Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-24 нд нийтлэгдсэн байна.

Азид үер, Европт ган нүүрлэжээ

6/ 24/ 2022    7 цаг 15 минут

Б.ДОЛЖИНЖАВ

 Энэтхэг болон  Бангладеш улсад олон сая хүн үерт автаж, өчигдрийн байдлаар 100 гаруй хүн нас бараад байгаа талаар “CNN” мэдээлэв. Зүүн Азийн эдгээр оронд 1.3 тэрбум хүн амьдардаг. Тэд сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хамгийн аюултай үерийн гамшигт өртөөд байгаа нь энэ юм.

Тодруулбал, Энэтхэгийн Ассам мужид энэ сарын 14-нд их хэмжээний бороо орсны улмаас 5.5 сая хүн үерт автаж, хамгийн багадаа 48 хүн нас бараад байгааг Гамшгаас хамгаалах газраас мэдээлжээ.

Энэ талаар Мужийн захирагч Химанта Бисва Сарма “Засаг захиргааны зүгээс үерт өртсөн хүн, амьтан болон бусад эд зүйлсийг бүртгэх цахим сайтыг ашиглалтад оруулна. Үүний дараагаар үерийн улмаас хохирол учирсан хүмүүст туслах тусламжийн багц тараах тогтоолыг батална” гэж мэдэгджээ.  Олон өдөр үргэлжлэн орсон борооны улмаас гудамж талбай усанд автаж, машинууд живж, хүмүүсийн бүсэлхийгээр татахуйц их хэмжээгээр үерлэснийг орон нутгийн телевизүүд  мэдээлж байна. Ассам мужид  тавдугаар сард болсон үерийн улмаас  хамгийн багадаа  39 хүн амиа алдсан билээ.

Мөн хөрш Мегалая мужид энэ сарын 9-нөөс хойш орсон борооны улмаас 25 хүн нас барж, 11 хүн сураггүй болж, 22 хүн гэмтсэн гэж удирдлагууд нь мэдээлэв.

Дөрөв болон тавдугаар сард Энэтхэг болон Пакистанд хэт их халж байснаа одоо гэнэт их хэмжээний бороо орж үерлэснийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Үүнээс гадна хяналтгүй барилга, хурдацтай үйлдвэржилт зэрэг хүчин зүйл цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамжийг нэмэгдүүлсэн гэж шинжээчид дүгнэжээ.

 

ҮЕРТ 1.6 САЯ ХҮҮХЭД ӨРТӨВ

 

Энэтхэгтэй зэргэлдээ Бангладеш улс мөн үерийн гамшигт өртөж, 22 хүн нас бараад байна. Үерт дөрвөн сая хүн боогдсоноос 1.6 сая хүүхэд байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ. Энэ талаар Хүүхдийн сангийн Бангладеш дахь Суурин төлөөлөгч Шелдон Иет “Одоогоор хүүхдүүдэд цэвэр ус л хэрэгтэй. Учир нь тэднийг бохир уснаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь бидний хамгийн санааг зовоож байгаа асуудал болоод байна” гэв.

Тус улсын Силхет бүс нутагт сүүлийн 122 жилд болоогүй хүчтэй үерийн гамшиг тохиогоод байгаа талаар хотын Гамшгийн ерөнхий газрын захирал Ройтерс агентлагт ярьжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр Силхетэд эрүүл мэндийн байгууллагууд нь үерт автаж, хүүхдүүд живэх эрсдэл үүссэн байна. Тиймээс 36 гаруй мянган хүүхдийг гэр бүлийн хамт хоргодох байранд шилжүүлжээ.

Үүнээс гадна сургуулиуд хааж, шалгалтаа цуцалсан нь цар тахлын улмаас олон сар хаалттай байсан тус улсын боловсролын салбарыг улам ихээр хүндрүүллээ гэдгийг Хүүхдийн сан тодотгов.

Бангладешд үүссэн үерийн гамшгийн улмаас удирдлагууд нь тус улсын хойд болон баруун хойд мужийн иргэдийн хоргодох байр руу хоол хүнс, ундны ус хүргэхээр тэмцэж байгаа юм.

Гэхдээ үерийн улмаас алс холын бүс нутагт ус, хүнс хүргэх нь ихээхэн бэрхшээлтэй болжээ. Иргэдийн зүгээс хүнсний тусламж үзүүлэхийг хүлээн сууж байгааг “BRAC” төрийн бус байгууллагын захирал Аринжой Дхар бичлэг болгон цахим ертөнцөд нийтэлжээ. Тус байгууллагаас иргэдэд хоол хүргэх төвийг даваа гарагт нээсэн ч зохицуулалт хангалтгүйгээс хүрэх эзэндээ очиж чадахгүй байгааг мэдээлэв.

Засгийн газрын зүгээс иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэхийн тулд өнгөрсөн баасан гарагаас цэргүүдийн тусламжийг авч эхлээд байгаа юм. Тодруулбал, хамгийн их үерт автсан хоёр мужаас 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Хүчтэй үер нь Энэтхэг, Бангладеш улсын иргэдийн гэрийг усанд автуулан, замыг эвдэлж, ургацыг сүйрүүлээд байгаа юм. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын тайланд мэдээлснээр дэлхийн дулаарал энэ хэвээр үргэлжилбэл Бангладешийн хүн амын 17 хувийг ойрын 10 жилд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болно гэв. Мөн тус тайланд “Жилийн болон зуны хур тунадасны хэмжээ нэмэгдэнэ” гэж тусгажээ.

 

ЕВРОПТ 42 ГРАДУС ХҮРТЭЛ ХАЛЖ БАЙНА

 

Азид үер болж байхад бөмбөрцгийн нөгөө талын Европт маш их халж, гадаа талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглох хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Испани улсад зуны эхэн сар гэхэд агаарын температур хамгийн халуун буюу оргил цэгтээ хүрлээ. Харин Францад гадаа ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон бол Италийн тариаланчид хэт халалтын улмаас ган гачигт өртөж, Европ тивийнхэн сэрүүн өдрүүдийг мөрөөдөж байна.

Испанийн нийслэл Мадрид хотод баасан гарагт 40 градус хүрч халсныг тус улсын Цаг уурын газраас /AEMET/ мэдээлэв. Энэ нь 1981 оноос хойш хамгийн халуун температур юм. Харин Италийн хойд бүс нутагт ган гачгийн улмаас тариаланчид хамгийн их хүнд өдрүүдийг туулж, ургацынхаа тал хувийг алдах эрсдэлтэй байна. Нуур, голын усны урсац багассан нь усалгааны системийг гацахад хүргээд байгаа юм. Үүнээс гадна тус улсын хамгийн том По голын усны түвшин хамгийн бага хэмжээнд хүрч, олон гол мөрөн ширгэж байгааг анхаарууллаа.

Испанийн удирдагч Педро Санчез “Иберийн хойг улам их хуурайшиж, голын усны түвшин буурч, урсац багасч байна” гэв. Мөн Португал улсын газар нутгийн ихэнх нь ган  ганчигт өртөөд байгаа юм.

Францын Жиронде мужид олон нийтийг хамарсан үйл ажиллагааг агааржуулагчгүй дотор орчинд зохион байгуулахыг хориглов. Учир нь тус улсад өнгөрсөн бямба гарагт агаарын температур 41-42 градуст хүрч халсан юм. Харин шөнөдөө 26.8 градусын халуун байна. Энэ талаар мужийн захирагч  Фабьен Буччио “Хүмүүсийн эрүүл мэнд эрсдэлд ороод байна” гэж “France Bleu” радиод ярьжээ.

Тиймээс тус улсын 14 мужийн захиргаа анхааруулга гаргаж, сурагчдыг гэртээ байхыг зөвлөж байна. Их Британид баасан гарагт 32 градус хүрсэн нь хамгийн халуун өдөр байсан гэдгийг цаг уурын газар нь мэдээлэв. Тиймээс тус улсын цэцэрлэгт хүрээлэн, усан сан, далайн эрэг хүнээр дүүрчээ.

Энэ үеэр оюутан Чарли Уксел “Би Кипр улсаас ирсэн. Манай улсад бороо орж байхад энд шатмаар халуун байна. Бид зарим зүйлийг өөрчлөх хэрэгтэй санагдлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүмүүст урьдчилан сануулж, ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол юу тохиолдох бол гэдэгт бид үнэхээр их сэтгэл түгшиж байна” гэж ярьжээ.

Ийн нэг тивд хэт их бороо орж, үерлэж байхад нөгөө тивд хэт их халж байгааг ажиглагчид уур амьсгалын өөрчлөлтийн илрэл хэмээн тайлбарлаж байна. Тиймээс улс орнуудыг ийм аюул тулгарахаас сэргийлэхийн тулд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг зөвлөлөө.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ5 цаг 4 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв5 цаг 25 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв5 цаг 55 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ6 цаг 25 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна7 цаг 1 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна7 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага7 цаг 20 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…7 цаг 34 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно8 цаг 30 минутын өмнөЭнэ өдрийн зурхай8 цаг 35 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ8 цаг 37 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна8 цаг 38 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал8 цаг 39 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube