Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай вангийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Номын Дов хэмээх газар оршино. Анх 1780 онд үүсгэн байгуулагджээ. Егүзэр хутагтын хоёрдугаар үеийн хувилгаан Лувсанбалдан засаг Сономдэндэвийн хошуунд Тэнгэр тэтгэсний 45-р онд сүм байгуулан Өнө Өглөгт хэмээх нэр олгов, Лам нарт жафу буюу тэмдэгт бичиг тус тус олгуулсан байна. 1826 онд тусгай сүм байгуулан Гүсэвдэчин хурал хуруулаад, 1845 онд сүм нэмэн байгуулжээ. 1851 онд 5 аймаг байгуулан тус бүр нэг нэг сүмийг байгуулсан байна. 1851 онд Ламрин дацанг, 1853 онд Мамба дацанг, 1870 онд Дүйнхор дацанг, 1893 онд жүд дацанг тус тус байгуулжээ. Харин Егүзэр хутагтын нийт шавийн тоо 1868 онд 1077 хүрсэн тул шавь захирах хутагтын манж, монгол үсэг бүхий тамга олгогджээ. Үүнээс хойш Халхын 13 тамгатай хутагтын нэг болсон түүхтэй.
Егүзэр хутагтын хийд нь зүүн монголын томоохонд ордог байв. Тус хийдэд модон барын ном хэвлэл, цамын бүжиг, Майдар эргэх зэрэг шашны зан үйл ажиллагааг хийдэг байв. Егүзэр хутагтын дүрээр нийт 4 дүр тодрон тус сүмийг захирч байв. Егүзэр хутагтын хийд хятадын хар цэргийн үймээнээр нэлээд сүйдсэн боловч дахин сэргээсэн юм. Гэвч 1930-оны эхээр энэ хийдийг нурааж Егүзэр хутагтыг цаазаар авчээ. 1990 оноос дахин сэргээж, хурал номоо үргэлжлүүлж байна. (С.Чулуун, Н.Маралмаа)
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.