Энэ мэдээ хуучирсан буюу 2022-07-05 нд нийтлэгдсэн байна.

Б.Оюунсүрэн: бөх хүн бяраар биш ухаанаар барилддаг

7/ 5/ 2022    7 цаг 28 минут

Чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбож, үргэлжлэл болсон залуу үеийг  бэлдсэн гавьяат тамирчин, дасгалжуулагч Б.Оюунсүрэнтэй ярилцлаа. 

 

-Та спортын дэвжээнд анх 2006 онд  хөл тавьж байсан юм билээ. Тухайн үед яагаад бөхийн замналыг сонгож байв?


-Анх 2006 оны аравдугаар сараас чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Тус оны хавар ахлах ангиа төгсөөд, ЭЕШ өгөөд МУИС-ийн Эрдэс материалын химийн ангид орлоо. Гэвч энэ үед аав ээж хоёр маань авто ослоор бурхан болсон. Тэвчээр шавхсан үе байсан шүү. Зун нь манай улсад Оюутны дэлхий аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болсон. Тус тэмцээнийг телевизээр үзсэн юм. Тамирчид медалиа гардаж буй үеийг нь үзээд догдолсон. Эхлээд  О.Насанбурмаа, О.Бурмаа нар аавынхаа нэрийг дуудуулж буй нь яагаад ч юм надад нэг л сайхан мэдрэмж төрүүлсэн. Тухайн үед би аав ээжийнхээ нэрийг дуудуулж, ямар хүмүүсийн үр болохоо харуулъя гэж шийдсэн. Энэ үеэс дэлхийн тавцанд аавынхаа нэрийг дуурсгана гэсэн хүсэл оргилох болсон юм. Үүнээс эхлэлтэйгээр  чөлөөт бөхөөр барилдах шийдвэр гаргаж байлаа. Нэг өдөр оюутны ангийнхантайгаа багшийн дээдийн ойролцоо явж байгаад спортын төв ордны урдуур алхаж таарсан юм. Гэтэл зуны бөх үзэж байсан үеийн сэдэл орж ирээд шууд спортын төв ордон руу орохоор зориг шулуудсан. Ингээд л тамирчин болсон доо.
-Аливаад тэмүүлж, сурах хүслээр хөтлөгдөхөд багш хамгийн чухал. Таныг анх ямар багш тосч авсан бэ?
-Анх Спортын төв ордны Б зааланд очсон. Гэтэл тамирчид олон улсын хамтарсан бэлтгэл хийж байхтай таарсан. Өөрийн хүсэл зорилгоо хэлээд гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Спортын мастер Т.Дамбарагчаа багшид анх шавь болсон түүхтэй. Тухайн үед юу ч мэдэхгүй хүүхэд шигшээ багийн дасгалжуулагч дээр очоод “Би мундаг бөх болмоор байна” гэж хэлж байлаа. Энэ үеэс багш нар мэддэг, чаддаг зүйлээ бүгдийг нь зааж өгсөн дөө.  Хамгийн анх дөрвөн жилд нэг удаа болдог хүүхдийн их наадмаас хүрэл медаль авсан. Тэр үед 17 настай байлаа. Хүүхдийн наадам, өсвөрийн тэмцээнд оролцох сүүлийн жил байсан юм. Дараа жил 2008 онд насанд хүрэгчдийн тэмцээнээс медаль аваад улам урамшсан. 


-Та чинь 67 кг-ийн жинд барилддаг байсан билүү? 


