Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-23 нд нийтлэгдсэн байна.

Импортын эрчим хүчний төлбөртэй холбоотой 35.2 тэрбум төгрөгийн алдагдлыг 2023 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх шаардлагатай гэв

8/ 23/ 2022    16 цаг 21 минут

   Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.08.23) хуралдаан гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэллээ. 

    Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүчний нөөц, эх үүсвэр нэгдсэн сүлжээ болон түлш шатахууны  хангамж, нөөц, үнийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээллийг сонсов. 

     Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний салбарын 33 үйлдвэр, компанийн хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл дунджаар 68.4 хувьтай байна.  Дулааны цахилгаан станцуудын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 60, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хэмжээнд 69, дулааны станц, дулааны сүлжээний хэмжээнд 81, уурхай, Тавантолгойн түлшний хэмжээ  58 хувьтай байна” гэв. 

    Мөн тэрбээр, өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станц 294 мянган тонн нүүрс, 1460 тонн мазутын нөөцтэй байна.  Энэ нь өвлийн их ачааллаар тооцвол 6-28 хоногийн нөөцтэй байна гэсэн үг. Холбогдох дүрэм, журмын дагуу бид өвлийн бэлтгэлд нүүрсний нөөцийн хэмжээг 14 хоногтой байлгах шаардлагатайг дурдаад “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн (мидлинг) нөөц 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 149.1 мянган тонн, барьцалдуулагч бодис 3.9 мянган тонн нөөцтэй байна. Сайжруулсан шахмал түлшний нөөц өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 90 мянган тонн байна. Энэ жил Засгийн газрын тогтоолоор 150-200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх шаардлагатай. 2022-2023 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 670 борлуулалтын цэг ажиллуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 430 цэг гэрээ байгуулсан, 140 цэгийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна гэж байлаа. 

 Эрчим хүчний салбар 2022 онд 168 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна

 Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэлдээ, цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон боловч 2019 оноос хойш гурван жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөг, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна. Иймд цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-ийг 28.0-30.0 хувиар нэмэгдүүлж бодит өртөгт нь нийцүүлэх шаардлага үүсээд байгааг онцлов. 

    Мөн хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор Дулааны IV цахилгаан станцын зуух 2021 онд 66 удаа зогссон бөгөөд энэ нь зуухны экран хоолойг 1997 онд шинэчилснээс хойших хугацаанд засвар, шинэчлэл бүрэн хийгээгүйгээс ажиллах нормт хугацаа 14.2 хувиар хэтэрсэнтэй холбоотой байна. Мөн оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх, зээлийн санхүүжилтээр хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажлуудын зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болох, шинэ эх үүсвэрүүд ашиглалтад ороход тэдгээрээс худалдан авсан цахилгааны төлбөрийг төлж чадахгүй болох нөхцөл үүсээд байна.

 Импортын цахилгааны төлбөрт валютын зөрүүнээс 35 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ

  БНХАУ-ын хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосноос шалтгаалан “ДЦС-3 болон ДЦС-4” ТӨХК-уудын үндсэн тоноглолын их засвар, “Чойбалсангийн дулаан цахилгаан станц”-ын 50 МВт-ын өргөтгөлийн төсөл, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн үндсэн магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлуудын тоног төхөөрөмж, материал сэлбэгийн тээвэр хилээр нэвтэрч чадахгүй байгаа нь засварын ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсгэж байна. Оросын холбооны улс болон Украйн улсын хооронд үүссэн нөхцөл байдлын улмаас Европын улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас шалтгаалан 2022 оны 03 дугаар сараас эхлэн ОХУ-ын банкууд хоригт орж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг боломжит валютаар төлж байна. Монгол банкнаас гаргадаг ам.долларын ханш оны эхнээс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 10.5 хувиар өссөн. Үүнээс шалтгаалж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөхдөө валютын ханшийн зөрүүнээс Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2022 оны эцэст 29.1 тэрбум төгрөг, Баруун бүсийн эрчим хүчний системд 6.3 тэрбум төгрөг буюу нийт 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгааг Эрчим хүчний сайд мэдээлэлдээ тодотгосон.

 Мөн ”Багануур” ХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд хөрөнгө оруулалтын ажилд 8.7 тэрбум, нийгмийн даатгалын өр төлбөрийг бууруулахад 6.0 тэрбум, түлшний нөөц бэлдэхэд 15.0 тэрбум , тэсрэх материалын нөөц бэлдэхэд 1.0 тэрбум, сэлбэг материалд 2.0 тэрбум төгрөг буюу нийт 32.7 тэрбум төгрөг, мөн нүүрсний үнийг нэмэгдүүлээгүй тохиолдолд 2022-2023 оны халаалтын улиралд  дулааны цахилгаан станцуудад 2.5 сая тонн нүүрс нийлүүлэхэд 33.7 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн дутагдал үүсэхээр байна. 

 “Шивээ-Овоо” ХК нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан ба дизель түлш, тэсрэх материал болон бусад сэлбэг материал, түүхий эд, ажил үйлчилгээний зардал өсч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд дизель түлшинд 12,3 тэрбум, тэсрэх хэрэгсэлд 1.6 тэрбум, тос тослох материалд 0.28 тэрбум, цалинд 4.0 тэрбум, сэлбэг материалд 7.0 тэрбум төгрөг нийт 25.2 тэрбум төгрөг шаардлагатай байна.

 Үүнээс дизель түлш, тэсрэх материал, тос тослох материалын зардал болох 14.2 тэрбум төгрөг шаардлагатай байна. “Шарын гол” ХК нь үнийн өсөлтөөс шалтгаалан дизель түлшний үнэ 2.5 дахин, сэлбэг материалын үнэ 60 хувь хүртэл өсч дизель түлшний 6.7 тэрбум төгрөг, сэлбэгийн 7.9 тэрбум, татварын 7.1 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байна. 2022-2023 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг хангахын тулд 1.7 сая.м3 хөрс хуулж 800 мянган тонн нүүрс нээгдэх байсан ч дизель түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил зогсоход хүрээд байна гэж байв. 

 Цаашид авах арга хэмжээний талаар сайд мэдээлэлдээ, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай гадаад улсаас импортоор худалдан авах сэлбэг материал, тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийг яаралтай зохион байгуулах ажлыг Засгийн газраас холбогдох яамдад үүрэг даалгавар өгсний дагуу арга хэмжээг эрчимжүүлэх, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан импортоор худалдан авах цахилгаан эрчим хүчний төлбөртэй холбоотой үүсэж буй 35.2 тэрбум төгрөгийн алдагдлыг 2023 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс монгол” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-иудаас гаргах талаар тодорхой санал гаргаж шийдвэрлэх шаардлагатай гэж байлаа. 

АИ92 шатахууны үнийг он дуустал тогтвортой хадгална

 Эрчим хүчний сайдын мэдээллийн дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийсэн. 

 Тэрбээр мэдээлэлдээ, ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд 2022 оны 07 дугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллар, Аи-95 автобензин 1355 ам.доллар, Аи-98 автобензин 1405 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллароор тус тус нэмэгдсэн бол, дизель түлшний үнэ өмнөх сараас 135 ам.доллароор нэмэгдэж 1230 ам.доллар болсныг онцолсон. 

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж, 2022 оны 4,5,6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензинийн хил үнийг тонн тутамд 840 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрснээр 2022 оны 04 дүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан Аи-92 автобензинийн жижиглэн борлуулалтын үнийг 2,390 төгрөг болгон тогтворжуулсан. 2022 оны 07 дугаар сард ОХУ-ын Роснефть компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензинийн үнийг тонн тутамд 830 ам.доллароор худалдан авах талаар тохиролцоонд хүрсэн. Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан Аи-92 автобензинийн хил үнийг 830 ам.доллар буюу 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 хүртэл бууруулж, Аи-92 автобензинийн жижиглэнгийн үнийг литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой хадгалах боломж бүрдээд байгааг дурдлаа. 

   Салбарын сайдуудын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс таван толгой” ХК-д Даланзадгадын дулааны цахилгааны станцын өвлийн хэрэгцээний 60 мянган тонн нүүрсний үнийг чөлөөлөх чиглэл өгүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ногоон эрчим хүчийг ашиглах зөв  зорилготой эхлүүлсэн ажил буруу чиглэл рүү явж Монгол Оросын эрчим хүчний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа бол асуудлыг өөрөөр авч үзэх ёстой. Энэ хүрээнд байгуулсан гэрээнүүдийг Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, салбарын яамтайгаа  ярилцаж, энэ талын оролдлогоо зогсоохгүй байхыг хүсэж байлаа. 

            Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Байнгын хорооноос чиглэл өгөхдөө Ашигт малтмалын тухай хуулийн талаарх төслөө яаравчлуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хайгуулын лицензийг шилжүүлэх боломжийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Энхболд өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад эрчим хүчний үнэ тарифт гар хүрэлгүй ирснээс болж энэ салбар хүнд байдалд ороод байна. Иймд УИХ үнэ, тарифын асуудалд тодорхой шийдэл гаргахгүй бол улсын төсвөөс  эрчим хүчний алдагдлыг нөхөөд байвал энэ салбарын нөхцөл байдал цаашид улам амаргүй болно гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ5 цаг 16 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube