ХХААХҮЯ-нд Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах бизнес уулзалт болж байна. Хоёр талын уулзалтаар Монголд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ талаар Франц улстай хамтран ажиллах талаар хөндөж байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодруулав. Тэрээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх Монгол Улсын бодлогыг танилцуулсан юм.
-Манай улс фермерийн, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар ямар бодлого барьж байна вэ?
-Засгийн газраас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар бодлогын болон хууль эрхзүйн гэсэн хоёр төрлийн дэмжлэг үзүүлэхээр тогтсон. Энэ хүрээнд юуны өмнө татварын бодлогоор хөнгөлөлт үзүүлж дэмжихээр заасан. Бодлогын хүрээнд газар тариалангийн бүс нутаг болон хот, суурин газар мах, сүү, өндөгний хэрэгцээг хангах чиглэлээр ажиллана. Ер нь төрөөс гадаадын ашиг шим сайтай, махны болон сүүний үхэр импортлох талаар дэмжихээр ажиллаж байгаа.
-Татварын хөнгөлөлтөөр дэмжинэ гэдгээ тодруулна уу. Яг ямар дэмжлэг үзүүлэх талаар шийдвэр гарсан уу?
-Гадаадаас өндөр ашиг шим бүхий мал импортлох талаар Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Энэ хүрээнд цаашдаа мах-сүүний үхрээс гадна бусад ашиг шимтэй мал оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-ыг тодорхой хэмжээнд бууруулж хөнгөлөх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарч байна. Энэ талаар бид асуудлыг боловсруулан Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаа.
Ер нь манай улсын малын тоо толгойг аваад үзсэн ч малыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хөндөгдөж байгаа. Улсын хэмжээнд жилд 12 сая хүртэл толгой малыг дотоодын хүнсэнд хэрэглэдэг. Мөн доод талдаа 12 сая толгой малыг экспортод гаргах асуудал тулгамдаж байгаа. Дээр нь малын дайвар бүтээгдэхүүн, арьс ширийг орон нутагт нь боловруулж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд өндөр технологи оруулах хэрэгцээ бий.
Гадаадаас өндөр ашиг шимтэй мал оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-ыг тодорхой хэмжээнд бууруулж хөнгөлөх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарч байна.
Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлд гадаад зах зээлийг тодорхой болгох зэрэг шаардлага тулгарч байгаа. Зах зээл тодорхой болвол нэг талаар ЖДҮ-ээ хөгжүүлэх, нөгөө талаар мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалт орж ирж, экспортыг сэргээн хөгжүүлэх боломж гарч ирнэ. Ингэж чадвал мал аж ахуйн орлого нэмэгдэнэ. Энэ талаар эрчимжсэн мал аж ахуйгаар тэргүүлж буй Франц улстай хамтран ажиллах эхлэл тавигдаж байна.
Монгол-Францын мал аж ахуйн уулзалтад манай улсаас “Түмэн Авдар”, “Монпеллэтс”, “Сүү”, “Түмэн шувуут”, “Мөрөн Агро”, “Тайшир Өргөө”, “Мон бийф” зэрэг эрчимжсэн аж ахуй эрхэлж буй ААН-үүд, Монголын ХАА-н хоршоологчдын Үндэсний холбоо болон Франц-Монголын худалдааны танхимын гишүүн байгууллага, төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.