Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-06 нд нийтлэгдсэн байна.

О.Гансувд: Цус шингэлэх эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулъя

8/ 6/ 2022    11 цаг 49 минут

Цус өтгөрөлт болон тархиныцус харвалтын талаар АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч, анагаах ухааны магистр О.Гансувдтай ярилцлаа.

- Ковидын дараах хүндрэлээр цус өтгөрөлт түгээмэл болсон гэх юм. Ер нь цус өтгөрөлт гэж яг юуг хэлээд байна вэ, энгийн үгээр тайлбарлавал?

-Ковидын үед цусны зуурамтгай чанар ихэсч өтгөрөх болон цус урсаж буй судасны дотор хана үрэвсэж гэмтэх үндсэн хоёр механизмаар өөрчлөлт илэрч байна. Тэгэхээр урсаж буй цус өтгөрөхөөс гадна судасны дотор хананы бүрэн бүтэн байдал алдагдаж цус хэвийн урсах үйл ажиллагаа нь доголдоно. Ковидын үед түгээмэл илэрч буй зүрхээр өвдөх, толгой өвдөх, толгой эргэх, даралт ихэсч багасах зэрэг шинжүүд нь тухайн эд эрхтний судасны цусан хангамж дутагдаж байгаагийн шинж тэмдэг юм. Өөрөөр хэлбэл, эд эрхтэнд очиж буй цус өтгөрөлттэй, судасны дотор хана гэмтэж, шингэн чөлөөтэй урсахад төвөгтэй удаашралтай болж байна гэсэн үг. Цусны урсамтгай чанар буурснаас тархины цус хомсрох харвалт , зүрхний шигдээс зэрэг үүсэх эрсдэл бий. Гэхдээ сүүлийн үеийн судалгаанаас авч үзэхэд Ковидоор өвдсөн хүмүүст танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал илүүтэй байгаа юм.

-Тодруулбал?

-Ковид оор өвчил сөн дөрвөн хүн тутмын нэгд нь танин мэдэхүйн хөнгөн зэргийн алдагдал илэрч байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Танин мэдэхүйн алдагдал гэхээр хүн тэнэг мангар болно гэсэн үг биш. Өдөр тутамдаа анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурах, сэтгэн бодох чадавх удаашрах, ой тогтоолт буурах, нойр муудах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Сүүлийн үеийн судлаачдын хамгийн их санаа зовниж байгаа зүйл нь ковидоор өвдсөний дараа тухайн хүний танин мэдэхүйн үйл ажиллагаа эргээд хэвийн болох уу гэдэг асуудал. Үүнийг судлахад, ковидын вирус нь уураг тархины эд эсүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон. Ой тогтоолт сулрах, мартамхай болох, нойр муудах, хурдан шаламгай бодож шийдвэр гаргах хурд удаашрах шинжүүд илэрнэ.

-Эдгээр шинж тэмдгүүд арилах уу?

-Ковид анх 2019 онд бүртгэгдсэн, түүнээс хойш гуравхан жил болжээ. Иймд хангалттай судалгаа хийх хугацаа бас биш. Гэхдээ л судлаачид хөнгөн зэргийн танин мэдэхүйн алдагдал илэрнэ, цаашид үлдэх магадлалтай гэж үзэж байгаа. -Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? -Нэн түрүүнд ковидоор өвдөхгүй байж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Хүмүүсийн дунд түгээмэл байгаа хандлага нь ханиад томуу шиг өвдөөд эдгэрдэг гэсэн ойлголт байна. Мэдрэлийн эмчийн зүгээс зөвлөхөд ковидоор өвдсөний дараахь ужиг хүндрэл, үр дүнг баттай хэлж мэдэхгүй. Одоогоор судалгаануудаар эмгэг өөрчлөлт үүсгэж байгаа нь тогтоогдсон. Тийм учраас сэргэг оюун ухаанаа хадгалж үлдэхийн тулд хүн бүр өөрийгөө урьдчилан сэргийлээд болж өгвөл ковидоор өвдөхгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна хүн болгон тархины харвалт, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Тархины харвалт, зүрхний шигдээс үүсгэх үндсэн шалтгааны нэгд чихрийн шижин ордог. Энгийнээр тайлбарлахад, усанд сахар хийхэд өтгөрч зунгааралдсан болдог шиг чихрийн шижинтэй хүний цус яг тийм өтгөн болдог.Тэгэхээр жижиг хялгасан судасны цусны урсгал удааширч бөглөрнө. Дараагийн шалтгаан нь тамхи татах. Тамхи нь өөрөө судасны ханыг наалдамхай чанартай болгочихдог. Судасны хананд товруунууд үүсгэдэг гэсэн үг л дээ. Тамхи их татдаг хүн зүрхний шигдээс, тархины харвалттай болох нь элбэг.