-Анх 67 кг-ийн жинд тогтвортой барилддаг байсан. Харин 2019 онд улсын аваргаар жин нэмж 72 кг-д барилдаад түрүүлсэн. Энэ амжилтаараа ДАШТ-д оролцох эрхээ авч байлаа. Энэ ДАШТ-ээс хойш тамирчны замналыг дуусгасан. Эргээд бодоход спорт надад тэвчээр суулгаж, сэтгэлийн хаттай болгосон байна. 
-Тамирчин хүнд үлгэр дууриалал авдаг, барилдаанаас нь суралцдаг хүн байдаг байх. Та барилдаж байх үедээ ихэвчлэн хэний барилдааныг үзэж, суралцдаг байв ? 
-Тамирчин бүр өөрийн онцлогтой. Миний хувьд найз гавьяат тамирчин О.Насанбурмаагийнхаа барилдааныг үзэж, үлгэр дуурайлал авдаг байлаа. Зөвхөн спортод ч биш амьдралын бүхий л үед намайг хамгийн ихээр ойлгож, дасгалжуулж, үргэлж хажууд минь түшдэг. Найзын маань хувьд чөлөөт бөхийн дэлхийн дөрвөн удаагийн медальтай, монголчуудын хайртай тамирчин. Найзтайгаа өдөр бүр хамт бэлтгэл хийж, их зүйл сурч, мэдэж авсан. Барилдааны үед гаргаж буй зан чанар, дайчин байдлыг нь харах сайхан байдаг.  

-Найзтайгаа  бүтээсэн хамгийн дурсамжтай үеэ эргээд дурсаач?


-Олон сайхан дурсамж бий. ДАШТ-тэй холбоотой хөгтэй, хөгжилтэй дурсамж их. Нэг удаагийн ДАШТ-д бид хоёр хамт явж таарсан юм. Тухайн тэмцээнд хоёулаа амжилттай оролцож, медаль хүртсэн. Манай эмэгтэй баг анх удаа  дэлхийд финалдаж багийн дүнгээр хүрэл медаль авч байлаа. Би О.Насанбурмаагийнхаа тэвчээрийг биширч, гайхдаг. Найз маань 63 кг-д жин хасаж барилдсан юм. Харин би 67кг-д барилдах байсан. Гэтэл яг тэмцээнд оролцохоор нисэхийн өмнөх өдөр найз дээр маань таван хатиг гарсан. Байнга халуураад. Тухайн үед бид хоёр жаахан хүүхэд байсан болохоор багш нартаа хэлбэл тэмцээнээс хасчихна гэж айгаад хэлээгүй. Өөрсдөө нууцаар цэвэрлэгээг нь хийсээр байгаад зорьсон газраа очсон. Халуураад их хэмжээний шингэн уусан учир  жин нь өглөө гэхэд 70 кг болчихсон байсан. Тэгээд 63 кг руу долоон кг хасаад тэмцээндээ орж байсан. Тухайн үед анхны олимпийн эрхээ авч, хүрэл медаль хүртсэн. Тэр үед найзынхаа асар их тэвчээрийг үнэлж, одоо ч хайрлаж, хүндэлдэг.   


-Тамирчин хүнд тулгардаг хамгийн том бэрхшээлийн нэг нь энэ байх даа? 
-Тамирчин хүний хамгийн том бэрхшээл нь өрсөлдөгч биш бэртэл байдаг. Бэртлээс хол байж, том зорилго тавиад хичээж байгаа бол хэзээ нэгэн цагт амжилтад хүрэх нь тодорхой. Мөн сайн өрсөлдөгчтэй барилдах нь ур чадвар, мэдрэмж сайжруулдаг давуу талтай. 


-Бэртэл гэмтлээс сэргийлэхийн тулд эхлээд юуг анхаарах ёстой вэ? 
-Бие халаалт сайн хийх хэрэгтэй. Мөн сунгалтын дасгал байнга хийх нь зөв. Бэлтгэлд орохоосоо өмнө бие халаалтаа сунгалтын дасгалаар эхлэх нь үр дүнтэй санагддаг. Сунгалт сайтай байснаар уян хатан чанар сайжирдаг. Мөн зөв хооллолт их чухал. Тамирчин хүн  хөлсөөрөө биед хэрэгтэй эрдсүүдээ алдаж байдаг. Үе хооронд байх ёстой амин дэмүүд удаан хугацаагаар алдагдсанаас болж хурдан бэртэж гэмтэх аюултай. 


