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 7. 7:30В.Путин "Их 20"-ийн уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ7 сар 7. 7:20Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг7 сар 7. 6:40Энэ өдрийн зурхай7 сар 7. 6:35
 Facebook Twitter Youtube