-Цус өтгөрөлтөөс болоод зүрхээр нас барлаа. Гол төлөв залуучууд, тэр дундаа эрэгтэйчүүд хүндээр өвдөж нас барж байна гэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Судалгаагаар бол хүйсийн ялгаа нэг их байхгүй. Гэхдээ яагаад эрэгтэйчүүд давамгайлан өвдөөд байна гэхээр өөрсдөө эрсдэлт хүчин зүйлд илүүтэй өртдөг. Тухайлбал, архи тамхины хэрэглээ өндөр, өөх тос их иддэг, цус өтгөрдөг эрсдэл илүүтэйгээс гадна нэмээд ковидоор өвдөх юм бол цус нь бүр их өтгөрч харвалт, шигдээс болох нь илүүтэй байдаг. -Яагаад залуучуудын дунд уг асуудал илүүтэй гарах болов?

-Настай хүмүүстэй харьцуулахад залуучууд илүү өвдөж хүндэрч байна гэсэн судалгааны үр дүн байхгүй л дээ. Залуу хүн гэнэт нас барахаар соргог хандаж байгаа байх. Түүнээс биш ковидоор өвдөөд нас барсан хүмүүсийг харахад, гол төлөв ахимаг насныхан, архаг хууч өвчин хавсарсан хүмүүс байгаа. Ковидоор залуучууд өвдөөд байна гэдэг дээр хэлэхэд, тухайн хүмүүс зүрхний хэм алдагдалтай, зүрхний гажигтай, янз бүрийн суурь эмгэгтэй, тэдгээр нь оношлогдоогүй явж байгаад ковидын халдвараас үүдэн гэнэт илэрдэг. Ковид нь шууд цусны бүлэн үүсгэхгүй, цусыг өтгөрүүлнэ. Харин тархины цус харвалтын хувьд судас хагарч, эсвэл бөглөрснөөс үүддэг. Ковидын шалтгаанаар тархины цус харвалт нь судас бөглөрсөнтэй холбоотой. Ер нь зөвхөн ковидоос болоод харвасан гэж хэлэх боломжгүй юм. Учир нь тархины шигдээс нь харвалт үүсгэх бусад хүчин зүйлийн суурин дээр үүсдэг. Зүрхний гаралтай харвалтын үед зүрхний хэм алдаж, агшилт сул байсантай холбоотойгоор зүрхний хөндийд бүлэн тогтож улмаар тархины судас руу дамжиж тархины судсыг бөглөж харвалт үүсгэнэ. Мөн цусанд сахар, өөх тос их хэмжээтэй байснаас судасны дотор хананд товруу үүсгэж цааш урсах цусан хангамжийг саатуулснаар харвалт үүсгэх боломжтой. Хүн цус харваад ирэхэд зүрхний шалтгаанаар уу, өөр бусад шалтгаан байгаа эсэхийг тогтоодог. Зүрхний бичлэг, зүрхний эхогоор хэм алдагдал байна уу, эсвэл цусанд өөх, тос, сахар их болоод цус өтгөрсөн үү зэргийг тодорхойлж болно.

-Цус шингэлэх гэж яг юуг хэлээд байна вэ? - Ковид өөрөө судасны ханыг гэмтээчихдэг тул автоматаар цус бүлэгнүүлэх үйл ажиллагаа бага хэмжээгээр идэвхждэг. Цусанд олон тооны эсүүд эргэлдэж байдаг. Эдгээр эсүүдийн хоорондын наалданги чанарыг бууруулснаар цус шингэрдэг. Тийм учраас цус шингэлэх эм уухаар эсүүдийн наалданги байдлыг бууруулна гэсэн үг.

-Аспирин нь цус шингэлэхгүй гэж ярих юм?

-Цус шингэлэх эм нь дотроо ялгаатай. Антиагрегант гэдэг нь арай зөөлөн үйлчилгээтэй, бүлэн тогтоохоос сэргийлнэ. Антикоагулянт нь харин бүлэн задалдаг үйлчилгээтэй. Гэхдээ хэт их цус шингэрээд харвалт өгөх магадлал бас бий. Манайд нэг өвчтөн жаахан харвалт өгчихсөн ирсэн юм. Тэр нь зүрхтэй хамааралгүй байсан. Тэр хүн интернэтээс уншаад Ксарелто гэдэг цусыг хүчтэй шингэлэх эмийг ямар ч хяналтгүй уугаад явж байсан. Тэр нь эсрэгээр бүр хэт цус шингэлээд цусны ханын нэвчимтгий чанарыг ихэсгэн судас хагарч харвалт үүсгэх эрсдэлд хүргэсэн. Уг нь тэр эмийг зүрхний гаралтай харвалтын үед эмчийн заалтаар сар болгон шинжилгээ өгч байж тунг нь тохируулж уух зориулалттай. Тийм учраас цус шингэлдэг эм болгоныг дур мэдэн ууж хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулъя. 65-аас дээш насны архаг суурь өвчингүй хүмүүст өдөр тутам аспирин уухыг зөвлөдөг. Гэхдээ зарим тохиолдолд ходоод өвдөх гээд байдаг. Учир нь цус шингэлэх эм нь өөрөө бас үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Ходоод өвддөг хүн ходоод хамгаалах эмээ ууж зохицуулах ёстой. Ер нь ходоодны шархлаа зэрэг хавсарсан өвчтэй хүн тийм эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Хавсарсан өөр

өвчтэй бол тухайн эмийг уух нь хувь хүн болгонд ялгаатай, эмчийн зааврын дагуу л хэрэглэх нь зөв.

-Сүүлийн үед Монголд тархины цус харвалт ихсэх болжээ. Энэ талаар та тодруулна уу?

-Харвалтын хувьд Монгол Улс хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтаар дэлхийд тэргүүлэх орны нэг нь болчихсон шүү дээ. Олон улсын судалгаануудад манайх эхний эгнээнд, улайгаад гараад ирчихдэг. Хамгийн гол нь хөдөлмөрийн чадвар алдалт тал дээр харвачихлаа гэхэд сэргээн засах эмчилгээ сайн хийх шаардлагатай байдаг. Манай сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмж муутай байдаг тул саажилттай үлдэх элбэг. Тархины судас хагарч, эсвэл судас бөглөрч харвах гэсэн хоёр төрөл байдаг. Хагарч харвадаг шалтгаан нь угаасаа даралт ихсэх. Даралт 180, 200 хүрээд судас хагарна. Манайд даралт ихсэлтийн хяналт муу байдаг. Тэгэхээр хүн өөрөө даралтаа хянуулаад, эмээ байнга ууж байх ёстой. Харамсалтай нь тийм хяналт тааруухан учраас энэ төрлийн тохиолдол багагүй. Хагарсан цусны хэмжээ, ямар судас бөглөрсөн зэргээс хамаарч цус харвалтын хүндийн зэргийг тогтоодог.

-Даралт ихэсдэг хүн архийг бага тунгаар уух нь сайн гэх зөвлөгөө байдаг. Энэ нь хэр зөв юм бол?

-Алкоголь өөрөө судас тэлэх үйлчилгээтэй, богино хугацаанд судас тэлээд агшаадаг. Тиймээс үр дүнтэй сайн арга биш. Архи уудаг хүн судас агшсанаас болж харвалтаар нас бардаг. Эхний үедээ сайхан болсон мэт мэдрэмж төрөх авч, шөнө дунд үүрээр хүний судас их агшдаг. Тэгэхээр хэт их архи ууснаас судас агших нь нэмэгдээд цус харваж нас барах эрсдэлтэй.

-Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Юуны түрүүнд цусны даралтаа байнга хэмжиж хянаж хэвших хэрэгтэй.

-Хэрэв даралтын аппарат байхгүй бол хэрхэх вэ?

- Хүзүү хөшөөд, нүд бүрэлзээд ирвэл даралтны эм уух нь зүйтэй. Цус шингэлэх эмийг ч ууна. Цочмог үед бүр эвгүйрхээд байвал Аспирин 81-ийг гурваар давхарлаад ууна. Энэ нь цусыг хүчтэй шингэлэх үйлчилгээ үзүүлдэг. Ер нь даралт ихэсдэг бол байнга даралтны аппарат авч явж байх хэрэгтэй. Зүрхний лугшилт, даралт хэвийн байвал айсны хэрэггүй. Зүрхнээс болж харвалт өгөх магадлал их шүү. Өөх тостой хоол, архи тамхи хэрэглэдэггүй байтал яахаараа харвадаг юм бэ гэж боддог хүн цөөнгүй. Гэтэл шинжилгээ хийлгэхэд зүрхний хэм алдагдалтай, зүрхний гажигтай байх жишээтэй. Тийм хүн зүв зүгээр явж байгаад хэт их ачаалал авч, хэт их стресстэхээр зовуурь илэрдэг. Хэт их гүйж, биеийн тамираар дэндүү их хичээллэхээр ч мэдэгдэнэ. “Зүрх нь зогссон гэнэ лээ” гэдэг чинь угаасаа тийм өвчний суурь байсан гэсэн үг. Тохиолдлоор тийм юм гарна гэж байхгүй л дээ.

-Үүнийг яаж мэдэж болох вэ?

-Зүрхний эмчид үзүүлж зөвлөгөө авч нарийн шинжилгээ болох зүрхний эхо, зүрхний 24 цагийн бичлэг буюу холтер хийлгэх шаардлагатай. Заавал ч үгүй зүрхээр хатгуулж өвдөж байж зүрхний эмчид хандах бус, 40-өөс дээш насны хүмүүс зүрхний эмчид жилдээ нэг удаа үзүүлчих хэрэгтэй. Бие жаахан эвгүйрхэх л бол зүрхний хэм алдах шинж байна гэсэн үг. Хэм алдагдал үүрээр юм уу, ямар ч үед илэрч болох учир дан зүрхний бичлэг хийлгэснээр тэр бүр илрээд байдаггүй тул 24 цагийн бичлэг хийлгэх нь зөв. 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.92Зочин   • 2022, 8 сарын 9. 12 цаг 34 минут

covid tussan humuus tgd tsusaa herhen shingeleh ym.be emch nar chin zarim uuh hereggui zarim.ni uu gd negdsen oilgoltoor ugbul



ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ3 цаг 56 минутын өмнө“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна3 цаг 59 минутын өмнөТ.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 цаг 25 минутын өмнө“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 цаг 26 минутын өмнөАшигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 цаг 45 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 цаг 49 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 цаг 52 минутын өмнөГанданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58Хуурамч гэж үзэж болохуйц 25600 эм илэрсэн4 сар 14. 12:57Булевиртид эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ4 сар 14. 12:22Төөрсөн сураггүй болсон 9 иргэний эсэн мэнд оллоо4 сар 14. 12:17Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажилладаг4 сар 12. 15:36Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсон4 сар 12. 15:17С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү4 сар 12. 10:42Л.Гантөмөр: МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсийн жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй4 сар 12. 10:00“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ4 сар 12. 9:52Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулна4 сар 11. 9:14Төрийн албан хаагчийн тоо 1291-ээр өссөн байна4 сар 11. 9:09Шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ4 сар 11. 9:02Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна4 сар 10. 16:02Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 15:14С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой эцэслээгүй асуултууд нэмэгдсээр байна4 сар 10. 9:18Шадар сайд С.Амарсайханы шаардаад байдгийг төсөвлөчихдөг бол...4 сар 10. 9:00Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа4 сар 10. 8:57Чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд онцлов4 сар 9. 16:58
 Facebook Twitter Youtube