-Тамирчин хүний хооллолт ямар байх ёстой вэ.Тогтсон дэглэм гэж бий юу?
-Хооллолт шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Манайхан жин хасахаараа хоолоо хасдаг. Ажиллах чадвар, хийсэн бэлтгэлийнхээ 50 хувийг жин хасаж байхдаа алддаг. Үлдсэн 50 хувийнхаа нөөцөөр дэвжээнд барилддаг. Тиймээс амжилтаа ахиулахын тулд зөв хооллолт хэрэгтэй. Эрүүл байх, ажлын бүтээмж, сэтгэх чадвар хооллолттой шууд хамааралтай. Тамирчин нь энгийн хүнээс илүү хариу үйлдэл үзүүлэх чадвар нь хурдан байх ёстой. Дэвжээн дээр ялалт нэг секунд, дойлоор хэмжигддэг. Нэг секундийн хугацаанд ямар мэх хийхээ бодож амждаг байх ёстой. Бөх хүн хөл гар, бяраараа барилддаггүй. Толгойгоо ажиллуулж, сэтгэж ялалтад хүрдэг юм. Тиймээс хурдан бодох, сэтгэх тархины үйл ажиллагаа сайн байх хэрэгтэй. 


-Спорт залуу насных. Таны бодлоор эмэгтэй тамирчин хэдэн нас хүртлээ барилдвал амжилт гаргах боломжтой байдаг бол?


-Энэ нь тухайн тамирчны онцлогоос шалтгаална. Түүнээс эмэгтэй тамирчин яг тэр насандаа зодог тайлна гэсэн дүрэм байхгүй. Тамирчны насыг хязгаарлах боломжгүй гэж боддог. Хүн бүрийн биеийн онцлог харилцан адилгүй. Зарим хүн эмэгтэй тамирчдыг хүүхэд гаргаад карьераа дуусгадаг гэж ойлгодог. Гэтэл хүүхэд төрүүлсэн ч бэлтгэлээ хийгээд илүү сайн  барилдаж байгаа тамирчин олон бий.


-Тамирчин байгаад  дасгалжуулагч болоход танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Хоорондоо асар их ялгаатай. Тамирчин зөвхөн өөрийн жин, биеийн байдал, бэлтгэл сургуулилтдаа анхаарна. Харин дасгалжуулагч олон тамирчны төлөө санаагаа чилээдэг. Тухайлбал, энэ хүүхдийн жинг нь хэрхэн хасах билээ, ямар зөвлөгөө өгөх үү, бэлтгэл нь таарч уу, сэтгэл санаа нь ямар байна, ар гэрт нь асуудал гараагүй байгаа зэрэг олон асуудалд анхаарах хэрэгтэй болдог. Би өөрөө дасгалжуулагч болоод л багшийгаа ойлгож,  хайрласан.  


-Таны шавь Б.Болортуяа олимпиос хүрэл медаль хүртсэн. Багшийн хувьд энэ үед шавиараа бахархах, омогших сэтгэл төрж байсан байх даа? 


-“Токио 2020”  олимпийн хүрэл медальт, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа миний шавь. Мэдээж шавиараа бахархаж, омогшсон. Болороо маань 2011 оноос барилдаж эхэлсэн. Би 2012 оны есдүгээр сараас дасгалжуулагчаар нь ажилласан. Түүнээс гадна өнгөрсөн жил насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Д.Отгонжаргал гээд охин бий. Энэ шавийг маань Сүхээ багш өөрөө надад хариуцуулж өгсөн.  Ирээдүйд их амжилт гаргана гэж найддаг. Мөн Түмэнхүслэн, Отгонбаяр гээд шавь нар байна. Тэднийхээ амжилт гаргаж буйг хараад багшийн хувьд баярлаж явдаг. 


-Залуу тамирчид маань амжилт гаргахын тулд эхлээд ямар зан чанарыг өөртөө суулгаж, юуг анхаарах ёстой байдаг бол?


-Хамгийн гол нь сахилга баттай байх хэрэгтэй. Үүнээс л амжилт шалтгаалдаг. Тухайлбал, сахилга баттай тамирчин  бэлтгэлийн цагаа барина, таслахгүй, багшийн хэлсэн зүйлийг зөвөөр хүлээж авдаг. Мөн хувийн зохион байгуулалт, уйгагүй хөдөлмөр,  хүсэл зорилго, мөрөөдөл байх хэрэгтэй. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube