АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Азийн орнуудаар хийх айлчлалынхаа үеэр Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Японд айлчилна гэж мэдэгдсэн ч Тайваньд хийх айлчлалынхаа талаар дурдаагүй байна.
“Сингапур, Малайз, БНСУ, Японд манай төлөөлөгчид энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, худалдаа зэрэг нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлсээ цаашид хэрхэн ахиулах, COVID-19-ийн халдварын сорилтыг хэрхэн даван туулах талаар ярилцах өндөр түвшний уулзалтуудыг зохион байгуулна. Түүнчлэн уур амьсгалын хямрал, хүний эрх, ардчилсан засаглалын асуудлуудар ч мөн ярилцана" гэж спикер мэдэгдэлдээ дурджээ.
Энэхүү айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Конгрессын гишүүн Грегори Микс, Марк Такано, Сюзан Делбин, Ража Кришнамурти, Энди Ким нар багтжээ.
Пелоси өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн орнуудад айлчлахаар төлөвлөж байсан ч коронавирусын халдвар авсан тул аялалаа цуцлах шаардлагатай болсон юм.
Америкийн хэвлэлүүд Пелоси Тайваньд айлчлахыг үгүйсгээгүй ч тэрбээр өөрөө аюулгүй байдлын шаардлагын улмаас энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр, Хятадын дипломатууд 4-р сараас хойш конгрессменд арал руу хийх аялалыг хүсээгүй гэдгийг ойлгуулахаар идэвхтэй ажиллаж байна.
Пелоси Тайваньд айлчилсан тохиолдолд төрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах талаар шийдвэртэй, үр дүнтэй арга хэмжээ авч, үүний үр дагаврыг АНУ бүрэн хариуцна гэдгийг Бээжин анхааруулсан байна.
Украйны нөхцөл байдлын улмаас Вашингтон, Бээжингийн харилцаанд Тайваний асуудал онцгой ач холбогдолтой болсон. Түүхэн болон улс төрийн шалтгааны улмаас юутай ч зүйрлэшгүй гэж Хятад улс онцолж, АНУ-ыг дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардаж байна.
Вашингтон "нэг Хятадын зарчмыг" хэлбэр төдий баримталж, Тайбэйтэй дипломат харилцаагүй ч гэсэн тус аралтай нягт харилцаа холбоотой төдийгүй тийш нь байнга зэвсэг нийлүүлсээр иржээ.
Эх сурвалж: РИА новости
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.